Арав.мн

Мари Антуанеттийг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай 10 баримт

Мари Антуанеттийг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай 10 баримт

1789 оны Францын хувьсгалтай нэр холбогдсон хүмүүсээс магадгүй хамгийн алдартай нь хувьсгалчдын гарт цаазлагдсан Мари Антуанетт биз ээ. Бүр зөвхөн түүнээс болж Францад хувьсгал дэгдсэн гэж туйлширдаг хүмүүс ч бий. Гэвч түүний үүх түүх тун ээдрээтэйн дээр орчин цагийн хэлээр бол сөрөг PR-аар дүүрэн юм. 


10

Эрх мэдэлтэй томчуудын "шатрын хүү" байв

Францын ирээдүйн хатан хаан 1755 онд Австри тэргүүтэй есөн орны хатан хаан, Хабсбургийнхны түүхэн дэх цорын ганц эмэгтэй удирдагч болох Мария Тереза болон түүний нөхөр Ариун Ромын эзэн хаан I Францисийн 15 дахь хүүхэд болон мэндэлжээ. Австрийн гүнгийн их ахайтан цол хэргэмтэй өсөж торнисон Мари Антуанеттийн жинхэнэ нэр нь герман дуудлагаар Мария Антония юм. Хэрэв тэр хэдэн жилийн өмнө юм уу, хойно мэндэлсэн бол хатан хааны отгон охины хувиар зэрэг зиндаа доогуур, улс төрийн эрх мэдэлгүй жижигхэн ханлигийн ханхүүтэй гэрлэж амар тайван аж төрөх байлаа. Гэвч түүнийг өсвөр насанд хүрэх үед Долоон жилийн дайны дараах нөхцөл байдал хурцдаж Франц, Австрийн харилцаа урьдынхаасаа илүү муудаад байсан тул хаан аав, хатан ээж нь Францын эзэн хаан XV Луитай яриа хэлэлцээ хийсний дүнд 13-хан настайд нь Францын угсаа залгамжлагчтай сүй тавиулжээ. Мария Антония 1770 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу 14 настайдаа ирээдүйн XVI Луитэй гэрлэж, Мари Антуанетт гэх франц нэртэй болсон байна. Харин хунтайж нөхөр нь тэр үед дөнгөж 15-тай байлаа. 


09

Франц улс түүнийг ирэхээс ч өмнө гүн хямралд нэрвэгдээд байлаа

Мари Антуанеттийг Францад ирэх үед улс орны нөхцөл байдал хүндрээд хэдэн арван жилийн нүүр үзээд байлаа. Залуу бэрийн нөхрийнх нь өвөө буюу XV Луи хаан таван настайгаасаа хойш хаан суусан ч төр засах эрдэм ухаанд маруухан, хувийн жаргалаа хөөж, эмс хүүхнүүдээр хүрээлүүлсэн ухвар мөчид төрийн тэргүүн байв. Харин үүнийг нь ашиглаж, өөрсдөдөө эрх мэдэл, хөрөнгө мөнгө олж авах гэсэн түшмэд нь зайлшгүй хэрэгтэй байсан санхүү, эдийн засгийн шинэчлэлийг хийлгүй он удсанаар тэгш бус байдал хаа сайгүй газар авчээ. Нэрмээд тариачдыг төрөөс огт дэмждэггүй байсан нь хөдөө аж ахуйн салбарыг нь сүйрүүлж, Франц орныг цаг уурын өөрчлөлтөд тун мэдрэг болгож орхисон байна. Улмаар ургацын гарц муудаж, хүнсний үнэ тэнгэрт хадан, хүн амын огцом өсөлт, татаас гувчуурын нэмэгдэл, язгуур сурвалжтануудын хэмжээгүй эрх ямба, хэд хэдэн дайны өр төлбөр зэрэгтэй нийлээд хувьсгалт тэмцэл дэгдэхийн үндэс суурийг хэдийнээ бүрдүүлчхээд байлаа. 


08

Гадаадынхныг үзэн ядах үзлийн хохирогч болсон нь

Мари Антуанеттийн ээж Австрийн хатан хаан Мария Тереза

300 гаруй жил гол дайснаа гэж үзэж ирсэн улс орноос нь шинэ хатан залсан явдал бүх францчуудын сэтгэлд нийцээгүй нь мэдээж. Эгэл жирийн иргэд хэдийгээр залуу ахайтныг нас бага, гоо үзэсгэлэнтэй хэмээн сонжиж, анхандаа тун нөхөрсөг хүлээж авсан ч Мари Антуанетт олонх францчуудын хувьд улс орных нь шившигтэйгээр ялагдсан явдлын сануулга, эртний өшөөт дайсных нь элч төлөөлөгч шиг үзэгдэх болжээ. Тиймдээ ч улс орны байдал улам дордох тоолонд олон нийт гаднын гүнжийг буруутгаж, Мари Антуанеттийг "австри өлөгчин", "гаднын туршуул" гэх зэргээр дайрч давшилж байв. Хожмоо эдийн засгийн хямралд түүнийг буруутгаж, Madame Déficit буюу Хатагтай Алдагдал гэж хүртэл нэрийдэж байлаа. Гэтэл залуу хатныг санхүүгийн хямрал даамжрах үед орд өргөөндөө хэмнэлт хийж байсныг хэн ч ойшоогоогүй байдаг. Мари Антуанеттийг мөн эрд гарснаасаа хойш олон жил үр хүүхэд төрүүлээгүйг францчууд ямар нэг ёс бус, ад зэтгэрийн явдал мэт үзжээ. Тэднийхээр "австри өлөгчин" хэнээс ч хамаагүй хүүхэд олж, улс орных нь хаан ширээг булааж ч мэдэх аюултай байв. Энэ мэт хандлагыг нь өдгөө түүхчид гадаадынхныг үзэн ядах үзэл, эмэгтэй хүнийг дорд үзэх үзлийн илрэл байсан гэж үздэг.


07

Дэндүү залуудаа хатан хаан болсон

1774 онд XV Луи хаан цэцэг өвчнөөр таалал төгсөж, хааны ач хүү буюу Мари Антуанеттийн нөхөр XVI Луи нэрээр хааны ширээ залгамжиллаа. Залуу хаан 19-тэй, харин Мари Антуанетт дөнгөж 18-тай байв. Улс орны санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан тул титэм залах ёслолыг урьдынхаас илүү хэмнэлттэй хийж, шинэхэн хааныг ганцааранг нь титэмлэжээ. Ингэсэн нь мөн Мари Антуанетт хараахан угсаа залгамжлагч төрүүлээгүй байсантай холбоотой. Хэмжээгүй эрхт хаант засаглалт орныг хэтэрхий залуудаа удирдахаар болсон хаан, хатан хоёр титэмлэх ёслолын үеэр "Бурхан минь, засаг барихад бид дэндүү залуу байна. Биднийг ивээж хайрла" гэж хэлсэн гэдэг. Залуу хос үнэхээр ч туршлагагүй, бэлтгэлгүй байсны дээр зөвлөхүүддээ, тэр дундаа Морепа, Вержен хэмээх хоёр сайддаа хэт итгэж найдсан нь; засаглалынхаа эхний арваад жилд учраа ололгүй, ард түмнээсээ хол хөндий байсан нь залуу хосын нэр хүндийг ихэд сэвтээжээ. Жишээ нь, XVI Луи хаан болсноосоо ердөө хоёр долоо хоногийн дараа эхнэртээ Трианон хэмээх бяцхан шилтгээн бэлэглэсэн нь өмнөх хааны нууц амраг Помпадур ахайтанд зориулан барьсан өргөө байв. Мари Антуанетт тэр өргөөндөө бусдаас тусгаарлагдан, баян тансаг аж төрж, хатан хаан болсон эхний хэдэн жилээ төр засгийн ажилд огт оролцолгүй наргиж цэнгэн өнгөрөөжээ. Энэ мэт үйлдэл нь ихэс дээдсийн гэр бүлийг хэт үрэлгэн, ард иргэдээ огт боддоггүй, харгис хэрцгий болгон харагдуулж байлаа. 


06

Хааны хатны хувиар тийм ч эрх мэдэлтэй байгаагүй

Мари Антуанеттийг хаан нөхөртөө хэт нөлөөтэй хэмээн үзэж, засаг төрийн аль л болж бүтэхгүй бодлогод түүнийг буруутгах нь цаг явах тусам улам нэмэгджээ. Гэвч төрийн өдөр тутмын ажил хэрэгт хатан хаан ямар ч оролцоогүй байсны дээр тухайн цагийн энгийн иргэдийн бодож төсөөлж байсан шиг албан ёсоор эрх мэдэлтэй байсангүй. Мөн францчууд хэзээнээсээ эмэгтэй хүнийг төрийн толгойд ойртуулдаггүй байсан тул австри хатан л ирээд хамаг бүгдийг сүйрүүллээ гэсэн "өгүүлэмж" хүн бүрийн хардлага сэрдлэгтэй яв цав нийцэж байв. Гэтэл Мари Антуанетт өмнөх хааны үеийн Гадаад хэргийн сайд Эгильоны гүн болон Сангийн хоёр сайдыг албан тушаалаас нь буулгахад гар бие оролцсон, мөн хувьсгалын өмнөхөн Төрийн ассамблей болон хаан нөхрийнхөө хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэж хичээснээс өөрөөр улс төрд хошуу дүрээгүй гэж хожмын түүхчид үздэг.


05

Энгийн иргэдийн төсөөлж байсан шиг улсын санг хоослоогүй

"Мари Антуанетт байгаагүй бол Францад хувьсгал дэгдэхгүй байх байсан" гэж Томас Жефферсон бичсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр Мари Антуанетт Версалийн баян чинээлэг орчинд дасан зохицсон болохоос түүнийг бий болгоогүй, түүнийг хатан хаан болох үед Францын төрийн сан хөмрөг хэдийнээ хоосроод байлаа. Үүнд олон шалтгаан байв: Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайныг францчууд санхүүжүүлсэн, олон удаагийн дайн самууны зардал нь их хэмжээний өр төлбөр үүсгэсэн, ганц хааны гэр бүл гэлтгүй сурвалжит язгууртнуудын зардал чирэгдэл хэрээс хэтэрсэн, сүм хийдийнхэн мөн хэт үрэлгэн байсан зэргийг энд онцолж болох юм. XVI Луигийн төрсөн дүү л гэхэд жилд 365 шинэ гутал хийлгэж, өдөр бүр шинэ гутал өмсдөг байсан гэх баримт ч бий. Харин хуучин гутлаа хаяхгүй байхыг зарц нартаа даалгаж, эрд гаралгүй хүүхэд төрүүлсэн залуу ээж нарт зориулан Версаль дотор сувилал нээж, гурван өнчин хүүхэд өргөж авсан гэх мэтээр олон сайн үйл дуугүйхэн хийж байсан Мари Антуанетт ердөө золигт гаргах хялбархан дүр байсан нь өдгөө тодорхой байдаг. 1784-85 онд дэгдсэн Очир эрдэнийн зүүлтний хэрэг үүнийг гэрчилнэ. Өмнөх хааны нууц амрагтаа зориулан хийлгэсэн дээд зэргийн тансаг хийцийн үнэт зүүлтийг Мари Антуанеттад худалдах нэрээр түүний нэрийг барьж, хатан хааны нэртэй хэд хэдэн хуурамч захидал үйлдсэн Жанна Ламотт гэх залилагч эмэгтэйн хэрэг олон сар үргэлжилсэн дуулиан шуугиан дэгдээжээ. Эцэст нь хэргийн буруутан ил болж, хатан хаан юу ч мэдээгүй, ямар ч оролцоогүй нь батлагдсан ч Францын ард түмний дунд зөвхөн Мари Антуанетт л ёроолгүй шуналтай, хөөрхий Жанна-г гар хөл болгосон гэмт хэрэгтний дүртэй болж хоцорсон байна. Хов жив, цуу яриагаар дүүрэн уг явдал хувьсгал дэгдэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн гол дуулианы нэг болжээ.


04

Нөхрийнхөө харалган шийдвэрүүдийн золиос болсон

Улс орны байдал хэдий хүнд байсан ч хаан нөхөр нь шийдэмгий бус, угийн сул дорой байсан нь эцэстээ Мари Антуанеттийн хувь заяаг шийдсэн юм. Бүгдийг эзэн хаан шийдэж ирсэн хэт тэнцвэргүй тогтолцоо нь Францын хаант засгийг эрт, орой нэгэн цагт эцэс болгох нь тодорхой байсан ч XVI Луигийн доод болон дундаж давхаргынхантай харилцаа холбоо тогтоож чадаагүй нь, өөрийгөө хэмжээгүй эрхт хаант төрийн гол дүр болсноо мэдэвч юу ч хийлгүй ард түмнээсээ үргэлж хол хөндий байсан нь, эдийн засгийн бодлогыг шинэчлэх ёстойг ойлгож байсан ч зөвлөхүүдийнхээ үгэнд орж баячуудаас татвар авалгүй хойш суусан нь, уламжлалт тогтолцоог хэт улайран хамгаалсан нь байдлыг улам дордуулжээ. XVI Луи сайд, түшмэдтэйгээ ч таарамжгүй байсан агаад төрийн чухал уулзалтан дээр дугхийж, бүр хурхирдаг байсан гэх яриа бий.


03

Хаан нөхөртөө болон Франц оронд үнэнч гэдэгт нь олон нийт итгээгүй

Амьдралынхаа гуравны хоёрыг Францад өнгөрүүлж, хааны угсаа залгамжлах дөрвөн ч хүүхдийг төрүүлсэн ч Мари Антуанетт насан туршаа "гадаад хатан" хэвээр үлдсэн юм. Австрийн шинэ эзэн хаан болсон төрсөн ахаасаа Францын дотоод хэрэгт оролцохгүй байхыг хүсэж байсан удаа ч түүнд бий. Ардын бослого тэмцэл газар авч, хувьсгал дэгдэх нь тодорхой болох үед зөвлөхүүд нь хатан хааныг хүүхдүүдээ аван цаг алдалгүй зугтахыг зөвлөсөн ч Мари Антуанетт хаан нөхрийнхөө хажууд эцсээ хүртэл үлдэхээр шийджээ. Харин босогчид Версаль руу дайрснаас хоёр жилийн дараа буюу 1791 оны зургадугаар сард гэр бүлээрээ зугтахыг оролдсон нь бүтэлгүйтэж хувьсгалчдад баригдсан байна. Энэ нь түүний "урвагч" болохыг бүрэн дүүрэн баталсны дээр дараа жил нь буюу 1792 онд есдүгээр сард хаант засгийг албан ёсоор халахад гол түлхэц болжээ. Мөн онд Анхдугаар холбоотны хүчний дайн гэгч дэгдэж, шинэхэн байгуулагдсан Францын анхдугаар бүгд найрамдах улс их хэмжээний хохирол амсахад ч францчууд Мари Антуанеттийг буруутгасан байдаг. Энэ бүхэн дээр дурдсан улс орны хүнд хэцүү нөхцөл байдал, гадаадынханд үл итгэх үзлээс гадна бараг 20 гаруй жил тасралтгүй хэвлэгдсэн Мари Антуанеттийн эсрэг элдэв памфлет, доромж утгатай зураг хөргөөс болсон гэж түүхчид үздэг. Францын хэдэн арван жил үргэлжилсэн зах замбараагүй байдалд бэлээхэн буруутан үргэлж байсан нь Мари Антуанетт байлаа. Түүнийг ерөөс жирийн эмэгтэй биш, хормойн донтой ад чөтгөр гэж үзэж байсныг тухайн цагийн элдэв ёс бус, эротик аястай олон доромж зургаас харж болно. 


02

"Талхгүй бол бялуугаа л идэхгүй юү" гэж огт хэлээгүй

"Бялуугаа идэг" гэх энэхүү "алдарт" үг францаар "Qu'ils mangent de la brioche!" буюу яг ч бялууг заагаагүй brioche хэмээх өндөг, цөцгийтэй нэгэн төрлийн амтат талхыг хэлсэн үг юм. Brioche-г олон хэлэнд бялуу гэж эндүү ташаа ойлгодогтой адил хэлсэн эзнийг нь одоо ч олон хүн андууран боддог. Мари Антуанеттийг байж болох бүх л хэлбэрээр харлуулах гэхдээ хувьсгал дэгдсэнээс бүтэн 100 гаруй жилийн дараа эл үгийг түүний амнаас унасан болгож дэлгэрүүлсэн нь ихээхэн амжилт олж, анхдагч зорилгоо биелүүлжээ. Гэтэл "Тариачид зүсэм ч талхгүй байна" гэсэн үгийн хариуд "Тэгвэл бриошио идэхгүй юү" гэж нэгэн гүнж уурсан хэлсэн тухай анх Жан-Жак Руссо "Наманчлал" хэмээх намтарчилсан зохиолынхоо зургадугаар дэвтэрт 1765 онд бичиж, тэр нь 1782 онд анх хэвлэгдсэн байна. Руссо мөнөөх гүнжийг хэн байсныг огт хэлээгүй бөгөөд энэ үгийг өөрөө зохиосон ч байх магадлалтай юм. Харин энэ үгийг Руссо бичиглэж байхад Мари Антуанетт Францад хөл тавиагүй есхөн настай охин байлаа. "Талхгүй бол бялуугаа л идэхгүй юү" гэх үгийг сүр дуулиантай цаазлуулсан Францын хатан хааны аманд анх "наасан" хүнийг сэтгүүлч Жан-Батист Альфонс Карр болов уу гэж түүхчид таамагладаг аж.


01

Шүүх хурал дээр хүүгээр нь хүчээр мэдүүлэг өгүүлсэн

Мари Антуанеттийг зохион байгуулалттайгаар харлуулах, улс үндэстний тэргүүн зэргийн дайсан болгох хамгийн аймшигтай явуулга түүнийг шүүн таслах хурлаар явагдсан байдаг. Хаан нөхрийг нь 1793 оны нэгдүгээр сарын 21-нд цаазласныхаа дараа хувьсгалчид хуучин хатан хаанаа хүүхдүүдийнх нь хамт хорьж, нэгэн цагт балчир хүү нь хаан ширээ булаах вий гэхдээ ханхүүг хоол ундгүй байлган, зодож занчжээ. Түүгээр үл барам наймхан настай хүүгээр нь төрсөн эх нь өөрийг нь хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, хаан эцгийнх нь эмэгтэй дүүгийн хамт хүчиндсэн гэсэн санаанд багтамгүй мэдүүлэг хүчээр өгүүлсэн байдаг. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаар Мари Антуанетт хүүхдүүдийнхээ амийг гуйж, оронд нь өөрийг нь хороогоод өг гэж хүссэн ч дээрх аймшигт гүтгэлгийн дараа үг дуугүй болсон гэдэг. Түүнийг 1793 оны аравдугаар сарын 16-ны өглөө хувьсгалчдын шүүх улсын сан хөмрөг хоосолсон, гадаадын болон дотоодын хүчнийхэнтэй хуйвалдаж эх орноосоо урвасан, дайсны тагнуулын албанд хүчин зүтгэсэн гэсэн гурван зүйл ангиар гэм буруутайд тооцон цаазаар авахаар яллажээ. Ялыг мөн өдөр гүйцэтгэсэн агаад хар даашинз өмсөх гэхэд нь зориуд бэлэвсэрлийн цагаан даашинз өмсгөж, задгай модон тэргэн дээр суулгаж цаазын тавцанд аваачсан байна. Харин хаант засаг нуран унаагүй бол XVII Луи нэрээр хаан болох байсан Луи Шарль хүү нь 10-хан настайдаа 1795 онд гянданд амьсгал хураажээ. 37 насандаа цаазлагдсан Мари Антуанеттийн дөрвөн хүүхдээс ганц ууган охин Мари Терез нь л хувьсгалын ард гарч, 72 насалсан бaйдаг. Насан туршаа сэтгэлийн айдас, шаналалтай амьдарсан Мари Терез хэдий үеэлтэйгээ гэрлэсэн ч үр хүүхэд төрүүлэлгүй Чех, Британиар дүрвэж явсаар насыг баржээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start