Алдартай 10 гэрэл зургийн ардах жинхэнэ түүх
Нэг зураг мянган үгийг илэрхийлдэг. Гэхдээ гэрэл зураг заримдаа хуурамч, бас худал түүх өгүүлэх тохиолдол ч байна. Зурагчны дуран авайдаа буулгах тэрхэн агшны цаана хүмүүний амьдрал өрнөж, түүхийн хуудас эргэж байдаг.
Дэлхийд алдаршсан гэрэл зургууд ч өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй. Зарим нь гунигтай, зарим нь эмгэнэлтэй байхад өөр нэг нь урам зориг өгөх нь бий.
10
“ТАЙМС СКВЕР ДЭХ ЯПОНЫГ ЯЛСНЫ БАЯР”
Гэрэл зурагчин Альфред Эйзенштадтын “Таймс Сквер дэх Японыг ялсны баяр” нэртэй энэ зураг маргаангүйгээр Дэлхийн II дайны үеийн хамгийн алдартай зургуудын нэг юм. 1945 оны наймдугаар сарын 14-нд Нью-Йорк хотод ялалтын баярын үеэр авсан уг зураг долоо хоногийн дараа LIFE сэтгүүлд хэвлэгдэж, нүд ирмэхийн зуур ихэдалдаршжээ.
Эйзенштадт хожим тэр зургийн талаар дурсахдаа “усан цэрэг таарсан бүсгүй бүрийг тэврэн авч, үнсэж байсан” хэмээн ярьсан байдаг.
Зураг дээрх гол баатрууд чухам хэн гээч болох нь хэдэн арван жилийн турш тодорхойгүй байжээ. Үнсүүлж буй сувилагч бүсгүйг өөрийгөө хэмээн зарласан олон ч тохиолдол гарч байв. Харин усан цэрэг эрийг шивээс болон сорвиор нь Жорж Мендонса гэгч болохыг тогтоосны дараа Жорж өөрийнхөө үнссэн бүсгүйг таньжээ.
Тэр өдөр Жорж эхнэр Ритатайгаа кино үзэж суужээ. Гаднаас асар их чимээ шуугиан, баярын уухай сонсогдож, гудамжинд гартал хүн бүр баяр хөөрт автаж, ялалтын баяр тэмдэглэж байхыг харав. Сэтгэл хөөрсөн Жорж тааралдсан бүсгүй бүрийг барьж авч, үнсчээ. Зургаас түүний эхнэр Ритаг ч мөн олж харж болно.
09
“ИВО ЖИМАД МАНДСАН ДАЛБАА”
Японы эзэмшилд байсан Иво Жима арлын байлдааны үеэр АНУ-ын цэргүүд Сурабачи уулын оргилд улсынхаа далбааг байрлуулж буй энэ агшин түүхэн дэх хамгийн олон дахин хэвлэгдсэн зураг гэгддэг. Зураг дээр зургаан цэрэг бий. Дөрөв (Ира Хейес, Фрэнклин Саусли, Харольд Шульц бөгөөд Харлон Блок) нь наад талд, хоёр (Майкл Странк, Рене Ганьон) нь цаана.
Сурабачи уулыг япончуудаас булаан эзэлсний дараа оргилд АНУ-ын далбааг хатгасан боловч дэндүү жижиг байна гээд илүү том далбаагаар солих үүрэг авчээ. Энэ дагуу явган цэргийн 506 дугаар хорооны 2-р батальоны цэргүүд оргилд туг хатгасан байна.
Харамсалтай нь, тэдгээр цэргүүдийн гурав нь болох Странк, Саусли, Блок нар дараахан нь байлдааны үеэр амь эрсэджээ. Амьд үлдсэн гурван цэргээс Хейес хожим архинд донтож, дайн дууссанаас хойш 10 жилийн дараа нас барсан байна. Харин Шульцыг 2016 оны зургадугаар сард л алдарт зурагт дүр нь мөнхөрсөн нэгэн гэдгийг тогтоосон аж. Түүнээс өмнө Шульцын оронд Жон Брэдли гэх цэрэг байсан гэж андуурч байжээ. Харин Ганьон үүдний харуулаар ажиллаж байгаад 1979 онд зүрхний шигдээсээр насан эцэслэжээ.
08
“ААВ АА, НАМАЙГ ХҮЛЭЭГЭЭЧ”
Клод П. Деттлофф 1940 оны аравдугаар сарын 1-нд Канадын Нью-Уэстминстер хотод энэхүү алдарт зургаа авчээ. Бритиш Коламбиа мужийн цэргийн анги, нэгтгэл хотын гудамжаар жагсаж явах үед бяцхан хүү ээжийнхээ гараас зугтаж, дайнд мордсон аавдаа сүүлийн удаа баяртай гэж хэлэхээр гүйж буй тэр агшин түүхэнд мөнхөрсөн юм. Хожим хүүг Уоррен Бернард гэгч болохыг олж таньсан байдаг.
Дайны он жилүүдэд уг зураг Бритиш Коламбиа мужийн бараг бүхий л сургуулийн хананд өлгөөстэй байв.
Жек Бернанд Францад тулалдаж байгаад эсэн мэнд эх орондоо ирсэн боловч үлгэр аз жаргалтай төгссөнгүй. Түүнийг Англи руу явах үед эхнэр Бернис нь хөл хүнд байсан бөгөөд сайн дураар дайнд мордсон нөхрийнхөө шийдвэрт тун таагүй хандаж байжээ. Бернисийн хэвлий дэх ураг зулбаж, дайны дараа тэд удалгүй салцгаасан байна.
Уоррен Бернард сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “дайн дуусахтай зэрэгцээд тэдний гэрлэлт ч талаар өнгөрсөн” хэмээн ярьжээ. Аав нь дахин эргэж ирээгүй тухай ч тэр хэлсэн байна.
Удалгүй Бернис ажилд орж, 1950 онд дахин гэр бүлтэй болжээ. Жек ч мөн өөр бүсгүйтэй гэрлэж, дахин хоёр хүүхэдтэй болсон байна. Тэрээр 1981 онд 75 насандаа таалал төгсчээ.
Уильям С. Бийлийн 1958 онд авсан “Итгэл ба үнэмшил” нэртэй энэ зураг Пулитцерийн шагнал хүртсэн юм. АНУ-ын нийслэл Вашингтон ДиСид болсон Хятадын Цагаан сарын парадын үеэр бяцхан хүү цагдаатай ярилцаж буй агшин энэхүү зурагт мөнхөрчээ.
LIFE сэтгүүлд хэвлэгдсэн даруйдаа алдаршсан уг зураг дээрх хүүг Аллан Вивер гэдэг. Тухайн үед хоёр настай байсан Аллан өнгө өнгийн гоёмсог луу, цацруулагч руу ойртох гэж хичээж байжээ.
Тэр үед хүүгийн аав Японд алба хааж байж. Баярын парадад хамгаалалтад ажиллаж байсан цагдаа Маурис Куллинейн хүүд ойртон тонгойж, парадын цуваа руу ойртохгүй байхыг сануулжээ. Энэ үед Аллан хүү түүнийг “та усан цэрэг үү” гэж асуусан гэнэ.
Маурис цагдаагийн албанд дөнгөж ороод байсан бөгөөд аав, өвөө, хоёр авга ахынхаа адилаар ард түмнийхээ амар амгалан байдлын төлөө зүтгэхээр шийджээ. Куллинейн 1974 онд цагдаагийн дарга болсон байна. Харин Аллан Вивер ердийн амьдралаар амьдарчээ. Алдарт энэ зургаа тэд хоёул зочны өрөөндөө өлгөсөн байдаг гэнэ.
2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэрх эмгэнэлт зураг. Гэрэл зурагчин Ричард Дрью Дэлхийн худалдааны төвийн барилгаас унаж буй хүний зургийг 12 удаа даржээ. Харин энэ зурагт доош шумбаж буй мэт цэх гарснаараа онцлогтой юм. Террорист халдлага гарсны дараах өдөр энэ зураг “Нью-Йорк Таймс” сонинд хэвлэгджээ.
Тэр өдөр Дэлхийн худалдааны төвийн барилгаас 200 гаруй хүн үсэрсэн гэдэг. Тэдний ихэнх нь цамхгийн дээд давхруудад “түгжигдсэн” байжээ.
Зурагт үлдсэн хүн хэн байсныг тогтоож чадаагүй. Хэд хэдэн хувилбар байдаг ч шинжлэх ухааны аргаар мөн эсэхийг эцэслэн батлаагүй ажээ.
АНУ-ын Луизиана мужийн Нью-Орлеан дахь Уильям Францын нэрэмжит бага сургуулийн гадна авсан зураг. Тус сургууль нь цагаан ба өнгөт арьстныг ялган тусгаарлах тухай Жим Кроугийн хуулийг сөрж, өнгөт арьст хүүхдүүдийг сургуульдаа элсүүлэхийг зөвшөөрсөн өмнөдийн анхны сургуулиудын нэг ажээ.
Зураг дээрх охин бол тус сургуулийн цорын ганц афро-америк гаралтай сурагч Рюби Брижис юм. АНУ-ын Хууль зүйн яамны хууль сахиулах албаныхан түүнд бараа болон харгалздаг байж.
Гэхдээ энэ зурагт сургуулийн гадна цуглаж, өнгөт арьст охиныг эсэргүүцэн чулуу нүүлгэж, орилолдон хашхирч буй олон нийт багтаагүй юм. Хожим Рюби тэр үеийг дурсахдаа асар их дарамт, бэрхшээлийг даван туулсан тухайгаа ярьсан байдаг. Зурагт багтсан хууль сахиулагч Чарльз Беркс харин энэ охин маш зоригтой байсныг дурссан нь бий. “Тэр маш их зоригтой байсан. Тэр хэзээ ч уйлаагүй, хэзээ ч гонгинож, гомдоллож байгаагүй. Яг л бяцхан цэрэг шиг жагсаад л явдаг байлаа. Бид бүгд Рюбигээр бахархаж байсан” гэж ярьжээ.
Рюбигийн эцэг анхандаа айж байсан гэдэг. Зөвхөн цагаан арьст хүүхдүүд суралцдаг сургуульд охиноо ганцааранг нь явуулахаас эмээж, татгалзаж байсан ч ээж нь түүнийг зоригжуулжээ. Рюбиг сургуульд элсэн орсны дараа зарим цагаан арьст гэр бүлийнхэн хүүхдүүдээ сургуулиас гаргаж, Барбра Хенри гэх ганцхан багш л Рюбид хичээл заахыг зөвшөөрсөн байна.
Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр охины аюулгүй байдлыг хангахын тулд хууль сахиулагчдыг томилж, Рюби харин бүхий л өдрийг зөвхөн захирлын өрөөнд өнгөрүүлж, гэрээсээ авчирсан хоолоо ганцаархнаа суугаад иддэг байж. Учир нь өөр хүүхдийн ээж түүнийг хордуулахыг завдаж байжээ.
Рюби хожим хүний эрхийн төлөө тэмцэгч болсон байна.
04
ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГЭРЭЛ ЗУРАГ
National Geographic сэтгүүлд хэвлэгдсэн энэ гэрэл зургийг Жеймс Стэнфилд 1987 онд авчээ. Польшийн зүрхний мэс заслын эмч Збигнев Релига зүрх шилжүүлэн суулгах амь дүйсэн мэс заслыг амжилттай гүйцэтгэж дуусаад амсхийж суугаа нь энэ юм. Туйлдаа хүртэл ядарсан түүний туслах эмч өрөөний буланд харагдана.
Зүрх шилжүүлэн суулгах мэс засал 23 цаг үргэлжилжээ.
Релига Варшаваас гадна Нью-Йорк, Детройтод мэргэжил дээшлүүлсэн, Польшийн хамгийн алдартай зүрхний мэс засалч юм. Польшид анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, 1995 онд анх удаа нас барсан хүний цогцсоос авсан эд, эрхтэн ашиглан хиймлээр зүрхний хавхлаг суулгажээ.
Релига хожим анагаах ухааны салбарыг орхиж, улстөрч болжээ. Тэрээр 12 жил Польшийн сенатчаар ажиллаж, мөн Эрүүл мэндийн сайдын алба хашиж байв. Релига 2009 онд 70 насандаа таалал төгсжээ.
03
“ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ АМИА ХОРЛОЛТ”
1947 оны тавдугаар сарын 1. Эвелин МакХейл гэх бүсгүй Эмпайр Стейт Билдингийн 86 давхарт байрлах ажиглалтын тавцан руу шатаар өгсөж гараад, тэндээсээ үсэрчээ. Тэр НҮБ-ын лимузин дээр хөлөө солбисон байдалтай унасан байна.
Яг энэ үеэр хажуугаар алхаж явсан оюутан Роберт Уайлс гэх залуу эр хохирогчийг амьсгал хурааснаас хойш ганц хормын дараа зургийг нь авчээ. “Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт” хэмээх энэ зураг 11 өдрийн дараа LIFE сэтгүүлд хэвлэгдэв.
МакХейл тэр үед 23-хан настай, гэр бүлийнхээ хамгийн залуу гишүүн нь байжээ. Тэрээр Дэлхийн II дайны үед АНУ-ын армийн эмэгтэйчүүдийн корпуст зүтгэж, дайны дараа ах, бэр эгчийн хамт Нью-Йоркт нүүж ирээд данс бүртгэгчээр ажиллаж байв.
Дөрөвдүгээр сарын 30-нд МакХейл сүйт хархүүгийнхээ 24 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр галт тэргэнд суугаад Ийстон явжээ. Явахдаа тэр аз жаргал, баяр баясал дүүрэн байсан гэж ойр дотнынхон нь ярьсан байдаг.
Харин Нью-Йоркт буцаж ирээд, МакХейл “Сүйт залуу минь намайг зургадугаар сард хуримаа хийе гэж гуйлаа. Би өөрийгөө түүнд тохирох сайн эхнэр болж чадна гэж бодохгүй байна. Тэр надгүйгээр илүү сайн амьдрах болно” хэмээн бичиж үлдээгээд, амиа хорложээ.
Гэрэл зурагчин Хорст Фаас Вьетнамын дайны үеэр 1965 оны зургадугаар сарын 18-нд өмнөд Вьетнамд энэхүү зургийг авчээ. Тэрбээр Вьетнамын дайныг дурандаа буулгахаар хэрэн хэсүүчилж явахдаа авсан зураг нь энэ аж.
Зураг дээрх цэрэг эр 173 дугаар агаарын батальоны Ларри Уейн Шаффин гэгч ажээ. Тэрбээр дуулганыхаа урд “Дайн бол там” хэмээн бичсэн байв.
Армиас чөлөөлөгдөж ирэхдээ Шаффин нисэх онгоцны буудалд өөрийнх нь зураг хэвлэгдсэн Stars and Stripes сэтгүүл атгачихсан ирсэн тухай хожим түүний эхнэр Фрэн дурссан байдаг. Тэрээр “хэзээ нэг өдөр баян болно” гэж үргэлж ярьдаг байжээ. Харамсалтай нь, дайны дараа Шаффин стресс, сэтгэл санааны гутралын улмаас энгийн амьдралдаа дасан зохицож чадаагүй гэдэг. Дайнаас эргэж ирээд 20 жилийн дараа 39 насандаа диабетын улмаас нас баржээ.
01
“ДӨРВӨН ХҮҮХЭД ХУДАЛДАНА”
Энэ зургийг 1948 оны наймдугаар сарын 4-нд Чикагод авсан байна.
Ажил төрөл ч үгүй, өр зээлд баригдаж, байрнаасаа хөөгдөх дээрээ тулсан Рей, Люсиль Шалиф нар хүүхдүүдээ худалдах дээрээ тулжээ. Люсиль хэвлийдээ тав дахь хүүхдээ тээж байв. Тэд хоол хүнсээ ч авч чадахгүй хүнд байдалд байсан тул арга буюу ийм шийдвэрт хүрсэн байна.
Лана, РейАнн, Милтон, Сью Эллен нар энэ гэрэл зургийн ачаар эцэг, эхтэйгээ үлджээ. Зураг сэтгүүлд хэвлэгдсэний дараа тал бүрээс ажил, орон байрны санал ирж, Шалифын гэр бүлийнхний байдал дээрдсэн ч удалгүй эцэг нь гэр бүлээ орхиод явсан байна.
Тэр үед Люсиль дөнгөж 24 настай байжээ. Бүсгүй өөр эртэй учирсан боловч тэр ч бас хүүхдүүдийг асарч, халамжилж чадсангүй. Хоёр жилийн дараа Люсилийн бага хүү Дэвид турж эцээд, биеэрээ дүүрэн бясаанд хазуулж, улмаар асрамжийн газарт шилжүүлжээ. Дэвидийг өргөж авсан айл хайр халамжаар дутаагаагүй ч хэтэрхий чанга хатуу хүмүүс байсан тул хүү зугтаж, 16 насандаа армид элссэн байна.
Харин РейАнныг ердөө хоёр ам.доллараар худалджээ. Харин Сью Эллен, Милтон нарыг харгис, хэрцгий гэр бүлд үрчлүүлсэн байна. Хүүхдүүд хэзээ хойно хөгширсөн хойноо эргэж уулзалдсан гэнэ.
Тэд ээжийнхээ тухай бүгд л өөр өөрийн гэсэн бодолтой. Сью Эллен ээжийгээ “тамаас ирсэн” хэмээсэн бол Дэвид “Бид бүгд хүн. Бүгд л алдаа дутагдал гаргадаг. Тэр хүүхдүүдээ үхүүлэхийг хүсээгүй учир тийм шийдвэр гаргасан байх” гэж ярьжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.