Арав.мн

Нас барсныхаа дараа алдаршсан 10 сод хүн

Нас барсныхаа дараа алдаршсан 10 сод хүн

Гоц авьяас билигтэй, хосгүй хувь тавилантай хүнд амьд ахуйнх нь болон амьсгал хураасных нь дараах гэсэн хоёр амьдрал байдаг гэх үг бий. Харин зарим онцгой содон хүн үхлийн дараах суу алдар нь ямархуу хэмжээнд хүрэхийг төсөөлж ч зүрхлэлгүй насан эцэслэдэг. Тийм сод хүмүүсээс нас барсныхаа дараа алдаршин танигдаж, алдар нэр нь үеийн үед дуурсагдахаар болсон 10 алдартныг онцолж байна.


10

Вивиан Майэр (1926-2009)

2009 оны дөрөвдүгээр сард 83 насандаа нас барсан энэ америк эмэгтэй насан туршаа 150 мянга гаруй гэрэл зураг авсан ч хэнд ч танигдалгүй байсаар өөд болжээ. Чикаго, Нью-Иорк, Лос-Анжелесийн гудамж талбайд голдуу авсан мянга мянган гэрэл зургийн хальснуудынх нь дийлэнх нь бүр угаагдаагүй байсныг Чикагод амьдардаг хуучны гэрэл зураг цуглуулагч Жон Малуф гэх хүн анх 2007 онд олж илрүүлсэн байна. 40 жил хүүхэд асрагчаар ажиллаж, насаараа ганц бие амьдарсан Вивиан Майэр насныхаа эцэст түрээсийн мөнгөө ч төлж чадахааргүй зутруухан аж төрж байжээ. Тиймдээ ч арга буюу хуучны хальс, дүрс бичлэгүүдээ худалдсаныг нь Малуф нарын гурван хүн авч, дундаас нь урлагийн хосгүй бүтээл болох Майэрийн зургуудыг олсон аж. Харин  Малуф 2009 оны аравдугаар сард Майэрийн зургуудыг байршуулсан өөрийн блогийг Flickr сайттай холбосноор хэдэн мянган хүн Вивиан Майэр гэх гайхамшигтай гэрэл зурагчин амьдарч байсныг олж мэдсэн байна. Майэрийг өдгөө бүх цаг үеийн хамгийн онцгой авьяаслаг гэрэл зурагчны нэг байсан гэж үздэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд үзэсгэлэн нь дэлгэгдэж амьдрал, уран бүтээлийнх нь тухай өгүүлэх "Вивиан Майэрийн эрэлд" гэх баримтат кино 2013 онд бүтээгдсэн нь Оскарын Шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшжээ.


09

Жефф Бакли (1966-1997)

28-хан насандаа мансууруулах бодис хэтрүүлэн амиа алдсан дуучин, хөгжимчин эцэг Тим Баклигийнхаа адил цэл залуугаараа, 30-хан насандаа Миссиссиппи мөрөнд эндсэн Жефф Бакли өдгөө цор ганц цомог "Grace"-ээрээ хөгжмийн түүхэнд мөнхрөн үлджээ. Гэвч Бакли амьд ахуйдаа Лос-Анжелес, Нью-Иоркийн хэдхэн дүүрэгт, зөвхөн хөгжмийн хүрээнийхэнд танигдсанаас бусдаар нэр алдар олж чадаагүй юм. 1994 онд гарсан "Grace" цомгоо сурталчлахаар Америк, Европ, Япон, Австралиар аялан тоглосон нь ч мөн төдий л амжилт олсонгүй, мэргэжлийнхнээс олон магтаалын үг сонссон ч цомгийн борлуулалт нь ч гавихгүй байлаа. Бакли хоёр жилийн дараа, 1996 онд ахин нэг цомог бүтээхээр Теннеси мужийн Мемфис хот руу нүүжээ. Харин шинэ цомгийн ажлаа дөнгөж эхлүүлээд байхдаа 1997 оны тавдугаар сарын 29-ний үдэш бичлэгт хамт орох хөгжимчдөө хүлээх зуураа Мемфис хотын дундуур урсдаг Миссиссиппи мөрний нэгэн салаа Чонон голын боомт гэх газарт сэлж байгаад амиа алдсан байна. Түүнийг амиа хорлосон, эсвэл мансуурсан байсан гэх яриа дараа нь гарсан ч үхлийн шалтгааныг нь албан ёсоор золгүй осол гэж үздэг. Баклигийн бүтээл туурвил нас барсных нь дараа бараг дэлхий даяар түгж, цор ганц цомог нь Бүх цаг үеийн шилдэг 500 цомог жагсаалтын 147-д бичигдэн, анх гарснаасаа 10 гаруй жилийн дараа олон улсын чаартад багтсан бол Бакли өөрөө Бүх цаг үеийн хамгийн агуу дуучид гэх олон арван жагсаалтад мөн удаа дараа бичигджээ. Леонард Коэний "Hallelujah" дууны ковер нь л гэхэд нас барснаас нь 10 жилийн дараа 2007 онд сингл болон гарснаасаа хойш бүх цаг үеийн хамгийн агуу, сод бүтээлийн нэг гэгдсээр байна. 


08

Грегор Мендель (1822-1884)

Хуучнаар Австрийн эзэнт гүрний хойд хязгаар, одоогийнхоор Чех улсын нутагт герман хэлт гэр бүлд мэндэлсэн энэхүү эгэл жирийн хувраг Гэгээн Августын ном сургаалыг дагасан гэлэн, Брно хотын Гэгээн Томасын хийдийн хамба ламаас гадна биологич, цаг уурч, математикч хүн байлаа. Тэрээр 1856-1863 оны хооронд сүмийнхээ арын цэцэрлэгт олон зүйлийн вандуйгаар туршилт хийж, генетик буюу гарвал зүйн ухааны олон суурь онолыг боловсруулжээ. Газар газрын малчид, тариачид амьтан, ургамлыг төрөл зүйлээр нь ялгахын хажуугаар хооронд нь үржилд оруулж,  эрлийзжүүлэх нь олон давуу талтайг хэдэн мянганы туршид мэдэж байсан ч цаад учир шалтгааныг нь нарийн тайлж чаддаггүй байв. Харин Мендель судалгааны ажлаараа хээлтэгч, хээлтүүлэгч хоёрын аль нэгийнх нь шинж чанар эрлийзэжсэн зүйлдээ давамгайлдаг, нэг үгээр удамшлын сул дорой болон илүү хүчтэй нэгж гэж байдгийг нээгээд зогсохгүй тэрхүү нэгжийн бүтцийг математикийн аргачлалаар тооцох томъёо гаргасан байна. Тэрхүү бүтцийг өнөө бид ген хэмээн нэрийддэг билээ. 1866 онд анх хэвлэгдсэн судалгааны ажил нь гэвч 40 гаруй жилийн дараа буюу Менделийг сүм хийддээ ажин түжин суусаар 61 насандаа өөд болсноос бүтэн 16 жилийн дараа, 1900 онд л анх шинжлэх ухааны хүрээнийхэнд танигдаж, бүрэн дүүрэн үнэлэгджээ. Өдгөө түүнийг орчин цагийн гарвал зүйн ухааны эцэг гэж үздэг бөгөөд биологийн удамшил буюу удам зүйн үндсэн ойлголтуудыг Менделийн хууль гэж нэрлэдэг байна. 


07

Жейн Остин (1775-1817)

Английн Хемпшир нутгийн хөдөө буйдад насаараа амьдарсан энэ эмэгтэй 41 наслахдаа англи хэлт уран зохиолын түүхэн дэх хамгийн хурц ухаантай, хамгийн баялаг өрнөлтэй, хамгийн романтикийн тоонд орох зургаан роман бичиж үлдээсэн юм. Эдүгээ түүнийг 18 дугаар зууны сүүл хагасын уянгын халилаар дүүрэн роман бичиглэлийн өнгө аясыг 19 дүгээр зууны эхэн үеийн реалист, нийгмийн сэдэвт хэлбэр лүү шилжихэд голлох үүрэг гүйцэтгэсэн зохиолчдын нэг гэж үздэг. Нас барахаас нь хэдхэн жилийн өмнө эхний дөрвөн роман болох "Мэдэхүй ба мэдрэхүй", "Ихэрхэл, эндүүрэл", "Мэнсфильд парк", "Эмма" зохиол нь хэвлэгдэж тодорхой хүрээнд танигдсан ч бүгд зохиогчийн нэргүй байсан тул Жейн Остин гэх нэрийг анхны уншигчид нь мэдэлгүй өнгөрчээ. Эмэгтэй хүн зохиол бичиж аж төрнө гэдэг 18 дугаар зууны Англид бараг л шившигтэй явдал байсан тул жинхэнэ зохиогчийнх нь нэрийг тийнхүү нууцалсан аж. Зохиол бүтээлээ амжилт олно гэж санаагүй, зөвхөн хэвлүүлэхийг л хүсэж байсан тул Остин дөрвөн романаасаа хэдхэн зуун паундын л ашиг олжээ. Нас барсных нь дараа уншигчдын гарт хүрсэн "Нортангер эбби", "Ятгалга" гэх сүүлийн хоёр роман нь ч мөн өөрийнх нь нэргүй хэвлэгдсэн байна. Харин 1833 онд Ричард Бентли гэх хэвлэн нийтлэгч бүх зургаан романыг нь нэр устай нь цувралаар хэвлэж эхэлснээс хойш Жейн Остиний нэр хүнд тасралтгүй өссөөр байна. Өдгөө Остин ном бүтээл нь хамгийн олон сая хувь зарагдсан, хамгийн их танигдсан, номууд нь олон хэлээр орчуулагдан байнга хэвлэгддэг зохиолчдын нэг болжээ. Ялангуяа 1990-ээд оноос хойш Остиний зохиолуудаар хийсэн хэдэн арван дэлгэцийн бүтээл төрөн гарсан нь шинэ мянганы залуусыг хүртэл байлдан дагуулсаар байна. 


06

Анна Франк (1929-1945)

Анна Франк охин Германы Франкфурт хотод еврей гэр бүлд төрж, өсчээ. Түүний гэр бүл Гитлерийг Германы засгийн эрхэнд гарснаас жилийн дараа буюу 1934 онд Нидерланд руу дүрвэж, Амстердам хотод амьдрах болсон ч нацистууд 1940 онд Нидерландыг эзэлсэн билээ. Эзэлсэн газар орон болгоныхоо еврей иргэдийг германчууд хяхаж хавчин, баривчлан тууж, эцэстээ хорих лагерь луу ачих болсноос Франкийн гэр бүл 1942 оны долдугаар сараас нууц байранд нуугдан амьдарчээ. Гэвч 1944 оны наймдугаар сард бүгд баригдан Анна охин ээж, эгчийн хамт Берген-Белсен рүү; харин аав Отто Франк нь Аушвицийн хорих лагерь луу ачигдсан байна. Харамсалтай нь, Анна охин дайн дуусахаас хоёрхон сарын өмнө, 15-хан насандаа гэдэсний хижиг өвчнөөр хорих лагерьт нас нөгчсөн бол ээж, эгч хоёр нь ч мөн хэд хоногийн зайтай амьсгал хураажээ. Харин гэр бүлийнхнээсээ ганцаархнаа амьд үлдсэн аав нь 1947 онд бага охиныхоо өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлүүлснээр Анна Франкийн өөр нэгэн амьдрал эхэлсэн түүхтэй. "Анна Франкийн өдрийн тэмдэглэл" ном өдгөө бүх цаг үеийн хамгийн олон хувь зарагдсан, хамгийн алдартай баримтат зохиол болж, нийт 70 гаруй хэлээр орчуулагдаад байна. Нацистуудын гарт амь эрсэдсэн зургаан сая гаруй еврейчүүдийн дуу хоолой болсон Анна Франкийг олон арван жагсаалтад 20 дугаар зууны 100 сод хүний нэгээр нэрлэсний дотор 1999 онд "Time" сэтгүүлээс гаргасан "Зууны 100 чухал хүн" жагсаалтын "Баатрууд ба шүтээнүүд" хэсэгт түүнийг багтаасан байдаг. 


05

Франц Кафка (1883-1924)

Одоогийн Чех улсын нийслэл Праг хотод герман хэлт гэр бүлд төрж, өссөн Франц Кафка бичиж туурвисан бүхнийхээ бараг 90 хувийг өөртөө итгэлгүйгээсээ болж өөрийн гараар шатаасан ч үлдсэн хэдхэн зохиолоороо 20 дугаар зууны уран зохиолд тод мөрөө үлдээж, модернист урсгалын суурийг тавилцсан юм.  Гэвч Кафка өөрийгөө ийм хэмжээнд алдаршина чинээ зүүдлээ ч үгүй биз ээ. Тэрээр амьд ахуйдаа хэдхэн өгүүллэг, туужаа уран зохиолын сэтгүүлүүдэд хэсэгчлэн хэвлүүлсэн ч уншигч, шүүмжлэгчдийн анхаарлыг огт татаагүй байна. Кафка 1923 онд зөвхөн зохиол бичиж амьдрахаар Берлин хот руу нүүсэн ч ердөө дараа жил нь 40 насандаа сүрьеэ өвчнөөр өөд болжээ. Кафка нас барахаасаа өмнөхөн үлдсэн бүх гар бичмэлийг нь шатааж, үгүй хийхийг дотнын найз Макс Бродоосоо хүссэн гэдэг. Харин Брод найзынхаа эцсийн хүсэлтийг биелүүлэлгүй, жилийн дараа буюу 1925 онд "Шүүх ажиллагаа" романыг нь хэвлүүлснээр Кафка гэх нэр уран зохиолын ертөнцөд дуурссан түүхтэй. Кафкагийн бичлэгийн хэв маяг; этгээд сонин, бараг л хар дарсан зүүд шиг айдас түгшүүртэй атлаа цочир үнэн өгүүлэмж нь хожмын хэдэн арван сэхээтэн, философичдод гүн гүнзгий нөлөөлсний дотор Хорхе Луис Борхес, Альбер Камю, Жан-Поль Сартр, Габриель Гарсиа Маркес, Хосе Сарамаго, Харүки Мүраками нарын олон ч зохиолч түүнийг бишрэн шүтдэгээ хэлсэн байдаг. Кафкагийн нөлөөг Данте, Прүст, Жойс нарынхтай адилтган үзэж; түүнийг "уран зохиолын гэгээнтэн" хэмээн нэрийддэг судлаач, шүүмжлэгч ч олон бий. Өдгөө Кафкагийн нэртэй музей, судалгааны төсөл-хөтөлбөр, уран зохиолын нийгэмлэг, бүр солир хүртэл бий болжээ. Олон улсад хамгийн нэр хүндтэй уран зохиолын дээд шагналын нэг болох Франц Кафкагийн нэрэмжит шагналыг Праг хотын захиргаа 2001 оноос хойш жил бүр шилдэг зохиолчдод олгож байна. 


04

Галилео Галилей (1564-1642)

Орчин цагийн одон орон судлал, орчин цагийн физик болон шинжлэх ухааны туршилтын ухааны эцэг төдийгүй ерөөс орчин үеийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Галилео Галилей амьд ахуйдаа зөвхөн эрдмийн хүрээнд болон сүм хийдийнхний дунд л танигдаад байлаа. Католик сүмтэй тэрсэж, тэрс үзэлтэн гэгдсэн ч үзэл бодлоосоо няцан алдаагаа хүлээн зөвшөөрсөн хэмээн цагаадсанаар амьдралынхаа сүүлийн есөн жилийг гэрийн хорионд өнгөрөөсөн түүнийг 77 насандаа нас барсны дараа энэхүү дуулиант хэрэг нь ч аажмаар мартагджээ. Галилейг өөд болсноос 76 жилийн дараа буюу 1718 онд ном бүтээлд нь тавьсан хоригийг Флоренц хотод цуцалсан бол нар төвт үзлийг дэмжсэн аливаа эрдмийн ажлыг сурталчлан таниулахгүй байх ерөнхий хоригийг Ромын католик сүмийнхэн Галилейг нас барснаас бүр 116 жилийн дараа буюу 1758 онд цуцалсан байна. Сод эрдэмтэн байсныг нь; ажиглалт, судалгааны ажлууд нь үнэнхүү гоц бүтээл байсныг нь харин 19 дүгээр зууны эхээр л бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Католик сүмийн тэргүүн буюу пап лам Галилейг тэрс үзэлтэн хэмээн шийтгэсэн нь буруу үйлдэл байсныг бүр 359 жилийн дараа 1992 онд л албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин тэнгэр огторгуй руу дуран авай чиглүүлж, дэлхийн ганц дагуул болон Бархасбадь гарагийг нарийн ажигласан түүхэн дэх анхны хүн болсных нь 400 жилийн тэгш ойг тохиолдуулан НҮБ-аас 2009 оныг Олон улсын одон орон судлалын жил болгон тэмдэглэсэн түүхтэй. 


03

Эмили Дикинсон (1830-1886)

Уолт Уитмэнийг Америкийн яруу найргийн эцэг гэж үзвэл эх нь гарцаагүй Эмили Дикинсон болно гэх үг бий. Амьдралынхаа ихэнх хэсгийг гэрээсээ гаралгүй, зожиг ганцаардмал өнгөрөөсөн энэ эмэгтэй 55 наслахдаа 1800 гаруй шүлэг бичсэн ч ердөө 10-ыг нь л амьд сэрүүндээ хэвлүүлжээ. Түүнийг ийм бүтээл туурвил арвинтай яруу найрагч гэдгийг гэр бүлийнхэн нь ч мэдээгүй бөгөөд охин дүү нь нас барсных нь дараа бичгийн ширээнийх нь шургуулга болон цоожтой жижигхэн авдар дотроос нь хуудас болгон нь ар, өвөргүй бичигтэй 40 тэмдэглэлийн дэвтэр; мөн зай завсаргүй шүлэг бичсэн хэдэн зуун хуудас цаас олсноор Дикинсоны мөнхийн амьдрал эхэлсэн байна. Түүний шүлгийн анхны түүвэр 1890 онд уншигчдын хүртээл болсон бол яруу найргийн бүрэн эмхэтгэл нь 1955 онд хэвлэгджээ. Өдгөө Эмили Дикинсоныг ганц англи хэлтний төдийгүй модернист яруу найргийн түүчээ болсон уран бүтээлчийн нэгд тооцохоос гадна бүх цаг үеийн хамгийн гоц, хэнтэй ч адилгүй, сэтгэлгээний найрагчдын нэг байжээ гэж үздэг. 


02

Иоханн Себастиан Бах (1685-1750)

Энэ жагсаалтад багтсан бусад хүнтэй харьцуулахад Бах амьд ахуйдаа тодорхой хүрээнд танигдаад байсан ч хөгжимчид болон жирийн сонсогчид түүнийг зөвхөн органч буюу бадралт бишгүүрч гэдгээр нь л мэддэг байлаа. 10-хан насандаа бүтэн өнчирч үлдсэн Бах авга ах нарынхаа ачаар хөгжмийн боловсрол эзэмшиж, насан туршаа хөгжимчнөөр ажиллан хэдий баян чинээлэг биш ч зовж зүдэрсэн ихэнх уран бүтээлчтэй харьцуулахад хавьгүй дутагдаж гачигдах юмгүй амьдарчээ. Сүмийн хөгжимчнөөс гадна хөгжмийн багш, бүр хөгжмийн засварчнаар хүртэл ажиллаж байсан Бах ихэс дээдсийн өмнө хүртэл тоглож байсан ч амьддаа жирийн хөгжимчнөөс илүү танигдалгүй явсаар 65 насандаа нүдэндээ хийлгэсэн мэс ажилбарынх нь шарх үгдэрснээс болж амьсгал хураасан байна. Харин хөгжмийн зохиолууд нь Бахыг нас барснаас 80-аад жилийн дараа, 1830-аад оноос л олон түмэнд танигдаж эхэлжээ. Үүнд Английн орган хөгжимчин Самуэл Уэсли, Германы хөгжмийн зохиолч Феликс Мендельсон нар хамгийн их нөлөөлсөн гэдэг. Ялангуяа Мендельсон 1829 онд дан Бахын бүтээлээр тоглолт хийсэн нь ганц Бахын төдийгүй барокко хөгжмийн хожуу үеийн бүтээл туурвилуудыг таниулан алдаршуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн байна. 19 дүгээр зууны сүүлч гэхэд Бахын хэд хэдэн намтар хэвлэгдсэний дээр үр хүүхдүүдэд нь (Бах хоёр эхнэрийн 20 хүүхэдтэй байсан ч 10 нь багадаа энджээ. Үлдсэн 10 хүүхдээс нь дөрвөн хүү нь хөгжимчин болж, гурван охин нь эрд гаралгүй ядуу тарчиг амьдарсан гэдэг) өвлөгдөн үлдсэн, энд тэндээс олдсон бараг бүх бүтээл нь буюу мянгаад зохиол олны хүртээл болоод байлаа. Түүнээс хойш Бахын зохиолууд улам бүр алдаршиж, 20 дугаар зуунд олон зуун бүтээл нь цомог болон түгсэнээр өдгөө түүнийг бүх цаг үеийн хөгжмийн хамгийн агуу зохиолчдын нэгд тооцох болжээ. Хөгжим судлаачид Бах, Бетховен, Брамс гурвыг өрнийн хөгжмийн "Агуу гурван Б" буюу Ариун гурвал хэмээдэг. 


01

Винсент ван Гог (1853-1890)

Өрнө дахины урлагийн түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн нөлөөтэй, олны сэтгэлийг хамгийн ихээр татсан уран бүтээлч гэвэл орчин цагийн олон хүн Нидерландын зураач Винсент Ван Гогийг нэрлэх биз ээ. Гэвч Ван Гог амьд сэрүүндээ ядуу даржин, сэтгэл санааны гүн хямралтай, гуньж ганцаардсан хүнд хэцүү амьдрал үзсэн юм. Хэдий арваадхан жил идэвхтэй зураач байсан ч түүнээс 2100 гаруй бүтээл, түүний дотор 860 орчим тосон зураг үлдэж хоцорчээ. Амьддаа ганц л зураг зарж борлуулсан гэх Ван Гогийн зургууд одоо харин бүх цаг үеийн хамгийн үнэтэй уран зургуудын тоонд багтах болсон нь үнэхээрийн хоржоонтой, хувь тавилангийн даажин юм. Ван Гог сэтгэл гутралаа давж чадаагүйдээ, мөн уран бүтээлчийн ганцаардлаа тэсэж тэвчихээ байсандаа 37 насандаа амиа егүүтгэсэн. Харин нас барсных нь дараа төрсөн дүү Теод нь бүх зураг нь өвлөгдсөн бөгөөд Тео өөрөө ахаасаа зургаан сарын дараа өвчнөөр өөд болжээ. Теогийн бэлэвсэн эхнэр Иоханна Ван Гог Бонгер хадам ахынхаа бүтээл туурвилыг хадгалж хамгаалан, олон нийтэд таниулахад гол үүрэг гүйцэтгэснийг төдий л олон хүн мэддэггүй. Тэрээр хадам ах, талийгаач нөхөр хоёрынхоо дурсгалыг хүндэтгэн Винсентийн анхны хэдэн үзэсгэлэнг өр зээл тавин байж гаргасан бол хоорондоо бичилцсэн захидлуудыг нь 1914 онд гурван дэвтэр болгон хэвлэжээ. Түүнээс хойш уран зохиолын үнэт өв гэгдэх болсон Ван Гогийн захидлууд олон хэлээр тасралтгүй хэвлэгдэн; гайхалтай зургууд нь сая сая хүний сэтгэл, оюуныг тэжээн тэтгэсээр байна. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start