Echo and Narcissus - John William Waterhouse (1903)
Эх сурвалж: "Уран зурагт элдэв түүх"
Echo (Greek: Ἠχώ, Ēkhō, "echo", from ἦχος (ēchos), "sound")
Нэг ярихаараа хэзээ зогсохоо мэддэггүй дэндүү яриа дагина Эхогийн тухай эртний грекийн бурхдын домог үлгэрүүдэд гардаг билээ. Нэг цаанаасаа яриасаг, хаана ч, хэнтэй ч, ямар ч сэдвээр яриа дэлгэхэд бэлэн хүмүүс байдаг даа.
Бурхдын бурхан Зевс маш олон нууц амрагтай, шалиг нэгэн байсан гэдгийг хүмүүс мэддэг. Аянгын эзэн Зевс уулын дагинасыг эргүүлж зугаацаж байх хооронд Зевсийн эхнэр Хераг Эхо дагина элдэв сонин хачин зүйлс ярьж саатуулдаг байв. Нэг өдөр энэ залийг мэдсэн Хера хөөрхий Эхогийн дуу хоолойг үгүй болгож зөвхөн бусдын хэлсэн юмсын сүүлийн хэдхэн үгийг давтаж яриахаас өөрөөр дуугарч чадахгүй болгожээ.
Мөн өөр нэгэн домогт өгүүлснээр Эхог эргүүлж, гэрлээч гэж гуйх энгийн эрчүүд болон мөнх настай бурхад олон байсан ч бүгдэд нь тэрээр татгалздаг байв. Түүнд дурласан Пан хэмээх бурханд мөн л татгалзсан хариу өгч, харин гомдож хорссон Пан түүнийг дуу хоолойг авч бусдын хэлсэн үгийг давтдаг болгож хараасан гэнэ.
Юутай ч тэр энэхүү хараалаасаа болж ихэд зовжээ. Эхо голын дагина Лэйриопын хүү Нарцисст дурласан боловч сэтгэлээ илчилж чадсангүй. Учир нь тэрээр хүний үгийг давтахаас өөрөөр яаж ч чадахгүй шүү дээ. Нарцисс маш гоо үзэсгэлэнтэй сайхан залуу байсан бөгөөд эр эм хүйсийн маш олон хүмүүс түүнд дурлаж байж. (Тэр үед ч ижил хүйстний харилцааг ер нь нэг их тоодоггүй байсан юм биш үү). Нарциссын гоо сайхныг биширч анхаарлыг татах гэдэг Амейнус хэмээх эр байв. Нарцисс хариуд нь "тэр сэтгэлээ батал" гээд чинжаал өгч явуулжээ. Амэйнус чинжаалаар амиа хорлож, бурхад энэ явдалд хилэгнэн Нарциссыг шийтгэж гэнэ. Анчдын бурхан Артемис Нарциссыг "хэзээ ч бүтэхгүй, хичнээн хайрлаж дурлавч өөрийг нь эргэж хайрлахгүй тийм хайртай учраг" гэж хараажээ. Ингээд Нарцисс Теспиа голоос ус уухаар тонгойхдоо санаандгүй өөрийнхөө усанд туссан тусгалд дурлаж хором ч хөдөлж чадахаа болив. Нарцисс голын эрэг дээр өөрийнхөө тусгалыг ширтэн хажууд нь гуйн зогсох хөөрхий Эхог ч анзааралгүй үхэн үхтлээ тэндээсээ хөдлөлгүй хэвтжээ.
Өөрөө өөрийнхөө гадаад төрхөнд хэт татагдах, биеийн гоо сайхандаа их анхаарал хандуулах, өөртөө дурлах сэтгэл зүйн эмгэгийг Нарциссын хам шинж (Narcissism) хэмээн тодорхойлдог гэнэ. (Архаг сельфичид ойлгож байгаа байлгүй дээ хихи. Гэнэт урд талын камер нээгдэхээр бас хааяа цочдог шүү тийм ээ)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.