Спортын түүхэн дэх хамгийн ичгүүргүй 10 луйвар
Тамирчин бүр улс орныхоо эсвэл өөрийнхөө төлөө ямар нэг аргаар ялахыг эрмэлздэг. Жишээлбэл, завсарлага авах эрхгүй байсан үед Жэйсон Кидд талбай дээр санамсаргүй ус асгасан явдал, бэйсболлын тамирчин бөмбөгөндөө давирхай наасан явдал гэх мэт овжин заль мэхүүд мэр сэр гарч л байдаг.
Магадгүй хамгийн классик булхай бол Фред Лорцын хэрэг байж болох юм. Өмнө нь 5 милийн марафонд түрүүлчихсэн байсан туршлагатай тамирчин Лорц 1904 оны Олимпийн наадамд холын зайны марафоны тэмцээнд оролцохдоо гараанаас гараад 9 милийн дараа машинд суугаад 11 милийн турш тухтай нь аргагүй аялж, барианд орохын өмнөхөн буун тэмцээнээ үргэлжлүүлж байжээ. Үүнийгээ бүр нууя ч гэж оролдоогүй төдийгүй, урдаа байсан тамирчныг гүйцэх бүртээ гараараа даллаж, инээж байсан гэдэг. Мэдээж медаль аваагүй Лорц энэ үйлдлээ зүгээр хошигнол байсан хэмээн тайлбарлаж, төдийлөн ач холбогдол өгөөгүй байдаг.
Гэхдээ цаг үе өөрчлөгдөхийн эрхэнд спортын булхайн аргууд улам нарийсч, хүн төрөлхтний эв нэгдэл, эрүүл өрсөлдөөний бэлгэ тэмдэг болох спортын мөн чанарыг алдагдуулан завхруулж, луйвраа бүр экстрим хэлбэрт хүргэсэн хамгийн ичгүүргүй 10 хэргийг сонирхуулъя.
10
Борис Онищенко– Туялзуур сэлэмний булхай
Зөвлөлт Холбоот Улсаас 1976 оны Зуны Олимпийн наадамд оролцож байсан туялзуур сэлэмчин Борис Онищенко өрсөлдөгч рүүгээ бараг довтлох бүртээ оноо авч байв. Гэтэл өрсөлдөгчид нь оногдсоноо бараг мэдрэхгүй байж. Онищенко үнэхээр тийм хурдан шаламгай юм уу, эсвэл ямар нэг байдлаар зальдаад байна уу гэх хар хүн бүрт төрж эхэллээ. Эцэст нь электрон төхөөрөмж ашиглан онооны машинд нөлөөлж байсан нь илэрчээ. Өөрөөр хэлбэл, зальт этгээд оноо авахыг хүссэн үедээ дайралт хийхтэйгээ зэрэгцүүлэн товчлуур дарж, өрсөлдөгчдөө хүрээгүй байсан ч оноо нэмж байсан гэсэн үг. Төд удалгүй булхай илэрч, Онищенко тэмцээнээс хөөгдсөн байна.
09
Диего Марадона – Бурхны гар
“Бурхны гар”-ын түүхийг мэдэхгүй спорт сонирхогч бараг л байхгүй.
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг бол яахын аргагүй Диего Марадона. Зодог тайлснаасаа хойш ч 2014 оны Дэлхийн аваргын тэмцээнд Аргентин улсынхаа шигшээ багийг дасгалжуулан оролцсон тэрбээр одоог хүртэл үндэсний баатрын хэмжээнд хүндлэгдсэн эрхэм. Түүний хамгийн алдартай мөчүүдийн нэг бол 1986 оны Дэлхийн аваргын тэмцээний шөвгийн наймд Английн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод Английн хаалгач бөмбөгөнд хүрэхийн өмнөхөн гараараа цохиж гоол оруулсан явдал юм. Шүүгч нар энэ үйлдлийг анзаараагүй бөгөөд оноог тооцсоноор 2:1 харьцаатай Аргентинчууд ялж, хүчтэй өрсөлдөгч Английн шигшээ баг тэмцээнийг орхисон юм. Аргентин улс дараагийн шатуудад Бельги, Баруун Герман улсуудын багийг хожиж Дэлхийн аварга болсон байдаг.
Тоглолтын дараа сэтгүүлчдийг энэ талаар асуухад “Миний биш, бурхны гар энэ гоолыг оруулсан” хэмээн хэлснээр уг гоолд ийнхүү алдарт “Бурхны гар” гэх нэрийг өгсөн юм.
08
Силвестер Кармуше – Морьт хий үзэгдэл
Морин уралдаанд булхайцах бараг боломжгүй мэт. Гэтэл Силвестер Кармуше үүнийг хийж чадсан байдаг – мэдээж баригдах хүртлээ шүү дээ. Энэ үйл явдал Луизианагийн уралдааны замд 20 гаруй жилийн өмнө болжээ. Тухайн үед үзэгчид цөөн байсан бөгөөд маш их манантай байв. Хамгийн сүүлд давхиж байсан Кармуше гэнэт 24 морьны уртаар /1 морьны урт = 2.4 м орчим/ тасархай түрүүлчихэв. Морь нь ч бахардаагүй, тэр бүү хэл шавар шавхай болоогүй байсан тул тэр даруй асуудал үүссэн байна. Юу болсон бэ гэхээр, Кармуше манан дунд орсон даруйдаа тойрог замыг товчилж, бага зэрэг хүлээж байгаад нөгөө талаас нь гарч ирж тэмцээнээ дуусгасан байж. Бүх нотлох баримт өөрийнх нь эсрэг байхад Кармуше булхайцаагүй хэмээн гүрийсээр эцэст нь “Морьт хий үзэгдэл” гэх хочийг авсан байна. Хаа очиж сүртэй хоч шүү.
07
Бэн Жонсон – Ноён шар нүдэт
1988 оны Сөүлийн Олимпийн наадмын 100 метрийн гүйлтэд 9.79 секунд хурдалсан Канадын тамирчин Бенжамин Синклэйр Жонсон Жр. дэлхийн рекордыг эвдсэнийхээ дараа “Намайг Бэн Жонсон гэдэг бөгөөд энэ рекорд 50, магадгүй 100 жил эвдэгдэхгүй гэж хэлэхийг хүсч байна” хэмээн хэлж байв. Гэтэл хэдхэн цагийн дараа Олимпийн Допингийн удирдах төвөөс эхний дөрвөн байрын тамирчны шээсний шинжилгээний нэгнээс нь станозолол гэх аюултай сэргээш олдсон хэмээн зарласан байна. Хэн байсан гэдгийг дурдах шаардлагагүй биз. Энэ нь одоогийнхоор бол “Усэйн Болт сэргээш хэрэглэжээ” гэхтэй ижилхэн тийм цочирдом мэдээ болж байсан юм.
Тэмцээний өмнөхөн АНУ-ын дасгалжуулагч түүнийг хараад эрх бүхий хүмүүст Бэн Жонсоны нүд нь шар өнгөтэй байна гэж хэлж байсан нь түүний элэг сэргээшийг шингээхээр илүү ачаалласнаас болсон нь тодорхой болжээ. Алтан медалиа хураалгасан тэрбээр 2 жилийн хугацаанд эрхээ хасуулж, дараагийн Олимпийн наадамд оролцсон боловч дахин сэргээш хэрэглэсэн нь тодорхой болсноор 1993 онд насан туршдаа тэмцээнд оролцох эрхгүй болсон аж.
06
Гайоз Нигалидзе – Компьютер миний өмнөөс...
Мэргэн ухаан, шийдвэр гаргах чадвараа уралдуулах спорт бол шатар. Тус спортын асар ухаалаг тамирчдын дунд дүрмийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн сэдэл төрж байсан нь тодорхой. Саяхан л гэхэд Гүржийн их мастер Гайоз Ниглидзе шатрын нүүдлээ хийхдээ гар утасны эппликэйшн ашиглаж байсан нь баригдаж, 15 жилийн турш тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна.
Тэр хэцүүхэн байдалд орох бүртээ ариун цэврийн өрөө рүү орж, тэндээ нуусан гар утсаа ашиглаж байсан нь илэрчээ.
Рэгбигийн тамирчид бол хүрэх төдийд унаж жүжиглэдэг хөлбөмбөгийн тамирчдын хажууд баргийн гэмтлийг юман чинээ бодохгүй, хүчтэй, жинхэнэ эрчүүд гэсэн нэр хүндтэй. Гэхдээ энэ тийм ч үнэн биш ээ. 2009 оны Heineken цомын шөвгийн дөрөвийн тэмцээнд Лэйнстерийн эсрэг тоглож байсан Харликвиний жигүүрийн тоглогч Том Уильямсын уруул задарч, цус гарсан тул сэлгээгээр Ник Эванс орж иржээ. Ник Эванс нь дараагийн оноо авах тоглолтыг гаргахад илүү тохирсон тоглогч байж л дээ. Гэтэл энэ гэмтэл нь хуурамч байв. Уильямс оймсондоо хуурамч цустай тоглоомон капсул хийсэн байсан бөгөөд түүнийгээ хазаж, амаа даган урсгасан байв.
Сонирхолтой нь Харликвинүүд өмнөх дөрвөн ч тоглолтод энэ аргаа ашигласан нь тодорхой болж Уильямс, багийн менежер Дийн Ричардс, булхайгаа нуух гэж Уильямсын уруулыг сүүлд нь зүссэн багийн эмч Вэнди Чапман болон сэтгэл зүйч Стеф Бреннан нарын эрхийг урт хугацаагаар хассан байдаг.
04
Карлос “Панама” Левис –Булхайн аварга
Боксын булхай бас л эвгүй хэлбэрээр илэрдэг. Тухайлбал, 1964 онд домогт Мухаммад Алигийн эсрэг тоглосон Сонни Листон өөрийнхөө “бээлийг шатаах” даалгавар өгсөн гэдэг. Энэ нь Алигийн нүдэнд оновол нүдийг нь хорсгож, улмаар харах чадварт нөлөөлөх зориулалттай тусгай түрхлэг түрхэхийг хэлдэг аж. Гэхдээ энэ тоглолтонд Листон ялагдсан байдаг.
Харин “хөгийн” тактикийн тухай ярих юм бол дасгалжуулагч Панама Левис хүнд жингийн аварга л гэсэн үг. 1983 онд түүний тамирчин Луи Ресто 10 раундын турш цус нөжиндөө хутгалдсан тоглолтын дараа тухайн үед ялагдалгүй байсан Билли “Ирланд эр” Коллинсыг шүүгчдийн нэгдмэл саналаар буулган авсан байна. Тэмцээний дараа Коллинс өрсөлдөгчийнхөө аав, дасгалжуулагчийн гарыг барьж баяр хүргээд, дараад нь Рестотой гар барингуутаа луйвардуулсанаа мэджээ. Учир нь Рестогийн бээлий хэт нимгэн, бас маш хатуу байв. Рестогийн хэлснээр түүний дасгалжуулагч бээлийнээс нь бүтэн унц зөөлөвчийг хасч, гарынх нь боолтыг гипсээр хатууруулж, тамирчныхаа цохилтыг илүү даацтай болгосон байлаа. Одоо хэр Левис бээлийний хэргээ хүлээгээгүй байгаа.
Тоглолтоос болж Коллинсын нүдний торлог бүрхэвч урагдаж, хараа нь насан туршдаа доголтой болж, зодог тайлсан байдаг. Коллинс жилийн дараа автомашины ослоор нас барсан бөгөөд олон хүн түүнийг амиа хорлосон гэж үздэг.
Панама Левис мөн тэмцээнүүдэд астма өвчинд уудаг эмийг нунтаглаж тамирчныхаа усанд хийдэг ба энэ нь тэмцээний сүүлийн раундуудад уушгины багтаамжийг нь илүү сайжруулдаг байсан тухай түүний тамирчин Ресто HBO телевизийн баримтат кинонд ярьжээ.
Левис болон Ресто 1986 оны 10-р сард танхайрсан, хууль бусаар зэвсэг биедээ авч явсан хэргээр зургаа болон гурван жилийн хорих ял сонссон юм.
03
Тоня Хардинг – Араас хутгалагч
Булхай, луйвраас давсан дараагийн зүйл бол зүгээр л “харгислал”. Үүний жишээ бол 1994 оны АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль авах хүлээлттэй гол тамирчдын нэг Нэнси Керриган руу цагдаагийн зэрэглэлтэй бороохойгоор Шэйн Стант гэгч дайрч хөл рүү нь цохисон хэрэг юм. Гэмт этгээд хөлийг нь хугалах зорилгодоо хүрээгүй ч Керриганыг тэмцээнээс нэрээ татах хэмжээний гэмтэл учруулж чадсан байлаа. Ингэснээр Тоня Хардинг алтан медаль хүртэж, улсын аварга болжээ.
Мөрдлөгийн явцад Стант нь Хардингийн хуучин нөхөр, бие хамгаалагч Жефф Гиллулигийн хөлсөлсөн хүн болох нь тодорхой болсон байдаг.
Хоёр бүсгүй хоёулаа 1994 оны Өвлийн Олимпийн наадамд оролцохоор явсны дараахан Гиллули энэ хэргийн жинхэнэ захиалагч нь Хардинг байсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Хэн хэн нь шоронд орж, Хардингийн тэмцээнд оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 500 цагийн нийгмийн ажил хийх шийтгэл, мөн 160 мянган ам.долларын торгууль оногдуулсан байдаг.
Тамирчны карьерээ алдсан Хардинг насанд хүрэгчдийн кинонд тоглож, мэргэжлийн боксчин, бөх болж, эртний аютомашины хурдны рекордыг эвдэж, Golden Blades гэдэг хамтлагт хүртэл дуулж, мөн кинонд тоглосон байна. Бас ч гэж дажгүй шүү.
02
Лэнс Армстронг – Покер царайт
Тэртээ 1904 онд Тур де Францын хоёр дахь удаагийн тэмцээнд Хипполит Акоутурие уул өөд өгсөхдөө урдаа замчилж байсан машины араас олс уяад нөгөө үзүүрийг нь шүдээрээ зууж, сайхан гэгч нь чирэгдэж явжээ. Энэ мэт илэрхий булхайг зогсоох амархан. Тэгвэл булхай нь илэрхий биш бол яах вэ?
“Чи юу ч нууж байсан тэр чинь 10 жилийн турш илрэхгүй байна гэж байхгүй. Хэн ч тийм ухаантай биш” хэмээн покер царайт Лэнс Армстронг 2011 онд өөрөө хэлж байв. Гэтэл допинг хэрэглэсэн хэмээн буруутгасан бүхнийг хайр найргүй шүүхдэж байсан тамирчин маань өөрөө юм нууж байсан төдийгүй 10 байтугай олон жил баригдаагүй “ухаантан” байсан гэдэг нь илэрч нэр хүнд нь газраас доош 1000 бээр булагдах нь тэр. Дугуйн спортын хамгийн том тэмцээн болох Тур де Францын 7 удаагийн аваргын эсрэг түүний багийнх нь хуучин гишүүд шүгэл үлээжээ. Тэр 10 гаруй жилийн турш сэргээшийг маш нарийн системтэйгээр хэрэглэж байсан нь илэрсэн юм.
01
Испанийн паралимпын шигшээ баг – Хөгжлийн бэрхшээлгүй паралимпчид
Луйвар бүхэн муухай ч луйвар дундаа энэ бол хамгийн ой гутмаар нь. 2000 оны Сиднейн Паралимпийн наадамд оролцсон Испанийн шигшээ баг энэхүү жагсаалтын тэргүүн байранд орохуйц муухай үйлдэл гаргасан юм. Нууцаар ажилласан сэтгүүлч Карлос Рибагорда мөрдлөгийн явцад тус улсын баг тамирчдын дунд бие махбод болон сэтгэл мэдрэлийн хувьд цоо эрүүл хүмүүс паралимпын наадамд оролцсон болохыг илрүүлсэн байдаг. Тэр бүү хэл эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртсэн багийн 12 тамирчны 10 нь хөгжлийн бэрхшээлгүй байсан нь илэрсэн юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.