Арав.мн

Game of Thrones: Тайвин Ланнистерын түүх

Game of Thrones: Тайвин Ланнистерын түүх

Жорж Р. Р. Мартины “Гал мөсний дуун” номноос сэдэвлэн бүтээсэн “Хаан ширээний тоглоом” кино дэлхий нийтийг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй, хамгийн өндөр орлого олсон цуврал болоод байгаа билээ. Кино, ном хоёрын хооронд зөрүү их байдаг. Тухайлбал, номон дээр гардаг түүхүүд кинон дээр төдийлөн дурдагддаггүй. Мартины бүтээсэн гайхамшигт ертөнцийг бүрэн ойлгохын тулд та номыг нь уншиж, ихээхэн судалгаа хийсэн байх хэрэгтэй болдог. Иймд энэ удаа уншигч та бүхэнд кинон дээр гардаг цагалбараас өмнөх үеийн түүхээс оруулж, багахан ч болов ойлголт өгөхийг зорьж байна.

“Гал мөсний дуун” зохиолын хамгийн гол гэр бүлүүдийн нэг болох Ланнистерын удмын хамгийн агуу удирдагч Тайвин Ланнистерын түүхийг шимтэн уншина уу.


08

Шүдгүй арслангууд ба Хаздаг арслан

“Инээмтгий арслан” хочит Лорд Тайтос Ланнистер нь сул доройгоос гадна Кастерли Рокийн алтыг хүссэн хүнд нь зээлдүүлдэг, тэд нь ч авсан мөнгөө буцааж өгөх талаар боддоггүй байснаас гадна тангараг өргөсөн бага лордууд нь ч араар нь тэднийг “шүдгүй арслангууд” хэмээн шоолж, ашиглаж, эмс хүүхнүүд ч гэр бүлийн гоёл чимэглэлийг нь хулгайлдаг байв.

Харин Лорд Тайтосын ууган хүү болох Тайвин Ланнистер нь төрөлхийн хэрсүү, шийдмэг, зоригтой нэгэн байжээ. Нялх байхад нь өвөө нь тэврээд, шаргал үсээр нь тоглож эхлэхэд гарыг нь хазсан ба үүний дараа “Энэ арслангаар тогловол хазуулна” гэх үг дэлгэрч байв.

Ланнистерийн гэр бүлийн сүр хүч үгүй болж, бусдын доог тохуу болж байгааг харж тэсээгүй тэрээр эцгийнхээ байж чадаагүй тэр хүн нь байх болно гэж өөртөө андгайлсан юм. Хэнтэй ч ямар ч үед зоримог ярьж, хэлэх гэснээ хэлчихдэг байсан бөгөөд аравхан настай байхдаа өөрийн дүү Женнаг Ихэр цамхагийн эзэн Лорд Валдер Фрэйн хоёр дахь хүүтэй сүй тавиулахад ганцаараа эсэргүүцэн танхим дүүрэн хүний өмнө Фрэйн гэр бүл болон эцгээ доромжилж байв.

Энэ явдалд нь уурласан Тайтос хүүгээ Кингс Лэндинг руу Жахерис хаанд хүчин зүтгүүлэхээр явуулсан байна.


07

Залуу Тайвин

Тайвин нь Кингс Лэндингд байхдаа ирээдүйн галзуу хаан Аерис болон Роберт хааны эцэг Стеффон Баратеон нартай дотно нөхөрлөж, хамтдаа өсчээ. Хүлэг баатар цолыг мөн л залуудаа авсан бөгөөд Найнпенни хаадын дайнд тулалдсан.

261 онд Ланнистерийн гэр бүлд тангараг өргөсөн Тарбак болон Рэйн гэх хоёр том гэр бүлийн бослогыг маш шийдэмгийгээр түргэн дарж, тэдний гэр бүлийг бүхэлд нь хүйс тэмтэрснээр Тайвины хүч чадал олонд танигдаж эхэлсэн байна. Энэ үед Жахерис хаан өөд болж, түүний анд Аерис хаан ширээнд заларсан бөгөөд 20 настай Тайвиныг өөрийн Гар болгов.

Хааны гар болсноор Тайвин эзэнт гүрнийг цэцэглүүлэх гол ажлаа эхэлсэн байна. Тухайлбал

- Шинэ зам барьж, хуучин замыг засварлахын хажуугаар гол боомтууд дээрх худалдааны татварыг бууруулсан.

- Чөлөөт хотуудтай хийх арилжаа наймааг нэмэгдүүлсэн.

- Том гэр бүлүүдийн таалалд зориулж тэмцээн уралдаануудыг зарладаг байсан.

- Талхандаа үртэс хийж байгаад баригдсан нарийн боовчид, адууны махыг үхрийн мах гэж зардаг нядлагчдыг хатуу шийтгэв.

- Төмөр банкнаас Жахерис хааны зээлсэн мөнгийг төлөхгүйгээр дайтах гэсэн Аерисыг тайвшруулж, өөрийн хөрөнгөөр хааны өрийг төлөв. Ингэснээр Браавостой хийх худалдаа наймааг хэвээр үлдээжээ.


06

Үнэнч хайр

Тайвин Ланнистер өөрийн эхнэр Жоаннагаа хүүхэд байхын таньдаг байсан бөгөөд бие биедээ үнэхээр хайртай байжээ. Жоанна нь түүнийг инээлгэдэг байсан цорын ганц хүн байсан бөгөөд “жинхэнэ” Тайвиныг мэддэг ганц хүн нь гэгддэг байв. Тэдний дундаас ихэр хүү, охин төрөв.


05

Аерисын атаархал

Лорд Тайтос шатнаас унаж үхсэний дараа Тайвин Кастерли Рокийн Лорд болов. Үүссэн нөхцөл байдлыг цэгцлэхээр Тайвин гэртээ харьж, түүнийг даган Аерис болон түүний залгамжлагч Раегар хоёр Кастерли Рокт ирж хагас жил амьдарчээ. Тэндээс тэд эзэнт гүрнээ захирч байв. Харин буцаж ирсний дараа Аерис, Тайвин хоёрын нөхөрлөл муудаж эхлэв.

Аерис хаан бол нэр төдий бөгөөд Долоон хаант улсын жинхэнэ удирдагч нь Тайвин гэх хүмүүсийн шивнээ хааны чихэнд хүрч, улмаар хэт хүчирхэгжиж буй Тайвины зөвлөмжөөс зөрсөн шийдвэр гаргаж эхлэв. “Хаан идэж, гар нь баасыг нь тосдог” гэгч нь болж болчимгүй үйлдлүүдийн буруутнаар нь Тайвин тодорч байв. Цаашлаад Аерис албаар Тайвиныг олны өмнө гутаах үйлдлүүд хийдэг болов. Тайвин энэ бүх доромжлолыг дуугүй тэвчин өнгөрч байлаа. Тэр ч бүү хэл Хаан ширээнд заларсны 10 жилийн ойгоор Жоанна ихрүүдээ авчрахад Аерис хаан хүүхдээ хөхүүлснээс болж хөх нь унжиж, муухай болсон уу, өмнө нь сайхан байсан гэх мэтээр олон нийтийн өмнө шившиг болгожээ. Хилэгнэсэн Тайвин маргааш нь огцрох хүсэлтээ өгсөн ч татгалзсан хариу авсан байна.

Жоанна Кингс Лэндингд ирсэнээс хойш Тайвин Жоанна хоёр уулзаж чадаагүй боловч дараагийн жил нь Тирион Ланнистер мэндэлсэн нь Аерис хаан Жоаннаг хүчиндсэн гэх таамгийн үндэс болдог. Цус ойртсон Таргариануудын хүүхдүүд Тирион шиг байсан тохиолдол хэд хэд байдаг нь энэ таамгийг мөн хүчирхэгжүүлдэг. Ямартай ч Жоанна Тирионыг төрүүлээд нас барсан бөгөөд эртний андуудын нөхөрлөл ор мөргүй алга болох нь тэр.

Гэхдээ Тайвиныг явуулчихвал өөрийнх нь эсрэг босох магадлалтай гэж Аерис хаан эмээн албаар хажуудаа байлгаж, Варис мэт тагнуулчдыг эгнээндээ нэгтгэн түүнийг хянах болов. Өөрөө ч хэрцгий балмад үйлдлүүдээ нийтийн өмнө хийх боллоо. Эхнэр нь зулбахад эх баригчийг нь цаазалж, дараад нь нууц амрагаа буруутган гэр бүлээр нь тамлан алав.

Удалгүй Висерис хунтайж мэндэлжээ. Висерисийн төрсөн өдөрт зориулж Тайвин томоохон тэмцээн наадам зохион байгуулав. Энэ тэмцээнд 17 настай залгамжлагч ханхүү Раегар олноос онцгойрч, Сэр Барристан Селмиг хүртэл ялж, аваргын тэмцээнд Сэр Артур Дэйнд ялагдав.

Тэмцээний орой Тайвин өөрийн охин Серсиг Раегартай сүй тавих хүсэлтийг тавихад Аерис хаан түүнд "Хэдийгээр чи сайн зарц ч гэлээ луу зарцтай гэрлэхгүй" хэмээн доромжилж, татгалзсан байна. Тэр бүү хэл Жэймиг Раегарын туслах болгох саналыг нь мөн авч хэлэлцээгүй байна.


04

Аерисыг алах оролдлого буюу Тайвины найдвар

Дараагийн жил нь Аерис хааныг хөнөөх оролдлого болов. Даскиндэйлийн Лорд Денис Дарклин газар нутагтаа арилжааны татварыг бууруулж, илүү хараат бус захиргаа тогтоох хүслээ илэрхийлэв. Хааны гар Тайвин үүнд татгалзсан хариу өгөв. Гэтэл Лорд Дэнис амархан бууж өгсөнгүйгээр барахгүй Аерис хааныг ордондоо урив. Хаантай уулзах хүн өөрөө очдог байтал Лорд Дэнис хааныг дуудаж байгаа нь сэжиг төрүүлж байлаа. Энэ үед Аерис хаан Тайвины зөвлөсний яг эсрэгийг нь хийдэг зуршилтай болчихсон байв. Үүнийг нь ч Тайвин маш чадмаг ашигласан байна. Тэрээр Аерисыг яасан ч явж болохгүй гэж зөвлөхөд Аерис зөрж заавал явна гэв. Явахаар бол цэргийн том хүчтэй явах хэрэгтэй гэж зөвлөхөд Аерис зөрж нэгхэн цагаан нөмрөгт баатартай цөөн хүнтэй явжээ.

Энэ нь ч Тайвины таамагласны дагуу /эсвэл төлөвлөсний дагуу/ мэдээж урхи байж, Аерис хаан Лорд Дэнисийн олзны хүн болж орхих нь тэр. Тайвин Аерисыг суллах гэсэн оролдлого хийх л юм бол түүнийг хөнөөнө гэх сүрдүүлгийг үл тоомсорлон хаант гүрний томоохон цэргийн хүчийг цуглуулж, ордныг бүслэлтэд авчээ. Сүрдсэн Лорд Дэнис хэд хэдэн удаа зөвшилцөх хүсэлт тавьсан ч Тайвин үүнийг хүлээж авалгүй, ямар ч болзолгүйгээр бууж өгөхийг шаардсаар байжээ. Бүслэлт хагас жил үргэлжилж, Тайвин сүүлийн сануулгаа Даскиндэйлийн лордод хүргүүлэв. Энэ нь бууж өгөхгүй бол хааны арми шөнөдөө цайзын ханыг нурааж, бүгдийг хүйс тэмтэрнэ гэсэн шаардлага байв.

Бага зөвлөлийнхөн хааны амь насанд аюул учруулна гэж эсэргүүцэхэд Тайвин тэдний дунд зогсож буй залгамжлагч ханхүү Раегар руу хуруугаараа заан “Бидэнд илүү сайн хаан байна” гэж хэлсэн байна.

Ийнхүү тэд цайз руу дайрахаар бэлдэж байхад Сэр Барристан Селми ганцаараа цайз руу орж, хааныг аврах баатарлаг санал тавьсан байна. Боломжгүй гэж бодсон Тайвин үүнийг зөвшөөрсөн байна. Гэтэл Сэр Барристан биелэгдэшгүй даалгаврыг биелүүлж, хааныг аварчээ. Үүний дараа хааны цэргүүд цайз руу дайрч, газартай нь тэгшилсэн байна.


03

Аерисын галзуурал

Аврагдсан Аерис өөртөө хэнийг ч хүргэхээ болив. Үс, хумсаа ургуулж, усанд орохоос ч татгалзав. Хааны хамгаалагч баатруудаас өөр хэн ч мэс зүүх эрхгүй болов. Тэрээр Тайвин болон Раегар хоёрыг өөрийг нь алахаар хуйвалдсан гэж хардаж, өөрийгөө бүгдээс тусгаарлажээ. Магадгүй энэ нь ч үнэн бөгөөд Аерис галзуураагүй байсан гэхэд ч буруутахгүй байх. Олон нийтийн дунд харин “Галзуу хаан” гэх нэр тархаж /хэн нэгэн тарааж?/, дээр нь түүний хэрцгий үйлдлүүд “галзуурсан” гэх үгийг нотолж байлаа.

Аерис хаан ногоон галд донтов.

Багын анд Стеффон Баратеоныг Аерис өөрийн хүү Раегарт тохирох Валирийн цуст бүсгүйг олж ирэхийг тушаав. Стеффон бүтэлгүйтсэн бөгөөд түүний аялж байсан хөлөг онгоц живэхийг Роберт, Станнис хөвгүүд нь цайзнаасаа харсан юм.

Үүний дараа ДрагонСтөүнд амьдрах болсон ханхүү Раегар Эллия Мартеллтай сүй тавьж, улмаар гэрлэсэн байна. Гэвч амь насанд нь халдах оролдлого гарч болзошгүй гэж айсан Аерис хуриманд нь очоогүйгээр барахгүй бага хүү Висерисийг мөн явахыг хоригложээ. Аав хүү хоёрын хоорондын хагарал хурцдаж, Раегар ууган хүүхдээ эцэгтээ танилцуулахаар очиход Аерис хаан хүүхдэд хүрэхээс татгалзсан төдийгүй Дорны үнэр ханхалж байна гэж доромжилжээ.


02

Харренхаллын наадам буюу Раегарын /Тайвины/ хуйвалдаан

Харренхаллын Лорд Освелл Вент өөрийн охины төрсөн өдөрт зориулж урьд өмнө байгаагүй хэмжээний шагналын сантай наадам зарлав. Тэмцээний ялагчид Хааны тэмцээний ялагчид өгдгөөс гурав дахин их шагнал амласан нь хаант улсын өнцөг булан бүрээс лордууд, баатруудыг цуглуулсан байна. Вентэд үнэндээ ийм хэмжээний наадам зохион байгуулах хөрөнгө байхгүй байсан бөгөөд түүний ард Хааны гар Тайвин Ланнистер эсвэл угсаа залгамжлах ханхүү Раегар хоёр ивээн тэтгэсэн гэх таамаг байдаг.

Олон нийтийн дунд энэ наадам нь цаад утгаараа Раегарыг хаан ширээнд залах зорилготой байсан гэх яриа газар авч байлаа. Жавхлант Раегарыг харсан хэн ч галзуу Аерисаас илүү хаан болно гэж бодох нь тодорхой байв. Аерис хаан ч удаан хугацаанд Кингс Лэндингийг орхиогүй тул наадамд ирэхгүй байх магадлал өндөр байлаа. Ирсэн ч гэсэн Галзуу хааны галзуурлыг харсан хэнбугай ч Аерисын үе өнгөрснийг ойлгох байв.

Ямартай ч Галзуу хаан ирэв. Үс, сахал нь  ургачихсан, угаагдаагүй, хумс нь хүртэл ургасан хаан Жэйми Ланнистерыг Хааны хамгаалагчаар “өргөмжилж” Тайвины ганц угсаа залгамжлах хүнийг нэгэн одой хүү болгосон нь Тайвины тэвчээрийг эцэст нь хүргэжээ. Тэрээр цэргүүдээ аван Кастерли Рок руугаа буцав.

Харин ханхүү Раегар морьт баатрын тэмцээнд түрүүлснийхээ дараа гоо үзэсгэлэнгийн хатнаар Робертын сүйт бүсгүй, Старкуудын охин Лианнаг өргөмжилснөөр Мартеллууд болон Баратеоныг гутааж орхисон байна. /Энэ үйлдлийн учрыг бид удахгүй мэдэх биз ээ. Үнэхээр дурлачихсан уу, эсвэл өөр зорилготой байв уу?/ Хэсэг хугацааны дараа Раегар Лианнаг хулгайлсан юм.

Брэндон Старк баригдаж, түүнийг суллуулах гэсэн Лорд Рикард Старкын хамт Галзуу хаан Аерисын гарт амь үрэгдэж, дайн эхлэв.


01

Дүгнэлт

Роберт болон Раегар хоёрын шийдвэрлэх тулаан болов. Тайвин Ланнистер өөрийн 12 мянган цэргээ аваад Кингс Лэндинг руу явав. Дайнд хэн нь ялснаас үл хамааран Тайвин өөрийнхөө өшөөг Галзуу хаанаас авахаар бүхнийг зохион байгуулсан байна. Раегар ялбал Галзуу хааныг сэнтийгээс унагах бүх нөхцлийг бүрдүүлчихсэн байлаа. Харин Роберт ялахад бүх хар ажлыг нь хийгээд, мөн л Галзуу хааныг унагаачихсан байна. Цаашид өөрийн охиноо хатан болгож, гэр бүлийнхээ сүр хүчийг бататгаж чадсан байна. Тайвин Хааны гарын суудлаас Хаант гүрнийг захирч байх хугацаанд Вестеросын эдийн засаг эрс сайжирч, 20 жилийн турш хөгжин цэцэглэсэн юм. Харамсалтай нь түүний энэ бүх хичээл зүтгэлийг ихрүүд нь хоорондоо хурьцан үгүй хийж, өөрөө бага хүүгийнхээ /яг мөн үү???/ гарт амь үрэгдсэнээр түүний бүх түүх замхран одож байгаа нь хамгийн харамсалтай.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (12)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Энэ үнэн түүх байна би яг ийм түүхийн ном байгаа Ялан гуяа Үнсгэлжин
+1
ёстой сайхан нийтлэл байнө
+6
цааш нь үргэлжлүүлээд оруулаарай
+2
nuurgui humuusiin tuhai medee bga yu
+1
вааав л дааа
+8
Маш их юм ойлголоо байярлалаа. Сэр Барристан Селми ч залуудаа бас л лаадаг байсан юм шиг бна хаха
+2
Баярлалаа
+1
nice news
+3
sonirholtoi l ym bn
+6
Бүдүүн Сэмийн аавын түүх болон Мормонтын талаар бичээд өгөөч.
+14
Өөр юуны талаар уншмаар байна?
+7
сонирхолтой байлаа. Ахиад цааш нь үргэлжлүүлэх үү?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start