Арав.мн

Алдагдаж үгүй болсон 10 онцгой ном

Алдагдаж үгүй болсон 10 онцгой ном

Хүн төрөлхтний урт удаан түүхэнд хэчнээн урлагийн бүтээл алдагдаж үгүй болсныг, хэд нь нэгэн цагт оршин байсан мэдээллээ ч үлдээлгүй уран бүтээлчийнхээ юм уу, өрөөл бусдын гарт устгагдсаныг хэн ч хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж чадахгүй. Харин тэр олон бүтээл туурвилаас бүтээгдээд байсан нь баттай, магадгүй бүр түгэн дэлгэрээд байсан, гэвч эгнэгт үгүй болсон 10 онцгой номыг дор онцолж байна. 


10

"Хувь ерөөлт нээлт"

14 дүгээр зууны дунд үед нэр нь үл мэдэгдэх нэгэн лам Английн Оксфорд хотоос ер бусын аялалд гарч, Хойд туйлын бүслүүрт хүрсэн анхны европчуудын нэг болжээ. Тэрээр аяллынхаа талаар "Хувь ерөөлт нээлт" (Inventio Fortunata) хэмээх ном бичиж 1360-аад онд Английн Гуравдугаар Эдуард хаанд өргөн барьсан байна. Гэвч уг номын зургаан ч хуулбар байсан гэх ч бүгд ор сураггүй болсны дээр өөр нэг ламын хэдэн жилийн дараа тэмдэглэж үлдээсэн товчлол нь ч устаж үгүй болжээ. Хожуу үеийнхэн уг номын талаар мэдэх болсон нь Брабантын аялагч Якоб вон Кноксын 1370 оны нэгэн тэмдэглэл болон Флемингийн газрын зураг бүтээгч Герард Меркатороос Английн одон орон судлаач Жон Дийнд 1577 онд илгээсэн захидалтай холбоотой юм. Меркатор л гэхэд 1569 онд бүтээсэн дэлхийн газрын зургаа "Хувь ерөөлт нээлт" хэмээх өөрийнхөө огт олж хараагүй, гэхдээ доторх агуулгыг нь олонтоо сонссон гайхамшигт бүтээлд суурилан бүтээснээ тэмдэглэн үлдээжээ. Өрнө дахины газарзүйн их нээлтүүд хийгдэхэд түлхэц болсон, орчин цагийн анхны глобус болон анхны боловсронгуй газрын зургийг бүтээхэд гол эх сурвалж нь болсон гэх уг номын зохиогч нь чухам хэн гэдэг хүн байсан нь өнөө ч тодорхойгүй байна. 


09

Хомерийн "Маргит"

Нийтийн тооллын өмнөх 700-аад оны үед бичигдсэн гэх Хомерийн анхны найраглал "Маргит" нь Маргит хэмээх усан тэнэг эрийн тухай (Маргит эцэг эхийнхээ хэнээс нь төрснөө ч мэддэггүй) хошин жүжиг байжээ. Уг жүжиг тухайн цагтаа ихэд алдартай байсан нь эртний Арабын гүн ухаанч, яруу найрагч Филодем хүртэл "Маргит шиг мулгуу" гэх хэлц ашигласнаас харж болно. Энэ хэлцээс гадна Аристотель, Платон, Зенобий нарын зохиол бүтээлдээ дурдсан "Маргит"-ийн эшлэлүүд уг алдагдсан зохиолоос үлдсэн тоотой хэдхэн эх сурвалж болон хоцорчээ. Аристотелийн тэмдэглэснээр "Илиада", "Одиссей" хоёр эмгэнэлт зохиолын ямархан ноён оргил билээ, "Маргит" шог хошин зохиол дотроо яг тийм ноён оргил, онцгой чухал бүтээл байж. Харамсалтай нь, жүжгийн эх болох үйсэн хуйлмалууд элэгдэх нь элэгдэж, алга болох нь алга болсоор үлдсэн цөөн хэд нь хамгийн сүүлд одоогийн Каир хотын өмнөд хэсэгт оршиж байсан Оксиринх гэх хотоос олдсон гэх мэдээ байдаг байна. 


08

Шекспирийн "Карденио"

1613 онд анх тайзнаа тавигдсан Шекспирийн уг жүжиг Сервантесийн "Дон Кихот" романы нэгэн дүрийн түүхийг дэлгэрүүлсэн бүтээл байсан бололтой. "Дон Кихот"-д Кардениог Морена хэмээх ууланд аж төрдөг, хайртай эмэгтэйнхээ урвалтаас болж сэтгэлээр унаж, эцэс сүүлдээ эрүүл ухаанаа алддаг, шулуун шударга залуу эр хэмээн харуулдаг. Харин Шекспирийн "Карденио"-гийн үйл явдал ямар байсан нь тодорхойгүй бөгөөд уг жүжиг бүрэн эхээрээ хаачсан, юу болсон нь мэдэгдэхгүй алга болжээ. Зохиогчийн эрхийн бүртгэл гэх Английн албан ёсны бүртгэлийн санд 1653 онд "Карденио"-г Шекспир болон түүний хамтрагч Жон Флетчер нарын нэр дээр бүртгэсэн байдгаас өөрөөр уг жүжигтэй холбогдох албан баримт одоогоор олдоогүй байна. 1727 онд Льюс Теобальд гэх хүн "Давхар худал" гэх жүжиг хэвлүүлснээ "Карденио"-гийн гурван өөр хувилбарын нийлбэр гэж мэдүүлсэн ч баттай үгүйг нь судлаачид тогтоож чадаагүй аж.


07

"Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй түүх" зохиолын эх хувилбар

1886 онд анх хэвлэгдсэн "Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй түүх" бол дэлхийн хамгийн алдартай зохиолын нэг билээ. Барууны утга зохиол, соёл урлагт гүн гүнзгий мөрөө үлдээсэн уг бүтээлийг харин зохиогчийн эхнэрийн хатуу шүүмж байгаагүй бол үе үеийн уншигчид уншихгүй байх байлаа. Роберт Льюс Стивенсоны эхнэр Фэнни Стивенсон "Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй түүх"-ийн эх хувилбарыг "утгагүй", "дутуу дулимаг", "далд санаагүй" гэх зэргээр шүүмжилж, У.Э.Хэнли хэмээх найздаа илгээсэн захидалдаа "Манай хүн хамгийн сайн бүтээлээ туурвичихлаа гэж эндүүрээд байх юм. Би харин түүнийг нь чамд хурдхан шиг харуулчхаад шууд шатаана" гэж бичжээ. Уг захидал 2000 онд л олдсон байна. Хатагтай Стивенсоны бичсэнээр нөхөр нь гуравхан өдрийн дотор 30 мянган үгтэй дээрх зохиолыг бичихдээ эрүүл ухаанаа алдсан байж. Тиймээс ч тэр хэлсэндээ хүрч, нөхрийнхөө "хамгийн сайн" гэх бүтээлийг шатааж орхижээ. Харин Роберт Льюс Стивенсон эхнэртээ хэдий уурлаж хилэгнэсэн ч шүүмжлэлийг нь хүлээн авч, үгүй болсон зохиолоо ахин бичсэн нь эдүгээ алдартай болсон "Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй түүх" юм. 


06

Хэмингуэйн 23 хүртлээ бичсэн бараг бүх өгүүллэг, тэмдэглэл

Эрнест Хэмингуэй 1922 онд нэгэн номын дэлгүүрт Эзра Паундтай санаандгүй тааралдаж, цаадах нь залуу эрийг ихэд үнэлэн хожмоо Жеймс Жойстой танилцуулсан түүх бий. Энэ гурван алдартай зохиолч нэгэн үе "архины найзууд" болцгоож, Хэмингуэй Паундтай цуг Италиар аялан, 1924 онд бүр нэг гудамжинд амьдарч байсан гэх яриа ч байдаг. Энэ бүхнийг дурдахын учир Хэмингуэй чухам Паундтай танилцах үедээ, мөн дараахан нь Парист хэсэг зуур амьдрахдаа нийт 88 өгүүллэг бичсэн гэх бөгөөд Грек, Туркийн дайны талаар болон "Испанид алтан жад загас барьсан нь", "Европын хулд загас: Хамгийн сайн нь Испанийнх" зэрэг аян замын тэмдэглэлүүд бичжээ. Гэтэл анхны эхнэр Хадли нь тэр бүх бүтээлийг нь Америкийн сэтгүүлч, зохиолч Линкольн Стиффенст үзүүлэхээр 1922 оны арванхоёрдугаар сард Парисаас Женев рүү авч явахдаа галт тэрэгний буудлаас алдчихсан байна. Тэр үед Женевт байсан Хэмингуэй бүх ажлаа орхиод Парист яаран ирсэн гэдэг. Гэсэн ч тэр хүртэл бичсэн бараг бүх өгүүллэг, тэмдэглэл нь сураггүй болсноор барахгүй давхар хуулбар нь болдог гар бичмэлийнх нь хортой хар цаасыг хүртэл эхнэр нь үдээстэй цааснуудынх нь дунд хавчуулчихсан байжээ. Хэмингуэй өөрийнх нь хэлснээр "аймшигтай том энэ гарз хохирол"-оо насан туршаа мартаагүйн дээр Хадлигаас таван жилийн дараа салахад нь чухам энэ явдал нөлөөлсөн тухай хожим цухуйлгасан байдаг. 


05

Силвия Платын "Давхар илчлэлт"

20 дугаар зууны хамгийн нэр нөлөөтэй яруу найрагчдын нэг болох Америкийн яруу найрагч Силвия Плат хэдэн зуун шүлгээс гадна хагас намтарчилсан "Шилэн бүрхүүл дор" гэх ганц роман бичиж үлдээсэн билээ. Гэвч тэрээр өөр нэг роман бичсэн нь "Давхар илчлэлт" нэртэй, хараахан дуусаагүй бүтээл байж. "Шилэн бүрхүүл дор" романаа "ганц ашгийн төлөө" гэж тодорхойлж байсан Плат хоёр дахь романаа харин "маш зугаатай, хөгжилтэй" гэж тэмдэглэсэн байна. Плат 1963 оны хоёрдугаар сард амиа хорлосон бөгөөд хагас дутуу бичиж үлдээсэн бүтээлүүдийг нь салаад удаагүй байсан нөхөр нь буюу яруу найрагч Тед Хьюз шатаасан гэдэг. Түүнийг хоёр хүүхдээ хамгаалахын тулд эхнэрийнхээ тэмдэглэл, дутуу ажлуудыг үгүй хийсэн гэдэг ч Силвия Платын ээж охиныхоо гар бичмэлүүдийг өөрийн гараар устгасан гэх яриа ч байдаг байна. Чухам аль нь үнэн болохыг өдгөө мэдэх аргагүй юм. 


04

Архимедийн "Бөмбөрцөг болон бортогын тухайд"

Эртний Грекийн агуу математикч, физикч, одон орон судлаач, зохион бүтээгч Архимед нийтийн тооллын өмнөх 212 онд Ромын халдлагын үеэр Сиракуз аралд нэгэн ром цэргийн мэсэнд амиа алджээ. Түүнийг нас барснаас 100 гаруй жилийн дараа Ромын уран илтгэгч Цицерон Архимедийн бүтээсэн гэх хоёр бөмбөрцөгийн талаар ихэд дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж үлдээсэн байна. Мөнөөх хоёр бөмбөрцөгийн нэг нь оддын байршлыг зурагласан бол нөгөө нь гараг эрхсийн орчил хөдөлгөөн болон дэлхийгээс нар, сарны харагдах байдлыг тэмдэглэсэн байж. Харин тун боловсронгуй, алдаа мадаг багатай байсан гэх уг хоёр бөмбөрцөгийг хэрхэн бүтээх тухай "Бөмбөрцөг болон бортогын тухайд" гэх Архимедийн нэгэн ном байсан нь Сиракузын халдлагаар устаж үгүй болжээ. Архимедийг өөрийн боловсруулсан онол, онцгой зохиол бүтээлүүдээ дайсны гарт алдахгүй гэхдээ зарим бичвэрээ өөрийн гараар шатаасан гэх таамаг ч байдаг аж. 


03

Мин гүрний Юнлө хааны нэвтэрхий толь

Хятадын Мин гүрний гуравдугаар хаан Юнлөгийн зарлигаар 1403-1408 оны хооронд бүтээгдсэн уг нэвтэрхий толь нийтдээ 22937 хуйлмал буюу бүлэгтэй, 11095 хэсэгтэй асар том бүтээл байсан ч өдгөө 3.5 хувь нь л үлдэж хоцорчээ. 2007 оны сүүлчээр Wikipedia цахим нэвтэрхий толь ашиглалтад орох хүртэл буюу бараг бүтэн 600 жил дэлхийн түүхэн дэх хамгийн том нэвтэрхий толь гэгдэж байсан уг бүтээлийн ихэнх хэсэг нь Хар тамхины хоёрдугаар дайны үед болон Ихэтуаны бослогын үеэр устаж үгүй болсон байна. Юнлө хаан эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлдэг байснаас Ханлин хүрээлэнгийн 100 гаруй эрдэмтэн мэргэдийг цуглуулж, утга зохиолын ховор нандин номуудыг хуулбарлахыг анх даалгажээ. Харин энэ ажил нь аажмаар өргөжин тэлж, ерөнхийн мэдлэгийн бүхий л хүрээг, тэр дундаа түүх, гүн ухаан, уран зураг, шинжлэх ухааны сэдвүүдийг хамарсан цогц бүтээл болсон нь эцэстээ 370 сая гаруй хятад ханз агуулсан байсан гэдэг. Энэ нь ойролцоогоор 250 сая англи үг буюу "Британника" нэвтэрхий толиос бараг зургаа дахин зузаан гэсэн үг юм. Юнлө хаан нэвтэрхий тольдоо ихэд сэтгэл хангалуун байснаас эцсийн бүтээлийг өөрийн оны цолоор нэрлэж, өмнө нь урт гэгчийн удиртгал бичиж өгчээ. Өдгөө дээрх 3.5 хувьд багтах 221 хэсэг бусаг бүлэг нь Бээжин дэх Хятадын Үндэсний номын санд, 62 хэсэг нь Тайпэй дэх Үндэсний Ордон музейд хадгалагдаж байна. 


02

"Амьгүй албатууд"-ын хоёрдугаар дэвтэр

Оросын утга зохиол дахь хамгийн алдартай уран элэглэгч Николай Гоголь Дантегийн "Тэнгэрлэг туульс"-аас санаа авч, гурван дэвтэр төлөвлөсний эхнийх нь 1842 онд хэвлэгдсэн бөгөөд тэр бүтээлийг нь өнөө бид "Амьгүй албатууд" нэрээр нь мэдэх билээ. Харин хоёр дахь дэвтрийг нь ганц л хүн уншсан нь Эцэг Матвей Константиновский хэмээх хувраг бөгөөд Гоголийг нүгэл үйлдлээ хэмээн ихэд шүүмжилж, номоо устгахыг ятгасан байна. Сэтгэлээр унаж шаналсан, хэзээний бие муутай Гоголь 1852 оны хоёрдугаар сарын 24-ний хүйтэн үдэш "Амьгүй албатууд"-ынхаа хоёр дахь дэвтрийг шатаачхаад ес хоног хоол ундгүй орондоо хэвтсээр гуравдугаар сарын 4-нд нь амьсгал хураажээ. Тэрээр номоо шатаасныхаа дараа тун их харамссан гэх бөгөөд хийсэн алдаагаа "чөтгөрийн даажигнал" гэж нэрийдсэн байдаг.


01

Ацтек, майя судрууд

Месоамерикийн уугуул иргэдийн нахуатль хэлээр бичигдсэн ацтек, майячуудын өдөр тутмын амьдрал, ахуй соёл, үүх түүхийг өгүүлэх зурагт судруудыг түүхчид Испанийн эзлэн түрэмгийллээс 100 гаруй жилийн өмнө бүтээгдсэн байсан гэж таамагладаг. Гэвч олонх нь одоо ор мөргүй устаж үгүй болсон тул үүнээс ч эрт дээр үеийн ном судрууд бас байсан нь баттай юм. Модны холтос, үйс, бугын хатаасан арьсан судруудын тухай анх Эрнан Кортесийн удирдсан 600 орчим цэрэг Ацтекийн нутагт хөл тавихад буюу 1519 онд испаничууд тэмдэглэл хөтлөн үлдээжээ. Сүм хийд, номын сангуудад байсан тэр олон ном судрын дийлэнхийг жирийн испани түрэмгийлэгчдээс гадна католик лам хуврагууд үгүй хийсэн байна. Олон орны судлаачид олон зууны явцад Колумбын нээлтээс өмнөх үед хамаарах нийт 434 зурагт дардас олсон нь өндөр соёл иргэншилтэй байсан Месоамерикийн уугуул иргэдийн бичгийн их өвийн тун өчүүхэн бага хэсэг болох нь тодорхой. Тэдгээрийн бараг тэн хагас нь Мексикийн нутгаас олдсон бөгөөд ацтек, майя, микстек, отоми, запотек зэрэг хэчнээн олон үндэстэн, угсаатны хэр олон оюуны үнэт бүтээл үүрд үрэгдэж алдагдсаныг өдгөө бүрэн гүйцэд олж мэдэх ямар ч аргагүй юм. Месоамерикийн уугуул иргэдийн тэр олон ном судар устаж үгүй болсон явдлыг эртний Александрия хотын номын сан шатаж сүйдсэнтэй адилтган жишдэг хүмүүс ч бий. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start