Арав.мн

40 жилийн турш дэлхийгээс тусгаарлагдан тайгад амьдарсан гэр бүл

40 жилийн турш дэлхийгээс тусгаарлагдан тайгад амьдарсан гэр бүл

1978 онд ЗХУ-ын геологичид Сибирийн тайгаас зургаан ам бүлтэй нэгэн гэр бүлийг олжээ. Тэд 40 жилийн турш өөрсдийгөө дэлхийгээс тусгаарласан байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны талаар ч мэдээгүй байсан аж.


10

Сибирь

(Зураг: Карп Лыков өөрийн охин Агафиягийн хамт. Гэр бүлийг олсон Зөвлөлтийн геологичдын өгсөн хувцсыг өмсөн суугаа нь)

Сибирийн зун удаан үргэлжилдэггүй. Тавдугаар сар болчхоод байхад ч цастай байдаг энэ газар 9 дүгээр сар гэхэд дахин хүйтэрнэ. Хөлдүү тайга нь олон зуун километр үргэлжлэх шигүү нарс болон хусан ой, нойрсож буй баавгай, өлөн чөнөөр дүүрэн агаад эгц өндөр уулс, хөндийд цутгах мөсөн голууд, олон зуун мянган хүйтэн намагтай. Энэ ой бол дэлхий дээр байгаа хамгийн сүүлчийн, хамгийн том зэрлэг дагшин байгаль юм. Орос нутгийн арктикийн цаад хязгаараас Монгол улсын хойд хил хүртэл, өрнө зүгт Уралын нуруунаас дорнод зүгтээ Номхон далай хүртэл үргэлжлэх таван сая хавтгай дөрвөлжин миль талбайг хамарсан хэдхэн мянган хүн амьдардаг цөөхөн хэдэн тосгонтой юу ч үгүй хоосон газар нутаг.

Урь орох үед харин тайга цэцэг навчаар дүүрч, богинохон үргэлжлэх энэ саруудад үзэсгэлэн төгөлдөр газар болно. Зөвхөн энэ л үед хүмүүс уг нууцлагдмал ертөнцийг сайн харах боломж бүрдэнэ. Гэхдээ газраар яваад бүтэхгүй тул зөвхөн агаараас л үзэх боломжтой. Учир нь их тайга судлаачдын бүхэл бүтэн арми байсан ч залгиад авчихна. Чухам энэ Сибирьт л Оросын газрын тос, эрдэс баялгийн гол нөөцүүд орших ба жил ирэх тусам тайгын хамгийн цаад хязгаарт хүртэл газрын тосны хайгуул, судалгааны ажлууд хийгдэж, байгалийн баялгийг авах ажлуудыг хийж байгаа юм.


09

Нээлт

(Зураг: Лыковын гэр бүл өөрийн гараар хийсэн модон амбаарт амьдардаг. Байшин нь халаасны хэмжээтэй ганцхан жижигхэн цонхтой, мод түлэх зуухтай аж)

Ийнхүү 1978 онд алслагдсан өмнөд хэсэгт зун ирлээ. Монголын хилээс 100 орчим милийн тэртээ өтгөн ой шигүү дундуур урсах Абакан голын нэргүй нэгэн салаа голын дагуу төмрийн хүдрийн орд хайж буй геологичдын багийг буулгахаар нисдэг тэрэг аюулгүй газардах талбай хайн эргэлдэж байв. Энэ хөндий маш давчуу ба хоёр талдаа эгц уултай агаад нисдэг тэрэгний сэнсний салхин доор найгах нарс, хус моднууд хэт шигүү ургасан тул газардах боломжгүй байв. Газардах газар хайж байсан нисгэгчийн нүдэнд харин уг нь байх ёсгүй нэгэн зүйл туссан нь уулын бэлээс дээш 6000 тохой хэр газар орших ойн цоорхой байлаа. Гайхширсан баг энэ цоорхой дээгүүр хэд хэдэн удаа эргэлдээд, хүн амьдарч байсан тодорхой ор мөрийг харсан байна. Ойн цоорхойн хэмжээ, хэлбэрийг харахад олон жил болсон цэцэрлэг байх аж. Үнэхээр гайхамшигтай нээлт байлаа. Энэ уул хамгийн ойрын суурин газраас 150 гаруй милийн зайд орших ба огт хүн очиж байгаагүй хэсэгт байсан юм. Уг бүс нутагт хүн амьдарч байгаа талаар ямар ч баримт албаны бүртгэлд байхгүй.


08

Анхны уулзалт

(Зураг: Агафия Лыкова дүү Наталиягийнхаа хамт)

Нисгэгчийн харсан зүйлийн талаар сонссон дөрвөн эрдэмтэн гайхахын хажуугаар санаа нь зовж байлаа. Тайгын энэ хэсгийн талаар зохиолч Василий Песков дурсахдаа “Танихгүй хүнтэй тааралдсанаас зэрлэг амьтантай тааралдах нь хамаагүй аюул багатай” гэжээ. Арван милийн зайд орших түр бааздаа суухын оронд эрдэмтэд энэ газрыг судлахаар шийдэв. Галина Писменская гэдэг геологичоор ахлуулсан тэд “шинэ нөхдөдөө зориулан цүнхэндээ бэлэг сэлт хийн нэгэн сайхан өдрийг сонгон” явахдаа “Гар буугаа ч шалгаж авсан” аж.

Нисгэгчийн заасан газрыг чиглэн уул өөд алхах зуур хүн амьдарч байгааг нотлох тэмдгүүдийг олж харж байв. Үүнд нарийн жим, горхи дээгүүр гүүр болгон хөндлөн тавьсан гуалин, эцэст нь хусны үйсээр хийсэн саванд хадгалсан хатаасан төмснүүдтэй жижигхэн саравч. Писменскаягийн дурссанаар:

“Горхины хажууханд оромж байлаа. Салхи, бороонд элэгдэн харласан энэ овоохойг холтос, гишүү, шургааг зэрэг тайгын хог овоолон дулаалсан байна. Үүргэвчний минь халааснаас томгүй жижиг цонх нь байгаагүй бол энэ дотор хүн амьдардаг гэж итгэхэд бэрх. Гэвч энд хүн амьдардаг болох нь гарцаагүй... Бидний ирж байгааг тэд мэдсэн нь илэрхий байлаа.

Намхан хаалга нь чийхран онгойж, өдрийн гэрэлд маш хөгшин эр гарч ирсэн нь яг л үлгэрийн зүйл мэт. Тэр хөл нүцгэн юм. Шуудайгаар хийж, дахин дахин нөхсөн цамц өмссөн байв. Ижил материалаар хийсэн өмд нь ч нөхөөсөөр дүүрэн агаад сахал нь эмх замбараагүй байлаа. Арзайсан үстэй энэ хүн айсан харагдаж байсан ч биднийг маш няхуур ажиглах аж... Бид юм хэлэх хэрэгтэй байсан тул би Өдрийн мэнд, өвөө! Бид танайд айлчилж явна гэв.

Өвгөн тэр дороо хариу өгсөнгүй... Эцэст нь итгэлгүй мэт хоолойгоор тэр Ийм хол ирсэн юм чинь ор доо гэж намуухан хэлсэн юм.”

Амбаарт ороход геологичдыг угтсан дүр зураг яг л дундад зууных гэлтэй. Гарт тааралдсан материалаараа хийсэн энэ оромж яг л амьтны ичээ шиг аж – “тортогт харласан гяндан шиг хүйтэн намхан овоохой”. Шал нь төмсний хальс, хушны самрын ясаар дүүрэн. Бүдэг гэрэлд эргэн тойрныг харахад энэ оромж нь нэгхэн өрөө байсан ба маш давчуу, хөгц, хир буртгаар дүүрэн аж. Гайхамшигтай нь энд таван хүнтэй гэр бүл амьдардаг аж. 

“Чимээ аниргүй байдлыг гэнэт уйлаан майлаан эвдэв. Энэ үед л бид хоёр эмэгтэй хүнийг олж харсан билээ. Нэг нь залбирангаа: ‘Бидний нүглийг цээрлүүлж байгаа нь энэ’ хэмээн цурхирах аж. Нөгөө эмэгтэй нь баганын ард нуугдан, газар сууж байв. Жижиг цонхны гэрэл түүний айж томорсон нүдэн дээр тусахад бид эндээс аль болох үтэр түргэн гарах ёстой юм байна гэдгээ ухаарсан юм.”


07

Лыков

(Зураг: Их Петр хаан 18 дугаар зууны үед Орос улсыг орчин үетэй хөл нийлүүлэх зорилгоор сахал тавихын эсрэг аян өрнүүлсэн юм. Сахалтай хүнд татвар ногдуулж, татвараа төлөхгүй бол сахлыг нь хүчээр хусаж байсан нь Хуучин итгэгчдийн хувьд шашнаасаа салах хэмжээний асуудал байсан аж)

Писменскаятай эрдэмтдийн хамт овоохойгоос яаран гарч, хэдэн алхмын зайд очин, авчирсан юмсаа дэлгээд, өөрсдөө хооллож эхлэв. Хагас цаг хэртээ өнгөрөхөд хаалга онгойн өвгөн хоёр охиныхоо хамт гарч ирлээ. Хэдийгээр сандрахаа больсон ч айсан хэвээр байсан тэд шинэ хүмүүсийг илт сониучирхаж байгаа нь харагдаж байв. Бага зэрэг эмээсэн байсан ч энэ гурван хүн ирээд, зочдынхоо хажууд суугаад талх, жимсний чанамал, цай гээд өгсөн болгоноос нь татгалзах аж. “Бид ийм зүйл идэх хориотой!” гэж бувтнах үед Писменская “Өмнө нь талх идэж үзсэн үү?” гэж асуухад өвгөн “Би идэж байсан. Эд харин үзээгүй. Хараа ч үгүй” гэж хариулсан байна. Ядаж энэ өвгөн ухамсартай аж. Бүхий л амьдралынхаа турш хүмүүсээс тусгаарлагдан амьдарсан хоёр охины яриа харин хазгай мурий байлаа. Хоорондоо ярилцаж байгаа нь яг л удаанаар гуагалж байгаа мэт сонсогдож байсан юм.

Ийнхүү хэд хэдэн удаа уулзсаны дараа энэ гэр бүлийн түүх дэлгэгдэж эхлэв. Хөгшин эрийг Карп Лыков гэдэг ба тэртээ 17 дугаар зуунаас хойш өөрчлөгдөлгүй ирсэн Оросын фундаменталист Үнэн алдартны сүмийн итгэгч аж. Хуучин итгэгчдийг Агуу Петр хааны үеэс шахан хавчиж байсан ба Лыков ч энэ үйл явдлыг өчигдөрхөн болсон мэт дурсаж байв. Петр хааныг “хүн дүрстэй анти-Христ”, ард түмний дайсан гэж үздэг байлаа. Петр хаан Христэд итгэгчдийн сахлыг хүчээр хусаж, Оросыг орчин үежүүлэх гэсэн кампанит ажил нь үүний хөдлөшгүй баталгаа гэж Лыков хэлэх аж. Зуу зуун жил үргэлжилсэн явдлын талаарх гомдлыг үргэлжлүүлэн арай орчин цагийн үйл явдал буюу 1900-аад оны үед Хуучин итгэгчдэд 26 фунт төмс бэлэглэхээс татгалзсан наймаачныг муулж байв.

Харин атист Большевикууд засгийн эрхийг авснаар Лыковын гэр бүл улам хүнд байдалд оржээ. Зөвлөлт засаглалын дор Хуучин итгэгчид ял шийтгэлээс зутган Сибирийг зорьж эхэлсэн байна. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед Христийн шашин өөрөө дайралтад өртөж байхад Лыковын хажууд ахыг нь коммунист цэрэг буудан хөнөөсөн аж. Үүний хариуд Карп гэр бүлээ аваад ой мод руу зугтжээ.


06

Амь зуулга

(Зураг: Дмитрий (зүүн гар талд), Савин нар Сибирийн зунаар)

Энэ үйл явдал 1936 онд болжээ. Тухайн үед Лыковын гэр бүл дөрвүүлээ байв – эхнэр АкулинаСавин нэртэй 9 настай хүү, ердөө 2 настай Наталия охин. Эд хогшил, үр тариагаа аваад тайгын гүн рүү зугтсан тэд хэд хэдэн газар амьдарсаар эцэст нь энэхүү алслагдмал цэгт ирсэн нь энэ аж. Зэрлэг байгальд дахин хоёр хүүхэд төрөв – 1940 онд Дмитрий, 1943 онд АгафияЛыковын гэр бүлд мэндэлсэн хоёр бага хүүхэд нь гэр бүлийнхнээсээ өөр нэг ч хүн харж байгаагүй гэнэ. Агафия, Дмитрий хоёрын гадаад ертөнцийн талаарх мэдлэг эцэг эхийнх нь ярьсан түүхээс хэтрэхгүй юм. Оросын сэтгүүлч Василий Песковын хэлснээр энэ гэр бүл цагаа зугаатай өнгөрүүлэхийн тулд хийдэг ганц зүйл нь зүүд, мөрөөдлөө ярих байжээ.

Лыковын хүүхдүүд хот гэдэг газар өндөр байшин барилгад хүмүүс шавааралдан амьдардаг тухай мэддэг байв. Мөн Оросоос өөр улс байдаг талаар сонсож байжээ. Гэхдээ энэ зүйлс тэдний хувьд хийсвэр, төсөөллийн гэмээр байсан аж. Тэдний уншдаг зүйлс нь гэр бүлийнх нь мөргөлийн ном, хуучин Библийн сургаалууд байлаа. Акулина эдгээрийг ашиглан хүүхдүүддээ уншиж бичихийг зааж өгсөн ба үзэг, бэхний оронд хусны мөчрийг үзүүрлэн цэцгийн шүүсэнд дүрдэг байжээ. Агафияд морины зураг үзүүлэхэд тэр Библийн сургаалуудаас харснаа санан “Хар даа, папа! Аргамаг хүлэг байна” гэж дуу алдсан гэдэг.    

Энэ гэр бүл ийм удаан тусгаарлагдан амьдарсан гэдэгт итгэхэд бэрх бол тэдний амьдрал хэр хүнд байсан бэ гэдгийг харин ойлгоход хялбар байлаа. Абакан гол даган завиар явсан ч гэсэн тэдний гэр хүрэх зам маш хэцүү байсан юм. Гэр бүлийн түүхийг бичих гол хүн болсон Песковын бичсэн тэмдэглэлд “Бид нэг ч хүн байхгүй газраар 250 километр замыг туулсан!” гэжээ.

Ийм тусгаарлагдмал байх нь зэрлэг байгальд амьдрах бараг боломжгүй мэт болгожээ. Лыковын гэр бүл өөрсдийнхөө авчирсан нөөц дээрээ л тулгуурлан амь зуух агаад тайгаас маш бага зүйл л авсан байна. Тэд гутлын оронд хусан углааш хийсэн байх агаад хувцсаа нөхөн өмссөөр нөхөх боломжгүй болох үед нь үрээс ургуулсан олсон даавуугаар орлуулж байжээ.

Лыковынхон ээрүүл, хачирхалтай нь нэхмэлийн машины эд ангиудаа аван тайгад ирсэн байна. Ийм зүйлсийг аван зэрлэг байгалиар явах зам удаан бөгөөд хүнд байсан нь тодорхой. Харин тэдэнд байхгүй зүйл нь металлыг орлуулах технологи юм. Авч явсан данхаа олон жилийн турш хэрэглэсэн ч зэвэнд баригдаж дуусахад хусны үйснээс өөр орлуулах зүйл байгаагүй байна. Гэвч үйсийг гал дээр тавих боломжгүй тул хоол хийж идэхэд хамаагүй хэцүү болов. Лыковынхон олдох хүртлээ цайруулсан хөх тариа, гашиштай хольсон төмсөн гамбираар хооллож байжээ.

Зарим талаараа тайга тэдэнд хангалттай зүйлс өгч байсан талаар Песков бичихдээ “Оромжийн хажууд хүйтэн, цэнгэг горхи урсана. Хус, улиас, нарс, хуш моднууд хэрэгтэй хэмжээнээс нь хавьгүй их зүйлсээр хангана. Нэрс, бөөрөлзгөнө гарт ойрхон байхаас гадна түлээ ч хажууд. Дээвэр дээр нь хушны самар өөрөө унаад л ирэх аж” гэжээ.

Гэвч Лыковын гэр бүл үргэлж өлсгөлөнгийн ирмэг дээр амьдардаг байжээ. Дмитрий эрийн цээнд хүрэх үед буюу 1950-аад оны сүүлээр л тэд анхныхаа амьтдыг урхинд оруулан, мах, арьсыг нь ашиглаж эхэлсэн байна. Буу шийдэм бүү хэл нум сумгүй байсан тэд нэг бол урхи ухан, үгүй бол амьтдыг эцэж унатал нь уул хадаар хөөн ангуучилдаг байсан аж. Дмитрийгийн хувьд маш тэсвэр хатуужилтай нэгэн болсон агаад өвөл ч хөл нүцгэн ан хийж, хэдэн өдрийн турш -40 хэмийн хүйтэнд хоноглон явсны эцэст залуу буга мөрлөөд ирдэг байсан гэнэ. Гэвч ихэнхдээ мах байдаггүй байсан тул тэдний тэжээл нэгэн хэвийн байсан байна. Тэдний тарьж ургуулсан луувангуудыг нь зэрлэг амьтад сүйтгэсэн ба 1950-аад он Агафиягийн дурссанаар “өлсгөлөн он жилүүд” байжээ.

Бид тэс жимсний навчаар хооллодог байсан. Үндэс, өвс, мөөг, төмс, холтос. Бид үргэлж л өлсгөлөн болсон байсан. Жил бүр бид бүгдийг нь идэх үү, эсвэл заримыг нь үр болгон ашиглах уу гэж зөвлөлддөг байв” гэж тэр дурсаж байлаа.

Ийм нөхцөлд өлсгөлөнгийн аюул байнга байдаг ч 1961 оны 6-р сард цас орох нь тэр. Хэт хүйтэрснээс болж тэдний цэцэрлэгт ургаж байсан бүх ногоог устгажээ. Ирэх оны хавар гэхэд энэ гэр бүл холтос идэх дээрээ тулсан байлаа. Акулина өөрийн хүүхдүүдээ хооллохын тулд тэр жилдээ өөрөө өлсгөлөнгөөс болж үхсэн аж. Гэр бүлийн бусад гишүүд харин нэгэн гайхамшигтай зүйлийн ачаар амьд үлдсэн байна: вандуйн талбайд нь хөх тарианы ганцхан нахиа ургажээ: Лыковынхон түүнийг хашаалж, өдөр шөнөгүй хэрэм, хулганаас хамгаалсан гэдэг. Ургац хураах цаг болоход энэ ганц нахианаас 18 үр гарсан ба үүний ачаар тэд хөх тарианыхаа тариаланг дахин эхлүүлсэн билээ.


05

Гэр бүлийн гишүүд

(Зураг: Карп Лыков болон Дмитрий, Агафия нар Зөвлөлтийн хайгуулчийн хамт Оросын сонинд зураг авахуулсан нь)

Зөвлөлтийн геологичид Лыковын гэр бүлтэй илүү дотно танилцах тусам тэдний чадвар, ухааныг нь дутуу үнэлсэн болохоо мэдсэн байна. Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн характертай; хөгшин Карп л гэхэд эрдэмтдийн авчирсан шинэлэг бүтээлүүдийг харахдаа их баярладаг байв. Хэдийгээр тэр хүн саран дээр буусан гэдэгт итгэхгүй байсан ч хиймэл дагуулын тухай амархан хүлээн авсан юм. Лыковынхон аль 1950-аад онд “тэнгэрт хурдан явах одод” хэмээн хиймэл дагуулуудыг эртнээс ажиглан мэдсэн байлаа. Карп өөрөө гэхэд үүнийг “Хүмүүс ямар нэг юм сэдэн олж, од шиг галт зүйлсийг тэнгэрт илгээдэг байх” гэж таамаг дэвшүүлдэг байсан гэнэ.

“Түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл нь тунгалаг, гялгар уут байсан” гэж Песков тэмдэглэсэн байна. “Бурхан минь, тэд юу сэтгэж олох нь энэ вэ? Энэ шил байна. Гэхдээ базагддаг!”

Карп хэдий 80 нас хол давсан ч гэлээ гэр бүлийнхээ тэргүүний байр сууриа бат хадгалдаг байв. Түүний ууган хүү Савины хувьд шашны асуудал дээр нугаршгүй арбитрын үүрэг гүйцэтгэдэг байжээ. Аав нь хүүгийнхээ талаар “Тэр бол итгэл үнэмшил өндөртэй боловч яхир хүн” гэж хэлсэн агаад өөрийг нь үхэж, Савин өрхийн тэргүүн болох үед юу болох бол гэж санаа зовдог тухай ярьсан байдаг. Эхийгээ орлон тогооч, оёдолчин, эмчийн үүргийг гүйцэтгэхээр оролдох Наталиягийн хувьд мэдээж ууган хүүгийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байв.

Харин хоёр бага хүүхэд нь илүү нээлттэй, өөрчлөлт шинэчлэлийг хүлээж авах нь хялбар байлаа. “Агафиягийн хувьд шашны хэт фанат болоогүй байсан” ба Песковын тэмдэглэлд бичсэнээр Лыковын бага охин хошин мэдрэмжтэй, өөрийгөө шоглодог байсан гэнэ. Агафия дуулж байгаа мэт ярьдаг, энгийн үгийг хүртэл олон үетэй болгон ярих ба ирсэн гийчдэд өөрийгөө донгиодуу гэж итгүүлсэн боловч үнэндээ ухаалаг нэгэн болох нь харагддаг байжээ. Хуанлигүй энэ гэр бүлийн хувьд маш хүнд, чухал үүрэг хариуцлага болох өдөр, хоногуудыг тэмдэглэн хөтлөх ажлыг хийдэг байв. Хүнд ажлыг ч төвөггүй хийдэг байлаа. Намар оройтсон цагаар гараараа зоорь ухаж, нар орсны дараа хүртэл сарны гэрэлд ажиллаж чаддаг. Ганцаараа харанхуй шөнө байхаасаа айхгүй байна уу гэх Песковын асуултад Агафия “Надад гэм учруулах юм энд юу л байв гэж” хэмээн хариулсан байдаг.


04

Соёл иргэншилтэй танилцсан нь

(Зураг: Лыковын гэр бүлийнхний амьдарч буй газрыг онгоцноос харахад, 1980 он)

Лыковын гэр бүлийнхэн дундаас геологичдын хамгийн дуртай хүн нь Дмитрий байлаа. Хээрээр тэнэх дуртай энэ чадварлаг эр тайгын зан авирыг маш сайн мэддэг байсан юм. Дмитрий бусдаасаа хамгийн сониуч, ирээдүйг харсан хүн байжээ. Гэрийнхээ зуухыг хийсэн бөгөөд хүнс хадгалах зориулалттай хусны үйсэн савнуудыг тэр л хийдэг байв. Мөн тэр л гараараа гуалингуудыг хуваан, харуулдаж, орон гэрээ засна. Эрдэмтдийн үзүүлсэн шинэлэг технологиудыг сонирхож байсан нь тодорхой. Нэгэнтээ тэдний гэр бүлтэй үүсгэсэн харилцаа ихэд сайжирч, Лыковынхныг голын доохно байрлах Зөвлөлтийн хуаранд айлчлахыг ятгах хэмжээнд очсон байна. Дмитрий мод боловсруулах цехэд олон цагийн турш аз жаргалтайгаар ажиглан зогсож, дугуй хөрөө болон токарийн машин мод боловсруулах ажлыг ямар хурдан хийж байгааг шагшин магтаж байжээ. “Дмитрийгийн харуулдах гэж бүтэн хоёр өдрийг зарцуулдаг гуалинг нүднийх нь өмнө тэв тэгшхэн банз болгон гаргаж байсан юм. Дмитрий гарч ирсэн банзыг алгаараа илж үзээд “Сайхан болжээ” гэж хэлсэн” гэж Песков бичсэн байдаг.

Карп Лыков орчин үеийн бүх зүйлийг хол байлгах гэж урт хугацаанд ялагдах нь тодорхой тулааныг хийж ирсэн билээ. Геологичидтой харьцаж эхлэх үедээ энэ гэр бүлийн авахыг зөвшөөрсөн цорын ганц зүйл нь давс байжээ. (Давсгүйгээр дөчин жилийн турш амьдрах нь “жинхэнэ тамлалт” гэж Карп хэлсэн байна.) Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний авдаг зүйлс нь арай их болов. Тэд эрдэмтдийн найз Ерофей Седов гэгч өрөмдөгчийн тусламжийг ихэд дуртай хүлээн авсан байна. Ерофей өөрийн зав чөлөөтэй цагаараа тэдний гэр бүлд тариа тарихад нь тусалдаг байжээ. Мөн хутга, сэрээ, бариул, үр тариа авдаг болсон ба цаашид үзэг, цаас, тэр бүү хэл гар чийдэн хүртэл авсан байна. Хэдийгээр энэ бүх шинэлэг зүйлсийг дурамжхан авсан ч геологичдын бааз дээр харсан телевиз тэдний хувьд салж чадахгүй зүйл болсон аж.

Тэд ховор ирдэг байсан ч бүгд суун, зурагт үздэг байлаа. Карп дэлгэцийн чанх урд нь сууна. Агафиягийн хувьд хаалганы цаанаас толгойгоо цухуйлган үзнэ. Агафия тэр даруйдаа амандаа маань уншин, загалмай дүрсэлнэ. Харин хөгшин эр үүний дараа өөрөө залбирав.


03

Гэнэтийн үхлүүд

(Зураг: Лыковын гэр бүлийн булшнууд. Өдгөө зөвхөн Агафия л амьд байгаа юм)

Лыковын гэр бүлийнхэнтэй холбоотой хамгийн гунигтай түүх нь магадгүй гадаад ертөнцтэй дахин холбоо тогтоосноос хойш тэдний амьдрал ямар богино хугацаанд нуран унасан явдал байх. 1981 оны намар гэхэд дөрвөн хүүхдийн гурав нь хоорондоо ердөө хэдхэн өдрийн зайтай эхийнхээ араас булшинд орсон юм. Песковын хэлснээр тэдний үхэл хүмүүсийн таамаглаж буй шиг гадаад ертөнцөөс туссан өвчинтэй (бусдаас тусгаарлагдан амьдарч байсан хүмүүст дархлаа тогтоогүй байдаг) холбоогүй байжээ. СавинНаталия хоёр бөөрний дутагдлаас болж таалал төгссөн аж. Энэ нь тэдний хүнсний хэрэглээтэй холбоотой. Харин Дмитрийгийн хувьд шинэ найзуудаасаа туссан өвчнөөс үүдэлтэй хатгалгаа өвчнөөр хорвоог орхисон байна.

Түүний үхэл геологчдыг маш ихэд сандаргаж, амийг нь аврахын тулд бүхнийг хийсэн юм. Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэхийг санал болгоход Дмитрий бүхий л амьдралынхаа турш хамт байсан гэр бүл, шашин шүтлэгээ орхихоос татгалзсан байна. Тэрээр амьсгал хураахынхаа өмнөхөн “Бидэнд тийм зүйл хориотой. Хүн бурхны заасан замаар л амьдардаг” гэж хэлсэн байдаг.


02

Сүүлчийн хүн

Агафия

Лыковын гурван хүүхдийг оршуулсны дараа геологичид КарпАгафия хоёрыг тэдэнтэй хамт ойгоос явж, хэлмэгдүүлэлтийг даван гарч одоо хүртэл хуучин тосгондоо амьдарч буй хамаатан садангууд дээрээ очиж амьдраач гэж гуйж үзсэн ч тэр хоёр энэ талаар сонсохыг ч хүсээгүй юм. Хуучин амбаараа засан тэр хавьдаа амьдрахыг сонгосон байдаг.

Карп Лыков 1988 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Акулинагаас яг 27 жилийн дараа хорвоог орхисон байна. Агафия түүнийг геологичдын тусламжтайгаар ууланд оршуулсны дараа гэр рүүгээ буцсан юм. Бурхан надад хэрэгтэй зүйлийг маань өгнө гэж тэр хэлсэн нь ч үнэн байлаа. Өдгөө 25 гаруй жилийн дараа хүртэл 70 гаруй настай энэ эмэгтэй одоо хэр Абакан голын эхтэй ойролцоох гэртээ ганцаараа тайгад амьдарч байгаа билээ.

Тэр энэ газраа орхихгүй. Харин бид түүнийг орхих хэрэгтэй. Ерофей түүний эцгийн оршуулгын дараа тэмдэглэлдээ “Би Агафия руу эргэн харж, гараараа даллав. Тэр хөшөө лугаа адил голын эрэг дээр зогсон үлдсэн. Тэр уйлаагүй. Толгой дохиод ‘Яв даа, яв’ гэж хэлсэн юм. Бид дахин километр хэртэй газар яваад эргэн харахад тэр байсан байрандаа зогсож л байсан билээ.”


01

Ерофей Седов

Өрөмдөгч Ерофей Седов түүний ойролцоо 18 жилийн турш амьдарсан билээ. Агафия Лыковад туслахын тулд тайгад амьдрахаар ирсэн энэ хүн өөрөө хөгширч, хөгжлийн бэрхшээлтэй болсон тул Агафиягийн бэлдэж өгсөн хоол, түлээгээр амьдардаг байсан аж. Седов 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 77 насандаа таалал төгсжээ.  Wikipedia-д Агафиягийн талаар бичихдээ 1988 онд эцгээ таалал төгссөнөөс хойш ганцаараа амьдарч буй энэ эмэгтэй 2014 онд захидал бичин, “бие нь муудаж байгаа тул гэрт нь ирж хамт амьдран туслах хүн хайж байгаа” гэснийг интернетэд байрлуулсан байдаг.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (10)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
gaihaltai amidraliin tuluu hicheel zvtgel gargasan ger bvl ym burhanii zursan zuragaar gedeg ni l hetsvv bodol sanagdlaa. 1 shirheg tarian tvrvv urgasaniigaa hamgaalah gej ymar ih setgel zownij baisan bol geh bodol tolgoinoos salh ugduugvi ee.
+2
Очироо дахиад гоё түүх постлоорой. хайртай шүү дүүдээ...
+2
хүн төрөлхтөнөөс алсад амьдрах юмсан. энэ их тэмцэл, хямрал , чихцэлдээнээс залхаж байна...
+2
үхдэг хэсгүүд дээр сэтгэл ямар сонин болчихвоо
+1
Очирт хааяа хааяа нэг часхийсэн юм оруулах юм аа. Их сонирхолтой байлаа.
+2
Аймаар амжиргаатай юм аа. Уншиж бичиж чаддаг, хувцас хунараа хийгээд өмсчихдөг.
+6
Сайхан түүх байна. Хүмүүс очоогүй бол хичнээн ч амьдрах байсийн билээ гэж харамсах ч шиг
+3
Харин үхсэн гэхээр шууд сэтгэл сонин болж байна шд.
+2
Goy tuuh bna. Soyol irgenshiltei nuur tulaad l uhsen gedeg ni aimar yumaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start