Арав.мн

Дэлхийн гол шашин шүтлэгүүд

Дэлхийн гол шашин шүтлэгүүд

Шашин шүтлэг шиг хүний үүх түүх, нийгэм соёлыг бүтээсэн өөр томоохон хүчин үгүй. Эрдэмтэн судлаачид шашны түүхийг голдуу бичиг үсгийн түүхтэй холбож хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэл гэдэг бичиг үсэг үүссэн үеэс буюу одоогоос 5200 гаруй жилийн тэртээгээс эрт балрын үеэсээ илүү боловсронгуй болж эхэлжээ гэж үздэг. Хүний түүхэн дэх шашны нөлөө, үүрэг оролцоог тоочоод барахгүй. Зөвхөн орчин цагийн түүхийг зэрвэс харахад л Европын колоничлол, дэлхийн их дайн дажнууд, даяарчлал, шинэ үеийн олон улсын эдийн засгийн түүх хүртэл шашин шүтлэгтэй уялдана. 

Өдгөө дэлхий дахинд зонхилж байгаа гол шашин шүтлэгүүд болон дэлхийн сүсэгтнүүдтэй холбогдох тоон баримтуудыг дор онцолж байна. 


10

Хамгийн сүүлийн судалгаа

2021-2022 оны дүн мэдээгээр дараах шашин шүтлэг, итгэл бишрэлийг хамгийн олон хүн сүсэглэн дагаж байна (дэлхийн хүн амд эзлэх хувиар) :

Христийн шашин - 31.2%

Ислам - 24.1%

Шашингүйн үзэл - 16%

Хиндүизм - 15.1%

Буддизм - 6.9%

Ардын, уламжлалт шүтлэг - 5.7%

Бусад болон шинэ шашин - 0.8%

Сикизм - 0.29%

Иудаизм - 0.18%

Гэхдээ эдгээр нь ерөнхий нэршил болохыг анхаарна уу. Жишээ нь Христийн шашны сүсэгтнүүд дотор үнэн алдартан, католик, протестант номтнууд; исламын шашинтнууд дотор сунни болон шийтүүд, мөн ибади зэрэг их, бага салбар урсгалынхан цөм багтсан болно. Шашингүйн үзэлтнүүдийн гэх 16 хувь дотор ч мөн атеизм буюу бурхан огт байхгүй гэх үзэлд итгэгчид, агностик үзэлтнүүд буюу бурхан байвч түүнийг батлах боломжгүй гэж үздэг хүмүүс, нэмээд улс орныхоо соёл уламжлалыг хүндэтгэх үүднээс ямар нэг шашин номын зан үйлд оролцдог ч гүн сүсэг бишрэлгүй гэгдэх хүмүүсийг давхар багтаажээ. 


09

Гол урсгалуудын ялгаа

Загалмайтны шашинтнуудын гол гурван урсгал болох католик, үнэн алдартан, протестант гурав л гэхэд үндсэн хэд хэдэн үзэл баримтлалаараа өөр хоорондоо ялгарна. Үнэн алдартнууд жишээ нь Ромын папыг зөвхөн Ромын ширээт лам гэж үздэг. Өөрөөр бол пап лам тэдний хувьд бусад ширээт ламаас огт ялгаагүй гэсэн үг. Харин протестантууд пап ламыг зөвхөн католик номтнуудын тэргүүн гэж үзэх бол католикууд Ромын папыг бүх загалмайтны шашинтнуудын Дээд удирдагч хэмээн дээдэлнэ. Үнэн алдартнууд болон католик сүмийнхэнд гэрлэлт цуцална гэдэг огт таатай хэрэг биш. Гэтэл протестант номтнууд үүнд харьцангуй нээлттэй ханддаг. Гэхдээ энд зөвхөн тухайн урсгалын сүм хийдийнхний ерөнхий баримтлалыг хэлж байгаа болохоос хувь хүмүүсийн үзэл бодлыг онцлоогүй гэдгийг санаарай. 

Харин исламын гол хоёр урсгал сүсэг бишрэлийн гэхээсээ залгамжлалын асуудлаас болж бие даан хөгжжээ. Шийтүүд болон суннитууд энэ тооллын 632 онд зөнч Мухаммедийг таалал төгсөхөд хууль ёсны залгамжлагч нь хэн байх вэ гэдэг хэргээр анх талцаж хуваагдсан түүхтэй. Өдгөө исламын шашинтнуудын 85-90 хувийг эзлэх суннитууд Мухаммедийн ном сургаалыг хамгийн сайн дагах ойрын шадар шавь Абу Бакр нь түүнийг залгамжлах ёстой гэж шийдсэн бол мусульманчуудын 10-15 хувийг эзлэх болсон шийтүүд Мухаммедтэй зөвхөн цусан холбоотой хүн буюу үеэл дүү Али нь л түүний орыг залгах байсан гэж үздэг. 

Буддизмын тухайд Их хөлгөний болон Бага хөлгөний гэсэн үндсэн хоёр урсгалд хуваагдана. Теравада буюу Бага хөлгөний гэгдэх дэг сургууль нь дээд сургаалтны болон өмнөдийн буддизм, мөн эртний уламжлалт буддизм гэх зэргээр нэрлэгддэг. Теравада буддизм өдгөө Шри Ланк болон Зүүн өмнөд Азид хамгийн олон сүсэгтэнтэй байна. Харин Махаяна буюу Их хөлгөний урсгал нь Теравада буддизмаас арай хожуу хөгжсөн дэг ёс бөгөөд эдүгээ Зүүн Азийн орнуудад түлхүү зонхилдог бол Махаяна буддизмаас V зуунд бие даасан гэгддэг Очирт хөлгөний буюу Тарнийн ном ёсноос Төвөдийн буддизм салаалан хөгжжээ. 


08

Шашин шүтлэгийн газар зүй

Томоохон шашин шүтлэгүүдийг ийнхүү гол урсгалуудаар нь ялгаж салгавал дэлхийн газрын зураг ихээхэн сонирхолтой болно. Исламын шашинт орнуудаас гэхэд Ливан, Бахрейн, Иран, Иракт шийтүүд зонхилж; исламын ибади шашинтнууд зөвхөн Оманд дийлэнх олонх болох нь энэхүү газрын зургаас тодорхой харагдах биз ээ. Харин Европын дийлэнх улс; мөн Испани, Португалын колоничлолын нөлөөгөөр Өмнөд Америкийн ихэнх улс католик шашинтай бол Европт ноёлох загалмайтны шашны удаах урсгал нь протестант юм. Протестант урсгалыг Их Британи, Финланд, Исланд болон Скандинавын бүх улсад голчлон дагадаг. Энэ нь 1517 онд Мартин Лютер хэмээх герман ламын католик сүмийн эрх ямбыг эсэргүүцэн эхлүүлсэн шинэчлэлээс эхтэй бөгөөд түүнийг дагагчдыг протестантууд гэх болжээ. Протестант урсгал нь дотроо мөн лютеранизм, англиканизм, кальвинизм гэхчлэн цааш задарна. Ватиканы эрх мэдлийг хязгаарласан энэхүү түүхэн явдлын ул мөр өдгөө Хойд Америкт мөн тод харагддаг нь тус бүс нутаг Британийн эзэмшил байсантай холбоотой. Хойд Америкийн орнуудаас Канадын зарим хэсэгт католик шашинтнууд одоо ч олонх байдаг нь харин Францын колоничлолын нөлөө юм. Яг ийм католик, протестантын "холимог" гэж болох Европын орнууд бол Герман, Швейцарь, Нидерланд. Харин Орос болон Балканы орнуудад үнэн алдартны урсгал зонхилж байна. Исламын шашинтнууд хүн амынх нь талаас илүү хувийг эзэлдэг Европын хоёрхон улс мөн Балканы хойгт оршдог нь Албани болон Босни ба Херцеговина юм.

Африкийн хойд хагас бүхэлдээ исламын шашинт орнууд болохыг та харж байгаа байх. Харин Сахарын цөлөөс урагш орших улс орны иргэд Европын чухам аль орны колони байснаасаа шалтгаалж католик юм уу, протестант номтон болон өөр хоорондоо холилдон сууцгааж байна. Африкийн зүүн хэсэгтэй залгаа Ойрх Дорнод Израилийг эс тооцвол бүгд исламын шашинт бол Төв Азийн орнууд мөн исламын өнгөөр "ногоорно". 

Харин хамгийн олон "өнгийн", хамгийн олон шашин номын сүсэгтнүүд амьдран суух тив бол мэдээж Ази. Дэлхийн хамгийн том тив бурханд үл итгэгчдээс (Хойд Солонгос, Хятад) эхлээд нутгийн шашин шүтлэг (Хятад, Вьетнам), хиндүизм (Энэтхэг, Балба), буддизм (Зүүн өмнөд Ази, Монгол), исламын шашин (Индонез, Пакистан, Бангладеш), бүр католик шашинтнууд (Филиппин) зонхилох улс орнуудаар "солонгордог". 


07

Үүсэл гарлаар нь ангилбал

Хэдэн арван жижиг, том салбар урсгалтай энэ олон шашин шүтлэгийг хаана үүсэж, хөгжсөнөөр нь үндсэндээ зургаа ангилж болно. 

1. Ойрх Дорнодын буюу Абрахамын/Абрамын шашнууд (Христ итгэл, исламын шашин, иудаизм)

2. Энэтхэгийн шашнууд (Хиндүизм, буддизм, сикизм, жайнизм)

3. Зүүн Азийн шашнууд (Күнзийн сургаал, дао буюу бумбын шашин, Хятадын уламжлалт шүтлэг, Японы шинто, Солонгосын бөөгийн урсгал буюу муизм)

4. Африкийн уламжлалт шашин шүтлэгүүд (Эртний Египетийн шашнаас бусад Африкийн овог, аймгуудын уламжлалт шүтлэг)

5. Онго шүтлэг (Сахарын цөлөөс бусад Африкийн бүс нутгуудаас гаралтай эртний шүтлэг, уугуул америкчууд буюу индианчуудын шүтлэг, Австралийн аборигенчуудын шүтлэг, бөө мөргөл, тэнгэр шүтлэг)

6. Ираны шашнууд (Зороастризм, езидизм, ярсанизм, бахай гэх мэт)


06

Үндсэн хоёр бүлэг

Эдгээрийг итгэл үнэмшлийн онцлог хэв шинжээр нь бүр ч ерөнхийлөн монотеизм, политеизм гэсэн хоёр бүлэгт хувааж болно. 

Монотеизм нь ганц бурхант үзэл бөгөөд грек хэлний моно буюу ганц, теос буюу бурхан гэсэн үгээр нэрлэгджээ. Энэ бүлэгт Абрамын гурван гол шашин болох христ, иуд, исламын шашин; Энэтхэгийн сикийн шашин, хиндүизмын зарим салбар урсгал; тэнгэризм буюу тэнгэр шүтлэг; мөн бахай, растафари зэрэг шинэ цагийн шашин шүтлэгүүд багтдаг. 

Харин олон бурханд сүслэн залбирах үзлийг политеизм гэдэг нь мөн адил грек гаралтай үг. Уг бүлэгт хиндүизм, Махаяна буддизм, таоизм, шинтоизм болон нутаг нутгийн уугуул шашин шүтлэгүүд багтана. Нэгэн цагт эртний соёл иргэншилт ертөнцөд ноёлох хэмжээнд түгэн дэлгэрээд байсан ч өдгөө устаж үгүй болсон эртний Египет, Ром, Умард Европын шашнууд болон Христийн шашны сэргэн мандалтын дараагаас зөвхөн домог, туульс болон үлдсэн эртний Грекийн шашин шүтлэг мөн олон бурхант үзэлд тулгуурласан байв. 


05

Сүсэгтнүүдийн тоо

Энэ олон шашин шүтлэгийг сүслэн дагагчдаас өдгөө загалмайтны шашинтнууд дэлхий дээр хамгийн олуулаа байна. Нийт 2.4 тэрбум хүн Христийн шашинтан бол 1.8 тэрбум хүн исламын, 1.2 тэрбум хүн хиндү шашинтай гэгддэг. Харин буддын шашинтнуудын тоо 500 сая орчим байна. 

Дунд хэмжээний шашин шүтлэгүүдээс хамгийн олон сүсэгтэнтэй нь 173 сая хүн дагадаг бумбын шашин, 100 сая хүн дагадаг шинто бол иудийн шашныг 15 сая хүн, Күнзийн сургаалыг долоон сая, бахай шүтлэгийг таван сая хүн тус тус шүтдэг байна. Бага хэмжээний шашин шүтлэгүүдээс харин сая болон түүнээс дээш сүсэгтэнтэй хамгийн том хоёр нь тус бүр сая гаруй дагагчтай неопаганизм (шинэ үеийн бөө мөргөл) болон анимизм (сүнс шүтэх үзэл) юм. 


04

Хамгийн шүтлэгтэй улсууд

Чинхүү үнэн, хамгийн гүн сүсэг бишрэлтэй хүмүүс аль улсын иргэд байдаг вэ? Хамгийн шүтлэгтэй тивийг Африк гэж үздэг бол Зүүн өмнөд Ази, Өмнөд Америк, өмнөд Европын орнууд түүхийнхээ туршид шашин шүтлэгийг ямагт чухалчилж иржээ. Тухайлбал Өмнөд Америкт Бразил шиг шашин шүтлэгийг онцгойлон дээдэлдэг өөр улс үгүй. Тус улс 175 сая загалмайтны шашинтантай гэдгээрээ зөвхөн АНУ-ын дараа ордог бөгөөд католик шашинтнууд хүн амынх нь 65 хувийг эзэлдэг, дэлхийн хамгийн том католик шашинт орон юм. Бразилчуудын 85 хувь нь итгэл бишрэлээ амьдралынх нь салшгүй нэг хэсэг гэж үздэг гэсэн судалгаа бий. 

Харин Европын өмнөд хэсэгт Итали, Португал, Грекийн иргэд хамгийн сүсэг бишрэлтэй гэгддэг бол Европын төв хэсгээс Польшийн иргэд шашин номыг хамгийн их чухалчилдаг гэсэн судалгаа гарчээ. 

Гэхдээ Ази, Африкийн орнууд шиг шашин шүтлэг нь одоо хүртэл улс төр, нийгэм, ёс заншил, урлаг соёлд нь хүртэл гүн гүнзгий нөлөөлдөг; бүр харилцан хамааралтай улсууд өөр бүс нутагт ховор. Зөвхөн шашны үзэлд суурилан байгуулагдсан Пакистан, цор ганц иудийн шашинтнуудын улс болох Израиль, шашин эс шүтэх нь бүр гэмт хэрэгт тооцогддог Саудын Араб, буддын шашинт цорын ганц хаант улс Бутан бүгд Азийнх бол хамгийн шүтлэгтэй орнуудын жагсаалтыг үргэлж тэргүүлж ирсэн Нигер, Сомали, Мавритан, Марокко зэрэг улсууд Африкийнх билээ. 


03

Төрийн шашин

Гэхдээ аль нэг шашныг төрийн шашин болгосон улс харьцангуй цөөхөн байдаг. Дэлхийн 193 улсаас 83 нь аль нэг шашныг илүүд үздэг бол 43 нь буюу улс орнуудын 20 хувь нь албан ёсоор төрийн шашинтай юм. Энэхүү газрын зурагт төрийн шашинтай болон улс орныхоо бие даасан сүмийн үзлийг засаг төрийнхөө үндсэн баримтлалын нэг болгон Үндсэн хуульдаа тусгасан улс орнуудыг улаанаар тэмдэглэсэн байна. Гэвч ард иргэддээ шашны үзлийг хүчлэн тулгадаг юм уу, шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь хязгаарладаг эсэхээр нь ангилбал эрс тэс, огт өөр дүр зураг гарна. Тухайлбал Дани, Англи, Исланд, Грект тус тусын шашны урсгалыг төрийн шашин болгон өргөмжлөхийн дээр Англид хаан юм уу, хатан хаан нь давхар сүмийн тэргүүн байдаг ч шашны эрх чөлөөг ихэд эрхэмлэдэг тул иргэдийнх нь дийлэнх нь төрийн шашнаа шүтдэггүй юм уу, эсвэл огт шашин шүтдэггүй байх жишээтэй. Гэтэл Саудын Араб, Иран зэрэг оронд төрийн шашин нь ард иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой бөгөөд муслим шүтлэгтэн биш байх нь байж боломгүй зүйл төдийгүй тэрс үзэлд тооцогдоно. 

Албан ёсоор шашны засаглалт ганц тусгаар улс бий нь католик сүмийн удирдлагат Ватикан улс юм. Харин засаглалын хэлбэр нь хэдий шашин, төр хосолсон биш ч Исламын бүгд найрамдах гэх албан ёсны нэршилтэй Иран, Мавритан, Пакистан гэсэн гурван улс байна. Мөн Афганистан улс 2021 онд талибуудын мэдэлд шилжсэнээр Исламын эмирт улс нэртэй болсон бол Гамби, Саудын Арабыг нэрэн дээрээ өөр боловч бодит байдал дээр шашны хэмжээгүй засаглалт улс гэж үздэг судлаачид бий. Хойд Солонгосыг мөн чүчэ гэгдэх төрийн өвөрмөц үзэл баримтлалтай, удирдагчид нь үе залгамжилдаг учир шашин шүтлэгтэй төстэй итгэл үнэмшилд суурилсан хэмжээгүй эрхт хаант засаглалтай гэж үзэх нь түгээмэл болжээ.


02

Шашингүйн үзэл

Харин жилээс жилд тоо нь өсөж байгаа бурханд үл итгэгчид нийт сүсэгтнүүдийн гурав дахь том бүлгийг үүсгэх болсныг дээр дурдсан. Энэ бүлэгт мэдээж хэрэг Хятад улс 200 гаруй сая хүн нь шашин шүтлэггүй гэдгээрээ тэргүүлэх байр эзэлнэ. Гэхдээ хүн амынх нь тоотой харьцуулахад хамгийн шүтлэггүй таван улс бол Швед, Вьетнам, Дани, Норвеги, Япон юм. Сонирхуулахад, манай улсад 2010 онд хийсэн хүн амын тооллогоор нийт хүн амын 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ. 

Шашин шүтлэггүй иргэдийнх нь тоо хамгийн хурдтай өсөж байгаа улс бол зарим судалгаагаар Чех юм. Тус улсын иргэдийн 76 хувь нь өөрсдийгөө сүсэг бишрэлгүй гэдэг бол Эстони улс иргэдийнх нь 60 хувь шашин шүтдэггүй гэсэн үзүүлэлтэйгээр Чехийн араас хамгийн хурдтай "нэхэж" байна. Бурхангүй үзэлтнүүдийн жагсаалтад хоёр Солонгос, Латви, Нидерланд мөн үргэлж дээгүүр бичигдэж иржээ. 


01

Сонирхолтой орнууд

Ихэнх улсад шашин шүтлэгийн талаар асуухыг хориглодог юм уу, хуулиар дэмждэггүй, эсвэл зөвхөн сайн дураар хариулах ёстой гэдэг тул аль ч шашны, аль ч улс орны сүсэгтнүүдийн тоог нарийн гаргах боломжгүй гэж үздэг. Гэхдээ хэзээнээсээ бүс нутагтаа шашин шүтлэгээрээ ялгарч ирсэн сонирхолтой улс орон олон бий. Жишээ нь бараг 400 жил османчуудын нөлөөнд байсан Албани улс нийт хүн амынх нь олонх буюу 60 гаруй хувь исламын шашинтан гэдгээрээ Европтоо үргэлж онцгойрч иржээ. Тус улс мөн коммунист дэглэмтэй байхдаа буюу 1967 онд албан ёсоор дэлхийн анхны "бурханд үл итгэгч орон" болсноо зарлаж, хэдхэн жилийн дотор бүхий л шашны нийт 2200 гаруй сүм хийдийг сүйтгэх юм уу, өөр зориулалтаар ашиглан; хэдэн зуун лам хуврагийг хэлмэгдүүлсэн гашуун түүх бий. 

Өмнөд Америкийн хойд захад оршдог атлаа хиндү шашинтнууд хүн амынх нь бараг дөрөвний нэгийг бүрдүүлдэг Суринам, Гайана хоёр бол өөр нэг жишээ. Энэ нь мэдээж хэрэг Британийн эзэнт гүрний үеэс улбаатай юм. Тус тивд орших өөр нэг сонирхолтой улс нь Уругвай бөгөөд тус улс дэлхийн хамгийн католик, хамгийн сүсэг бишрэл ихтэй бүс нутагт байх атлаа хүн амынх нь 42 хувь нь шашин шүтдэггүй гэсэн судалгаа байдаг. Харин хиндү шашинтнууд хүн амынх нь 50 орчим хувийг бүрдүүлдэг Маврикий католик шашинтнууд зонхилдог Африкийн өмнөд хэсэгт оршдогоороо мөн онцгойрно. 

Хүн амд эзлэх тухайн шашны сүсэгтний хувиар тооцвол хамгийн католик орнуудыг Ватикан (100%), Самоа (100%), Румын (99%); хамгийн муслим орнуудыг Афганистан (100%), Сомали (99%), Иран (99%); хамгийн хиндү орнуудыг Балба (81%), Энэтхэг (79%), Маврикий (48%); хамгийн буддист орнуудыг Камбож (96%), Тайланд (93%), Мьянмар (80%) тэргүүлж байна. Өөр нэгэн сонирхолтой үзүүлэлт дурдахад даяаршлын энэ эрин үед уламжлалт шүтлэгээ хадгалж үлдээд зогсохгүй түүнийг нь сүслэн дагадаг хүмүүс хүн амынх нь дийлэнх хувийг эзлэх цөөхөн улсууд үлдсэн нь Гаити (52%), Гвиней-Биссау (50%), Камерун (45%) зэрэг орон юм. Барууны соёл иргэншилтэйн дээр хөгжингүй орны тоонд орох ч нутгийн шашин шүтлэгээ хамгийн сайн хадгалж үлдсэн улс бол харин Шинэ Зеланд. Тус улсын хүн амын 15 хувь нь буюу голдуу маоричууд уламжлалт онго шүтлэгээ одоог хүртэл хадгалж үлджээ.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start