Арав.мн

27-гийн клубын алдартай 10 "гишүүн"

27-гийн клубын алдартай 10

Яагаад ч юм 27 насандаа зуурдаар нас барсан урлагийн алдартнууд олон байдаг нь магадгүй хэзээ ч учир нь олдохгүй, хамгийн хачирхалтай учрал тохиолын нэг биз ээ. 27-гийн клубт хэдий зураач, жүжигчдийг мөн багтаадаг ч олонх "гишүүн" нь хөгжимчин, рок одод хэвээр байна. 


10

Родриго (1973-2000)

Аргентиний куартето гэх хөгжмийн урсгалын хамгийн алдартай дуучин, ая зохиогч Родриго ганц Аргентинаар тогтохгүй Өмнөд Америк даяар алдаршсан, 1990-ээд оны сүүлээр сая сая хүний шүтээн болсон уран бүтээлч байлаа. Тэрээр уг урсгалыг Аргентиний үндэсний хэмжээний хөгжим болгосноос гадна олон улсад танигдахад нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Гэвч цэнгэлдэх хүрээлэнгийн суудлуудыг хүртэл дүүргэдэг томоохон тоглолт, цомгийн ажлын шахуу хуваарь зэрэг нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж түүнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг болоход хүргэсэн байна. Родриго 2000 оны зургадугаар сарын 24-нд Ла Плата хотоос Буэнос-Айрес орох замдаа машинтайгаа хурдны замын хашлага мөргөж, суудлын бүс зүүгээгүйн улмаас машинаасаа шидэгдэн газар дээрээ амьсгал хураажээ. Харин машинд түүнтэй цуг явсан таван хүнээс нэг нь эмнэлэгт нас барсан бол бусад нь ноцтой гэмтэл бэртэлгүй өнгөрсөн байна. Гэрчүүдийн мэдүүлснээр их уух болсон нь Родригогийн ааш авирт нөлөөлж, түүнийг уур уцаартай болгосон аж. Тиймдээ ч урдуур нь дайрах гэсэн машиныг гүйцэж түрүүлэхээр уурандаа огцом хурдалсан нь ослын гол шалтгаан болжээ. Хачирхалтай нь осол Ла Платагийн хурдны замын 27 дахь км-т болсон байна. Родригог оршуулах ёслолд 20 мянга гаруй хүн цугларчээ. 


09

Алан Уилсон (1943-1970)

Блюз-рокийг үндэслэгч, блюз урсгалын мэргэжилтэн гэгддэг Алан Уилсон "Canned Heat" хэмээх Америкийн блюз-рок хамтлагийг үүсгэн байгуулагч, гоцлол дуучин, ая зохиогч байлаа. Хараа муутай, нүдний шилгүй бол хамт тоглож байгаа хөгжимчдөө ч таньдаггүй байсан түүнийг ойр дотнынхон нь "Шар шувуу" гэж хочилдог байв. Уилсон 1970 оны есдүгээр сарын 3-нд буюу уг жагсаалтад багтсан бусад нэртэй дуучин, хөгжимчид болох Жонс, Хендрикс, Жоплин, Моррисон нарын нас барсан өдөртэй ойролцоо, ердөө хэдхэн сарын зайтай өдөр нойрны эм хэтрүүлснээсээ болж амиа алджээ. Багаасаа нойргүйдлээр шаналсан Уилсон байнга нойрны эм уудаг байснаас гадна сэтгэл гутрал, архаг ядаргаанаас болж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул түүний үхлийг амиа хорлолт гэж үздэггүй. Хэдий дуугаа бичүүлж эхлээд мэргэжлийн хөгжимчнөөр гуравхан жил ажилласан ч түүнийг өдгөө рок хөгжмийн түүхэн дэх шилдэг хөгжимчдийн нэгд тооцдог. Уилсон гитар, аман хуураас эхлээд босоо ятга хүртэл чадварлаг тоглодог байжээ. 


08

Александр Леви (1864-1892)

Бразилийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Александр Левийг 27 насандаа нас барсан нь баттай хамгийн анхны алдар нэртэй хөгжимчинд тооцдог. Тиймээс түүнийг "27-гийн клуб"-ын анхны "гишүүн" гэх нь бий. Сан-Паулу хотын уугуул Леви Бразилийн ардын хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулснаараа анх алдаршжээ. Хожим Европын сонгодог бүтээлүүдийг бразилчуудад таниулах Хайдны клуб гэгчийг ажиллуулж байсан нь мөн олны талархлыг хүлээсэн байна. Найман настайгаасаа эхлэн тоглолтод оролцож, хөгжим зохиох болсон Левигийн өсвөр насандаа зохиосон бүтээлүүд олон дахин хэвлэгдэн түгсэн нь аавтай нь холбоотой. Аав нь мэргэжлийн бишгүүрчнээс гадна өөрийн гэсэн хэвлэлийн газартай байсан тул авьяаслаг хүүгийнхээ бүтээлүүдийг олноор нь хэвлэн түгээсэн аж. Леви 1892 оны нэгдүгээр сарын 17-ны үдэш гэрийнхэнтэйгээ оройн зоог барьж байгаад гэнэтхэн бие нь муудаж, ухаан алдан унажээ. Тэрээр эмч ирэхээс өмнө, тусламж авч чадалгүй байсаар тэр шөнөө амьсгал хураасан байна. Түүний ямар өвчнөөр өөд болсон нь өнөө ч тодорхойгүй юм. 


07

Роберт Жонсон (1911-1938)

Рок-н-роллын Алдрын танхимаас "хамгийн анхны рок од" хэмээн өргөмжлөгдсөн Роберт Жонсон Америкийн өмнөд нутгийн гүний гүнээс буюу Миссиссиппи мөрний бэлчир нутгаас төрсөн блюз дуучин, хөгжимчин юм. Түүний 1936 оны сүүлч, 1937 оны эхээр бичүүлсэн нийт 29 дуу үлдэж хоцорсноос олонх нь 1960-аад оноос олонд танигдаж эхэлжээ. 1961 онд Жонсоны дуунуудаас дээжилсэн "Их мөрний блюз дуучдын хаан" гэсэн нэртэй цомог худалдаанд гарсан нь хөгжмийн хүрээнийхний дунд ихээхэн дуулиан шуугиан дэгдээж Америк, Британийн үе үеийн хамтлаг дуучдад нөлөөлсөн байна. Эрик Клэптон Жонсоныг бүр "түүхэн дэх хамгийн чухал блюз дуучин" гэж цоллосон байдаг. Гэвч Роберт Жонсоны амьдрал ч, үхэл ч нууцлаг бөгөөд 1938 оны наймдугаар сарын 16-нд нас барсан гэх гэрчилгээ байдаг ч чухам юунаас болсон нь тодорхойгүй юм. Түүнийг гэр бүлтэй эмэгтэйтэй сээтэгнэснээсээ болоод нөхөрт нь хорлогдсон, эсвэл төрөлхийн тэмбүүгээсээ болж удтал хүндээр өвдөж байгаад нас эцэслэсэн гэх зэрэг таамаг байдаг аж.


06

Брайан Жонс (1942-1969)

Английн алдарт "The Rolling Stones" хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, хамтлагийн гитарчин Брайан Жонс хамтлагийнхаа хөгжмийн найруулгад анхаарахаас гадна менежерээр нь ажиллаж байлаа. Харин Эндрю Олдхэм гэх эрийг хамтлагийн шинэ менежерээр, Мик Тэйлор гэх гитарчныг шинэ гоцлол гитарчнаар сонгогдсоны дараагаас Брайан хамтлагийнхнаасаа хөндийрч хар тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэх нь ихэсчээ. Ялангуяа Олдхэмтэй огт таардаггүй байсан нь, Мик Жаггер шинэ дуу зохиох ажилд илүү оролцоотой болсон нь түүнийг улам бүр ганцаардуулсан гэдэг. Брайан Жонс хамтлагийн менежерийн ажлаасаа халагдсанаасаа ердөө сарын дараа буюу 1969 оны долдугаар сарын 3-ны өдөр Английн Хартфильд хот дахь гэрийнхээ усан сангаас живж, амиа алдсан байдалтай олджээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд түүнийг мансууруулах бодис, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэж үзсэн байдаг. Учир нь элэг, зүрх нь байх ёстой хэмжээнээсээ хэд дахин томорсон байж. Харин үүнд нь эргэлздэг хүн цөөнгүй. Жонсыг Фрэнк Торогүүд гэх хүн хөнөөсөн, Жонс Торогүүдэд их хэмжээний өртэй байсан гэх яриа байдаг ч энэ нь өнөө ч батлагдаагүй юм. Жонсын гэнэтийн үхэлд эмгэнэн гашуудсан Жими Хендрикс түүнд  зориулан дуу зохиож, Жим Моррисон "Нас нөгчсөн Брайан Жонсыг дурсангаа Лос-Анжелесийг дуулах нь" гэх шүлэг бичсэн байдаг. Харин энэ хоёр уран бүтээлч хоёулаа хоёр ч хүрэхгүй жилийн дараа мөн л 27 насандаа амиа алдсан билээ. 


05

Жэнис Жоплин (1943-1970)

Дуулж эхэлсэн цагаасаа алдаршиж, цаг үеийнхээ хамгийн том рок оддын нэг болон мандсан Жэнис Жоплин урлагийн хэлээр мецо-сопрано гэгддэг өвөрмөц сөөнгө, чадалтай хоолойтой, хиппи маягийн хувцаслалт, өнгө төрхтэй тун ч донжтой уран бүтээлч байлаа. Гэвч олон жил мансууруулах бодис хэрэглэж, архинаас хараат болсон нь эцэстээ аминд нь хүрчээ. Тэрээр нас барахаасаа хэдэн сарын өмнөөс мансууруулах бодисыг бүр хяналтгүйгээр хэрэглэх болж, өдөрт 200 ам.долларыг элдэв мансуурагчид зарцуулж байсан гэдэг. Жоплины цогцсыг менежер Жон Күүк нь 1970 оны аравдугаар сарын 4-ний өдөр Лос-Анжелесийн "Мотор" зочид буудал дахь өрөөнөөс нь олжээ. Түүний герион хэтрүүлснээс болж амиа алдсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. Жоплиныг нас барснаас гурван сарын дараа хэвлэгдсэн "Сувд" гэх хоёр дахь бие даасан цомог нь гарсан даруйдаа Биллбордийг тэргүүлжээ. Тэрээр одоо ч Америкийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг хэвээр байгаа бөгөөд цомгууд нь нийтдээ 18.5 сая хувь борлогдоод байна. 


04

Жими Хендрикс (1942-1970)

Жоплиныг амьсгал хураахаас 16 хоногийн өмнө буюу 1970 оны есдүгээр сарын 18-нд өөр нэг онцгой уран бүтээлч харамсалтайгаар амиа алдсан нь Жими Хендрикс юм. Хэдийгээр карьер нь ердөө дөрөвхөн жил үргэлжилсэн ч түүнийг өдгөө рок хөгжмийн түүхэн дэх шилдгийн шилдэг цахилгаан гитарчин гэж үздэг. Хендрикс Лондон хотод нэгэн найзынхаа гэрт, Моника Дэннман гэх герман найз охиныхоо дэргэд бөөлжсөндөө хахаж амиа алдсан агаад түүнийг нойрны эм хэтрүүлсэн хэрэглэсэн, бүр зөвшөөрөгдсөн хэмжээнээс 18 дахин хэтрүүлсэн байсныг задлан шинжилгээгээр тогтоожээ. Гэхдээ түүнийг амиа хорлосон гэж үздэггүй. Олон сар нойргүйдлээр шаналж, архаг ядаргаанд ороод байсан нь түүнийг золгүй үхэлд хүргэсэн байна. Хэдий согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх нь их байсан ч Хендрикс амиа алдах үедээ бага зэрэг дарс ууснаас бусдаар огт мансуураагүй байж. Түүний сүүлийн найз охин Моника Дэннман 1996 онд 50 насандаа амиа хорложээ. Жими Хендрикс 2003 онд "Rolling Stone" сэтгүүлээс гаргасан Бүх цаг үеийн агуу уран бүтээлчид жагсаалтын зургаад бичигддэг. 


03

Жим Моррисон (1943-1971)

Тайзан дээр цээжээрээ шүлэг зохиодог байснаараа алдартай, "The Doors" хамтлагийн дуучин, ая зохиогч Жим Моррисоныг рок хөгжмийн анхны жинхэнэ найрагч гэдэг. Түүнийг 1971 оны долдугаар сарын 3-ны өглөө Парист найз охиныхоо түрээсэлж байсан орон сууцанд, усны онгоцон дотор амьсгал хураасан байхад нь олжээ. Тухайн цагийн Францын хуулиар Моррисонд задлан шинжилгээ хийхийг хориглосон тул үхлийн шалтгаан нь одоо ч эцэслэн тогтоогдоогүй байна. Эмч нар зүрх нь гэнэт зогссон гэж үзсэн бол найз нөхөд, ойрын танилууд нь нэг бол хар тамхины тунгаа хэтрүүлсэн, эсвэл багаас нь шаналгаж байсан багтраа өвчин нь гэнэт хүндэрсэн, өвчнөө намдаах гэж уудаг байсан эм нь согтууруулах ундаатай нийлэн дуучныг үхэлд хүргэсэн гэх зэргээр таамагласан байдаг. Моррисон "The Rolling Stones" хамтлагийн гитарчин Брайан Жонсын нас барсны яг хоёр жилийн ойн өдөр амьсгал хураасан юм.


02

Курт Кобейн (1967-1994)

Америкийн гранж рок хамтлаг "Нирвана"-гийн ахлагч, дуучин Курт Кобейн хар тамхинаас хэт нөлөөт болсноо, давхар сэтгэл гутралтай тэмцэж байгаагаа хэнээс ч нууж байсангүй. Эхнэр Кортни Ловтойгоо таарамжгүй харилцаатай байсан нь, нэр алдартай байх дэндүү дарамттай байсан нь ч амьдралынх нь сүүлийн хэдэн жилд донтолтыг нь бүр дордуулж орхижээ. Тэрээр 1994 оны гуравдугаар сард нойрны эмээ оргилуун дарстай холин тунг нь хэтрүүлснээс болж эмчлүүлсэн ч ердөө сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 5-нд нь Сиэтл дахь гэртээ толгойдоо сум зоон амиа егүүтгэсэн байна. Түүний цогцсыг гурав хоногийн дараа гэрт нь хамгаалалтын төхөөрөмж суурилуулах гэж очсон цахилгаанчин анх олсон гэдэг. Эхнэр нь түүнийг хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон, амьдрах хүсэлгүй болоод удаж байсан гэж мэдүүлсэн байдаг. Кобейн хоёр ч авга ах нь амиа хорлосон болохоор амиа егүүтгэх хүсэл цусанд нь байдаг, хар тамхи л өөрийг нь амиа хорлохоос хамгаалж байна гэж хүртэл ярьдаг байж. Амиа егүүтгэхдээ үлдээсэн зурвастаа тэр Нил Янгийн нэгэн дууны үг болох "Бүдгэрч замхрахын оронд бушуухан шатсан нь дээр" гэсэн мөрийг бичсэн байжээ. 


01

Эми Уайнхаус (1983-2011)

Архинд хордож амиа алдсан Эми Уайнхаусын амьдралынх нь хэв маяг өөрөө урт удаан амиа хорлолт байлаа. Бүр 20-тойгоосоо эхлэн архины эмчилгээнд явсан ч согтууруулах ундаа, мансууруулах бодисонд донтох архаг өвчнөө даван туулж чадаагүй тэрээр давхар сэтгэл гутрал, хооллолтын эмгэгээр шаналж байв. Уайнхаус 2011 оны долдугаар сарын 23-ны өглөө Лондоны Камден дахь гэртээ амьсгал хураасан бөгөөд амьгүй болсон биеийг нь анх бие хамгаалагч нь олжээ. Шүүх эмнэлгээс түүнийг амьсгал хураахдаа Британид жолооны ард суухыг хориглодог согтуугийн хэмжээнээс даруй тав дахин их согтуу байсан гэж дүгнэсэн байдаг. Гэнэтийн золгүй үхлийнх нь дараа Уайнхаусын дуунууд олон улсын чартуудад тэргүүлж, ялангуяа Британийн чартад найман дуу нь нэгэн зэрэг багтсан амжилтаар Гиннесийн номонд Хамгийн олон бүтээл нь чартад орсон эмэгтэй уран бүтээлч гэсэн төрөлд бүртгэгджээ.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start