Шүтэн бишрэгчдийнхээ гарт амиа алдсан 10 алдартан
"Хайр, үзэн ядалт хоёрын аль нь илүү хүчтэй вэ?"
"The Voice" шоуны зургадугаар улирлын тэмцээнд гуравдугаар байрт шалгарч, анх олны танил болсон Кристина Гримми Америкийн хамгийн өсөх ирээдүйтэй, чадалтай хоолойтой залуу дуучдын нэг гэгдэж байлаа. Тэрээр мөн хоёр сая гаруй дагагчтай, тун амжилттай Youtube суваг хөтөлдөг байв. Анхны цомгоо 2013 онд гаргаж, хэд хэдэн студитэй гэрээ байгуулаад байсан Кристина 2016 оны эхээр бүр кинонд хүртэл тоглоод амжжээ. Харамсалтай нь түүнийг 2016 оны зургадугаар сарын 10-нд Флорида мужийн Орландо хотод тоглолтынх нь дараахан 27 настай Кевин Лойбль гэх шүтэн бишрэгч нь толгой, цээж рүү нь буудан хороосон байна. Кристина амиа алдах үедээ үзэгчдэд гарын үсэг зурж өгч байж. Харин алуурчнаа дөхөж ирэхэд өөрийг нь тэврэх нь гэж санаад гараа уриалгахнаар алдлах мөчид нь буун дуу тасхийжээ. Цагдаа нарын хожим олж тогтоосноор алуурчин залуу дуучнаар бараг "өвчлөөд" байсан бөгөөд сэтгэлийг нь татахын тулд жин хасаж, үс шилжүүлэн суулгах гэж байгаагаа ажлынхандаа ярьдаг байж. Хүн хөнөөх сэдлийг нь харин хавтаст хэрэгт нь "Өөрийн болгож чадахгүй бол үгүй хийчихье" гэсэн хандлагаар тайлбарласан байна. Кевин Лойбль шүтээн болсон дуучнаа буудчихаад тэр дороо өөрийгөө буудан, амиа егүүтгэжээ. Кристина Гримми амиа алдахдаа ердөө 22 настай байв.
Камеруны хөлбөмбөгчин Альбер Эбоссе Боджонго эх нутгаасаа гадна Малайз, Алжирийн мэргэжлийн клубуудад 2008 оноос хойш тогложээ. Харин түүнийг 2014 оны наймдугаар сарын 23-ны өдөр Алжирийн USMA клубын эсрэг тоглолтод хожигдлоо хэмээн уурссан Алжирийн JSK клубын хөгжөөн дэмжигчид тоглолтын дараахан цэнгэлдэх хүрээлэнгээс гарч явахад нь хөнөөж орхисон байна. Алжирийн албаныхны тогтоосноор хэн нэг нь түүний толгой руу ямар нэг хатуу биет шидсэнээс тархиндаа хүнд гэмтэл аван газар дээрээ амьсгал хураажээ. Гэтэл Камеруны тал болон ар гэрийнхэн нь Боджонгог олон хүнд зодуулсан байх магадлалтай, бие нь хөх няц болсон байсан хэмээн зарга үүсгэсэн аж. 24-хөн насандаа амиа алдсан энэ хөлбөмбөгчний хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй бөгөөд хэнийг ч хэрэгт холбон шалгаагүй, хэнийг ч сэжигтнээр таталгүй байсаар өдий хүрчээ.
1980-аад онд Америкийн телевизийн шинэ залуу од болон алдаршсан Ребекка Шефферийг Роберт Жон Бардо гэх өсвөр насны хүү 1986 оноос хойш уйгагүй эргүүлж эхэлжээ. Бардо бүтэн гурван жил Шеффер лүү захидал бичиж, 1987 онд бүр нүүр тулан уулзахаар Аризонагаас Лос-Анжелест хоёр ч удаа очсон ч Уорнер Брадерс компанийн хамгаалалтын ажилчид түүнийг студи рүү нэвтрүүлээгүй байна. Харин хэсэг зуур Шефферийг мартагнаад байсан Бардо 1989 оны зургадугаар сард дэлгэцэнд гарсан нэгэн инээдмийн киноноос "дурлалт эмэгтэй"-гээ орон дотор нэг жүжигчин эртэй хэвтэж байхыг үзээд ихэд уурсаж, жүжигчин бүсгүйн гэрийн хаягийг олохоор 250 ам.доллараар хувийн мөрдөгч хөлсөлжээ. Ингээд дээрх киног үзсэнээсээ яг сарын дараа буюу 1989 оны долдугаар сарын 18-ны өдөр Шефферийг гэрийнх нь үүдэнд буудан хороосон байна. Амиа алдахдаа Ребекка Шеффер дөнгөж 21-тэй байсан бол Роберт Бардо 19-хөн настайдаа хүний аминд хүрчээ. Насаараа хоригдох ял авсан Бардо өдгөө 52 настай бөгөөд батлан даалтад хамрагдах эрхгүйгээр Калифорнийн чанга дэглэмтэй шоронд хоригдож байна. Шефферийг амиа алдахынхаа өмнөхөн "Загалмайлсан эцэг" киноны гуравдугаар ангид тоглох санал хүлээж аваад байсан, сонгон шалгаруулалтад нь оролцох гэж байсан гэсэн яриа байдаг.
Америкийн Иргэний дайны үед Өмнөдийнхний талд орж, Өмнөдийн босогчдын дэмжлэгтэйгээр банк, галт тэрэг дээрэмдэн ардын дунд бараг л Робин Хүүд болон мандсан Жесси Жеймс (1847-1882) Америкийн хамгийн алдартай гэмт хэрэгтэн байлаа. Гэхдээ Зэрлэг өрнөдөд нэлээд зартай, бараг л аман зохиолын баатрын дүртэй байсан ч түүний гэмт хэргийн бүлэглэл хулгай дээрмийнхээ ашгийг эгэл жирийн иргэдтэй хуваалцаж байсан үгүй нь одоо ч тодорхойгүй юм. Жесси Жеймсийг өсвөр насны хөвгүүд болон үе тэнгийнхэн нь шүтэн биширч байсны дунд Миссуригийн уугуул Роберт Форд гэх 18 настай хүү байв. Тэрээр Иргэний дайны дараа хүч нь сулраад байсан Жеймсийн бүлгэмд 1880 онд элсчээ. Гэвч удалгүй Америкийн хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан хүний толгойг 10 мянга ам.доллароор үнэлсэн шан харамжид шунан, мөн Жеймсийг хөнөөвөл өршөөл үзүүлнэ гэсэн Миссури мужийн Амбан захирагч Томас Криттендений ятгалгад автан шүтээн нь төдийгүй бараг багш нь болоод байсан хүнээ өөрийн гараар хөнөөсөн байна. Роберт Форд 1882 оны дөрөвдүгээр сарын 3-нд Жесси Жеймсийг буудан хороохдоо дөнгөж 20 настай байлаа. Тэрээр Жеймсийг хөнөөснийхөө шагналыг авч, өршөөлд хамрагдан ахин 10 жил амьдарчээ. Харин 30 настайдаа Жесси Жеймсийг хөнөөсөн эрийг хөнөөвөл алдартай болно гэж мөрөөдсөн Эдуард О'Келлей гэгчийн гарт мөн л буудуулан амиа алдсан байна. Өдгөө Фордын булш төрөлх Миссуригийнх нь Ричмонд хотод байдаг бөгөөд булшных нь чулуун дээр "Жесси Жеймсийг хөнөөсөн хүн" гэсэн үг сийлээтэй байдаг аж.
38 насандаа тоглолтынхоо үеэр тайзан дээр амиа алдсан Pantera, Damageplan зэрэг хамтлагийн хөгжимчин Даймбэг Дарреллийн жинхэнэ нэр нь Даррелл Лэнс Абботт юм. Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг хүнд метал гитарчдын нэг байсан гэж үздэг. Түүнийг 2004 оны арванхоёрдугаар сарын 8-нд Damageplan (Дэмэжплэн) хамтлагтайгаа Охайо мужийн Колумбус хотын нэгэн шөнийн клубт тоглож байхад нь Натан Гэйл гэх шүтэн бишрэгч нь буудан хөнөөжээ. Дарреллийг хамгаалах гэсэн ч чадаагүй хамтлагийн хамгаалалтын албаны дарга, мөн өөр нэг үзэгч, тухайн клубын ажилчин гэсэн Дарреллтэй нийлээд нийт дөрвөн хүн Гэйлийн гарт амиа алдсан байна. Алуурчныг харин Колумбус хотын цагдаагийн нэгэн офицер хэргийн газарт буудан хороожээ. Pantera хамтлагийн улаан фэн байсан гэх Натан Гэйл чухам ямар шалтгаанаар аллага үйлдсэн нь одоо ч тодорхойгүй байна.
Оросын романтизмын онцгой төлөөлөгч, Кавказын найрагч гэгддэг Михаил Лермонтов хэдий богинохон насалсан ч ид залуудаа алдар нэрийн оргилд хүрч, Пушкинээс хойших Оросын хамгийн чухал уран бүтээлч гэгдэх болжээ. Түүнийг эр, эм, хөгшин, залуугүй шүтэн биширч зохиолынх нь дүрүүдийг дуурайн хувцаслаж, дэгжирхэх хүн ч цөөнгүй байж. Тийм нэг шүтэн бишрэгч нь болох, Лермонтовтой цэргийн сургуульд цуг сурч байсан гэх Николай Мартынов гэгч залуу эр бүр урт сэлэм зүүж, Кавказын адыги ястны хувцас өмсөн, яг л Лермонтовын зохиолын романтик баатар шиг биеэ авч явдаг байлаа. Лермонтов харин шүтэн бишрэгчээ шоолж, элдэв янзаар элэглэсэн нь Мартыновыг хилэгнүүлж, залуу найрагчийг ирүүл тулаанд дуудахад хүргэжээ. Ингээд Пятигорск хотын захад 1841 оны долдугаар сарын 25-ны өдөр 26-хан настай Лермонтов Мартыновын суманд оногдон амиа алдсан байна. Долдугаар сарын 30-нд нь болсон оршуулгын ёслолд нь хэдэн мянган хүн оролцсон байдаг.
1978 онд алдарт "Версаче" компанийг үүсгэн байгуулсан Италийн нэрт загвар зохион бүтээгч Жианни Версаче 1997 оны долдугаар сарын 15-ны өдөр Майами дахь эдлэнгийнхээ гадаа Эндрю Кунанан гэх цуврал алуурчны гарт амиа алдсан билээ. Нийт таван хүний аминд хүрсэн Кунананыг 1990 онд Версачетэй уулзаж байсан, Кунанан алдарт загвар зохион бүтээгчтэй өөрийгөө найз гэж хүмүүст сайрхан ярьдаг байсан, түүнийг мөшгөж дагадаг байсан зэргийг цагдаа нар хожим олж тогтоожээ. Гэхдээ Версачегийн гэр бүлийнхэн үүнийг эрс няцаадаг байдаг. Версаче ижил хүйстэн байсан бөгөөд Кунананыг түүнд ухаангүй дурласан байсан гэж таамагладаг хүмүүс ч бий. Эндрю Кунанан хамгийн сүүлийн аллагаа үйлдэхдээ 27-той байсан бөгөөд Версачег хөнөөснөөсөө найм хоногийн дараа толгойдоо сум зоон амиа хорложээ. Харин Жианни Версаче 50 настай байлаа.
2020 онд Billboard сэтгүүлээс явуулсан санал асуулгаар Бүх цаг үеийн шилдгийн шилдэг латин дуучдын гуравт бичигдсэн Селена 23-хан настайдаа фэн клубынхээ тэргүүн Иоланда Салдивар гэх эмэгтэйн гарт амиа алджээ. Салдивар Техасын Сан Антонио хотын уугуул бөгөөд анх төрөлх хотдоо Селенагийн фэн клуб байгуулах хүсэлтээ илэрхийлж, Селанатай танилцаж байж. Удалгүй дуучин бүсгүйтэй дотнын найз нөхөд болж, мөнгө санхүүг нь хүртэл хариуцдаг менежер нь болжээ. Харин 1995 оны эхээр бараг 30 мянган доллар шамшигдуулсан нь илэрч Селенатай хэд хэдэн удаа ам зөрсөн байна. Эцэстээ маргаан нь хурцдаж, Селенаг санхүүгийн тайлан тооцоогоо өгөхийг шаардахад 1995 оны гуравдугаар сарын 31-ний өдөр түүнийг буудан хороожээ. Салдивар насаараа хоригдох ял сонссон бөгөөд энэ жил 62 хүрч байгаа аж. Америкийн латин гаралтай, испани хэлт иргэдийн дунд "Техано хөгжмийн хатан хаан" гэгддэг Селенагийн цомгууд одоог хүртэл Америкийн хамгийн өндөр борлуулалттай латин цомгууд хэвээр байна.
Магадгүй Колумбаас төрсөн хамгийн алдартай хөлбөмбөгчин болох Андрес Эскобар (1967-1994) ганц алдаа гаргаснаасаа болж амиа алдсан юм. Тэрээр 1994 оны зургадугаар сарын 22-нд ДАШТ-ий Америк-Колумбын хэсгийн тоглолтын үеэр өөрийн талын хаалганд санаандгүй гоол оруулж, Америкийн багийг 2:1-ээр хожиход нь "тусалчихжээ". Харин Колумбыг ДАШТ-ээс хасагдсанаас тав хоногийн дараа буюу долдугаар сарын 2-нд нь түүнийг Медельин хотын нэгэн машины зогсоол дээр машин дотроо ганцаараа байхад нь гурван этгээд халдаж, зургаан удаа буудан хороосон байна. Алуурчин бууны гохоо дарах тоолондоо "Гоол!" гэж орилж байсан гэдэг. Хэрэг болсон орой цагдаа нар Умберто Кастро Муноз гэх хар тамхины наймаачныг баривчилж, цаадах нь ч хийсэн хэргээ тэр дор нь хүлээжээ. Хэсгийн тоглолтод өндөр бооцоо тавьж, түүнийгээ алдсандаа хорссон Муноз Эскобарыг хөнөөхөөр хүн хөлсөлсөн байж. Түүнд 43 жил хорих ял оноосон ч хүмүүжсэн хэмээн үзэж 2005 онд хугацаанаас нь өмнө суллажээ. Харин бууны гох дарсан мөнөөх гурван этгээдийг хэрэгт татаагүй байна.
"Битлз"-ийг олон жил шүтсэн Марк Чепмэн 1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо Жон Ленноныг араас нь дөрвөн удаа буудан хөнөөсөн юм. Энэ бол Чепмэний буугаа гаргахаас хэдхэн хормын өмнөх зураг. Тухайн үед түүнийг алдартай болох гэж хүний аминд хүрсэн гэлцэж байсан ч хожим өөрийнх нь мэдүүлснээр Ленноны 1966 онд хэлсэн "Битлз одоо Есүсээс ч алдартай болсон" гэх үгэнд, бас баян чинээлэг амьдралын хэв маягт нь хорссондоо аллага үйлдэхээр шийджээ. Түүнийхээр Леннон "бурхнаас ч, Битлзээс ч урвасан" байж. Мөн Сэлинжерийн "Тариан талбайн дунд" зохиолын гол дүр, хоёр нүүртнүүдийг үзэн яддаг Холден Колфилд хүүг дуурайхыг хүссэн гэж мэдүүлсэн байдаг. Чепмэн анх 20 жилийн ял авсан ч одоо ч торны ард байгаа. Түүнийг батлан даалтаар суллах гэсэн 12 дахь хүсэлтийг энэ оны эхээр буцаажээ. Хэрэг үйлдэхдээ 25-тай байсан Чепмэн одоо 67-той бол Леннон амиа алдахдаа дөнгөж 40 хүрч байлаа.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.