Арав.мн

10 махчин ургамал

10 махчин ургамал

Ердийн ургамал шиг хөрс шорооноос шим тэжээлээ авахын оронд шавж хорхойгоор идэшлэдэг махчин ургамлуудаас дор содон 10-ыг нь онцолж байна. Ийм ургамал 70-80 сая жилийн өмнө үүссэн гэж судлаачид үздэг. Түүхийнхээ явцад хамгийн багадаа 12 удаа хувьсан өөрчлөгдсөн нялцгай биет болон шавж идэшт ургамлын овогт одоогоор танигдаад байгаа нийт 19 овгийн 583 зүйлийн ургамал багтаж байна. Харин 2020 оны судалгаагаар дөрөвний нэг нь хүний буруугаас болж устаж үгүй болох аюулд оржээ. 


10

Баруун Австралийн домбон ургамал

Шинжлэх ухааны нэршил: Cephalotus follicularis

Домбон хэлбэрт ургамлуудаас Альбани нутгийн буюу Баруун өмнөд Австралийн домбон ургамал гэгддэг энэхүү содон махчин ургамал төрөл зүйл дотроо нэн ховорт тооцогддог. Бусад домбон ургамлаас ялгаатай нь домбон дотроо борооны ус хурааж, хорхой шавжийг живүүлж алдаггүй. Оронд нь домбоныхоо амсраас нэгэн төрлийн задлагч энзим ялгаруулж, түүнд нь хүрсэн шавжийг өөр дээрээ наалдуулан биеийг нь удаан гэгч нь задалж бага багаар уусгаж авдаг. Энэ ургамал мөн бусад домбон хэлбэртнүүдээ бодвол олон жижиг өргөстэйгөөрөө, бас амсар дээрх таг нь заримдаа тунгалаг байдгаараа ялгарна. Тиймдээ ч домбон ургамлууд дундаа хамгийн сайн урхи тавьдаг нь гэгддэг байна. Одоогоос 55 сая жилийн өмнө үүссэн Альбанийн домбон ургамлын 20 гаруйхан бүл л одоо зэрлэг байгальдаа үлджээ. 


09

Солонгон ургамал

Шинжлэх ухааны нэршил: Byblis liniflora

Австрали, Шинэ Гвиней, Индонезид ургадаг энэхүү ургамлын латин нэршил тун романтик утгатай. Апполон бурхны зээ дүү Библида ихрийн өрөөсөн ахдаа ухаангүй дурлаж, түүндээ шаналан байнга нулимс унагасаар байгаад эцэстээ булаг шанд болон хувирдаг тухай домгоос санаа аван уг ургамлыг Библидагийн цэцэг хэмээн нэрийджээ. Энэ ургамлыг анх 1808 онд нээсэн Английн ботаникч Ричард Салисбюри дусал шиг харагддаг жижигхэн навчсыг нь нулимстай адилтгасан байна. Харин солонгон ургамал гэсэн нь нарийхан, тунгалаг шилбэ нь нь нарны гэрэлд солонгорон харагддагтай холбоотой. Библидагийн ургамал зургаан зүйл бөгөөд үзүүртээ усан ягаан өнгийн цэцэгтэй нь хамгийн ховорт тооцогддог. Солонгон ургамлын урт нарийхан мөчрүүд наалдамхай шингэн ялгаруулж, шавж хорхой татдаг байна. Харин бие дээр нь наалдсан шавж хорхойг яг ч бүхлээр нь задалж идэлгүй, хамаг шингэнийг нь сорж авна. Ургамал судлаачдын таамагладгаар нулимсан хэлбэртэй навчийг нь жижиг хорхой шавж балтай андуурдаг бололтой. 


08

Сармагчны аяга

Шинжлэх ухааны нэршил: Nepenthes mirabilis

Зүүн өмнөд Азийн халуун бүсийн балчиг намаг ихтэй газарт ургадаг, дунджаар 25 см урт болон томордог энэ ургамлыг өөрөөр эгэл домбон ургамал гэнэ. Домбон хэлбэртнүүд дотроо хамгийн элбэгт тооцогдох энэ ургамал аяган дотроо ус дүүргэж байгаад хорхой шавж живүүлж алдаг, ургамал судлаачдын усан урхи гэж нэрийддэг нарийн урхитай ургамал юм. Азийн домбон ургамлууд дотроо Сармагчны аяга нь ялаа, шумуулнаас гадна хувалз барьж иддэгээрээ ялгарна. Мөн том хэмжээтэй заримд нь жижиг мэлхий хүртэл орох нь бий. Гэхдээ Сармагчны аяга мэлхийний биеийг арай ч задалж чадахгүй бөгөөд усанд унасан ялаа шумуулханаа мэлхийнд өгч, оронд нь ялгадсыг нь задлан биедээ шим тэжээл болгон уусгаж авдаг, нэг төрлийн харилцан ашигтай "наймаа" хийдэг байна. Сонирхуулахад Вьетнамын Кон Тум мужаар нутагтай жарай хэмээх ястан Сармагчны аяган дотор будаа болгож иддэг заншилтай. 


07

Шар домбон цэцэг

Шинжлэх ухааны нэршил: Sarracenia flava

АНУ-ын зүүн өмнөд хэсгээр элбэг ургадаг, дэлхийн өөр хаа ч байдаггүй энэ ургамал орой дээрээ мушгирсан навчтай бөгөөд домбон их биеэ ашиглалгүй, навчаа ороон олзоо барьж авдаг онцлогтой. Мөн ялаа, шумуул, зөгий, шоргоолж татах нэгэн зүйлийн бал ялгаруулна. Тэр нь хэдий чихэрлэг боловч хортой алколоид агуулдаг тул навчинд нь ороогдсон хорхой шавжийг мансууруулж орхидог байна. Дээд навчин дээрх үсэрхэг эд нь мөн хүчгүйдэж, сульдсан жижиг амьтдыг дээш мацах юм уу, хумигдсан навчнаас нь салж холдон нисэхэд саад болдог. Дунджаар 50 см өндөр болон ургадаг шар домбон цэцгийг задарч хумигддаг дээд хэсгийнх нь навчны хэлбэрээс болж заримдаа шүхэр, бамбартай адилтгах нь бий. 


06

Усны хүрд

Шинжлэх ухааны нэршил: Aldrovanda vesiculosa

Усны хүрд нь Төв болон Баруун Африк, Төв Европ, мөн Австралийн цөөн хэсэгт ургадаг усанд ургадаг махчин ургамал юм. Төрөл зүйлийн томоохон овогт нь өмнө нь 20-иод дэд зүйл байсан гэх ч одоо зөвхөн энэ зүйл нь л 50 хүрэхгүй бүлээр тоологдох хэмжээнд зэрлэг байгальдаа үлдэж хоцорчээ. Олон улсын байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбооны Улаан номонд устаж үгүй болох эрсдэлтэй хэмээн бүртгэгдсэн усны хүрд үсэрхэг тэмтрүүлтэй төстэй багц салаа навчаараа усны нялцгай биетнүүдийг 10-20 миллисекундэд хамхиж барьдаг, тиймдээ ч хамгийн хурдан хөдөлгөөнтэй ургамлын нэг хэмээн батлагдсанаараа энэхүү жагсаалтад багтаж байна. Нийт урт нь дунджаар 20-30 см бол амьтан барьдаг хавх нь болох багц салаа навч нь ердөө 2-3 мм-ийн урттай. 


05

Кобра сараана

Шинжлэх ухааны нэршил: Darlingtonia californica

Хэдий сараана нэртэй ч энэ ургамал сараанын бүлд багтдаггүй. Харин ердөө сараана шиг хэлбэртэй, кобра могойных шиг "хүзүү"-тэй болохоор нь ийн нэрийджээ. АНУ-ын Калифорни мужийн хойд хагас, Орегон мужийн цөөн хэсгээс өөр дэлхийн хаа ч ургадаггүй кобра сарааныг 1841 онд илрүүлсэн бөгөөд анхлан судалсан ургамал судлаач Уильям Дарлингтоны нэрээр шинжлэх ухааны нэршлийг нь өгсөн байна. Энэхүү ургамал үндсээрээ хөрс шорооноос ус, чийг авахын хажуугаар могойны хэл шиг харагдах унжсан навчин дээрээ шавж хорхой болон зарим зүйлийн бактерийг наалдуулж, задалж уусган авдаг. Уураг задлах энзим ялгаруулдаг нь кобра сараанын гол нууц зэвсэг агаад түүнийг нь жижиг хорхой шавж бал хэмээн андуурдаг байна. Кобра сараана 40-85 см өндөр ургана. 


04

Туузан залаа

Шинжлэх ухааны нэршил: Utricularia aurea

Энэ ургамал нийтдээ 230 орчим зүйлтэй. Хамгийн элбэг нь Азийн алтан туузан залаа бөгөөд энэ нь мөн усны ургамал дундаа хамгийн өргөн тархацтай ургамалд тооцогддог. Туузан залаа махчин ургамал дотроо идэш тэжээлээ барих хамгийн нарийн, хамгийн боловсронгуй механизмтай гэгддэг нь зурагт харагдаж байгаа цэврүү гэх сорогч эдтэй нь холбоотой аж. Эгээ том дэлгэц шиг дэлгэгдэн, дороо үүд гэж болох жижигхэн нүхээ нээх энэ цэврүү нь усны эгэл биет, бүүрэг, хөвөгч нялцгай жижиг амьтдыг түүн рүүгээ сорж аван тэр дороо "хаалга"-аа хаана. Тэгээд хэдэн цагийн турш, заримдаа хэдэн өдрийн турш олзоо цэврүүн дотроо живүүлэн, удаанаар задалж, биедээ уусгаж авдаг байна. Цэврүү нь 0.2 мм-ээс 1.2 см байх ба жижиг шанаган хорхой барьж авсан туузан залаа хүртэл олдож байжээ. 


03

Тосондой

Шинжлэх ухааны нэршил: Pinguicula gigantea

Зөвхөн Мексикт ургадаг энэ ургамал тосондойн өнөр бүлд багтана. Өнгөлөг, гоёмсог, ихэнхдээ нил ягаан өнгийн цэцэг ургуулдаг аварга гэгдэх энэхүү тосондойгоос тун цөөн тохиолдолд цагаан, цэнхэр цэцэг гардаг байна. Зузаан навч нь тэр чигтээ наалдамхай шингэн буюу ургамлын зунгаг ялгаруулж ялаа, шумуул, жижиг зөгий зэргийг өөртөө татан нааж авна. Халуун орны олонх ангууч ургамлын аварга тосондой хөрснөөс хангалттай ус, чийг авч чаддаггүй тул шавж хорхойноос авсан шим тэжээлээрээ шингэнээ нөхдөг аж. Одоогоор олдоод буй, зэрлэг байгальдаа ургадаг хамгийн том Мексикийн тосондой голчоороо 30 см байжээ. 


02

Нараншүүдэр

Шинжлэх ухааны нэршил: Drosera capensis

Ургамал гэхээсээ бараг амьтан шиг харагдах энэхүү ангууч ургамал махчин ургамлын хамгийн том овгийн нэгэнд хамаарна. Нараншүүдэр багтах Drosera гэх овогт одоогоор 194 зүйлийн ургамал бүртгэгджээ. Антарктидаас бусад дэлхийн бүх тивд өргөн тархацтай энэ төрлийн ургамлуудаас хаа ч нутагшуулж болдог, мөн хамгийн урт шилбэтэй, бөхийсөн "толгой"-тойгоор нь Өмнөд Африкийн уугуул энэхүү зүйлийг нь уг жагсаалтад онцолж байна. Үсэрхэг навчинцран тэмтрүүл нь дунджаар 3.5 см урт бөгөөд үзүүрээсээ шүүдэр адил тогтдог зунгаг ялгаруулна. Шүүдэр нь голдуу 5 мм голчтой байх ба түүнд нь татагдан ороогдсон жижиг амьтдыг зургаа хүртэлх цагийн дотор задалж, биедээ шингээж авдаг. Харин томхон ялаа мэтийн амьтдыг бүтэн 12 цаг ч тарчилгах нь бий. Нараншүүдэр мөн тун түрэмгий ургамал. Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Америкийн энд тэнд нутагшуулсан нь тун хурдан ургаж, нутгийн уугуул ургамлын тархац нутгийг булаах нь ажиглагдсан тул Шинэ Зеландын Үндэсний ургамал хамгаалах хорооноос нараншүүдрийг худалдах юм уу, шинээр суулгахыг саяхнаас хоригложээ. 


01

Венерагийн урхи

Шинжлэх ухааны нэршил: Dionaea muscipulа

Өөрөөр ялаа баригч хатагтай гэгддэг энэ ургамал магадгүй бүх махчин ургамал дотроос хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь болов уу. Хаа ч ургах чадвартай, дэлхий хаа сайгүй элбэг зарагддаг ч уугуул нутаг болох АНУ-ын зүүн эрэгтээ зэрлэг байгальдаа ихэд ховордсон тул энэ ургамлыг Олон улсын байгаль хамгаалах сангаас эмзэг гэсэн ангилалд багтаан хамгаалах болжээ. Шинжлэх ухааны нэршлийг нь 1768 онд анх бодож олсон Английн ботаникч Жон Эллис уг ургамлын дэлгээтэй үеийн төрх байдлыг эмэгтэй хүний бэлэг эрхтэнтэй адилтган Венерагийн урхи хэмээн нэрийдсэн аж. Харин muscipulа гэх латин нэр нь хавх, урхи гэсэн утгатай юм. Ялаа баригч хатагтай ялаа, шумуулнаас гадна жижиг аалз хүртэл барьж иддэг онцлогтой. Дэлгээтэй хос навч нь дотроо хурц үзүүртэй жадархуу үстэй бөгөөд олзоо түүн дээрээ сайтар хатгаж авсныхаа дараа навчаа хавхийтэл хамхиж авна. Хос навч нь дунджаар 10 см голчтой байх ба зарим зүйл нь гоёмсог цагаан цэцэг гаргадаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Венерагийн урхи онгон байгальдаа 71-хэн газарт л ургаж байна. Эдгээрийн ердөө 20 нь л ургалт, тархалтад нь тохирсон хөрстэй нь тогтоогджээ. 


6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start