Хамгийн олон жилийн өмнө тогтоосон эртний 10 хил
Хамгийн олон жил өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн, улс орнуудын хамгийн эртний 10 хилийг танилцуулж байна. Улс үндэстнүүд нийтийн тооллын өмнөх 500-гаад оноос хил хязгаараа тогтоож эхэлсэн баримт байдаг. Гэхдээ тэр цагийн хилийн зурвасууд хэдийнээ өөрчлөгдсөн тул тэдгээрээс дор багтаагүй болно. Мөн далай тэнгис, өндөр уулс нуруудаар тогтоосон байгалийн хилийг энд тооцоогүй гэдгийг онцолъё.
10
Хятад-Солонгосын хил, 1712 он
Үүнээс ч олон жилийн түүхтэй, зарим сурвалжид бүр 15 дугаар зуунаас эхтэй гэдэг ч Хятад-Солонгосын буюу одоогийн албан ёсны хэллэгээр БНХАУ-БНАСАУ-ын хилийн нийт 1352 км урт шугам нь 1712 оны гэрээгээр баталгаажсан тэр л янзаараа өнөө ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Чосон гүрний үед хамаарах төрийн баримт бүртгэлийн санд зөвхөн уг хилийн шугамтай холбогдох 2000 орчим албан бичиг байдаг аж. Чосон болон Чин гүрний яриа хэлэлцээрээр Ялу болон Түмэн мөрөн байгалийн хил нь болсон бол бусад газрын шугамыг нь талуудын хамтран томилсон хилийн зурвасыг тогтоох тусгай баг нарийвчлан зураглажээ. Хилийн шугамын хоёр талд орших Хятадын Даньдун болон Умард Солонгосын Синижү хотуудыг холбосон Нөхөрлөлийн гүүр нь 1943 онд ашиглалтад орсон байна.
09
Испани-Францын хил, 1659 он
Уг хоёр улс одоогийн хил хязгаараа Пиренейн гэх тунхагаар 1659 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуульчлан баталжээ. Гучин жилийн дайны нэг хэсэг гэгддэг 1635 онд эхэлсэн Испани-Францын дайныг эцэслэсэн энэхүү тунхагаар Франц улс өмнөд болон хойд хилийн бүсдээ багагүй газар нутаг нэмж эзэмшихээр болсон байна. Францын Гуравдугаар Наполеон хааны үед бүр энэхүү хилийн шугамыг баталгаажуулан олон жижиг чулуун баганууд босгосон нь одоо ч бүрэн бүтэн байдаг аж. Нэгэн сонирхолтой баримт дурдахад дээрх хилийн шугамаар хоёр тэнцүү хуваагдсан Бидасоа хэмээх мөрний тэхий дунд орших Гургуулын арал гэх жижигхэн арлыг Испани, Франц хоёр одоо ч хамтран эзэмшдэг. Хагас, хагас жилээр хоёр улсын мэдэлд ээлжлэн шилждэг уг арал дээр дээрх Пиренейн тунхагийг үзэглэх ёслол болж байж. Гургуулын арал нь байнгын оршин суугчгүй хэдий ч дэлхийн хамгийн жижиг, хууль ёсны хамтын эзэмшил нутаг гэх албан ёсны статустай юм.
08
Швейцарь-Германы хил, 1648 он
Энэхүү хилийн шугам Хятад-Солонгосын хил шиг үүнээс ч олон жилийн өмнө тогтоод байсан ч 1648 онд л сая албан ёсоор баталгаажжээ. Швейцарийн хил хязгаар 1499 оны Свабийн дайнаас хойш бараг өөрчлөгдөөгүй боловч Хуучин Швейцарийн холбооны тусгаар тогтнолыг герман угсаатны гол удирдагчид буюу Ариун Ромын эзэнт гүрний Хабсбургийн угсааны хаад, ноёд 1648 онд Гучин жилийн дайныг дуусгах Вестфалийн энхийн гэрээ батлагдахад л хүлээн зөвшөөрсөн байна. Уг гэрээ нь Швейцарийн хил хязгаарыг баталгаажуулснаас гадна төвийг сахих бодлогыг нь олон улсын хэмжээнд дэмжсэн явдал байлаа. 1651 онд тоотой хэдхэн газарт багахан өөрчлөгдсөнөөс өөрөөр Швейцарь-Германы хил 370 гаруй жил нэг янзаараа байна. Наполеоны дайн ч, нацистуудын түрэмгийлэл ч Швейцарийн хилийг эвдэж дөнгөөгүй юм.
07
Иран-Ирак/Туркийн хил, 1639 он
1639 оны Зухабын тунхагаар баталгаажсан энэ хил бол одоог хүртэл оршин байгаа, Ази тивийн доторх хамгийн олон жилийн түүхтэй хилийн шугам юм. Уг тунхаг нь 1623-1639 оны хооронд Ираны Сафавидын эзэнт гүрэн болон Оттоманы эзэнт гүрний дунд үргэлжилсэн урт удаан дайныг эцэслэх энхийн гэрээ байсан бөгөөд 20 дугаар зууны эхээр тус бүс нутагт ноёрхлоо тогтоохыг санаархсан орос, британичууд ч энэхүү тунхагаар тогтоосон түүхэн хилийг эвдэж зүрхлээгүй гэдэг. Тигр мөрөн болон Загросын нуруу гэх байгалийн хаалтаар хилийн шугам тогтоогоод байсан нь үүнд голлон нөлөөлжээ. Оттоман болон Сафавидын эзэнт гүрний хооронд 1555-1918 оны хооронд хилийн маргааныг шийдвэрлэх нийт 18 гэрээ байгуулагдсанаас хамгийн чухал нь Зухабын тунхаг гэж түүхчид үздэг.
06
Сан Мариногийн хил, 1463 он
Нийтийн тооллын 301 онд байгуулагдсан Сан Марино бол одоог хүртэл өөрчлөгдөлгүй оршин байгаа хамгийн эртний улс төдийгүй хамгийн олон жилийн түүхтэй бүгд найрамдах засаглалтай орон билээ. Бүхэлдээ Италийн газар нутгаар хүрээлэгдсэн тус улсын хил хязгаар 1463 онд Пап ламын шийдвэрээр хилийн зурвасын дөрвөн тойргийг Сан Маринод нэгтгэснээр албан ёсоор баталгаажжээ. 1503 онд Пап лам Зургадугаар Александрын бутач хүү Чезаре Боржиа гэгч зургаан сар хэртэй Сан Мариног эзэлснийг эс тооцвол энэхүү уулархаг орны хил хязгаар нь ч, тусгаар тогтнол нь ч өнөөг хүртэл хөндөгдөлгүй бат бөх оршсоор байна. Хэдий жижиг ч тус улс өөрийн гэсэн хилийн цэрэгтэй бөгөөд Хад чулуудыг хамгаалагч гэгддэг хилийн цэргийн анги нэгтгэл нь 1754 онд байгуулагджээ.
05
Орос-Литвийн хил, 1422 он
Зарим хүн 1990-ээд онд ЗХУ-аас тусгаар тогтнолоо сэргээсэн орнуудыг хил хязгаараа ч мөн шинээр тогтоосон гэж эндүүрдэг байж болох юм. Харин Литви улс л гэхэд үнэн хэрэгтээ бүр 1422 оны есдүгээр сарын 27-нд батлагдсан Мелногийн гэх тунхагт зааснаар одоогийн хилээ сэргээж дөнгөжээ. Тухайн цагийн Литвийн их гүнт улсын хилийн шугамууд мөн онд баталгаажиж, тэр дундаа одоогийн ОХУ-ын Калининград мужтай хиллэдэг хэсэг нь Европын хамгийн эртний, хамгийн тогтвортой хилийн нэгд тооцогдож ирсэн байна. Дээрх тунхаг нь Литвиэс гадна Польшийн хаант улс болон Тевтоны хүлэгт баатруудын улсын хоорондох газар нутгийн маргааныг шийдвэрлэхээс гадна Литви-Пруссын хилийг мөн шинэчлэн тогтоожээ. Тэрхүү хил нь бараг 500 жил буюу дэлхийн нэгдүгээр дайн хүртэл бараг өөрчлөгдөөгүй аж. Хэдий Мелногийн тунхаг батлагдах үеийн улс орнууд одоо байхгүй болсон ч орчин цагийн Литви улсыг Литвийн их гүнт улсын шууд залгамжлагч гэж үзвэл Орос-Литвийн хил нь маргаангүй хамгийн олон жилийн түүхтэй хил хязгаарын нэгд тооцогдоно.
04
Монакогийн хил, 1297 он
Ватиканы дараа орох дэлхийн хамгийн жижигхэн хоёр дахь тусгаар улс болох Монако нь Францын өмнөд эрэгт оршдог хант улс (төрийн тэргүүн нь ханхүү) юм. Тус улс 1191 онд Ариун Ромын эзэнт гүрнээс тасарч, 1215 онд Генуя хотын колони маягаар анх бие даан одоогийн дүр байдлаа олжээ. Монаког хүрээлж байсан хаант болон хот-улсууд хэдий олон дахин унаж боссон ч уг бяцхан улсын хуурай газрын хил хязгаар 1297 оноос буюу Грималдийн гэр бүлийнхэн Монакод эзэн сууснаас хойш өнөөг хүртэл огт өөрчлөгдөөгүй байна. Монакотой хил залгаж байсан зарим түүхэн улсуудаас дурдвал Генуягийн бүгд найрамдах улс, Францын хаант болон эзэнт улс, Сардинын хаант улс зэргийг онцолж болох юм. Сонирхуулахад Монакогийн Францтай залгаа хил биш, харин тэнгистэй залгаа хил нь хэд хэд өөрчлөгдсөн бөгөөд эрэг хавийн газрыг хатаан ашиглах шинэлэг технологийн ачаар тус улсын газар нутгийн хэмжээ сүүлийн хэдхэн жилд 20 хувиар нэмэгдээд байна.
03
Португал-Испанийн хил, 1297 он
Монакотой адил 1297 оноос хойш хил хязгаар нь өөрчлөгдөөгүй өөр нэг улс бол Португал юм. Тус улсын Испанитай залгаа хил дэлхийн хамгийн эртний түүхтэй гурав дахь хил хязгаараас гадна Европтоо хамгийн олон жил өөрчлөгдөөгүй хамгийн урт (1214 км) хилийн шугамд тооцогддог. Португалын хойд хилийг бүр 1143 онд, зүүн өмнөд хилийг нь 1267 онд тогтоосон гэх ч Кастиллын хаант улс болон Португалын хоорондох хилийн маргааныг 1297 оны Альканьисесийн тунхагаар эцэслэн шийдвэрлэсэн тул мөн оноос Португалын хилийн шугамыг баталгаажсан гэж үздэг байна. Нэгэн сонин баримт дурдахад улс орнуудын хил дээр оршдог олон улсын гэх тодотголтой гүүрнүүдээс хамгийн богинохон нь Испани-Португалын дунд байрладаг бөгөөд Португалын Варзеа Гранде, Испанийн Эл Марко гэх тосгодыг холбодог тэрхүү модон гүүр ердөө 3.2 метр урт юм.
02
Англи-Шотландын хил, 1237-1333 он
Албан ёсоор 1237 оны Иоркийн гэрээгээр хоёр улсын дундах 154 км урт хилийн шугамыг тогтоосон ч эртний Шотланд буюу Альбагийн хаант улс, Англо-Саксоны Нортумбриягийн хаант улс хоёрын хил хязгаар бүр 10 дугаар зууны эхнээс ерөнхийдөө тодорхой байжээ. Харин 1333 онд, Шотландын Тусгаар тогтнолын төлөөх хоёрдугаар дайны сүүлчээр ялагч тал болох англичууд хилийн зурвас газруудыг эзэлж, жийрэг бүс нутаг үүсгэсэн нь хоёр улсыг 1603 онд нэг хаан эзэнтэй болж, холбооны улс байгуулах хүртэл талуудын дунд энхийг сахиулж байлаа. Хэдийгээр эртний түүхт энэ хоёр улсын дунд хил хязгаарын олон асуудал байсан ч 1237 онд тогтоосон хилийн шугам нь ганц хоёрхон өөрчлөлтийг эс тооцвол бараг өөрчлөгдөлгүй өдийг хүрсэн тул энэхүү жагсаалтад багтаж байна. Нэгэн зүйл тодруулахад ромчуудын нийтийн тооллын 120-иод онд барьсан Адрианы ханыг Англи-Шотландын түүхэн хил гэж үзэх нь түгээмэл байдаг ч үнэн хэрэгтээ энэхүү чулуун хана бүхлээрээ Английн нутагт оршдог. Ромчууд шотландчуудын дээд өвөг пиктүүдээс эзэмшил нутгаа хамгаалж Адрианы ханыг барьсан нь үнэн боловч энэ нь хэзээ ч Англи-Шотландын хилийн шугам болж байгаагүй аж.
01
Андоррагийн хил, 1278 он
Англи, Шотланд хоёр бүрэн эрхт тусгаар улс биш, мөн Андоррагийн хант улсын хил хязгаар 1278 оны есдүгээр сарын 8-ны өдөр батлагдсан Андоррагийн гэх тунхагаас хойш нэг ч өөрчлөгдөөгүй тул хамгийн эртний, бүрэн тусгаар улсын, одоог хүртэл хэвээрээ байгаа, огт хөндөгдөөгүй хэмээн уг жагсаалтыг тэргүүлж байна. 1278 онд одоогийн Францын өмнөд хэсэгт оршиж байсан Фуагийн гүнлэг болон одоогийн Испанийн хойд захад байх Ургеллийн хамбат аймаг гэх сөргөлдөгч талууд газар нутгийн маргаанаа шийдвэрлэхийн тулд хослон захирч байх дундын туурга тусгаар улстай болсон нь Андорра юм. Фуагийн гүнлэг 1607 онд Францын хаант улстай нэгдэж, үгүй болсон ч Андоррагийн хоёр ханхүүгийнх нь нэг нь Францын төрийн тэргүүн, нөгөө нь Ургеллийн ширээт лам болдог ёс одоо ч хэвээрээ байна. Тиймээс Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн давхар Андоррагийн ханхүү болдог гэсэн үг юм. Энэхүү засаглалын содон хэлбэр нь Андоррагийн тусгаар тогтнолыг хамгаалж иржээ. Тус улс дэлхийн зургаа дахь жижигхэн улс хэдий ч Арагоны хаант улc болон Наполеоны эзэнт гүрэнд хэсэг зуур эзлэгдсэнийг эс тооцвол бусдын эрхэнд оролгүй өдий хүрсэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.