Арав.мн

Сахин хамгаалагч

Сахин хамгаалагч

Их Британийн түүхэн дэх хамгийн олон жил титэм зүүсэн төрийн тэргүүн II Элизабетийн тухай “Elizabeth R” нэрт нэгэн баримтат кино 1992 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр буюу хатан хааны сэнтийд заларсны 40 жилийн ойн өдрөөр олны хүртээл болсон нь амьдралдаа нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй, үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар хориотой байдаг, тиймдээ ч улс төрөөс дээгүүр гэгдэн ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан эрхэм дээдсийн цорын ганц “яриа” гэгдэн үлджээ. 1990 оны намраас 1991 оны намрын хооронд зургийг нь авсан мөнхүү киноноос хатан хааны үгсийг түүвэрлэн хүргэж байна. 


01

II Элизабет (1926-2022)

Аав минь 50 гаруйхан насандаа, дэндүү эрт өөд болсон. Тиймээс би орыг нь залгахдаа бараг бэлтгэлгүй шахам байлаа. Юм бүхэн их хурдан болж өнгөрсөн дөө. Гэлээ ч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, аль байдгаараа хичээхээс өөр сонголт байгаагүй. Төрийн тэргүүн байна гэдэг ажилдаа дасаж, дадахын хамт гэнэтхэн л нас, биед хүрэхийн нэр. Өөрөөр бол хувь заяатайгаа эвлэрнэ гэсэн үг. Ёс уламжлал гэдэг маш үнэ цэнтэй. Түүнийг хадгалж, хамгаална гэдэг бүр ч эрхэм дээд зүйл. Ингэж үзвэл хаант төрийн хууль цаазыг сахин хамгаална гэдэг насан туршийн ажил юм.

Байнга Лондонд сууна гэдэг утга учиргүйн дээр огтоос боломжгүй зүйл. Нутаг орныхоо бусад хэсэгт юу болж байгааг мэдэхийн тулд, үгүйдээ л Лондонд ирж чадахгүй хүмүүстэй уулзаж үгийг нь сонсохын тулд тэдэн дээр очих хэрэгтэй болдог. Ажилгүйдэл, аж үйлдвэрлэл гээд өч төчнөөн асуудал, дээр нь илүү олон хүнтэй уулзах боломж, бусдад хүрч үйлчлэх хэрэгцээ гээд олон шалтгаанаар жилийн нэлээд хугацааг замд өнгөрүүлэх хэрэг гардаг юм.

Өвөө, аав хоёрын маань өөд болсон, аавын минь ихэд хайрлаж дурладаг байсан Сандринхемд би ч бас үнэн сэтгэлээсээ хайртай. Энэ газар төрийн тэргүүний хувийн сууц болохоор нэг талаар олны хөлөөс зайдуу амралтын газар мөн боловч нөгөө талаар бас ажлын байр юм. Хувийн гурван туслахын маань нэг нь энд цаг үргэлж надтай хамт байх ёстой байдаг. Миний ажил нэг ч өдрийн амралтгүй алба юм даа. Сандринхем бүр VII Эдуард хааны үеэс өвлөгдөж ирсэн болохоор манай гэр бүлийнхэн бүгд энэ газартай онцгой холбоотой байдаг юм. Энэ газрыг түшиж амьдардаг хүмүүсийн өмнө бид бас хариуцлага хүлээдэг юм шүү дээ. Энд л Английн хөдөө нутгийн ахуй амьдрал, аж байдлыг мэдэж болно. Би газар тариалангийн ажилд маш дуртай. Одоо цагт газар тариалан эрхлэх их амархан болжээ. Би бас ан амьтанд хайртай.

Онцгой таатай санагддаг өөр нэг зүйл бол захидал бичих, унших юм. Бакинхемийн ордонд ирсэн бүх захидал шуудангаа шалгаж, аль чухлыг нь уншихаас ажлын өдөр маань эхэлдэг. Өдөрт дунджаар 200-300 захидал хүлээж авах тохиолдол ч бий. Хажуугаар нь бас гараараа тэмдэглэл хөтлөх хэрэгтэй болдог юм. Хатан хаан Виктория шиг дэлгэрэнгүй биш ч өдөр болгон тэмдэглэл хөтлөхийг хичээдэг дээ. Гэхдээ гараараа бичихээс өөрөөр бичиж сураагүй л байна. Хүмүүс зөвхөн надад гэж захидал илгээдэг болохоор, тэр нь ихэвчлэн хувийн шинжтэй байдаг болохоор би ирсэн бүх захидлыг өөрөө уншихыг хичээдэг. Даанч нэг бүрчлэн танилцаж, хариу бичих цаг үнэхээр олддоггүй. Тиймээс туслах авхай нар маань энэ ажилд тусгайлан цаг гаргаж надад тусалдаг. Энэ олон захидлыг унших нь хүмүүсийн юу хүсэж, юунд санаа зовниж байгааг ойлгож мэдэхэд их дөхөм болдог юм. Би тэр болгон хүмүүст шууд тусалж чадахгүй ч зарим тохиолдолд шийдэж чадах юм таарвал зохих албаныханд нь, эсвэл холбогдох байгууллагад нь уламжилж өгдөг. Хүмүүсийн элгэмсэг, дулаан үгтэй захидлууд үргэлжид сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү. Өнөө өглөө гэхэд л “Би өчнөөн газарт хандлаа. Гарах аргагүй хэцүү тойрогт орчихжээ. Энэ тойргийг та л сэтэлж чадна” гэсэн үгтэй захиа хүлээж авсан. Сайхан л санагддаг юм байна. Надад янз бүрийн захидал ирдэг. Чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэж ерөөсөн, хүүхдүүдийн хүслээ бичсэн, бүр корги нохой хаанаас худалдаж авах тухай асуусан захидал хүртэл ирнэ гээч.

Долоо хоног бүрийн албан уулзалт маань миний хувьд хөндлөнгийн улсын нүднээс далд хүмүүсийг таньж мэдэх, шинэ хүмүүстэй уулзах, улс орныхоо нөхцөл байдалтай танилцах боломж юм. Дэргэд өөр хүмүүс байхгүй үед зочид маань чөлөөтэй, нээлттэй байж хэлэхийг хүссэн бүхнээ надтай илэн далангүй хуваалцдаг.

Бакинхемийн ордонд жилд хоёр удаа гадаад орны төрийн тэргүүнийг хүлээж авах ёслол болдог журамтай. Нэг хүн алба хаших хугацаандаа нэг л удаа энэ урилгыг хүлээж авдаг юм. Төрийн дээд хэмжээний ийм хүлээн авалтын үеэр бид аль чадахаараа ёс уламжлалаа таниулж, уламжлалт зан үйлээ дагаж мөрдөхийг хичээдэг. Үүнд хэдэн зууны настай сүйх тэргээр зорчих ч багтана. Хүмүүс биднийг цаг үргэлж л үнэтэй, чамин зүйлс хэрэглэдэг гэж боддог байх. Үнэн хэрэгтээ зөвхөн иймэрхүү төрийн ёслол, хүлээн авалтын үеэр л бид орд өргөө дотроо байдаг хамаг сайхан юмаа ил гаргадаг юм. Зочид гийчид хүлээж авч байгаа гэрийн эздийн хувиар бид бүх хүнийг дэгжин, цэмцгэр харагдаасай, бүх зүйл өөгүй сайхан байгаасай гэж хүсдэг.

Төрийн айлчлал, хүлээн авалт, уулзалт хэлэлцээр, Хамтын нөхөрлөлийн чуулганы хажуугаар Бакинхемийн ордонд жилд дунджаар 16-17 удаа шагнал өргөмжлөл гардуулах ёслол болдог нь бидний хувьд бас нэг том ажил. Шагнал гардаж байгаа хүнтэй ойр зуурын үг солихдоо би аль болох сонсохыг хүссэн хариултдаа тааруулж асуулт тавьдаг. Надад салбар салбартаа тэргүүлсэн, хийж бүтээсэн юмтай янз бүрийн хүмүүстэй уулзах үргэлж сайхан байдаг юм. Бидэнд шагнал урамшууллын ийм тогтолцоо байгаа нь сайн хэрэг. Хүмүүст урам хайрлаж, хийж бүтээснийг нь үнэлнэ гэдэг маш чухал.

Хүмүүс ажлаа дуусгачхаад гэртээ харьдаг бол миний төрөхөөс хүлээсэн энэ ажил алба, үүрэг хариуцлага хувийн амьдралтай минь зэрэгцэн, хослон байдаг онцлогтой. Миний амьдралд улсын, хувийн гэсэн нэг ч хил хязгаар байхгүй. Орчин цагт харилцаа холбоо маш хурдтай хөгжиж байгаа болохоор миний уншиж танилцах шаардлагатай бичиг цаас ч барагдахгүй их болж. Аз болоход би маш хурдан уншдаг. Бас мэдээллээс хоцрох дургүй. Чөлөөт цаг гарвал заавал зурагтын мэдээ үзэж өөртөө орчин тойрон, олон улсад юу болж байгааг мэдэх даалгавар өгдөг. Зурагтаар гардаг ихэнх хүнтэй би уулзсан байдаг нь хачин юм шүү.

Байнга ийш тийш явж байдаг над шиг хүнд зуны хэдэн сар Шотландад байх шиг сайхан зүйл хаа ч үгүй. Бүтэн зургаан долоо хоног нэг орон дээр унтаж амарна гэдэг ямархан тансаглал болохыг ихэнх хүмүүс ойлгохгүй байх. Гэхдээ энд, Балмарол шилтгээнд хүртэл төрийн ажил урагшилж байх учиртай. Ерөнхий сайдтай хийх тогтмол уулзалтыг тасалдуулахгүйн тулд Ерөнхий сайд энд долоо хоног бүр тогтсон цагт ирдэг. Надтай ийм уулзалт хийсэн анхны Ерөнхий сайд маань Уинстон Черчилль байлаа. Ихэс дээдсийн эрх мэдэл Засгийн газарт шилжээд хэдэн зуун жил болсон ч төрийн тэргүүн Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох, шаардлагатай бол үйл хэргийг нь дэмжих, үгүй бол болж бүтэхгүй зүйл дээр нь анхааруулах үүрэг хүлээдэг юм. Өөрөөр бол засаг төрийн хүчир албанаас нь бага ч гэсэн үүрэлцдэг гэх үү дээ.

Зуны амралт дуусахад парламентын чуулганыг нээх дараагийн ажил угтана. Ингээд л ажил ар араасаа ундарна даа. Над шиг амьдралтай хүн мэдээж ховор. Минийх шиг ийм амьдралд ёс уламжлал, үргэлжлэл, залгамж  халаа гэдэг хамгийн чухал. Би насан туршдаа хоёр сарын дараа юу болох, бүр жилийн дараа юу хийх гээд бүх зүйлээ урьдаас мэдэж, төлөвлөж иржээ. Харин залуу хүмүүст, олон зүйл туршиж үзэх хүсэлтэй хүмүүст зан заншлыг ягштал дагана, дэг ёсыг сахин хамгаална гэдэг хүнд хэцүү санагддаг байх.

Би уулзаж учрах хүн болгоноосоо суралцахыг хичээдэг. Өнөө өглөөхөн нэг залуу цэргийг эр зоригийн одонгоор шагнахдаа түүнийг үнэхээр эрэлхэг зоригтой юм гэхэд тэр “Энэ бүхэн ердөө л цэрэг хүний бэлтгэл сургуулилалт шүү дээ” гэсэн нь санаанаас ер гарахгүй байна. Үнэхээр ч ямар нэг ажил албыг гүйцэтгэхэд бэлтгэл л хамгийн чухал юм. Би өөрийгөө төрийн тэргүүний албанд сайтар бэлтгэгдэж байгаа л гэж найдаж байна даа. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start