Хамгийн өмхий амьтад
Үндэсний газарзүйн нийгэмлэг хамгийн өмхий 10 амьтныг танилцуулсныг та бүхэнд хүргэж байна.
Жилд нэг удаа зааны биеийн тестостероны хэмжээ хэвийн үеийнхээсээ 60 дахин нэмэгдэх бөгөөд энэ нь хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг. Энэ үедээ өдөрт 300 литр шээс гаргадаг аж. Шээснээс гарах үнэр дээрээ нэмээд хацар дээр нь байдаг булчирхай сагсны бөмбөгийн хэмжээтэй болтлоо томорч, нэгэн төрлийн эвгүй үнэртэй химийн бодис ялгаруулдаг. Уг үнэрийг бараг километрийн цаанаас үнэрлэх боломжтой.
Кашалот буюу салай халим бол дэлхийн хамгийн том махчин амьтан. Өдөрт 450 кг хоол иддэг уг амьтны дуртай хоол нь суман наймаалж юм. Харин наймаалжны хошуу маш хурц тул халимны гэдэс дотрыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Иймд халим нэгэн төрлийн ваксаар бүрхээд амаараа гулгин гаргаж хаядаг байна. Энэхүү ялзарч муудаж байгаа наймаалжны хошуун бөмбөлгийг амбергрис (амбра) гэдэг бөгөөд нялуун боловч маш өмхий үнэртэй. Сонирхолтой нь халимны баас тийм өмхий байдаггүй юм байна.
Гоо сайхны бүтээгдхүүнд байдаг 10 гаж зүйл мэдээнд дээрх амбраны талаар ийнхүү өгүүлжээ:
"Салай халимны хоол боловсруулах эрхтэн дотор хуримтлагддаг амбра нь хар бараан өнгөтэй хувархуу эд юм. Тослог, наалдамхай амбра хэдий муухай харагддаг ч сайтар хатаад ирэхээрээ тун содон, аятайхан үнэртэй болдог. Тиймээс биеийн шингэн саван, үнэртэй ус зэрэгт ашигладаг аж".
08
Слот буюу залхуу баавгай
Амазоны ширэнгэн ойд амьдардаг энэ амьтан маш удаан гэдгээрээ алдартай боловч түүний үнэрийг тэр болгон дурдаад байдаггүй. Хэт залхуу слот хувийн ариун цэвэр сахина гэж огт байхгүй. Тэр бүү хэл арьсан дээр нь ногоон замаг ургадаг байна. Ердөө нэг слотын бие дээр 980 цох, 120 эрвээхийн авгалдай байрласан байдаг. Түүнчлэн слотын шулуун гэдсэнд нь гурван өөр төрлийн хачиг тухтай нь аргагүй амьдардаг аж.
Лемур гэх энэ өхөөрдөм амьтан ороо нь орсон үедээ асар өмхий. Тэд өгзөг болон хөлөндөө байх өмхий үнэр гаргадаг булчирхайгаа үрж, хурц үнэрээ улам нэмдэг байна. Тэгээд тулалдах бол сүүлээрээ “сэвж” өрсөлдөгч рүүгээ өмхий үнэрээрээ довтолдог байна. Лемур нь сүрэглэн амьдардаг бөгөөд нэг сүрэгт 20 орчим тоогоор байдаг аж. Тэгэхээр тэдний ойролцоо ямар үнэртэй байх нь тодорхой биз ээ.
Дэлт чоно бүлэглэн амьдардаг махчин амьтан. Ойролцоогоор 90 орчим дэлт чоно 900 хавтгай километр хүртэлх талбайг эзэмшинэ. Ийм том талбайд үнэрээ ашиглан бие биенээ олох, сэрэмжлүүлэх шаардлагатай болдог байна. Тэдний ануснаас “дэлт чонын тос” гэх зунгааралдсан шингэн ялгардаг ба түүнийгээ хаа сайгүй цацаж явдаг аж. Хямд саван шиг үнэртэй бөгөөд түүнд хүрвэл бүтэн сарын турш үнэр нь салахгүй байх нь бий.
*Hyena-г цөөвөр чоно, дэлт чоно гэж нэрлэж ирсэн хэдий ч "Амьтдын амьдрал" номонд "гаригус" гэж нэрлэсэн байна.
Умардын мөсч салхич шувуу буюу Фулмар гэх сэгээр хооллогч энэ шувууг далайчид “өмхий” гэж холчилдог нь учиртай. Тэд загасны сэгээс эхлээд хог хаягдлыг голохгүй иднэ. Шувууд өндөглөх үедээ хуурай газар дээр ирэх бөгөөд ангаахайнуудынх нь хамгаалалтын механизм нь маш муухай үнэр юм. Хогоор хооллосон уг ангаахайнуудын ходоодны тос нь маш муухай үнэртэй. Аюулд орсон үедээ огиж, түүнийгээ 1.5 метр зайд оновчтой цацаж чаддаг аж.
Бусад амьтдын адил арслан ч газар нутгаа тэмдэглэдэг. Шээс нь феромон маш ихээр агуулдаг. Арслан бут сөөг рүү шингэнээ шууд цацахаас гадна хөл рүүгээ ч цацна. Ингээд газар нутгаа тойрох үед хөлнийх нь үнэр газарт үлддэг. Муурны шээсийг үнэрлэж үзсэн хүн ямархуу үнэрийн тухай ярьж байгааг сайн ойлгох байх. Одоо тэр үнэрээ хэдэн мянгад үржүүлээд үзээрэй.
Malodorous Millipede буюу олон хөлт шавжийг бусдад гэм хоргүй өвсөн тэжээлт хорхой хэмээн боддог. Гэхдээ аюулд учирсан үедээ хамгийн өлсгөлөн анчныг ч зугтаалгахуйц үнэрийг ялгаруулдаг байна. Биеийнх нь бүх хэсэгт байдаг хос булчирхай нь маш олон төрлийн өмхий бодис ялгаруулдаг. Тэдний нэг нь устөрөгчийн цианид ба энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үед хийн өрөөнд ашиглаж байсан химийн бодис юм. Нэг хорхойноос гэхэд хулганыг 6 удаа алахад хүрэлцэхүйц устөрөгчийн цианид ялгардаг байна. Зуун хорхойноос ялгарах бодис нь насанд хүрсэн хүнийг ч хөнөөх чадалтай.
Тас хэмээх дэлхий даяар түгээмэл тархсан сэгээр хооллогч шувуу ердөө 5 цагийн дотор хүнийг идэж дуусгаж чадна. Энэ үедээ тэд заваартаж өгдөг байна. Хошуу, хумс нь бусад махчин шувуудыг бодвол тийм ч хүчтэй биш тул амьтны хамгийн зөөлөн хэсгээс нь эхэлж иддэг. Өөрөөр хэлбэл гэдэс ходоод, муудсан эрхтнүүд рүү толгойгоо шургуулдаг байна. Амаар нь орохдоо муухай үнэртэй байсан юм буцаж гарахдаа бүр л муухай болж гарна. Аюулд орсон үедээ тас шувуу гулгидаг бөгөөд гулгидас нь амьтны нүд, хамар хорсгохуйц хүчтэй ходоодны хүчил ихтэй байдаг аж. Хэт халуун үед тас шувуу хөлөөрөө хөлөрдөг бөгөөд тэр нь маш муухай үнэртэй.
Өгзөгөндөө үхлийн зэвсэг агуулсан өмхий хүрэн аюулд орсон үедээ сүүлээ өргөн дайсан руугаа хорт шингэн цацдаг. Энэ шингэн нь хүхэрт тиол (сонгинод байдагтай ижил нулимс асгаруулдаг бодис) агуулах бөгөөд араатны хоолойг боохоос гадна түр зуур сохолдог юм байна. Байгаа 3.5 метр зайд оновчтой цацах бөгөөд нэг дор 6 удаа цацах хэмжээний нөөцтэй аж.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.