Beatrice Cenci, Guido Reni
(Эх сурвалж: "Уран зурагт элдэв түүх")
Тэр язгууртан айлын охин болон төрсөн боловч цаазын ял авч богино амьдрал нь дуусжээ. Түүнийг 1599 онд цаазаар авсан бөгөөд төрсөн эцгээ хөнөөсний учир ийм хүнд ял авсан байна. Биатрис 1577 оны хоёрдугаар сард гүн Францеско Ценси болон Ерсилиа Ценсигийн охин болон мэндэлжээ. Биатрис долоон настай байхад ээж Ерсилиа нас барж удалгүй эцэг нь хоёрдох эхнэр болох Лукрициа Петронитой гэрлэж хоёр хүүтэй болсон байна. Нэг хүү нь багадаа нас баржээ. Лукрициа зургаан хүүхэдтэй бэлэвсэн эхнэр байсан ба хүүхдүүдээ тэжээхийн тулд аргагүйн эрхэнд түүнтэй гэрлэсэн байна. Биатрис дээрээ хоёр ах, нэг эгчтэй байв. Гүн Францеско харгис догшин авиртай нэгэн байсан төдийгүй анхны болон удаах эхнэрээ, охидуудаа хөвгүүдээ ч хэд хэдэн удаа хүчирхийлж байсан хар түүхтэй нэгэн юм. Тэр хэд хэдэн удаа хүчингийн, хүн амины хэргээр хоригдож байсан боловч тохирсон ял авахад түүний өндөр хэргэм зэрэг саад болдог байв. Тэр асар баян хүн байсан учир ял эдлэх нь төдий л урт биш байв. Ромын иргэд ихэнх нь түүнийг ямархуу булай хүн болохыг мэдэх боловч мэдсэн ч мэдээгүй мэт байдаг байв. Ууган охин Антонина нь папд хандан хэнтэй ч хамаагүй гэрлүүлж өгөхийг, эцэгтэйгээ хамт байснаас гэлэнмаа болсон нь дээр гэж олон удаа гуйжээ. Түүний ууган хоёр хүү нэг нь янхны газарт, нөгөө нь дуэлд ялагдан нас барсан байна. Тэд хоёулаа эцгийнхээ ёс бус хүслийн золиос болж байв. Ингээд Гиакомо гэх хүү хамгийн том хүү нь болон үлдэв. Гэтэл Францеско энэ хүүгээ ч зүгээр байлгасангүй. Францеско зөвхөн үр хүүхэд эхнэртээ төдийгүй зарц барлагууддаа харгис хэрцгий ханддаг байв. Төрсөн эцгийнхээ хүчирхийлэлд тэсэхээ байсан Биатрис эцгийнхээ эсрэг зарга мэдүүлсэн боловч төд удалгүй Францеско энэ тухай мэдэж эхнэрээ болон хүүхдүүдээ бүгдийг нь ромоос холдуулан гэр бүлийн өмч болох тосгоны харш руу явуулав. Нэгэн удаа Биатрис эцгийгээ алах гэж байна хэмээн зарц нь хов зөөснөөс Францеско өөрийн охиноо харгисаар зодож харанхуй гянданд олон хоног хорьжээ.
Хар багаас үзсэн туулсан булай бүхнээс жигшсэн Биатрис эцгээ заавал алах болно гэж хойд эхдээ, ах дүүсдээ амлажээ. Биатрис Олипио хэмээх гэрлэсэн эртэй хайр сэтгэлийн холбоотой болов. Биатрис түүнээс эцгийгээ хорооход туслахыг гуйжээ. Гэрлээгүй эмэгтэй гэрлэсэн эртэй дотно харилцаа тогтооно гэдэг маш аюултай алхам байв. Энэ харилцаа нь тэднийг баригдах хүртэл нууц байлаа. Ингээд тэд Францескогоос бүрмөсөн салахаар шийджээ. Хууль цааз нэгэнт шийтгэж чадахгүйгээс хойш... Эхэндээ ярилцаж тохирсноороо Францеског хордуулан алахаар шийдсэн боловч тэр бүтэлгүйтэв. Францеско хоолоо эхлээд эхнэрээрээ амтлуулахыг хүссэн байна. Хор өгөхөө түр азнажээ. Эцэст нь Биатрис болон хойд эх нь Францеског өвчтэй байх үед оронд нь алхаар үхтэл нь цохиж цогцсыг хувцаслан хавцал руу шиджээ.
Хэсэг хугацааны дараа Францеског олон хоногийн турш харагдахгүй байгааг анзаарч хаачсан нь хүн бүхэнд хачирхалтай санагдаж эхэлжээ. Ингээд хамгийн түрүүнд Биатрисд тусалсан Олипио баривчлагдаж ам алдалгүй тамлуулсаар нас барав. Харин Марзио гэх мөн тэдэнд тусалж байсан эр аргагүй ам нээн Биатрис, эх нэгт дүү, хойд дүү, хойд эхтэйгээ хамт баригджээ. Удаан хугацааны тамлалтын дараа хойд эх болон дүү нь нь Биатрисыг хамгийн анх санаачилсан хэмээн заав. Биатрис энэ үед юу ч хэлсэнгүй. Аймшигтай эцгийн гараас мултарсан тэднийг ром даяараа өрөвдөж байв. Гэхдээ олон нийтийн хожимдсон өрөвдөх сэтгэл тэдэнд ямар ч хэрэг болоогүй юм. Ингээд тэдэнд өвдөж зовохгүй толгойгоо таслуулах "нинжин" ялыг төлөвлөсөн байна.
Ценси ах дүүс хойд эхтэйгээ ромын гудамжаар хөлөндөө гинжтэй шийтгэл хүлээн Гэгээн Ангелогийн гүүр лүү алхжээ. Гиакомо цээж нүцгэн халуун төмрөөр хайрсан шархнууд нь улаан хэвээр, бүсгүйчүүд нөмгөн хувцастай, нулимс хир цусанд хутгалдсан нүүртэй боловч харамссан янзгүй алхалж байв. Эмэгтэйчүүд ард нь тэднийг өрөвдөж уйлсаар, эрчүүд чимээгүй толгой гудайн дагаж явлаа. Хамгийн бага дүү болох Бернардо Ценсиг цаазын ялаас хэлтрүүлжээ. Гэвч тэрээр ах нь дөрөв хуваагдаж, эгч болон ээжийнхээ толгойгоо тасдуулахыг нүдээрээ үзжээ. Биатрис маш тайвнаар үхлээ хүлээн авав. Магадгүй түүнд харамсах зүйл үнэхээр байгаагүй биз ээ. Тэдний цаазын ялыг харахаар ирсэн олны дунд Караважо зогсож байлаа. Тэр уг үзэгдлээс "Жүдит Холофернсийг хөнөөсөн нь" зургийн судалбараа хайж явсан ч байж мэднэ. Гиакомо 18, Биатрис 21 настай байв. Дөнгөж арван хоёр настай байсан Бернардо хэд хэдэн удаа ухаан алдан унав. Түүний эхний шийтгэл энэ байлаа. Түүнийг насанд хүрэхээрээ насаараа эд хөрөнгөгүй боол явах хувь заяа хүлээж байв. Гэр бүлийн эд хөрөнгө бүгд папын мэдэлд очжээ. Ямартай ч Бернардо хэдэн жилийн дараа шоронгоос суллагдсан байна.
Хүчирхийлэл ямагт уй гашуу, цус, нулимс, сэтгэлийн шаналал дагуулдаг жишээ энэ юм. Эргэн тойрондоо чимээгүй өрнөж буй харгислалтай хэзээ ч бүү эвлэр. Хүчирхийлэл дунд өссөн нэгэн хэзээ ч бүтэн бүлээн сэтгэлтэй болдоггүй. Хүчирхийллээс үлдсэн сэтгэлийн шарх насан туршид хар толбо болон үлддэг. Ураг садан дунд үйлдэгдэж буй, хөрш айлд үйлдэгдэж буй хэргийг хэзээ ч битгий нуу. Нэр төрөөс илүү хүн чанар биднийг хүн гэж тодорхойлдог. Нэр төр хамт булшинд оровч хэдэн хүнд тус болсноор амьдралын утга учир бий болдог билээ. Хожимдохоос өмнө...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна