Арав.мн

Сталины Зөвлөлт Оросын аймшигт 10 үнэн

Сталины Зөвлөлт Оросын аймшигт 10 үнэн

В.И.Ленин 1924 онд таалал төгсөхөд Лев Троцкий засгийн эрхийг гартаа авах нь бараг тодорхой гэж хүмүүс бодож байлаа. Гэтэл 1929 онд Иосиф Сталин улс төрийн бүх өрсөлдөгчөө устган, бүхнийг өөрийн болгосон билээ. Зөвлөлт Холбоот Улсыг 1953 онд нас барах хүртлээ удирдах хугацаандаа газар тариалан, мал аж ахуйд суурилсан хоцрогдсон улсыг цөмийн зэвсэгтэй супер гүрэн болгож чадсан юм. Энэ үйл хэрэг нь гайхалтай хэдий ч үүнд хүрэхийн тулд асар их хохирол учруулсан билээ. Сталины Зөвлөлт улс ажилчин ангийн хувьд диваажин гэж ярих хүн байх ч үнэндээ түүхэн дэх хамгийн аймшигт дарангуйлагчийн гар дор дарлагдсан захиргаадлын орон байсан юм.


10

1932-33 оны их өлсгөлөн

1920-иод оноос эхэлсэн өлсгөлөн 1932-33 оны хооронд дээд цэгтээ хүрсэн юм.
1929 онд Оросын нийт хүн амын 80 хувь нь газар тариалан, мал аж ахуйгаар амьдардаг байлаа. Тэдний амьдралын хэв маяг хэдэн үеийн турш өөрчлөгдөөгүй байсан энэ үед Сталин тариачин ангийн эсрэг иргэний дайн гэгчийг зарласан юм. Түүний төлөвлөгөөний дагуу газар тариаланг орчин үеийн болгож, аж үйлдвэрлэлжүүлэх нь ЗХУ-ын ирээдүйн гол хүчин зүйл байсан аж. Чинээлэг тариачдыг хөдөөний капиталистууд хэмээн зарлаж, Сибирийн хорих ангиуд руу цөлж байлаа. Харин үлдсэн хүмүүсээс газар, малыг нь булаан авч, улсын мэдлийн нийтийн талбай дээр ажилладаг болов.

Олон малчид мал амьтнаа улсад өгснөөс өөрсдөө нядалсан нь дээр хэмээн үзсэнээс болж асар их хор хөнөөл дагуулсан хүнсний дутагдал үүсчээ. Үр тарианы тариалан буурсан ч улсаас тогтоосон нормыг заавал биелүүлэх ёстой байв. Арми болон нууц цагдаа нар авч болох бүхнийг авч, зарим тохиолдолд бүтэн тосгоныг өлсгөлөнд автуулж үлдээж эхлэв. Нэг ширхэг буудай ч болов хулгайлж байгаад баригдсан тариачныг газар дээр нь буудан хороодог байжээ.

Хот, тосгонуудад үй олон шарилын нүх ухагдав. Зарим газар үхсэн хүмүүсээ булах ч тэнхэлгүй болсон хүмүүс цогцсуудыг овоолон тавьж байжээ. Ард иргэд нь өлсгөлөнгөөс болж үхэж байх энэ үед Сталин үр тариагаа асар их хэмжээгээр нь экспортолж, ЗХУ-ын аж үйлдвэрлэлийн хувьсгалыг санхүүжүүлэх мөнгө босгож байсан юм. Өлсгөлөн 1932-33 оны хугацаанд үргэлжлэхдээ сая сая хүний аминд хүрсэн билээ.


09

Их айдас

Сергей Киров 17 дахь Их хурлаар үг хэлж буй нь

Сталины хэрцгий арга барил, өдөр ирэх тутам хүчирхэгжиж байгаа байдал нь Зөвлөлтийн зарим улстөрчдийн санааг зовоож байлаа. 1934 оны эхээр Коммунист намын Зөвлөлийн 17 дахь Их хурлаар Сталинд 100 гаруй сөрөг санал ирэв. Энэ нь “дайсан хаа сайгүй бий” гэх Сталины бодлыг баталгаажуулж, өөрийг нь унагах гэсэн хүмүүсээр хүрээлүүлсэн байгаа гэж бодоход хүргэв. Байр суурийг нь унагах гэсэн бүх аюулыг устгах зорилгоор Сталин намаа бүхэлд нь цэвэрлэж эхлэв. Түүний эсрэг байр суурьтай болон эсрэг байж магадгүй гэсэн бүх хүнийг баривчилж байлаа. Ингээд 17 дахь Их хуралд оролцсон 1996 хүний талаас илүү нь 1939 оны төгсгөл гэхэд шоронд орсон байжээ. Тэдний дийлэнхийг нь Сталины нууц цагдаа нар хороож, үлдсэнийг нь Сибирь рүү цөлсөн байдгаас маш цөөхөн хүн нь л эргэн ирсэн байдаг.

Их айдас намын дээд төвшний хүмүүсээр хязгаарлагдсангүй. Аюул учруулж болзошгүй гэж бодсон хэнийг ч хамаагүй алахад бэлэн байсан Сталины үйл хэрэгт буруугүй гэдгээ яаж ч баталсан нэмэргүй байсан юм. Эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид бүгд бай болж байв. Улаан арми ялгаагүй хохиров. Тоо томшгүй олон оффицерыг үнэнч биш байсан хэмээн огцруулж, цаазалсан байдаг.

Цэвэрлэх ажил нийгмийн давхрага бүрт халдвар лугаа тархаж, яргалалтаас бага ч болов зайлсхийхийн тулд гэм зэмгүй хүмүүс хүртэл өөрийн хийгээгүй хэргийг хүлээж, эсвэл найзуудаа гүтгэж байв. 1938 оны сүүл гэхэд Их айдас бага зэрэг намжсан ч сая гаруй хүн баривчлагдаж, хагас сая гаруй хүн цаазлагдсан байсан юм. Сталин бүх хүчийг гартаа бат авч, түүний эсрэг өчүүхэн төдий шүүмжлэл, үнэнч бус байдлын сэжүүр өгч болохгүй гэсэн ойлголт бүх хүний мах цусанд нь шингэсэн байлаа. 


08

НКВД-ын ил боловч нууц ажиллагаа

ЗХУ 69 жил оршин тогтнох хугацаанд нууц цагдаа нар янз бүрийн нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Сталины үед буюу 1934 оноос 1953 оны хугацаанд Дотоод Хэргийн Ардын Комиссариат буюу НКВД гэдэг нэртэй байжээ. Хуулиас гадуур, намын харъяат бус НКВД зөвхөн Сталины тушаалыг биелүүлдэг байжээ. Сталин тэднийг ашиглан 170 гаруй сая ард түмний дунд айдас төрүүлж байв. Нууц цагдаа нараас айх айдас Зөвлөлт улсын бүхий л төвшинд ижил байлаа. Хүн бүрт алга болсон найз, эсвэл хамаатан садан байсан юм. НКВД-ын үйл ажиллагаа нь ил тод боловч нууц байв.

Сталины хүч чадлын гол тулгуур болсон НКВД-ын даргаар сонгогдсон хэн боловч улсын хоёр дахь хүчирхэг хүн болж байсан юм. Тус байгууллагын анхны дарга Генрих Ягода өөрөө баривчлагдан, тамлуулж, Сталины тушаалаар цаазлуулсан байдаг. Түүний дараа энэ албыг авсан Николай Ежов мөн л ижил хувь тавилантай учирсан билээ.


07

Сталины баруун гарын хүн нь садист, цуврал алуурчин байв

Зөвхөн онцгой харгис бас зальтай хүн л Сталины НКВД-ын даргаар удаан ажиллаж чадна. Лаврентий Берия чухам тийм хүн байлаа. Сталины охины хэлснээр Берия "харанхуй улс төрийн" ухааны хувьд Сталиныг ч давахуйц гоц ухаантан байсан гэдэг. Николай Ежовын дараа НКВД-ын даргаар томилогдсон Берия өөрийгөө Сталины хажууд үлдээхийн төлөө юу ч хамаагүй хийдэг бялдууч нэгэн байв. Дээр нь ажилдаа үнэхээр дуртай. Огт унтахгүйгээр хэдэн өдрийг хүн тамлахад зарцуулахаас буцдаггүй.

Сталины тушаалаар хүн алаагүй үедээ өөрийгөө зугаацуулах гэж хүн алдаг байв. Түүний бууны ноход гудамжаар хэсүүчилж, залуу бүсгүйчүүдийг авчран Бериягаар хүчиндүүлж, алуулдаг байсан гэдэг. Мэдээж түүний хийдэг зүйлсийг Сталин мэддэг байсан боловч өөрт нь үнэнч, дээр нь үр дүнтэй ажиллаж байвал бусад хүн зовох нь асуудал биш байжээ.

Бериягийн жинхэнэ дүр Сталиныг нас барах үед илрэв. Берия олон жил зүтгэсэн хүнийхээ цогцсыг хараад, дээр нь нулимж, инээмсэглэсэн юм. Тэрээр төрийн удирдлагыг авах дараагийн хүн байна гэж олон хүн бодож байсан ч дарангуйлагч үхсэнээр Берияг хамгаалах хүн үгүй болж, хийж байсан гэм нүглийнхээ төлөө баривчлагдан, цаазлуулжээ. Бусдын амийг бүрэлгэхдээ нүдээ ч цавчдаггүй байсан НКВД-ын экс-дарга нус нулимсандаа хутгалдан, өвдөг сөгдөн амийг нь өршөөхийг гуйж байсан гэдэг. Түүний аманд даавуу чихэн, толгойд нь буудан хөнөөжээ.


06

Шашныг дарж байлаа

Карл Маркс нэгэнтээ шашин шүтлэг бол ард түмнийг мансууруулагч хар тамхи юм хэмээн хэлж байв. Түүний үзэж байснаар бусдыг мөлжин амьдарч байсан капиталист ангийнхан пролетариудыг дарж, тогтоохын тулд шашныг ашигладаг байсан аж. Харин зөв ажиллаж байгаа коммунист нийгэмд шашны хэрэг байхгүй болно гэж үзэж байлаа. Гэхдээ Сталинд шашныг дарах өөр шалтгаан байсан нь өөрөөс нь илүү их хүчинд хүмүүс итгэнэ гэж боддог байсан явдал аж.

Оросын Үнэн алдартны шашин Зөвлөлт холбоот улсын гол шашин байсан ба католик, протестант, иудей, ислам болон өөр шашнууд ч оршин байдаг байв. Лениний үед эхэлсэн шашингүйжүүлэх бодлого Сталины үед улам эрчимчиж байлаа. Шашны уран зохиолын хөгжлийг зогсоож, сургуулиудад атейзмыг сурталчилдаг байв. Шүтлэгтэй нэгнийг нь хавчин гадуурхаж, зарим сүм хийдийг шатаан, номлогчдыг нууц цагдаа нар авлаж байсан юм. 


05

Аугаа их эх орны дайн

1941 оны 6-р сарын 22-ны өдөр Гитлерийн Нацист Герман улс Сталины ЗХУ руу дайрав. Хоёр тоталитар гүрний асар том хэмжээний энэ мөргөлдөөний ялагч нь Дэлхийн II дайны хувь заяаг шийдэх байлаа. Зөвлөлтийн хувьд энэ дайныг Аугаа их эх орны дайн хэмээн нэрлэдэг.

Ийм хэмжээний дайралтыг тэсч чадах ганцхан гүрэн нь ЗХУ байсан юм. Улаан арми дайсны нүсэр армийн эсрэг хүчин мөхөстөж, ухрах үед Сталин бүгдийг сүйтгэх тушаал өгсөн байдаг. Худгуудыг хордуулж, тариан талбайг шатаан, авч явж чадахгүй бүх малаа алж, зарим тохиолдолд жижиг хотуудыг бүхэлд нь галдсан гэдэг. Түймэрдсэн газар нутаг дээр энгийн ард иргэд хэрхэн амь зогоох вэ гэдэгт огт анхаарал хандуулаагүй аж. Түүний үзэж байснаар зөвхөн цэргүүд бус, энгийн иргэд мөн адил бүхнээ золиослох ёстой байжээ. Улаан арми хэдийгээр цэрэг ихтэй ч зэр зэвсэг, бэлтгэл дутмаг байлаа. Дайснаас зугтаалгахгүйн тулд арын шугаманд автомат буутай бүтэн батальон байрлаж, зугтах гэсэн хэнийг ч болов устгах үүрэгтэй байсан юм.

1945 оны 5 дугаар сард Герман ялагдах үед Сталины нэр хүнд олон улсын тавцан дээр урьд хожид байгаагүйгээрээ өндөрт мандсан байдаг. Гэвч дайнаас болж ЗХУ 27 сая хүртэл (!!!) хүнээ алдсан юм. 


04

Дайны хоригдлуудыг урвагч гэж үздэг байв

1945 оны 5 дугаар сард Герман ЗХУ-д бууж өгөх үед Улаан армийн 6 сая орчим цэрэг германчуудад олзлогдсон байдалтай байсан юм. Сая сая энгийн иргэд ч баривчлагдаж, хөдөлмөрийн лагерьт хоригдож байв. Тэд Британи, Америкийн эзэмшлийн газар нутаг дээр байрлаж байлаа. Харин Сталин тэднийг бүгдийг нь ЗХУ руу буцаахыг шаардсан юм.

Барууны холбоотнууд энэ “хэвийн” хүсэлтээс татгалзах шалтгаангүй байсан тул дайны дараах Европоос 4 сая орчим хүнийг эх орон руу нь буцаасан аж. Гэхдээ Сталины толгойд өөр бодол байжээ. Түүний үзэж байснаар дайсанд олзлогдсон хүн бүр эх орноосоо урвасан хэрэг байлаа. Энэ ял өөрийнх нь гэр бүлийнхэнд ч үйлчилсэн юм. Сталины төрсөн хүү 1941 онд германчуудад олзлогдсон байдаг. Тэглээ гээд зөвлөлтийн их удирдагч түүнийг суллуулах тал дээр ямар ч оролдлого хийгээгүй аж.

ЗХУ-даа эргэн ирсэн цэргүүд болон энгийн иргэд хорих анги руу илгээгдэж, НКВД-аар байцаагдаж байлаа. Азтай нэг нь гэртээ харьсан бол дайснуудтай хамтран ажилласан гэх өчүүхэн төдий сэжүүр өгсөн хэнийг ч болов цаазлах, эсвэл Сибирь рүү илгээж байсан гэдэг.


03

Зөвлөлтийн хамгийн нөлөөтэй хүмүүсийг ч байнга доромжилдог байв

Иосиф Сталинд хошин шогийн мэдрэмж байсан ч тэр нь энгийн бус байдлаар илэрдэг байв. Өөрийг нь доромжилсон жижиг зүйлийг ч өршөөдөггүй байсан Сталин бусдыг доромжлох маш дуртай, түүнээсээ их таашаал авдаг байжээ. Дарангуйлагчийн хийх дуртай байсан зүйлсийн нэг нь өглөө болтол туслагчидтайгаа архи ууж суух байв. Гүржийн тариачин гаралтай Сталин архи маш сайн даадаг байв. Гэхдээ заримдаа тэр зөвхөн ус ууж суух ба хамт суугаа хүмүүсээ өөрийгөө захирч чадахгүй болтол нь согтоодог байсан гэнэ. Никита Хрущев 1953 онд Сталиныг үхсэний дараа ЗХУ-ын удирдлагыг гартаа авсан хүн. Гэтэл тэр нэг удаа Сталиныг хөгжөөхийн тулд үндэсний бүжиг бүжиглэх ёстой болж байсан тухай дурссан байдаг.
“Сталин чамайг бүжиглэ гэвэл ухаантай л бол хэн ч байсан бүжиглэх хэрэгтэй”.


02

Сибирийн хорих лагериуд

Бүтэн жилийн турш хөлдүүгээрээ байх мянга мянган километр үргэлжлэх Сибирь бол дэлхий дээрх хамгийн хахир хатуу цаг агаартай газар билээ. Тэртээ 1700-гаад оноос хойш улс төрийн хэрэгтнүүдийг цөлж байсан энэ газарт Сталин өөрөө ч залуу хувьсгалч байхдаа хоригдож байсан юм. Сибирийн хөдөлмөрийн лагерийн хорих систем Сталинаас ч өмнө оршин байсан ч засгийн эрхийг тэрээр гартаа авснаар улам харгис болгосон байдаг.

Нацист Германы хорих лагериудаас ялгаатай нь хоригдлуудыг алах зориулалттай биш хэдий ч ялгаагүй хэрцгий байжээ. Өлсөж үхэх аюул үргэлж заналхийлж байдаг энэ газар хорих анги бүхэлдээ, хоригдол, харгалзагч, нохдынхоо хамт хөлдөж үхэх тохиолдлууд гардаг байжээ. Сталины тушаалаар Сибирийн хорих лагериуд руу 6 сая орчим хүнийг илгээсэн юм.


01

Тахин шүтүүлэх хүслэн

Сталин хэдийгээр аймшигтай дарангуйлагч байсан ч сая сая хүний цусаар гараа будсан нэгэн биш, бүхий л амьдралаа ЗХУ болон ард түмнийхээ төлөө зориулсан том ах, эцэг, улс төрийн суут ухаантан гэсэн байдлаар олон нийтэд алдаршихыг хүсдэг байлаа. Хэдийгээр тэрээр олон нийтийн өмнө маш ховор гарч ирэх ч түүний хөрөг зураг бүх албан газар, үйлдвэр, хичээлийн танхим, айлын гэрт байв. Радио, сонин сэтгүүлээр түүний гоц ухааны талаар ярих бол сургуулиудад Оросын хувьсгал, Иргэний дайны ач холбогдлыг дөвийлгөн шинэчлэн бичсэн түүхийг заадаг байв. Түүний эсрэг дуугарсан хэний ч амыг ямар ч эргэлзээгүйгээр таглана.

Гитлер, Муссолини нартай харьцуулахад Сталин олон нийтийн өмнө сайн ярьж чаддаггүй дарангуйлагч байв. Тэгсэн хэдий ч түүнийг ярьж дуусах үед бүгд нижигнэтэл алга ташдаг байлаа. Алга ташихгүй бол НКВД-ын нууц цагдаа нар тэднийг баривчилна гэдгийг бүгд мэддэг байсан юм. 


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-20
Түүхийг бичихдээ эх сурвалжтай нь бичих хэрэгтэй. Их гүрэнг байгуулсан хэн ч гэсэн золиос гаргаж байж зорилгодоо хүрдэг. Тэгвэл та нар америкийн иргэний дайн, японы шогун нарын хоорон дохь дайн, францын хувьсгал, голландын хөрөнгтөний хувьсгал, мао зедунын хятад гээд уншаад үз. Гол нь үр дүн.
+12
Яаагаад сталины хэлмэгдүүлсэн Тэр арван хэдэн сая хүний талаар хэн ч ярихгүй мөртлөө Хитлэр ийн устгасан 6сая. Еврэй чүүдийн талаар одоо хүртэл ярьсаар байгаа юм вэ Одоо тэр еврэйчүүд чинь Дэлхий дахинг эзлээд зогсохгүй өмнөхөөсөө ч хэд дахин олон болж үржсээр бөйна шүү дээ
+6
шинээр зохиох ёстой байсан юм болов уу хаха
+5
Шинэ мэдээ гэсэн гарчиг хаа байна?
-8
Шинэ мэдээлэл нэг ч алга :(
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start