Арав.мн

Хайр бүхнийг ялсан уу?

Хайр бүхнийг ялсан уу?

Эх сурвалж: Уран зурагт элдэв түүх

Бүтэн нэр нь Мекиланжело Меризи да Караважо. Товчхондоо Караважо, тэр барокко урсгалын хамгийн авъяас билэгтэй, "хамгийн зэрлэг" нөхөр байсан байгаа юм. Манайхаар бол билэг танхай гэх юм уу даа. Папын ивээлд багтаж, авъяас чадлаараа гайхуулж явсан ч тэр хэрээрээ догшин, хэрүүлч, зодоонч, зарим талаар тун бодлогогүй зан араншинтай байсан нь эцэст нь аминд хүрсэн юм. Тэгэхээр энэ удаа хэрүүл шуугиан дагуулсан нэг зургийнх нь талаар бичихээр боллоо.

Караважо Ромд ирээд удаагүй байтал нэрд гарсан нь түүний арга барил, хэв маяг тухайн үеийн зураачдаас тэс өөр цоо шинэ, цэвэр цэнгэг агаар мэт байсантай холбоотой. Нэр алдар, авъяас билэг нь түгэхийн зэрэгцээ түүнийг дагалдагч шавь нар, адил хэв маягаар зурдаг зураачид олон болсон юм. Тэдний нэг бол Жиованни Бальоне байв. Бальоне эхэндээ Караважог бусдын адил хүндэлж биширдэг байлаа. Гэвч тэдний дунд нэг явдлаас болж таагүй маргаан үүсжээ. Ихэвчлэн Караважо өөрөө "өдсөн" юм шиг байгаа юм. Бальоне ч бас тийм найрсаг нэгэн биш байж.


03

Караважо

1602 онд Караважо өөрийн ивээн тэтгэгч Винчензо Густинианигийн захиалгаар "Amor Vincit Omnia" ("Хайр бүхнийг ялна") зургийг зуржээ. Энэ зураг их олон нэртэй. Хамгийн түгээмэл нь Amor vincit Omnia. Караважо уг зургаа нэрт яруу найрагч Виргилийн (МЭӨ 70-19 он) шүлгийн мөрнөөс сэдэвлэн бүтээсэн байна. "Love conquers all, let us all yield to love"

Хайр дурлалын бурхан Купид (Амур) хар саарал далавчтай, зүүн хөлөө бүтээлэгтэй ширээн дээр тавьж (магадгүй бууж байгаа), царай төрх нь ер бусын бясгалантай харагдана. Гайхалтай нь Купидын буржгар өтгөн үс, тийм ч төгс биш шүд, жавжинд тодорсон сахилгагүй инээмсэглэл, биеийн хэлэмж тухайн үеийн бурхад сахиусан тэнгэрүүдийн дүрслэлд огтхон ч зохицохгүй хэрнээ харин ч газар дээр буусан хүн төрөлтөнд ойр, эвлэгхэн мэдрэмж төрүүлдэг. Караважо гэрэл сүүдэр гэдэг үгийг өөрийн бүтээлүүдээрээ уран зургийн түүхэнд сийлж үлдээсэн. Энд ч мөн адил арын фон хэсэг хар бараан өнгөтэй, тэр хар дэвсгэр дээр Купидын булбарай бие махбод тодхоноо ялгарч үзэгчдийн нүд өөрийн эрхгүй хүүгийн шодой дээр тусна. Орчин үед хэрвээ насанд хүрээгүй хүүг ингэж зурвал шууд гэмт хэрэгт орно доо. Харин тэр үед урлаг л юунаас ч илүү чухал байсан бололтой. Тэгээд ч голын эрэг саваар нүцгэн жаалууд гүйлдэж байдаг асан цаг үе байсан болохоор тэр биз. Зурагт модель болсон хүү бол түүний шавь ба заримдаа Караважог хүүтэй амрагийн харилцаатай гэж цуурдаг байв. Купидын хөл дор хийл хөгжим, нот бичсэн хуудас, бөмбөрцөг, хэмжилтийн багаж, хуяг дуулга, лаврын навч зэрэг хүн төрөлхтөний ололт амжилтын нэгээхэн хэсэг бэлэгдлүүд байна. Купид гартаа дурлуулдаг улаан, дурлалыг сүйтгэгч хар сумаа барьжээ. Дүрсгүй Купидын дүр надад бурхад гэж биднээс тэгтлээ хол тасарсан "тэнгэрийн амьтад" гэж үү гэдэг эргэлзээтэй бодлыг ямагт төрүүлдэг. 
Бурхан өөрийн дүрээр биднийг бүтээсэн гэж шашныхан үздэг, эсвэл бурхад бидний дотор бий гэж бас номлох нь бий. Тэгвэл хүмүүс бид анх төрөхдөө бурхан мэт ариун төрдөг, харин өсөж том болоод бурханлаг шинжээ алдаж жирийн нэгэн жинхэнэ хүн төрөлтөн болдог биз. Бид залбирахдаа өөрөөсөө ч аврал эрж байж магадгүй шүү дээ. Энэ мэтээр бодоод байвал дуусахгүй байх. Яг энэн шиг Караважогийн "газарт буусан" энэ Купид асар олон хүний анхааралыг татаж, асуулт үлдээж, магтаал сайшаалыг хүртсэн байна. 
Нэгэнт л ивээн тэтгэгчдээ зориулж зурж байгаа учраас бага зэрэг "ул долоох" хэрэгтэй болноо. Эсвэл захиалагчаа тэнгэр тултал өргөмжлөх хэрэг ч гарна. Винчензо Густиниани бол тухайн үеийн алдартай банкир, уран зураг цуглуулагч нэр нөлөөтэй, маш өндөр боловсролтой нэгэн юм. Тэр хөгжим болон уран зургийн талаар өндөр мэдлэгтэй байсныг нь үзэг ба нот, хөгжмийн зэмсгүүдээр харуулж, сансар огторгуй сонирхон судалдагийг бөмбөрцөгөөр, харин хуягаар түүний цэргийн хүчийг магтан дуулсан гэж үздэг. Мөн зураг зурж байх үед Винчензо шинэ ордон барихаар төлөвлөж байсан ба өөрөө ч архитектурын урлагийг биширдэг байв. Үүнийг шалан дээрх хэмжилтийн багажаар төлөөлүүлжээ. Харин хөгжмийн ноттой хуудасны эхэнд тод томоор V үсэг харагдаж байна. Vincenzo гэдгийн эхлэл үсэг гэж бодвол энэ зураг хайр бүгдийг ялна гэх биш харин Винчензо бүхнийг байлдан дагуулна, ялна гэж бэлэг тэмдгээр харуулжээ. Тэгээд ч зураг эзэндээ маш их таалагдаж тэр үүнийг бүх л цуглуулгынхаа хамгийн шилдэг нь гэж хэлсэн гэнэ. 


02

Бальоне

Винчензогийн гэрт зочилсон хүн бүрийн нүд зурган дээр тусаж гайхаж алмайран эцэст нь магтаалын үгээр гэрийн эзний чихийг мялаадаг байв. Гэтэл энэ арай л хангалттай санагдсангүй бололтой. Винчензо зургийг даавуугаар халхалж байгаад бүгд хоол идэж дууссаны дараа даавууг авч олны нүдийг хужирлаж, зарим нэгнийх нь атааг хөдөлгөж баясах болж. Энэ нь ялангуяа өөрийнх ах кардинал Бенедеттогийн уурыг барж л дээ. Тэр ч бас уран зураг цуглуулдаг байлаа. Ингээд тэр Караважогийн хамгийн дургүй Бальонег урин дүүгийнхээ шинэ зургийг давахаар шилдэг бүтээл туурвихийг хүсэв. Энэ явдлаас өмнөхөн Караважо Бальонегийн дөнгөж дуусгаад байсан сүмийн тахилын ширээний зургийг баахан гоочилсон байна. Бальоне түүнийг шүүхэд өгөхөд тэр шүүх хурал дээр "Би Жиованни Бальонегийн бараг бүх зургийг харсан л даа. Тэр зурагнууд эв хавгүй, хийцгүй, байгуулалт муутай, ур чадваргүй дэндүү муу зургууд байсан учраас би дургүй болсон юм. Тэгээд ч тэрнийг сайн зураач гэж магтаж байгаа нэг ч хүн би лав сонсоогүй юм байна".  Ямар ч байсан түүнийг буруутай гэж үзэж хоёр долоо хоног гянданд хорьжээ. Бальоне өөрөө хэдийгээр караважист, түүний хэв маягаар зурдаг байсан боловч Караважогийн хувийн зан араншингаас болоод тэдний хооронд асуудлууд үүсдэг байв. 
Ийм нэг өстэй хоёр хүн уран зургаар дайн зарлаж дээ. Жиованни Бальоне зургаа ч зурж, тэр нь кардиналд таалагдав. Учир нь Бальонегийн "The divine Eros defeats the earthly Eros" Караважог илтээр хатгасан шинжтэй байлаа. Бальонегийн хайрын тэнгэр Караважогийн сахилгагүй Купидыг газарт унаган, сахиусан тэнгэрийн гараас шидэт сум Купидын зүгт чиглэсэн байх ажээ. Бальонегийн хайрын тэнгэр жигшил зэвүүцэлтэй харцаар хөл доорх Купидыг өчүүхэн хорхой мэт харах аж. Харин Купидын өнөөх хоёр сум нь ч хугарсан байх нь тэр. Цаад арын хэсэгт цаашаа харсан Сатан буюу чөтгөрийн баруун гарын шуу харагдана. Ерөнхийдөө Караважогийн халтар дорой дурлалын бурхныг жинхэнэ бурханлаг дурлалын бурхан дийллээ, жинхэнэ урлаг дийллээ гэсэн санааг агуулсан байв. 


01

Дайн

Караважо уурлаж бухимдан Бальонегийн талаар улам ч муучилж ярих болжээ. Ялангуяа түүнийг уран зураач талаас жинхэнэ зураач биш жинхэнэ хог гэж хэлэв. Үүний хариу болгож Бальоне уг зургийнхаа хоёрдохь хувилбарыг зурав. Зурагт өмнөхөөс нэг их ялгараад байхгүй ч арын хэсэгч байсан чөтгөрийн дүрийг нааш нь харуулчихаж. Гэтэл тэр эргээд харсан чөтгөр нь Караважо гэдгийг ямар ч хүн танихаар зуржээ. Үүгээрээ Бальоне Караважог ижил хүйстэнээ сонирхогч гэсэн цуу яриаг баталсан болж таарав. Караважогийн уран бүтээлд залуу хөвгүүд зарим талаар эротик, гомосексуал шинжтэй харагддаг. Энэ нь түүнийг ижил хүйстэнээ сонирхогч гэсэн яриа гаргахад хүрсэн юм. Хүмүүс Караважог эрэгтэй биеэ үнэлэгч буюу барбадассо нартай явдаг гэж зугаа болгон хааяа шивнэлддэг ч байж. 
Ингээд Бальоне эхний зургаараа түүний хайрын бурхныг газарт дэвсэлсэн бол хоёрдох хувилбараараа залуу ариухан хүүг чөтгөрийн гаж хүслээс (Караважогоос) авран холдуулж байгаагаар зуржээ. Хүмүүс бол хоёрдох хувилбараас "ижил хүйстэн минь, залуу хүүгээс савраа тат" гэдэг үг олж харав. Галзууртлаа уурласан Караважо хараалын үгсийг эрээ цээргүй урсгаж, түүний дагалдагч шавь нар нь Бальонг элдвээр муулах болжээ. Өөрийнх тухай яриа улам муу муухай болж эхэлсэнд Бальоне зарга мэдүүлж шүүхэд хандав. Тэр нэр төрөө гутаалгасан гэж үзжээ. Яг үнэндээ бол Бальоне өөрөө л хүнийг илт дорлмжилсон шүү дээ. Гэвч түүний өөрийгөө хүндлэх үзэл маш дээгүүр байж. 
Бүх Ром хоёр зураачийн хоорондох шүүх хурлыг чих дэлдийн хүлээж байлаа. Караважог шүүхийн танхимд яаж аашлахийг харахсан гэсэн хүмүүс ч их байв. Түүнийг галзуу юм шиг орилж хашгирч хараал урсган дахиад л шоронд орно биз гэж олонхи нь бодож байж. Гэтэл санаандгүй зүйл болж тэр шууд л буруугаа хүлээчихэв. Тийм ээ миний буруу, би хүний нэр төрд халдсан гээд л. Харин шүүх дөнгөж дуустал мань хүн маш олон хүний нүдэн дээр Бальонег тайван гэгч нь эелдэгхэн "доромжилж" гарав. Тэр Бальонег Ромын хамгийн муу зураач гээд, түүний бүтээлийг хананд өлгөж зай барж байхаар бөгсөө арчвал таарна гэр мэтээр хөлийн улнаас зулай хүртэл нь бүх л алдааг нь хэлж ангайтал олны өмнө доромжилжээ. Тийм ээ, тэр үнэхээр бөгсөө арчвал таарна гэж хэлсэн юм билээ. Шүүх энэ удаад түүнд ял өгч чадсангүй. Уул нь энэ шүүх хурал цэвэр урлагийн нэрийн өмнөөс мэтгэлцээн маягаар явах ёстой байсан юм шиг байгаа юм. Гэтэл мань хүн өөрийнхөө түрэмгий араншингаа дийлж чадалгүй зүгээр л олны чихийг хачирласан дэмий хов болгож орхиж л дээ. За ингээд шүүх ч дуусч, цаг хугацааны эрхээр мартагдаж удалгүй Караважо хүний амь хөнөөн Ромоос дайжихаас өөр аргагүй болсон билээ.

Харин хожим нь Бальоне өөрөө хамгийн анх Караважогийн намтарыг бичсэн хүн болсон юм. Тэр хэдий бардам ихэрхүү нэгэн байсан ч бусдын авъяас чадлыг үнэлэх билгийн нүдтэй нэгэн байсан ажээ. Аливаа хүнд сайн муу хосолдог биз ээ.  Винчензогийн ах Бенедетто Густиниани энэ жүжгийг дэглэсэн хүн нь юм шүү дээ. Тавьсан жүжиг нь өөрт нь таалагдсан бололтой, тэр Бальонед алтан зүүлт илгээсэн гэнэ.


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Гоё түүх байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start