Арав.мн

Биеллээ олоогүй холбооны 10 улс

Биеллээ олоогүй холбооны 10 улс

Польш-Литви, Чехословак, Югослав, Австри-Унгар зэрэг холбооны олон улс байгуулагдаж, хожмоо задарч байсан түүх бий. Эдгээртэй адил олон улс орны нэгдэл байгуулах гэсэн оролдлого ч нэлээд гарч, олонх нь биеллээ ололгүй өнгөрчээ. Дараах жишээнүүдийн зарим нь тун сонирхолтой "төсөл" бол зарим нь ганц нэг хүний сэдсэн галзуу солиотой санаа шиг санагдах вий.


10

Румын-Болгарын Холбоот Улс

Хэд хэдэн удаа нэгдэх гээд амжилт олоогүй тус хоёр улс анх Холбооны улс байгуулахаар 1878 онд хэлэлцээрийн ширээний ард суужээ. Тэгэхдээ бүгд найрамдах засаглалтай нэгдсэн улс болох, эсвэл дундаа нэг хаантай эвслийн улс байгуулах эсэхээ хүртэл ярилцсан байна. Энэхүү санал Болгарт илүү олон дэмжигчтэй байсан нь Болгарын анхдугаар эзэнт гүрний үед болгар, румынчууд нэг дор аж төрж байсантай, мөн Оттоманы эзэнт гүрний үед Болгарын хоёрдугаар эзэнт гүрэн ялагдсанаар хоёр үндэстэн улам эв нэгдэлтэй болон түрэгүүдийн эсрэг хүч хавсарсан ч удалгүй хамтдаа Оттоманы дагуул улс болсонтой холбоотой. Харин эвслийн хаант улсыг нь Румыний тухайн цагийн хаан I Карол юм уу, Баттенбергийн Александр хэмээх герман ханхүү удирдана гэсэн санал гарсны дараа дээрх яриа хэлэлцээ дуусгавар болжээ. Хэдийгээр Балканы хойгт Холбооны улс байгуулж, хүчирхэг эвслийн хүчин байгуулах санаа бүр 18 дугаар зуунаас "моод" болоод байсан ч Австри-Унгар болон Оросын эзэнт гүрний эсэргүүцэл, мөн дотоодын үндсэрхэг үзэлтнүүдээс болж Румын-Болгарын Холбоот Улс байгуулагдаагүй байна.


09

Антиллын Эвслийн Улс

Пуэрто Рикогийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Рамон Эметерио Бетансес 1870 онд Куба, Бүгд найрамдах Доминикан, Пуэрто Рико улсуудыг нэгтгэж эдгээр улс байрладаг бүлэг арлуудын нэрээр Кариб дахь испани хэлтнүүдийн Антиллын Эвслийн Улс хэмээх шинэ улс байгуулах санал гаргажээ. Уг саналыг дэмжиж байсан хэдэн зуун мянган хүн энэхүү шинэхэн нэгдсэн улсад бүр Гаити, Колумбыг хүртэл нэгтгэх хүсэлтэй байсан гэдэг. Бетансесийг дэмжигчдийн дунд өмнө нь Доминикан, Кубын тусгаар тогтнолын төлөө тулалдаж байсан цэргийн томоохон генералууд ч багтаж байлаа. Харин 1898 оны Испани-Америкийн дайны дараа дайнд ялагдсан испаничууд Куба, Пуэрто Риког Америкийн талд шилжүүлэхээр болоход Бетансесийн мөрөөдөл биелэх боломжгүй нь тодорхой болсон байна. Харин "Антиллын арлуудыг антиллчуудад" гэсэн уриандаа насан туршаа үнэнч байсан Бетансес Пуэрто Риког Америкийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гарснаас ердөө хоёр сарын дараа Парист амьсгал хураажээ. 


08

Андын Холбооны Улс

Америкийн эх газрын испани хэлтнүүдийг нэгтгэх өөр нэг санаачилгыг Симон Боливар гаргаж байжээ. Тэрээр эхлээд Испанийн эзэнт гүрний мэдэлд байсан Өмнөд Америкийн бүх газар нутгийг нэгтгэх гэж оролдон, бүр Панамын конгресс гэх томоохон хурал цуглаан зохион байгуулсан байна. Харин энэ нь бүтээгүй тул дараа нь өөрийнхөө чөлөөлсөн гол гурван улс болох Болив, Колумб, Перуг нэг холбооны улс болгохоор зорьж 1822 онд Перу, Колумбын дунд бүр гэрээ хүртэл байгуулаад авчээ. Боливарын санаагаар тус гурван улс дундаа нэг Зэвсэгт хүчинтэй, нэг Засгийн газартай байх ч дор бүрнээ дотоодын хэргээ мэдэхээр байв. Харин Колумб улс илүү эрх мэдэлтэй байх нь, алсдаа Боливар өөрөө хэмжээгүй эрхт эзэн хааны шинжтэй болж ирэх нь нутгийн иргэдэд, тэр дундаа боливчуудад таалагдаагүй тул Андын Холбооны Улс байгуулагдах үндсэн нөхцөл ч бүрэлдэж чадаагүй байна. Үүнд мөн гурван улсын нийслэл хотууд өөр хоорондоо дэндүү зайтай байсан нь, дэд бүтэц, харилцаа холбоо хараахан хөгжөөгүй байсан нь ч давхар нөлөөлжээ. Боливараас гадна Хосе Март нарын хувьсгалчдад бүр ч илүү "солиотой" санаа төрсөн нь Патрия Гранде буюу Агуу эх нутаг хэмээх асар том нэгдсэн гүрэн байгуулах байлаа. Үүнд Латин Америкийн бүх улс, Карибын орнууд, бүр Мексик хүртэл багтаж байв. Дөнгөж тусгаар тогтносон, нэг нэгнээсээ дэндүү хол орших 10 гаруй улсыг нэгтгэнэ гэдэг ямар ч боломжгүй гэдэг нь харин хэнд ч тодорхой байв.


07

Балканы Социалист Холбоот Улс

Ийм улс байгуулах санааг анх Балканы зүүний үзэлтнүүд 1910 онд албан ёсоор дэвшүүлжээ. Албан ёсоор гэхийн учир Балканы хойгийн олон үндэстэн, ястныг нэгтгэх тухай яриа бүр 18 дугаар зуунаас эхтэй юм. Балканы Социалист Улсад хэдийнээ холбооны улс болоод байсан Югославаас гадна Албани, Грек, Болгар, Румын багтах байв. Зарим нь бүр Туркийг багтаах ч саналтай байсан гэдэг. Нэгдсэн Балканы үзэл санаа дэлгэрэхэд үндсэндээ түүхийн гурван үе шат нөлөөлжээ: эхнийх нь 20 дугаар зууны эхээрх Оттоманы эзэнт гүрний уналт, удаах нь дээрх орнуудын доторх дотоодын үймээн самуун, сүүлийнх нь Балканы коммунист удирдагчид болон Сталин хоорондын зөрчил юм. Гэвч олон үндэстнийг нэгтгэх нь, тэр тусмаа Балкан шиг үргэлжийн үймээн самуунтай, аливаа асуудлыг хэнийг нь ч гомдоолгүйгээр шийдвэрлэхэд бэрхтэй бүс нутагт холбооны улс байгуулах нь бараг боломжгүй гэдгийг Югославын түүх бэлхнээ харуулна. Хэдий тийм ч нэгдсэн Балканы үзэл огт ор мөргүй алга болоогүйг 1942 оны Югослав-Грекийг, 1946 оны Югослав-Болгар-Албанийг нэгтгэх гэсэн оролдлогоос, мөн Балкан нэгдэж байж Европ амар жимэр болно гэж үздэг хэдэн арван эрдэмтэн судлаачдын ярианаас мэдэж болох юм. 


06

Интермариум

Латинаар Тэнгис дундын гэсэн утгатай нэртэй энэ улсыг байгуулах тухай яриа анх дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараахан буюу 1918 оны сүүлчээр гарчээ. Энэ нь Орос, Герман хоёрын аль нэг нь ахин хүчирхэгжлээ гэхэд дундын улсууд нь хүчээ нэгтгэх ёстой гэсэн үзэлтэй байсан Польшийн төр, нийгмийн зүтгэлтэн Юзеф Пилсудскийн санаа байв. Тэрээр хуучны Польш-Литвийн хамтын нөхөрлөлийг сэргээхийн хамт нийт 12 улсын буюу Литви, Латви, Эстони, Финлянд, Беларусь, Украин, Польш, Унгар, Румын, Болгар, Югослав, Чехословакийн нэгдсэн Холбоот улс байгуулахыг хүсчээ. Харин Интермариум буюу Тэнгис дундын гэсэн нь Бальт болон Адриатын тэнгис, мөн Хар тэнгисийг хэлсэн байна. Хэдийгээр Пилсудскийн саналыг дэмжих хүн цөөнгүй байсан ч эсэргүүцэгчид нь илүү давамгайлж байлаа. Жишээ нь дөнгөж туурга тусгаарлаад байсан литвичүүд тусгаар тогтнолоо алдахыг хүсээгүй бол тусгаар тогтнохоор тэмцэж байсан украинчууд бие даах боломжгүй болно гэж эмээж байв. Харин Зөвлөлт тэргүүтэй орнуудын хүчтэй эсэргүүцсэн энэ саналыг Франц улс дэмжиж байсан гэдэг. Пилсудскийг агуу санаагаа танилцуулснаас ердөө 20-иодхон жилийн дараа дээрх орнууд бүгд нэг бол Зөвлөлтийн нөлөөнд орж, үгүй бол нацист Германд эзлэгдэн ганц Финлянд улс л тусгаар тогтнолоо хамгаалж үлджээ. 


05

Бальтоскандия

Европын олон орныг нэгтгэх өөр нэг сонирхолтой саналыг 1928 онд Шведийн профессор Стен де Гийр дэвшүүлсэн байна. Түүний санаачилсан Бальтоскандия гэх холбооны улсад Бальтын гурван орноос гадна Скандинавын бүх улс, дээр нь Исланд багтаж байлаа. Де Гийрийн санааг хэдэн жилийн дараа Литвийн газарзүйн ухааны профессор, улс төрийн газар зүй судлаач, улс төрийн онолч Казис Пакштас дэмжин ихэд дэлгэрэнгүй судалгааны нийтлэл хүртэл хэвлүүлжээ. Хожим 1991 онд Бальтоскандиягийн академи Литвид байгуулагдсан нь ч түүнтэй холбоотой байв. Тус байгууллагыг харин 2009 онд санхүүжилтгүйн улмаас татан буулгажээ. Хэдийгээр де Гийрийн санаачилга биеллээ олоогүй ч 1990-ээд онд Скандинавын болон Бальтийн орнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Умардын найм хэмээх бүлгэм байгуулагдсанд нь өдгөө Дани, Эстони, Финлянд, Исланд, Латви, Литви, Норвеги, Швед улсууд багтаж байна. 


04

Дунайн эвсэл

Албан ёсоор Их Австрийн Нэгдсэн Улс нэртэй байх байсан энэхүү холбооны улс Австри-Унгарын гүрнийг илүү чөлөөт, ардчилсан болгох байлаа. Дунайн эвслийн санааг анх Австрийн угсаа залгамжлах хунтайж Франц Фердинандын ойрын шадар түшмэд болон румын гаралтай хуульч Аурел Поповичи нарын улстөрчид 1906 онд гаргажээ. 1876 онд нэгдсэн Австри-Унгарын хосолсон хаант засаглал 20 дугаар зууны эхээр олон бэрхшээлтэй тулгарснаас нэн тэргүүнд үндэстэн хоорондын зөрчил хамгийн ярвигтай нь байв. Австри, унгарчууд нэгдсэн хаант улсынхаа хүн амын 44 хувийг бүрдүүлэх атлаа дангаараа төр барих нь хорват, чех, польш, серб, словак, украин, итали, румын зэрэг бусад үндэстний эрхийг зөрчсөн үйлдэл байсан тул хунтайж Франц Фердинанд ч Холбооны улс байгуулахыг дэмжих болжээ. Поповичийн төсөөлснөөр Дунайн эвсэл дээрх зурагт харуулж байгаачлан нийт 15 бие даасан бүс нутгаас бүрдэх байв. Харин хэзээнээсээ герман хэлтнүүд нутаглаж ирсэн жижиг тойргуудыг тухайн автономит бүс дотор тусад нь зааглаж үлдээхийг ногооноор тэмдэглэжээ. Австриудын дунд нэлээд дэмжлэг олсон ч унгарчуудын хүчтэй эсэргүүцэж байсан энэхүү Холбооны улсын санаа хунтайж Франц Фердинандыг 1914 онд алуурчны гарт амиа алдаж, дэлхийн нэгдүгээр дайн эхлэхтэй хамт нэг мөр талаар болжээ. 


03

Мафилиндогийн эвсэл

Малайн бүлэг арлуудаар тархан суух бүх малай угсаатныг нэгтгэх Мафилиндо (Малайз, Филиппин, Индонез) гэх холбоот улсын санааг анх япончуудын эсрэг тэмцэж байгаад баригдан цаазлагдсан Филиппиний үндэсний баатар Венцеслао Винзонс 1930-аад онд гаргаж байжээ. Олон жилийн туршид хэд хэдэн удаа өргөн хүрээнд яригдаж байсан энэ санааг Филиппиний Ерөнхийлөгч Диосдадо Макапагал ажил хэрэг болгохоор 1963 онд Манила хотноо уулзалт зохион байгуулж, өмнө нь Британийн мэдэлд байсан Хойд Борнео, Саравак арлуудыг Малайзийн нутагт нэгтгэх эсэх тухай хэлэлцэх явцдаа Малайз, Индонезийн тэргүүн нарт дээрх саналаа тавьсан байна. Талууд эхэндээ нэгдсэн нэг улстай байхыг нааштай хүлээж авсан ч Филлиппин, Малайзийн дунд газар нутгийн маргаан байсан, индонезичууд Малайзийн шинэ холбооны улсыг эсэргүүцэж байсан зэргээс болж дээрх яриа хэлэлцээ ердөө сарын дараа эцэс болжээ. Харин хэдхэн сарын өмнө нэг дээвэр дор нэгдэх тухай ярьж байсан талууд 1963 оны есдүгээр сард нэгдсэн Малайзыг байгуулагдахад бүр дипломат харилцаагаа таслах хүртлээ хагарч зөрчилдөөд байлаа. Нэгэн сонирхолтой баримт дурдахад Мафилиндогийн эвслийг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди дэмжиж байсан баримт бий. Тэрээр Индонезийг коммунист улс болох вий гэж эмээж байсан гэдэг. 


02

Латин Африкийн Нэгдсэн Улс

Роман овгийн хэлээр ярьдаг, голдуу католик шашинт Төв Африкийн ард иргэдийг нэгтгэн Латин Африкийн Нэгдсэн Улс байгуулах саналыг Төв Африкийн БНУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, тус улсын автономит Засгийн газрын анхны тэргүүнээр ажиллаж байсан Бартелеми Боганда 1957 онд дэвшүүлжээ. Тэрээр Британийн нөлөөтэй Өмнөд Африк болон тухайн цагийн Родези, Ньясалэндийн Холбоот Улсын эсрэг франц, испани хэлт африкчууд нэгдэж хүчээ бэхжүүлэх ёстой гэсэн үзэлтэй байв. Түүний бодож төлөвлөсөн улсад тухайн үед хараахан тусгаар тогтноогүй байсан одоогийн Ангол, Бурунди, Камерун, Чад, хоёр Конго, Эквадорын Гвиней, Габон, Руанда, Сан Томе ба Принсипийн арлууд болон Төв Африкийн БН Улс багтах байлаа. Харин энэ саналыг нь эсэргүүцэгчид Африк тивийг Британи, Францын загвараар протестант, католик гэж хуваахын оронд Пан-Африкийн үзлээр зааглан ялгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. Богандагийн санаа гэвч түүнийг 1959 онд онгоцны ослоор зуурдаар нас нөгчихөд эзэнтэйгээ хамт үгүй болжээ. Харин нэгдсэн Холбоот улсынхаа төрийн далбаа болгохоор төлөвлөж байсан, түүний загварыг нь гаргасан далбаа өдгөө ТАБНУ-ын төрийн далбаа хэвээр байна. 


01

Франц-Британийн Холбоо

1904-1956 оны хооронд хэд хэдэн удаа яригдаж байсан тун сонирхолтой нэгэн холбоот улсын санаа нь Их Британи, Франц хоёрыг нэгтгэх байв. Энэ нь хэдийгээр санаанд багтамгүй санагдах ч түүхэн улбаатай, 20 дугаар зууны ороо бусгаа цаг үед магад хэрэгтэй байсан, бараг ойлгож болохоор санал юм. Францын Норманд нутгийн гүн Уильям 1066 онд Англи нутгийг эзэлж, хаан сууснаас хойш энэ хоёр улс Английн хааны хувийн эзэмшил маягаар нэг титэм дор нэгдсэн. Энэ нь францчууд 1558 онд англичуудыг эх нутгаасаа нэг мөр хөөн гаргах хүртэл үргэлжилсэн юм. Хэдий тийм ч Англи-Британийн хаад Францад ямар ч эрх мэдэлгүй атлаа бүр 1801 он хүртэл өөрсдийгөө Францын хаан гэж өргөмжлөх ёс хүртэл байлаа. Харин Англи, Францын олон зууны дайсагнал 1904 онд Чин сэтгэлийн гэрээ гэх найрамдлын гэрээгээр албан ёсоор эцэс болжээ. Хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн айсуй аюулыг олж харснаар улам бүр ойрын түншүүд болсны нэг жишээ нь Англо-Францын Хамтын ажиллагааны хорооны тэргүүн Жан Монне дайн эхэлсний дараахан Британийн албаныхантай Европын Нэгдсэн Улс байгуулах талаар санал солилцсон явдал юм. Энэ явдлаас эхтэй олон яриа хэлэлцээрийн дүнд бүр Их Британийн Дайны яамнаас 1940 оны зургадугаар сард "Холбоот Улс байгуулах тухай тунхаг" гэгчийг баталж хоёр улсын иргэд харилцан нөгөө улсынхаа иргэн болно, хоёр улсын эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалахын ашиг сонирхол нэг болно гэхчлэн мэдэгджээ. Харин дэмжих хүн төдий л олон байсангүй. Ялангуяа францчууд Холбоот улсын санааг эрс эсэргүүцэж, Британийн талтай хэлэлцээ хийсэн Ерөнхий сайд Поль Рейног ердөө дараа өдөр нь огцруулсан байна. Энэ бүхний цаана мэдээж хэрэг эх оронч үзэл, хэл соёлын ялгаа зэрэг олон зүйл нөлөөлснийг дурдах нь илүүц биз. Хэрэв Франц-Британийн холбоо ямар нэг байдлаар биеллээ олсон бол тус хоёр улс 1920-1940 оны хооронд дэлхийн гуравны нэгээс илүүг нь дангаараа захирах байлаа. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start