Геопатоген буюу газар зүйн эмгэг бүс гэх ойлголт шинжлэх ухаанд бий. Энэ нь бидний хэлж заншсанаар гүйдэлтэй газар юм. Найман герцийн давтамжтай, хүн амьдрахад тохиромжтой ердийн газартай харьцуулахад ийм газрын цахилгаан соронзон орны давтамж нь өндөр юм уу, бага хэлбэлзэлтэй байдаг. Ийм хэлбэлзэл ус ихтэй газар буюу далай тэнгис, гол мөрөнд илүү ажиглагддаг байна. Бермудын гурвалжин, Японы Чөтгөрийн тэнгис гэх мэт хачин жигтэй явдал олон болдог газрыг чухам ийм “эмгэг”-тэй гэж үзэх зарим нэг судлаач бий. Гэхдээ “зарим” гэдэг үг энд дэндүү олон хүнийг зааж байж ч мэдэх. Учир нь Бермудын гурвалжин, Чөтгөрийн тэнгис хийгээд дор өгүүлэх Мичиганы гурвалжны аль алиных нь нууцыг тайлсан хүн үгүй тул бодит байдал дээр маш цөөн хүн л эдгээр газрыг газар зүйн эмгэг бүс гэж “шинжлэх ухаанчаар” үздэг аж. Гэвч Чөтгөрийн гурвалжингуудад “залгиулсан” хэдэн арван хөлөг онгоц, нисдэг тэрэг, агаарын хөлгүүдэд юу тохиолдсоныг тэд ч, судлаачид ч тайлбарлаж чадахгүй байна.
“Чөтгөр”-тэй газруудын хамгийн жижиг нь болох Мичиганы гурвалжин АНУ-ын зүүн хойд биеэр орших Их нууруудын бэлчир нутаг дахь Мичиган нуур дотор оршдог. Энэ газрыг олон жил судалж, 2006 онд “Хачирхалтай Мичиган” ном хэвлүүлсэн Линда С.Годфрейгийн тооцоолсноор нууцат гурвалжин нь Мичиган мужийн Людингтон хот, Бэнтон боомт, Висконсин мужийн Манитовок суурин гурвыг холбоход үүснэ. Энэ хэсэгхэн газарт Бермудын гурвалжинд болдгоос ч хачин жигтэй явдлууд тохиожээ. Висконсиний Шебойган хотын түүхч Билл Вэнжманний тэмдэглэснээр энд агаарын болон усан тээврийн 40 гаруй хөлөг алга болсон гэнэ. Тэднээс хамгийн сүүлийнх нь 1974 онд бүртгэгдсэн бол хамгийн алдартай нь 1950 оны зургадугаар сард алга болсон 2501 нислэгийн дугаартай онгоц юм. Бэнтон боомтоос хөөрмөгцөө осолдсон энэ онгоц Нью-Йорк хотоос Миннеаполисын зүг нисэж явсан бөгөөд багийн гурван гишүүн, 55 зорчигчтой явж байжээ. Тэдний нэг нь ч гэртээ эргэж ирээгүй бөгөөд онгоцны ул мөр гэх юу ч олдоогүй байна.
Гэрчүүдийн ярьдгаар харь гарагийн хөлөг гэмээр хачин жигтэй зүйлс Мичиганы гурвалжны дээгүүр үзэгддэг бөгөөд тэдгээр объект л онгоц “иддэг” байх магадлалтай гэнэ. Нислэгийн хяналтын дэлгэцэн дээр хүртэл гаднын биет гэнэт үзэгдсэн тохиолдол нэг бус бүртгэгджээ. Энэ нь гэрчүүдийн яриаг батлахаас гадна 1921 оны намар Мичиганы гурвалжны зах хавьд осолдсон “Роза белл” далбаат онгоцны хэргийг сануулна. Нийт 11 хүнтэй явсан уг онгоц алга болоод бараг хоёр сарын дараа нуурын хойд хэсгээс уруугаа харсан байдалтай олджээ. “Роза белл”-ийг олсон “Энн Арбор” хөлгийн ахмадын хэлснээр далбаат онгоцны урд хошуунд гаднын биеттэй мөргөлдсөн мэт ан цав гарсан байж. Хамгийн хачирхалтай бөгөөд аймшигтай нь мөнөөх 11 хүний нэгнийх нь ч цогцос олдоогүй бөгөөд далбаат хөлөг дотор хүмүүсийг алж хядсан байж мэдэх ямар ч ул мөр байгаагүй гэнэ. “Роза белл” ердөө л эзэд нь саяхан орхиод явсан мэт бүрэн бүтэн байжээ. Энэ нь “Роза белл”-ийн хоёр дахь осол байсан бөгөөд 1895 оны наймдугаар сард уг онгоц Мичиганы Гранд Хейвэн буюу нууцат гурвалжны орчимд осолдож, багийн 10 гишүүн нь амь үрэгдэж байж. Тэр үед сэвгүй шахам олдсон хөлгийг сэргээж, хэдэн жилийн дараа дахин ашиглаж байсан нь Мичиганы гурвалжинд дахин осолдсон хэрэг.
Чөтгөрийн гурвалжинд сураггүй алга бологсдоос 1891 оны тавдугаар сарын 21-нд Мюскэгон хотоос зорчигчид авахаар явсан “Томас Хюм” нэртэй далбаат онгоцны хэрэг олон хүний гайхширлыг бардаг. Ахмад Жорж К.Альбрехтийн ахалсан долоон гишүүнтэй хөлгийн багийнхан ор сураггүй алга болсон бөгөөд дээрх “Роза белл” хөлгөөс ялгаатай нь “Томас Хюм”-ээс ширхэг тоос ч үлдээгүй байна. Мичиган нуурыг бүхэлд нь самнаад ч “Томас Хюм”-ийнх байх магадлалтай нэг ч зүйл олоогүй гэдэг. Энэ хөлөг шиг аварга том хөлөг онгоц нуурын ёроолд ор мөргүй шингэх ямар ч боломжгүй гэдгийг аль ч газрын далайчин, эрдэмтэн судлаачид нотолно.
Бас нэгэн сонирхолтой түүх “Мак Фарлэнд” хөлөг онгоцны ахмадтай холбоотой. Уг хөлөг нууцат гурвалжнаас бүрэн бүтэн эргэж ирсэн ч ахмад Жорж Доннор нь 1937 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй байна. Хөлгийн зарим гишүүний тэмдэглэн үлдээснээр хөлөг Висконсиний Порт-Вашингтоныг чиглэн явж байх үед Ж.Доннор унтаж амрахаар удирдлагын бүхээгээ орхижээ. Тэрбээр өглөөний 06.00 цагт сэрээхийг цэргүүддээ даалгасан байна. Үүр хаяарах үед “Мак Фарлэнд” хөлөг Мичиганы гурвалжинд оржээ. Харин яг 06.00 цагт ахмадаа сэрээхээр өрөө рүү нь очсон усан цэрэг яаж ч оролдоод хаалгыг нь онгойлгож дийлээгүй бөгөөд бусдадаа хэлэн хаалгыг эвдэж ортол дотор нь ахмад байсангүй. Өрөөнд хаалганаас өөр ямар ч гарц байхгүй, дээр нь хаалгыг дотроос нь түгжсэн байсан, мөн ахмад л өөрөө байхгүй болохоос өрөөний бүх зүйл хэвийн, нэг ч сэжигтэй зүйл байгаагүй зэрэг нь хөлгийн гишүүдийг бүр алмайруулж орхижээ. Ахмад Ж.Доннорыг алга болох үед “Мак Фарлэнд” хөлөгтэй тун ойрхон явсан “Бэжер” гаталгат онгоцны хөлгийнхөн урд талд нь манан дундаас гэнэт том хөлөг онгоц тодорсон тухай өгүүлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөнөөх том хөлөгтэй зөрөхөөр залуураа эргүүлмэгц аварга онгоц манан дунд замхарч, үзэгдэхээргүй болжээ.
Энэ бүхэн Б.Вэнжманн, Л.Годфрей нарын тэмдэглэж авсан Мичиганы гурвалжинтай холбоотой түүх, цуу ярианы ердөө нэгээхэн хэсэг. Тэдний цуглуулсан баримт сэлтээс тэнгисийн мангасын тухай үлгэр домог мэт яриа мөн анхаарал татна. Мичиган нутгийн уугуул Жон Фэнгмэн гэдэг хүн Их нууруудад нутагладаг аварга амьтны тухай нутгийн хөгшид олон үлгэр домог ярьдаг байсныг дурссан байна. Нуурын эргээр алхаж байсан нэгэн католик лам нуурын эрэг дээр урьд хожид харагдаагүй хачин жигтэй амьтны мөр харсны дээр үлэмж том биетэй, ногоон өнгөтөй амьтан харсан тухайгаа Ж.Фэнгмэнд ярьжээ. Энэ мэт сонин түүх, баримт олон ч Мичиганы гурвалжин одоогоор усан болон агаарын тээврийн хэрэгслүүдийн дамжин өнгөрдөг, хөдөлгөөн ихтэй бүс хэвээр байна. Тэгэхээр нууцат гурвалжин бүхнийг залгигч бас биш юм. Гэсэн ч Мичиган нуурыг зорих хэнд ч Чөтгөрийн гурвалжин гэдэг үг бодогддог нь лавтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.