Арав.мн

Попын хаан Майкл Жэксоны талаарх 10 сонирхолтой баримт

Попын хаан Майкл Жэксоны талаарх 10 сонирхолтой баримт

1958 оны 8-р сарын 29-ний өдөр Жэксоны гэр бүлийн 8 дахь хүүхэд болж төрсөн Майкл Жэксон 1964 онд Жэки, Тито, Жермайн болон Марлон нартайгаа Жэксон-5 хамтлагаараа дуулж эхэлсэн цагаасаа хойш бүх цаг үеийн хамгийн алдартай дуучин болсон билээ. Тэрээр 1971 оноос эхлэн бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба карьерийнхээ туршид маш олон дээд амжилтуудыг тогтоосон байдаг.

Сопрано хоолойгоор дуулдаг байж байгаад дээд тёнор хоолой руу шилжсэн Майкл хамгийн анх “хоолойн зогисоон” техникийг ашигласан дуучин. Түүний дуу, хөгжим, бүжиг, видео клипүүд орчин үеийн хөгжмийн урлагийг бүхэлд нь өөрчилсөн тул “Попын хаан” хэмээн өргөмжилдөг. Майклын нөлөө үе үеийн дуучдын замыг зассан билээ. Түүнчлэн Майклын алдар нэрийн ачаар MTV хөгжмийн суваг хүртэл хөл дээрээ зогссон байдаг. Тэрээр 1980-аад он гэхэд поп хөгжмийн ертөнцийн өнгө төрхийг ганцаараа тодорхойлох болж, 1982 онд алдарт “Thriller” цомгоо худалдаанд гаргасан юм.

Hollywood Walk of Fame-д 1980 онд хамтлагаараа, 1984 онд ганцаараа нэрээ бичүүлсэн тэрээр дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг билээ. Шилдэг хамтлагийн болон Дуу зохиогчдын алдрын танхим зэрэг олон ч танхимд мөнхлөгдсөн Попын хаан нийт 13 удаагийн Грэмми, 26 удаагийн Америкийн хөгжмийн шагнал, АНУ-ын Hot-100 хөгжмийн жагсаалтад 13 удаа тэргүүлж, нийт 350 сая цомог зарсан байдаг. 

Бүхий л амьдралынхаа турш 750 сая ам.долларын орлого олсон ба нас барснаасаа хойш ч олон зуун сая ам.долларын ашиг олсоор байгаа юм.


10

Их Британийн Топ 5-д нийт 28 дуугаа оруулсан

Попын хааны хувьд Их Британийн шилдэг 5 дууны жагсаалтад батгах сингл оруулна гэдэг асуудал биш байжээ. Майкл 1974 оны “Got to be there” дуунаас эхлээд 2005 оны “One more chance” дуу хүртэлх нийт 28 дууг Топ-5-д оруулсан байдаг. Бүр 31 жилийн турш гээд бодоод үздээ? Дуунуудыг нэрлэвэл:

Got To Be There, Rockin' Robin, Don't Stop 'Til You Get Enough, She's Out Of My Life, Beat It, Say SaySay, Bad, The Way You Make Me Feel, Man In The Mirror, Dirty Diana, Leave Me Alone, Remember The Time, Heal The World, Give In To Me, Scream, They Don't Care About Us, Why, Stranger In Moscow, HIStory/Ghosts, You Rock My World and One More Chance, нараас гадна жагсаалтын 1 дүгээрт бичигдэж байсан One Day In Your Life, Billie Jean, I Just Can't Stop Loving You, Black or White, You Are Not Alone, Earth Song ба Blood on the Dancefloor нар багтана. Мөн АНУ-ын бүх оддын USA for Africa нэгдлийн “We are the World” дууг оруулах юм бол жагсаалтыг тэргүүлсэн 8 дахь, Топ-5-д багтсан 29 дэх дуу болох билээ. 


09

Хамгийн шилдэг хит дуугаа видео тоглоомонд оруулсан

Майкл Жэксон болон хамт аялан тоглолт хийж байсан Брэд Баксер нараас SEGA Genesis болон Mega Drive-ын Соник зараа-3 видео тоглоомонд ая зохиож өгөхийг хүссэн байна. Энэ талаар 2009 онд Брэд ярьсан байдаг юм. Хэдийгээр Майкл Жэксон энэ төслийг бүрэн дуусгалгүй орхисон ч түүний шилдэг хитүүдийн нэг “Stranger in Moscow” дуу тоглоомын сүүл хэсэгт явдаг байна. “Stranger in Moscow” нь 1996 онд Топ-5 жагсаалтын 4-р байрт орж байсан алдартай бүтээл юм.


08

Нэгэн удаа Топ-5 цомгийн 4 нь Майкл Жэксоных байв

2009 оны 6-р сарын 25-нд попын хааныг нас барсаны дараа түүний фэнүүд гаргаж байсан цомгуудыг нь маш ихээр худалдан авч байлаа. Дэлхий нийтээрээ агуу авьяастнаа алдсанд гашуудсан энэ явдлаас хойш хэдхэн долоо хоногийн дараа буюу 7-р сарын 12-ны байдлаар хамгийн өндөр борлуулалттай байгаа 5 цомгийн 4 нь Майклынх байв. Түүний шилдэг дуунуудын цуглуулга “The Essential” жагсаалтыг тэргүүлж байсан бол “Off the Wall” цомог 3 дугаар байрт, “Thriller” 4 дүгээрт, “The Motown Years” цомог нь 5 дугаарт бичигдэж байлаа. Ийм амжилтыг урьд хожид ямар ч уран бүтээлч гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч гаргахгүй болов уу.  


07

Thriller дуу Starlight нэртэй байх байсан

Амилсан үхдлүүд болон хүн чоныг дэлгэцнээ гаргаж ирсэн “Thriller” дуу жинхэнэ тэсрэлт хийсэн билээ. Дуу, бүжиг нь дахин давташгүй бөгөөд одоо хүртэл дууны бүжгийг уран бүтээлчид хуулбарласаар байдаг. Гэхдээ энэхүү гайхамшигтай бүтээлийг Род Темпертоны хамт анх бичихдээ “Starlight” нэртэйгээр, илүү зөөлөн чанартай байхаар төлөвлөж байсан аж. Майклд энэ нь төдийлөн таалагдахгүй байсан бөгөөд залуу үеийнхний сонирхлыг татахын тулд өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ. Ийнхүү аймшгийн кино мэт зохиол руу эргэж, бид бүгдийн мэддэг хайртай дуу маань мэндэлсэн байдаг.


06

Хамтарсан уран бүтээл хийвэл хийсэн шиг хийдэг

Попын хаан бусадтай бараг л хамтардаггүй байсан гэдэг. Гэхдээ хийх үедээ маш амжилттай бүтээл хийдэг байжээ. Бүх оддын USA for Africa мега бүтээлээс гадна Майкл өөрийн дүү Жанет Жэксон, Will.I.Am, Slash, Akon, Stevie Wonder, Eddie Van Halen, Sir Paul McCartney, Rockwell, Siedah Garret, тэр бүү хэл Монакогийн гүнж Стефанитай дуулсан байдаг. Эдгээр уран бүтээлчидтэй хийсэн дуунууд нь янз бүрийн хэв маягтай бөгөөд Майклын чадварыг бүрэн илтгэсэн бүтээлүүд болсон билээ.


05

Майкл Жэксон Уитни Хьюстон хоёр хамтран ажиллах дөхсөн... Гурван удаа

Бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн хүчтэй хоолойтой дуучдын нэг Уитни Хьюстонд бүгд хайртай. Гайхамшигт дуучин бүсгүй Майклын ах Жермайнтай хамтарсан уран бүтээл хийж байсан нь амжилттай болж байсан билээ. Гэхдээ бүх зүйл өөрөөр эргэсэн бол энэ дуунд Майкл дуулах байсан аж. Майкл “Just Can’t Stop Loving You” дуундаа Сиеда Гареттын хэсгийг Уитнигээр дуулуулах санал тавьсан ч дөнгөж анхныхаа цомгийг гаргаад байсан Хьюстоны “Arista” студи татгалзсан байдаг.

Үүнээс олон жилийн дараа Уитнигийн хит дуу болох “If I told you that” дуунд Майклтай хамтрахаар төлөвлөгдсөн байсан ч цаг нь таарч өгөхгүй байсаар домогт хоёр дуучны хамтын ажиллагаа ээлжит бүтэлгүйтлээ хийсэн байна. Түүний оронд Жорж Майкл энэ дууг дуулсан билээ.

Хамгийн сүүлд дуу зохиогч Клауд Келли “Hold my hand” дууг Akon-оор дуулуулах гэрээ хийж, Уитнитэй хамтран дуулахыг хүсч байв. Гэвч Akon өөрийнхөө дуулсан дуундаа сэтгэл нь ханаж, зөвхөн Майкл Жэксонтой хамтрах шийдвэр гаргасан байдаг. Ингээд Уитни, Майкл хоёр хамтарсан бүтээл гаргах нь биелэшгүй мөрөөдөл хэвээр үлдсэн юм.


04

Топ-100 жагсаалтад нэг дор хамгийн олон дуу нь багтсан

Майкл Жэксон нас барснаасаа хойш тогтоосон бас нэгэн дээд амжилт бол Их Британийн Топ 100 дууны жагсаалтад нэг дор 31 дуу оруулсан явдал байлаа. Энэ нь 2009 оны 7-р сарын 5-ны өдөр тохиосон бөгөөд Попын хааныг алдсандаа гашуудсан фэнүүд дуунуудыг нь маш ихээр сонсож байсантай холбоотой юм. Эдгээрээс гадна Жэксон-5 хамтлагтайгаа байхдаа дуулсан 5 дуу, дүү Жанеттайгаа дуулсан дуу нь багтсан байдаг. Тухайн үед Топ-100 жагсаалтад орсон Майклын дуунуудаас 13 нь шилдэг 40 жагсаалтад эргэн орсон бөгөөд энэ рекордыг 7 жилийн дараа Эд Шийран эвдсэн юм.

Шилдэг 40 жагсаалтад эргэн ирсэн дуунуудыг нэрлэвэл: Man In The Mirror (2), Billie Jean (10), Thriller (12), Smooth Criminal (13), Beat It (19), Black or White (25), Dirty Diana (26), They Don't Care About Us (32), Earth Song (33), The Way You Make Me Feel (34), You Are Not Alone (35), Don't Stop 'Til You Get Enough (38) болон Bad (40).


03

Ах, дүү нартаа хит болох дуунуудаа харамгүй өгдөг

Жэксоны гэр бүл тэр чигтээ урлагийн гоц авьяастнүүд. Тэдний дунд дуулж, бүжиглэдэггүй хүн байхгүй. Алдарт “Жэксон-5”-аас гадна бид бүгд Жанетыг сайн мэднэ. Ах Жермайн, эгч ЛаТоя нар ч чамгүй амжилттай уран бүтээлчид байсан билээ. Гэхдээ Реббигийн талаар та бүхэн хэр мэдэх вэ? Гэр бүлийн хамгийн том эгч болох Реббигээ амжилтанд хүрээсэй гэж хүссэндээ Майкл дуу бичиж өгч байсан аж. Энэ дуунд Майклын оролцоо маш их байсан бөгөөд дуу, клип, арын хоолой зэрэг нь гайхамшигтай бүтээл болсон юм. Реббигийн “Centipede” гэх энэ дуу АНУ-ын жагсаалтад 24 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлж байжээ. Гэхдээ МЖ өөрөө энэ дуугаа дуулсан бол яах байсан бол?


02

Хамгийн олон №1 дуутай цомог нь таны бодож байгаа чинь лав биш

Хэдийгээр Thriller цомог дэлхийн хамгийн их борлогдсон цомог, Bad цомог Майкл Жэксоны хамгийн шилдэг бүтээл болсон гэгддэг ч Топ-10 жагсаалтын №1 дууныхаа тоогоор HIStory: Past, Present and Future цомог тэргүүлдэг байна. Энэ цомогт Майклын хоёр ч №1 дуу орсон байдаг аж. Эдгээр нь “You are not alone” болон “Earth Song” юм. Дэлхий даяар 20 сая хувь зарагдсан энэ цомог Оны шилдэг цомог төрлөөр Грэммигийн шагнал хүртэж байсан билээ.

“You are not alone” дуу дебют хийсэн даруйдаа Billboard Hot 100 жагсаалтад тэргүүлсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн юм. Харин “Earth Song” бол 1995 оны Зул сарын баярын шилдэг дууны жагсаалтын 1-т орж байсан бүтээл билээ. 


01

Гиннесийн номонд бичигдсэн бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлч

Гиннесийн дэлхийн амжилтын номонд “Бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлч” хэмээн бичигдсэн Майкл Жэксон Лондон хотод байрлах “Guinness World Records” байгууллагын төв оффист гэнэт зочилж, шагналаа авчээ.

Тэрээр нас барсныхаа дараа л гэхэд нэг жилийн дотор 35 сая ширхэг цомог зарсан. Мөн дэлхийн хөгжмийн түүхэнд нэг долоо хоногийн дотор интернэтээр 1 сая дуу зарсан анхны уран бүтээлч юм.   


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Баярлалаа
+3
Neg hun neg eh survaljaas unshaad, nogooh n oor gazraas unshaad, ali ali n oorinhoo unshsaniig unen gej boddogoos hoish yaltai. Saihan hogjimchin, gaihamshigtai duuchin bsan n l unen.
+4
8 дахь л хүүхэд байна даа? Joe Jackson (father; b. 1928; d. 2018) Katherine Jackson (mother; b. 1930) Rebbie (b. 1950) Jackie (b. 1951) Tito (b. 1953) Jermaine (b. 1954) La Toya (b. 1956) Marlon (b. 1957) Brandon (b. 1957; d. 1957) Michael (b. 1958; d. 2009) Randy (b. 1961) Janet (b. 1966)
-4
Hudlaaa medeelel mash ih bn !!! Yadaj hed deh huuhed ni ve gedegiin sudalchaad bicheerei !!!
+9
Тэр үнэхээр агуу дуучин,яахын аргагүй king of pop
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start