Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрын
Төрөл: Martes
Зүйл: M.zibellina
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн ой тайгад амьдардаг ховор амьтан болох ойн булгыг танилцуулж байна.
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрын
Төрөл: Martes
Зүйл: M.zibellina
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.
Дэлхийн хэмжээнд: Финланд, ОХУ, БНХАУ, Монгол, Солонгос, Япон.
Бүс нутгийн тархалт: Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Хэд хэдэн салбар зүйл (M.z.sajanensis-Хөвсгөлийн уулсын зүүн хэсгээр, M.z.princeps-Хэнтийн нуруу, Монгол дагуурын хээр, M.z.averini-Монгол Алтайн нуруугаар) тархан байх боломжтой талаар тодорхой таамаглал байгаа ч уг зүйлийн ангилалзүйн судалгаа бага хийгдсэн. Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчидын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцлийг бүрдүүлдэг байна.
Голын хөндийн шинэс, улиас, гацууран төгөл, болон торлогон ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг болно. Хэнтийд булга тархсан нутгийн 1000 га дутамд 9-15 толгой тохиолдож, эзэмшил нутаг 0.3-3.2 км2 байх ажээ.
Голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна. Хоногийн турш идэвхтэй, өдөр шөнийн амьдралтай. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Ойн булга идшиндээ сээр нуруутан (ойн төрөл бүрийн жижиг мэрэгчид, туруутан амьтад), шувуу, сээр нуруугүй амьтад төдийгүй самар, жимс зэрэг ургамлын гаралтай тэжээлийг иддэг элдэв идэштэн амьтан. Идэш тэжээлийн 60-70%-ийг ойн жижиг амьтад, 30-40%-ийг самар эзэлдэг.
Ихэвчлэн бартаа ихтэй, наранд ээвэр, идэш тэжээл элбэгтэй хуш, хуш шинэсэн ойд хад асганы ан цав, модны хөндийд, заримдаа жирх, хэрэм, тоншуул зэрэг амьтан, шувуудын орхигдсон нүхэнд орогноно. (Батсайхан Хөхтөн амьтан тахих бичиг 2010)
Газарзүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг. Модны навч, хөвд, хуурай өвс дэвссэн нүхэнд төрнө. 250-300 хоног хээлээ тээх ба ихэвчлэн 2-3 зулзага гаргадаг. Эр нь үүр, эзэмшил газраа хамгаалан, идэш тэжээл зөөдөг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, маш бага тачир үстэй, 25-35 гр, 10 см урт байдаг аж. 30-36 хоногийн дараа нүдээ нээх ба 2 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг.
Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун их хэмжээний туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен, хотны үен, зарим шувууг ангуучилдаг аж. Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, урд савраараа загас барьж иднэ.
Энэ зүйлийн популяцийн талаар мэдээлэл маш бага. 1966-1968 онд Төв Хэнтийд 1000 га-д 11.7 бодгалийн нягтшилтай байсан бөгөөд 1970-аад онд энэ бүс нутагт 10000 бодгаль байна гэж үнэлсэн. Тархац нутгийг нийтэд нь хамруулан тоо толгой нөөцийг үнэлэн тогтоогоогүй. 2000-2003 онд ХХДЦГ-ын орчны бүсэд хийсэн судалгаагаар 12754 км2 нутагт нийт 795 толгой тус бүс нутагт, 2008 онд Биологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 4406 км2 нутагт 1000 гаруй толгой ойн булга бий хэмээн үнэлэн тогтоожээ.
Тархац, популяцийн өөрчлөлтөнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хууль бус агналт юм. Арьс өндөр үнэтэй бөгөөд монголын популяци агналтаас үүдэн буурсаны баримт нь 1910-1920 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр 4000-5000 ширхэгийг бэлтгэн нийлүүлж байснаа, XX зууны эхэн үеэс аажмаар багасч, 1927-1929 он гэхэд 300-500 болтлоо буурсан байна. Мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг байгалийн нөөцийн ашиглалтаас үүдэлтэй болон ойн түймэр ойн булганы амьдрах орчныг доройтолд оруулж байна. Устаж болзошгүй зүйл. /M. Stubbe, аман мэдээ /
Байгалийн хууль болохоор тэдэнд хүнээс гадна дайсан олон, гэвч хүний шунал хүслээс болж энэ амьтад олноороо үрэгдэж байна.
Нэг булган дээлэнд дунджаар 50-55 булганы арьс ордог. Байгаль дээрх амьтны хүйсийн харьцаа 1:1 гэж үзвэл 25 ширхэг эм, 25 ширхэг эр булганы арьс нэг дээлэнд шаардлагатай. Нэг эм булга 2-4 зулзага төрүүлдэг байна.
Хэрвээ эм булга агнагдах юм бол түүний ард зулзаганууд нь хэзээ ч ирэхгүй эхийгээ хүлээн үүрэндээ өлбөрч үхнэ. Өөрөөр хэлбэл нэг л дээлэнд 50 амь үрэгдэж, тэдний ард хэчнээн зулзага үхэж буйг хэлэхэд бэрх. Бас булганы үсний сорыг буулгахгүйн тулд амьдаар нь арьсыг хуулдаг учраас арьсаа хуулуулж дуустал амь тавилгүй, тарчилсаар байдаг гэнэ.
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн. Энэ зүйлийн тоо толгой буурсны улмаас 1953 оноос өнөөг хүртэл агнахыг хориглосон. Тархац нутгийн 20 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг. Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор ойн булгын эрийг 300.000₮, эмийг нь 390.000₮, төлийг нь 510.000₮ гэж үнэлжээ.
Агналт илүүтэй хийгдэж буй бүс нутагт нарийвчилсан судалгааг хийх, тархац, нөөц, экологийн онцлогийг нарийвчлан судалж, хууль бусаар бэлтгэж байгаа арьс үс, агналтыг таслан зогсоох амьтны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, мэдээллийн сан бүрдүүлэх, байнга байршин амьдардаг цөм нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хамгаалалтыг сайжруулж, байгалийн нөхөн төлжих нөхцлийг бүрдүүлэх, удмын санг хадгалах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.
(Батсайхан Хөхтөн амьтан таних бичиг 2010).
Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг идэж барагдуулна. Мөн ойн хортон шавьж авгалдайг идэж устагадаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.