Арав.мн

Лукрециа

Лукрециа

Эх сурвалж: "Уран зурагт элдэв түүх"

"Tarqiun and Lucretia" нь Тицианы сүүл үеийн шилдэг бүтээл юм. 1571 онд дууссан энэ уран зураг тухайн үед Тицианы зурж байсан зургуудаас бүрэн дууссан зураачийн гарын үсэгтэй "азтай" бүтээл ээ. 1550 оноос 1576 онд нас нөгчих хүртлээ Тициан Испанийн хаан II Филиппийн хөрөг зураач байв. Тэр энэ хугацаанд уран бүтээлдээ маш нягт нямбай хандах болж, зарим бүтээлээ хэдэн жилийн дараа ч гарган дахин засварлаж улам төгс болгохыг хичээж байлаа. Мөн шавь нартаа өмнөх үеийн бүтээлүүдээ дахин хуулбарлан зурахыг даалгадаг байсан нь хожим түүний бүтээлүүд олон газарт хуурамчаар үйлдэгдэхэд хүргэсэн юм. Тициан Филипп хаанд зориулан Овидын домог шүлгээс сэдэвлэсэн олон зураг зурж өгсний нэг нь "Tarqiun and Lucretia". Нэр төрийнхөө төлөө амиа тэвчсэн Лукрециагийн түүхээс сэдэвлэсэн уг бүтээл нь Тицианы шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогдох учиртай. 

Лукрециа МЭӨ 500 оны үед амьдарч байсан түүхэн эмэгтэй юм. Түүний түүх сэргэн мандалт болон барокко урсгалын үед олон уран бүтээлчдийн сэдэв болсон билээ. Лукрециа бол Луций Тарквиний Коллатины эхнэр, язгууртан эмэгтэй бөгөөд өндөр ёс суртахуунтай гэдгээрээ алдартай байжээ. Тухайн үеийн Ромын эзэнт гүрний сүүлийн хаан Луций Тарквиний Супербийн хүү Секст Тарквиний нэгэн удаа цэрэг дайны асуудлаар Луций Тарквиний Коллатины гэрт зочлов. Коллатин ч эхнэр Лукрециагийн хамт түүнийг найрсгаар хүлээн авч дайлжээ. Хоёр эр оройн дарсаа уусны дараа нэгэн зүйлээр мөрийцөхөөр шийдэв. Тэд өөрсдийг нь эзгүй үед эхнэрүүд нь хэрхэн биеэ авч явахыг шалгахаар тохиролцож гэнэ. Ингээд Секст Лукрециаг очиж тандахад Лукрециа шивэгчин бүсгүйчүүдтэйгээ хамт хувцас оёж байлаа. Коллатин ингэж мөрийнд ялжээ. Гэтэл Лукрециа бүсгүйн гоо сайханд татагдсан Секст шөнөөр бүсгүйн өрөөнд хулгайгаар оров. Тэр бүсгүйг өөрийнх нь зохисгүй хүслийг зөвшөөрөхгүй бол эрэгтэй зарцынх нь хамт алж тэднийг хамтдаа завхайрч байхад олж цааш харуулсан гэж олонд хэлнэ гэж сүрдүүллээ. 

Тицианы зурганд дүрслэгдсэн орны хөлд сүүдэр дунд нуугдсан залуу эр бол Лукрециа бүсгүйн хамгаалагч зарц ажээ. Нэгэнт үхэхээс хойш нэр төрөө хамгаалаад явахаар Лукрециа бүсгүй шийдэв. Зурагт бүсгүй үнэт эдлэлээ зүүсэн, харин Секст тун ганган тансаг хувцасласан нь харагдана. Секст далайсан чинжаалын гэрэл ойсон хэсэг, цагаан хөнжил дэвсгэр, бүсгүйн хүзүүндээ зүүсэн сувд үнэт эдлэл зургийг чимэглэж өнгө оруулахын сацуу зургийн өгүүлэмж, үйл явдлын хурцадмал байдлыг улам тодруулна. Лукрециагийн тухайн үеийн нөхцөл байдлыг, ямар ч гарцгүй үхлээс өөр тэр нэр төрөө хамгаалах боломж үгүй байгааг нь бүсгүйн айж балмагдсан, хүчин мөхөсдсөн царайны хувирлаас үзэгчид харж болох юм. 

Овидын үлгэр домгуудад эр хүйстний хүчинд автан нэр төрөө гутаахаас илүүтэйгээр үхэхийг илүүд үздэг эмэгтэйчүүд олонтаа тааралддаг. Тэдэнд үхлээс өөр нэр цэвэр үлдэх гарц үгүй, амьд үлдэхээр шийдлээ гэхэд завхай эм нэр зүүн насан туршдаа доромжлол дунд амьдрах сонголт л хүлээнэ. Тэдний эр хүний хүчирхийллийн эсрэг цорын ганц зүйл нь амиа хорлолт. Лукрециа ч энэ замаас гажсангүй. Секст санасандаа хүрсэн боловч маргааш өглөө нь Лукрециа өөрийн эцэг, нөхөр, авга ахаа өрөөндөө дуудаж болсон явдлыг өгүүлж өшөөг нь авахыг гуйжээ. Харин эрчүүд энэ явдалд түүнийг өөрийг нь буруутай гэж үзэн тэвчихийг зөвлөн ятгав. Лукрециа өөрт тохиолдсон шившигт явдлыг нуухыг огт хүссэнгүй. Тэр эрчүүдийг ярилцаж байх үед өөрийнхөө чинжаал хутгаар зүрхэн тушаа хутгалан амиа хорложээ. Лукрециа амиа тэвчсэн түүх нь энэ юм. Гэхдээ түүх ингээд дууссангүй. Бүсгүйн үхэл нөхөр болон аавд нь хүндээр тусаж Ромын эзэнт гүрний төгсгөлийг эхлүүлжээ. Коллатин бослого гаргаж Луций Тарквиний Супербийг хаан ширээнээс түлхэн унагаж Ромын эзэнт гүрэн мөхөж харин Ромын бүгд найрамдах улсын эх суурь тавигдав. 

Нэг бүсгүйн үхэл бүтэн улсын хувь заяаг эргүүлсэн нь энэ түүх билээ. Лукрециагийн түүх жирийн нэг бүсгүйн нэр төрийн төлөөх тэмцэл биш нэг талаар ичгүүрээ тээн насан туршдаа шаналахаас айсан айдас ч байж болох. Лукрециад тохиолдсон ичгүүр бол бидний мэдэх ичгүүрээс тэс өөр зүйл. Үзэшгүй төрхтэй төрсөн хүүхдээ хаях эцэг эхийн нэр төрөө хичээх ичгүүр, муу үйл хийгээд түүнийгээ нуух ичгүүр, ялагдал хүлээсэн ичгүүр зэрэг нь эмэгтэй хүний хүчинд автсан ичгүүртэй харьцуулшгүй өөр ойлголт. Эмэгтэй хүнийг хүчирхийлж санаснаа биелүүлсэн эрчүүд тэр эмэгтэйн амь амьдрал, өөртөө итгэх итгэл, амьдралын сайхан бүхнийг гишгэлэн хаядаг гэдгээ ойлгохгүй. Доромжлуулсан мэдрэмж, хорсол насан туршид салалгүй дагаж тэр эмэгтэйг зовооно. Хүчинд автсан боловч хэн ч түүнийг сонсохгүй харин ч өөрийг нь буруутгаж чичлэх нийгэмд эмэгтэй хүн хэрхэн амьд үлддэг юм бол оо. 

Лукрециа 2000 мянган жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй. Эртний нийгэм, эртний үзэл суртал, буруу бодол санаа өнөөдөр амь тавьсангүй эмэгтэйчүүд хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байхад эргээд тэднийгээ буруутгадаг хандлага хэвээр байсаар. Одоогийн охид өөрсдөө задгай завхай, хэн тийм хувцас өмс гэсэн юм, өөрөө эхлээд дуртай байсан биз... энэ үг зөвхөн эрчүүдийн амнаас биш эмэгтэйчүүдийн амнаас гардаг нь хачирхалтай. Хүчирхийлэлд өртсөн охид бүхэн, эмэгтэй бүхэн Лукрециа шиг зоригтой байхгүй нь ойлгомжтой. Нийгэмд хүчиндүүлсэн эмэгтэй нэрээр үлдсэнээс нууж орхиод өөртөө бүхнийг хадгалсан нь магадгүй хамаагүй дээр сонголт байх. Хэрвээ бид гэнэт л ухаан орсон юм шиг хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээд эхэлдэггүй юм бол. Хэтэрхий гутранги сонсогдож магадгүй, энэ хандлага хэзээ ч арилахгүй байх. Байгалиас заяасан эр эм хүний өгөгдөл өөр, тэрнийг өөрчлөх аргагүй. Харин хүнийг багаас нь зөв хүмүүжүүлж болно. Хөвгүүдийг шударга хүндэтгэлтэй байхад, охидыг зоригтой байхад бас биеэ хамгаалахад сургахаас өөр арга алга даа. Би олон мянган жилийн сөрөг хандлага өөрчлөгдөнө гэдэгт итгэхгүй байна. Лукрециа мянга сайн эмэгтэй байгаад яахав дээ, тэр үхчихлээ шүү дээ. Надад энэ түүх баатарлаг эмэгтэйн түүх гэхээсээ илүү эмгэнэлт түүх шиг санагддаг.


04

"Тарквиний ба Лукрециа", Тициан, 1571


03

"Лукрециа", Рембрандт, 1664


02

"Лукрециа", Годфри Неллер, 1672


01

"Лукрециа", Йос ван Клеве, 1520-1525


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
bayrlalaa goy niitleluud bn
+4
Uneheer gunigtai tuuh yumaa. Huchirhiileld ortson emegtei huniig emegtei humuus doromjloj, horon ugeer buldagt ni uneheer uzen yaddag shuu. Emegtei hunii zovlon yamar baragdah bish dee.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start