Түүхийг өөрчилсөн спортын 10 үйл явдал
Хүн бол нийгмийн амьтан. Хүмүүсийн бие биетэйгээ харилцаа тогтоох нэг хэлбэр бол хоорондоо тоглож, наадах юм. Насанд хүрсэн хүмүүс тоглоом, уралдааныг илүү нухацтай авч үзэн өрсөлдөх бол үүнийг спорт гэнэ. Харин спорт зөвхөн хүний эрүүл мэнд, бие бялдарт нөлөөлөөд зогсохгүй, хүн төрөлхтний түүхэнд маш чухал өөрчлөлтүүдийг авчирсан байдаг. Улс үндэстнүүд болон хувь хүмүүсийн хоорондоо өрсөлдөж, шилдэгээ тодруулахын эрмэлздэг энэ спортын өрсөлдөөн ямар нэг байдлаар түүхэнд нөлөө үзүүлж байсан гэхэд гайхах зүйл үгүй.
Эдгээрээс 10 онцлох үйл явдлыг танилцуулъя.
Томоохон хэмжээний спортын тэмцээний дараа үймээн самуун болж л байдаг. Зарим хөгжөөн дэмжигчид багаа ялагдлаа хэмээн үймээн самуун дэгдээдэг бол зарим нь баг нь яллаа хэмээн эмх замбараагүй байдал үүсгэдэг. Гэхдээ эрт цагийн үймээн самуунтай одоогийнхыг харьцуулах аргагүй юм.
Тухайлбал, Ромчуудын хувьд морин уралдаан маш том бизнес байжээ. Эдгээрээс хамгийн баян тамирчин нь Гайус Аппулейус Диоклес байсан гэдэг. Тэрээр НТ 2 дугаар зууны үед амьдарч байсан морин тэрэгчин-тамирчин байсан ба өнөө цагийнхаар бол олон тэрбум долларын хөрөнгөтэй нэгэн байсан аж. Одоо цагийн адилаар үзэгчдийн дунд бооцоо тавих нь их, үүнийгээ дагаад маш их мөнгө эргэлддэг байв. Хүмүүс дэмждэг баг дээрээ их хэмжээний мөнгө тавьдаг байлаа.
Ромчуудын хувьд морин тэргийн дөрвөн гол багтай байсан нь Улаанууд, Цагаанууд, Ногоонууд болон Цэнхэрүүд юм. Харин нийслэл хот нь Константинополь руу нүүх үед зөвхөн Ногоонууд болон Цэнхэрүүд үлдсэн байна. Иймд хөгжөөн дэмжигчид хоёр хэсэгт хуваагдах болжээ. Ердөө хоёрхон сонголттой байсан ард иргэдийн хувьд энэ спорт улс төрийн хувь заяа, хүний амь насыг ч шийдвэрлэж мэдэх чухал сонголт байсан аж. Нийтийн тооллын 501 онд Ногоон багийнхан Цэнхэрүүд рүү дайрч, 3000 хүний аминд хүрч байжээ.
Харин НТ 532 онд Эзэн хаан Жустиниан энэ үймээн самууны эсрэг шийдмэг алхам хийснээс болж байдал улам хурцдан, ард иргэд бослого гаргасан байна. Хааны эсрэг Ногоонууд болон Цэнхэрүүд хоорондоо нэгдэж, “Ника!” (“Ялалт”) хэмээн хашгирч, нийслэл хотоо галдан шатааж эхэлсэн байна. Тэр бүү хэл Эзэн хааны өрсөлдөгчийг Ромын Эзэн хаанаар өргөмжилсөн байдаг. Үүний хариуд Жустиниан хаан цэрэг хөдөлгөн, босогчдыг бүслэн авч, цэнгэлдэх хүрээлэнд шахаж байгаад бүгдийг нь хөнөөсөн юм. Судалгаанаас үзэхэд 30 мянга гаруй хүн буюу тухайн үеийн нийт хүн амын 10% нь энэ явдлаас болж амиа алдсан аж.
09
Ширээний теннисээр үүссэн дипломат харилцаа
Хүйтэн дайн дэлхийг хоёр хувааж орхисон билээ. Коммунист орнууд барууныхны эсрэг хана хэрэм босгов. Тухайн үед БНХАУ бол коммунист орнуудаас хамгийн хатуу чанга, нэвтрэх боломжгүй улсуудын нэг байжээ. Харин энэхүү хана хэрмийг пинг понг буюу ширээний теннисний нөхөрсөг тэмцээний ачаар буулгасан билээ. “Time” сэтгүүлд энэ үйл явдлыг “Дэлхий даяар сонсогдсон ‘пинг’ ” хэмээн нэрлэж байв.
Тодруулбал, АНУ-ын ширээний теннисний баг 1971 онд Япон улсад тоглож байх үед БНХАУ-аас айлчлан ирж, аялан тоглолт хийгээч гэсэн урилга ирсэн байлаа. Энэ бол америкчуудад Комминуст Хятадаас ирсэн анхны урилга байсан юм. Энэ боломжийг Ерөнхийлөгч Никсон маш чадварлаг ашигласан байна. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг шигшээ багтайгаа хамт илгээж, дипломат харилцаа тогтоохыг даатгасан байдаг.
Тэр жилдээ Никсон өөрөө БНХАУ-д айлчилсан билээ. Тэрээр энэ айлчлалаа “дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж тайлбарлаж байв. Харын Хятадын Ерөнхий сайд Чоу Эньлай энэ талаар дурсахдаа “Урьд хожид спортын ямар ч үйл явдлыг олон улсын дипломат харилцаа үүсгэхэд ийм үр дүнтэйгээр ашиглаж байсан удаа байхгүй” гэжээ.
08
Хенри VIII-ын бөхийн тэмцээн
XVI зууны үед Европын агуу гүрнүүдийн дунд олон улсын харилцаа байнга асуудал дагуулдаг байв. Арилжаа наймааны асуудал удирдагчдаас бүрэн хамааралтай байсан аж. Хаадын харилцаа ямар байхаас эдгээр үндэстнүүдийн хувь заяа шийдэгдэх нь энүүхэнд. Тухайлбал, 1520 онд Английн хаан Хенри VIII болон Францын хаан Францис I нар уулзаж, хоёр улсын дунд урт удаан хугацаанд үргэлжлэх эв найрамдлыг бий болгохыг зорьжээ.
Энэ уулзалт Калаисын ойролцоо болсон байна. Хаадын уулзалтын бэлтгэл ажил нүсэр хэмжээнд хийгдэж, түүхийн хуудаснаа энэ газрыг “Алтан даавуун тал” хэмээн нэрлэсэн юм. Хоёр хаан өөрийн өгөөмөр зангаараа нөгөөгийнхөө доор орчихгүйг ихэд хичээсэн гэнэ. Ийнхүү хоёр удирдагч уулзан хамт зоог барив. Тэд бүх зүйл дээр бусдаас илүү гэдгээ харуулах гэж өрсөлдөж байсан гэдэг.
Гэтэл Францис хаан Хенритэй барилдая гэсэн санал тавьсан аж. Харамсалтай нь Францис хаан Хенриг дэгээдэн унагасан нь бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхив. Хенри энэ гутамшгийг дуугүй өнгөрүүлсэнгүй. Тэрээр Францисыг Франц хүнээс л гарах заль хэрэглэсэн гэж үзэн уулзалтыг зогсоосон байна.
Үүнээс болж хоёр улсын хооронд ямар ч хэлэлцээр хийгдээгүй бөгөөд уулзалтанд зарцуулсан асар их хөрөнгө салхинд хийсэн алга болсон юм. Хоёр хаан ч цаашид эв түнжин муутай болсон байдаг.
07
Турк, Арменийн хөлбөмбөгийн тэмцээн
Арменчуудыг хомор голон устгасан үйл явдал шиг хүнд сэдэв ховор юм. Дэлхийн 1 дүгээр дайны үед Туркийн арми 1.5 сая Армен хүнийг хөнөөсөн гэдэг. Энэ түүхийг Туркийн зүгээс өөрөөр тайлбарлах нь бий. Харин 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Туркийн шигшээ баг Арменийн багтай тоглох оноолт таарахад тэмцээн олон улсын анхаарлын төвд тодорсон юм.
Учир нь ЗХУ-аас 1991 онд салан тусгаарласнаас хойш Арменийн Засгийн газар Турктэй дипломат харилцаа тогтоох оролдлого хийгээгүй байв. Гамшиг болж мэдэх байсан энэ тэмцээн эсрэгээрээ “хөлбөмбөгийн дипломат харилцаа”-г болсон билээ.
Арменийн Ерөнхийлөгч Серж Саргсян тэмцээний үеэр Туркийн Ерөнхийлөгч Абдуллах Гюлийг индэр дээр хамт суухыг урьсан аж. Тэрбээр “Манай хоёр ард түмний дунд ялгаатай зүйл олон хэдий ч үүнээс үл хамаарч, хоёр улсын түүх соёлын, хүмүүнлэгийн болон спортын харилцаа холбоо хаалттай хилийн цаана ч байсаар байна” гэж Гюльд хэлсэн байдаг. Хэдийгээр энэ уулзалтыг олон хүн эсэргүүцсэн ч тэмцээн Туркийн шигшээ багийн ялалтаар нам тайван өндөрлөсөн билээ. Энэ тэмцээнээс удалгүй хоёр улс албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм.
06
Галын шугам дээрх хөлбөмбөгийн тэмцээн
Дэлхийн 1 дүгээр дайн эхлэх үед Зул сарын баяр гэхэд дайн дуусчихна гэж олон хүн бодож байжээ. Гэвч энэ дайн 4 жилийн турш үргэлжилсэн юм. Ингэж удаан үргэлжилнэ гэж хэн ч бодоогүй нь тодорхой. Европ даяар эрчүүд дайнд оролцохоор бүртгүүлж байв. Тэд армид хурдан орохгүй бол бүх зүйл дуусчихна гэж бодсон хэрэг.
Гэвч 1914 оны Зул сарын баяр гэхэд дайн дуусах болоогүй гэдэг нь тодорхой болсон байлаа. Аварга гүрнүүдийн армиуд бие бие рүүгээ харан шаварт хөндийн хоёр талд байрлаж байв. Баярын үдэш дайсны цэргүүд зул сарын дуу дуулж байгааг нөгөө тал нь сонссон байдаг. Ингээд нуувчин дотроосоо хоёр талын цэргүүд ярилцан, гал зогсоох хэлэлцээр хийж, эцэст нь “хүнгүй бүс”-д цуглан уулзсан билээ. Тэд хоорондоо бэлэг солилцсон ба дараа нь хөлбөмбөг тоглосон билээ. Энэхүү богино хэмжээний гал зогсоох хэлэлцээрийн үр дүнд юу өөрчлөгдсөнийг хэлэхэд бэрх. Нэгнийгээ хөнөөх гэж байсан цэрэг бууныхаа гохыг даралгүй дайсныхаа амийг хэлтрүүлсний ачаар хэдэн хүн амьд үлдсэнийг мэдэх аргагүй. Бууныхаа голоос гараагүй сум магадгүй цаашид Адольф Гитлер болох тавилантай тэр нэгэн залуу цэргийг онох байсан ч юм билүү? Дайснууд бол мангас биш, өөрсөдтэй нь адилхан энгийн л нэг залуус гэдгийг ойлгосон цэргүүдийн сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдсөн бол?
Ямартай ч хоёр талын армийн коммандлагчид энэ явдлаас болж цэргүүд байлдах хүсэлгүй болно гэж үзэн дахин ийм зүйл гаргахыг хориглосон байдаг.
05
Хаад, хатад морь унах хэрэггүй юу?
Хурдан морьдын уралдааныг дээдсийн, тэр тусмаа хаадын спорт гэдэг. Хүчирхэг аргамаг хүлэг дээр мордох нь яагаад ч юм хүч чадлын бэлгэдэл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уран зургийн галлерейд ороод үзэхэд морь унасан удирдагчдын хөрөг маш элбэг байдаг нь үүний нотолгоо. Хэдийгээр морь унах нь сайхан боловч мориноос болж амиа алдсан удирдагчдын тоо маш олон байдаг аж.
Тухайлбал, Английн хаан Уильям I-ийн унаж явсан морь сохор номины ухсан нүхэн дээр гишгэн, бүдрэн унасан байна. Уильям унахдаа эгэмний ясаа хугалсан байдаг. Улмаар түүний бие муудаж, удалгүй таалал төгссөн аж. Уильям хааны өрсөлдөгчид нь сохор номинд зориулан хундага өргөхдөө “хар өмсгөлтэй бяцхан жентелмэний төлөө” гэж баярлаж байсан гэдэг.
Шотландын хаан Александр III харанхуйд морьтойгоо давхиж яваад хавцал руу унаж амиа алдаж байжээ. Пап лам Урбан VI харин аргамаг хүлэг биш, илжигнээсээ унаж үхсэн байдаг. Түүнчлэн, Португалийн хунтайж Альфонзо, Саксоны хаан Фредерик Августус II, Британийн гүн Жоффри, Арагоны Изабелла, Австрийн Леопольд V, Францын Луи IV, Байлдан дагуулагч Уильям, тэр бүү хэл Их эзэн Чингис хаан хүртэл мориноос унаж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг.
Эдгээр аугаа удирдагчид морь унаагүй байсан бол бидний мэдэх түүх өөр байх ч байсан юм билүү?
1913 онд хааны морь мөн л хүний аминд хүрсэн юм. Гэхдээ энэ удаа таалал төгссөн хүн нь хаан байсангүй.
Тэртээ Викторийн үеэс л эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэж ирсэн байдаг. Энэ хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан хийж, олон нийтэд үг хэлэх зэрэг олон арга хэмжээ авч байсан бол 1912 он гэхэд илүү хэрцгий хэлбэр буюу галдан шатаах, тэсрэх бөмбөг, соёлын өвийг сүйтгэх зэрэг хэлбэрт шилжсэн билээ.
Харин 1913 онд Эпсом Дэрби морин уралдааны үеэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эмили Дэвисон уралдааны зам дээр хааны хурдан хүлэг Анмерын замд хөндөлсөн зогссон юм. Тэрээр моринд дайруулсан ба дөрөв хоногийн дараа амиа алджээ. Эмили Дэвисоны золиосын ачаар эмэгтэйчүүд эцэст нь санал өгөх эрхээ олж авч чадсан билээ.
03
Хенри II – Хүлэг баатруудын тулаан
Хаан бол өөрийн хаант улсынхаа бэлэг тэмдэг билээ. Эрүүл саруул, хүчирхэг, сүр жавхлант хаан бол хүчирхэг гүрний гол сүр хүч гэгддэг. Ард иргэд ч өөрсдийг нь аюулаас хамгаалж чаддаг дайчин хаантай байхыг хүсдэг. Иймд хүчирхэг хаан гэдгээ батлахын тулд хаад хүлэг баатруудын тулаанд оролцох нь элбэг байжээ.
1559 онд морьт баатруудын жадны тэмцээн Парис хотод болжээ. Энэ тэмцээнийг Франц, Испанийн хооронд байгуулсан хэлэлцээрийг тэмдэглэх зорилгоор зохион байгуулсан юм. Харин Хенри II хаан эцэж ядарсан байсан ч өөрөө энэ тэмцээнд өрсөлдөхөөр шийдсэн нь буруудсан билээ. Тэрээр өрсөлдөгчийнхөө жаданд сүлбэгдсэн юм. Жад түүний нүд рүү онож, тархинд нь зоогдсон аж. Хенри хаан тэр доороо үхээгүй ба өрөө рүүгээ хүргүүлсэн байна. Эмч нар жадны хэлтэрхийг толгой болон хүзүүнээс нь гаргаж авсан байна. Нэг нүдээ алдах байх гэсэн эмч нарын найдлага талаар болж, 9 хоногийн дараа Хенри II хорвоог орхисон ажээ.
02
Хунтайж Фредерик болон крикетийн бөмбөг
Их Британи улс Хойд Америк тив дэх колониудаа алдахад хүргэсэн нэг зүйл нь крикетийн бөмбөг байх магадлалтай юм. Та магадгүй Их Британийн хаан Фредерик гэж сонсож байгаагүй биз. Учир нь энэ хүн хаан болохынхоо өмнөхөн нас барсан болохоор тэр байх.
Түүхийн хуудаснаа тэмдэглэснээр Фредерик ханхүү бол Жорж II хааны ууган хүү агаад угсаа залгамжлагч ханхүү байсан аж. Нэг удаа тэрээр крикет тоглож байгаад цээжиндээ бөмбөгөнд оногдсон байна. Үүнээс болж идээ бээртэй шарх үүссэн аж. Харамсалтай уг идээ нь гадагшаагаа биш бие рүүгээ хагарснаас болж цус нь бохирдон 1751 он гэхэд таалал төгсжээ. Хунтайжийн үхлийн шалтгааныг эмч нар ингэж тайлбарласан байдаг юм.
Фредерик хунтайж таалал төгссөнөөр түүний хүү нь хаан ширээнд суусан билээ. Угсаа залгамжлах шинэ хунтайж нь өсч том болоод “Галзуу хаан” гэж нэрлэгддэг Жорж III хаан болсон юм. Тэрээр засгийн эрхийг гартаа аваад олон буруу шийдвэр гаргаж ирсэний нэг нь Америк тив дэх колончлогчдын санал хүсэлтийг үл ойшоодог явдал байсан гэнэ. Тусгаар тогтнох талаар төдийлөн бодоогүй байсан шинэ тивийн иргэд үүнээс болж ихэд бухимддаг байсан ба эцэст нь бослого дэгдэн, Британийн армийн эсрэг ялалт байгуулсан билээ.
Хэрэв Фредерик хунтайж крикетийн бөмбөгнөөс болж нас баралгүй хаан ширээнд суусан бол АНУ гэж байх болов уу гэдэг асуулт олон хүний сонирхлыг татсаар ирсэн байдаг нь энэ.
01
Орчин цагийн Олимпийн наадам
Эртний спортын их баяр наадмын уламжлалыг дахин бий болгохоор орчин цагийн Олимпийн наадмыг зохион байгуулах болсон билээ. Орчин цагийн наадмыг үндэслэгч Пьер де Кубертен спортоор дамжуулан олон улс үндэстнүүдийг нэгтгэх хүсэлтэй байсан юм.
Эртний Грек улсад анх энэ наадмыг зохион байгуулах үед хотуудын хооронд эв найрамдал тогтдог байжээ. Тэмцээн явагдаж байх үед дайн, тулаан хийхийг хатуу хориглоно. Энэ уламжлал ч дэлхийн түүхэнд асар олон өөрчлөлтийг авчирсан билээ. Тэд спортын наадамд эмэгтэйчүүдийг оролцохыг хориглодог байв. Эмэгтэйчүүд зөвхөн морь унах л боломжтой байлаа. Үүний нэгэн адил 1896 оны орчин цагийн анхны Олимпийн наадамд зөвхөн эрчүүд өрсөлдсөн байдаг. Барон де Кубертен эмэгтэйчүүдийг “чадваргүй, үзэмжгүй, буруу, сонирхолгүй” гэж боддог байсан гэдэг. Харин 1900 оны Олимпийн наадмаар эмэгтэйчүүд оролцох боломжтой болж, тэд ч мундаг тамирчид гэдгээ баталсан билээ.
Олимпийн наадмыг улс төртэй холбож үзэж ч болно. Берлин хотод болсон 1936 оны наадмаар Нацист Герман улс энэ боломжийг ашиглан өөрийн сүр хүчээ гайхуулсан юм. Тэд Олимпийн бамбарыг дамжуулан, асаах уламжлалыг анх дэлгэрүүлсэн билээ. Яг л энэ Олимпийн наадмаар АНУ-ын гүйлтийн тамирчин Жессе Овенс дөрвөн алтан медаль хүртэж, нацистуудын дэлхийг үнэмшүүлэхээр оролдож байсан цэвэр цустнуудын идеалист санааг улдаа гишгэсэн юм.
Олимпийн наадмыг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл гэж үздэг. Үүгээр олон улсын хэмжээнд тулгараад буй олон ч асуудлыг хөнддөг билээ. Тухайлбал, 1960 оноос эхлэн Паралимпийн наадам зохиогдох болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдол өгсөн.
1968 оны Мехико хотын Олимпийн наадмаар АНУ-ын иргэний эрхийн асуудлыг дэлхийн хэмжээнд хүргэсэн. Тэгэхээр энэхүү спортын наадам ямар хүчтэй гэдгийг ойлгоход бэрх биш юм.
Энэ удаа 2018 оны Пёнчаны өвлийн Олимпийн наадмаар 1945 оноос хойш хуваагдаад буй хоёр Солонгос улсын баг тамирчид нэгдмэл баг гарган оролцох болж байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдал Солонгосын хойг дахь 70 жилийн хурцадмал байдалд цэг тавихыг үгүйсгэх аргагүй билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.