Ганцаараа бүтэн армийн эсрэг байлдсан 10 дайчин
Баатарлаг үйлс хийж, домог болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Бүхэл бүтэн армийн эсрэг ганцаараа зогсохоос илүү баатарлаг зүйл үгүй л болов уу? Цаг хугацаа улиран одохын эрхэнд олон ч хүний баатарлаг үйлс мартагдсан байдаг бол зарим нь түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн байдаг. Энэ жагсаалтад ганц дайчин ганцаардахгүй гэдгийг баталсан 10 домогт эрийн түүхийг өгүүлье.
10
Анибал Аугушту Мильяаиш
1895 онд Португал улсад төрсөн Мильяаиш тус улсын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн нэр хүндтэй цэрэг юм. Ердөө 20 настай байхдаа цэрэгт татагдсан тэрээр Португалийн нэгэн жижиг тосгоноос явган цэргийн дивизийн бүрэлдэхүүнд орж, фронтыг зорьсон байна.
Түүний домог Лисийн тулаанаас эхлэв. Дэлхийн нэгдүгээр дайнд Португалийн арми британичуудын хамт Бельгийн газар нутгийг Германы армиас хамгаалж байсан юм. Дайнаас болж амь үрэгдэгсдийн тоо 1938, шархадсан цэргийн тоо 5198, олзлогсдын тоо 7000 даваад байх үед Мильяаиш автомат бууг хариуцан тулалдаж байлаа. Германчууд ухарч байсан Португал, Британийн цэргүүд рүү дайрах үед Мильяаиш ганцаараа үлдэж, ухарч буй цэргүүдээ хамгаалж байв. Түүний хүчтэй галын дор Германы олон цэрэг амь үрэгджээ. Тэрээр бусад цэргүүдийнхээ хамт зугтахын оронд байраа хадгалан үлдэж, нөхдөө аюулгүй ухрах боломжийг нь олгохоор бүтэн армийн эсрэг сумаа дуустал байлдсан байдаг.
Үүгээр ч зогссонгүй ухарч байсан Бельгийн цэргүүдийг хамгаалахаар шийдэж, ганцаархнаа дахин автомат буугаа барин германчуудын эсрэг зогссон байна. Түүний ачаар ухарч байсан цэргүүдээс нэг нь ч үхээгүй аж. Хоёр ч том дайралтыг ганцаараа зогсоосон Мильяаишийн эр зоригийг үнэлж тус улсын цэргийн дээд шагналаар шагнажээ.
Тэрээр 74 насалсан юм.
1066 онд Саксоны армитай хийсэн тулаанд тоогоор хол дутуу байсан Норсын дайчид ухарч байлаа. Сэтгэл зүйн хувьд ялагдал хүлээхэд ойрхон байсан викингчүүд араас мөшгих саксончуудын эсрэг дахин зогсохын тулд цугларахаар хичээж байв. Гэтэл нэгэн викинг дайчин гарч ирэх нь тэр. Зугтаж байсан нөхдийнхөө хажуугаар эргэн гүйж, гурван хүн нэвтрэх боломжтой гүүрэн дээр ганцаараа Саксоны армийн эсрэг зогссон байна. Түүний нэрийг хэн ч мэдэхгүй бөгөөд том биетэй, өргөн мөртэй, толгойдоо дуулгатай, цээжиндээ төмөр хуягтай, сүх барьсан дайчин байсан гэдэг. Гүүрний нэг талд викингүүд алдарт бамбайн ханаа босгож, харин дайчин эр ганцаараа гүүрэн дээр дайснуудаа хүлээн зогсов.
Викингүүд Английн Йорк, Скарбороу зэрэг тосгонууд руу дайрч, шатаасны дараа Саксоны арми тэдэнд хариу цохилт өгчээ. Тэд ердөө дөрвөн өдрийн дотор 180 бээр газрыг туулж, викингчүүдтэй байлдсан байдаг. Энэхүү Стэмфорд гүүрний тулаанд нийт 15 мянган англичууд 9000 викингийн эсрэг байлдсан ба Норсын домогт хаан Харалд Хардрада амь үрэгдсэн юм. Удирдагчаа алдсан викингчүүдийн сандралыг нэр нь үл мэдэгдэх энэхүү домогт баатар намжаасан аж.
Тэрээр гүүрэн дээр гарч ирсэн бүх хүнийг сүхээрээ алсан бөгөөд нэг ч удаа хойш гишгээгүй аж. Бүтэн нэг цагийн турш харваачдын бай болж, цээжиндээ олон сум зоолгосон ч байрлалаа хадгалсаар байсан зоригт эрийг эцэст нь гүүрэн доороос нь жадалж хөнөөжээ. Тэрээр үхэх хүртлээ дор хаяж 40 Саксон дайчныг алж, өөрийн цэргүүддээ дахин бөөгнөрөх боломжийг олгосон байдаг. Дайнд саксончууд ялсан ч баатар эрийн түүх мөнхрөн үлдсэн нь энэ юм.
Ванчены тулааны эхэн үед Диан Вэй өөрийгөө Зүүн Хан гүрний хамгийн шилдэг дайчдын нэг болохоо баталсан юм. Тэрээр цэргийн жанжиндаа танигдсан гарамгай дайчин байсан бөгөөд ноён Цао Цао хувийнхаа бие хамгаалагчдын ахлагч болгов. Үүнд Вэй ихэд баярлаж, амьсгал хураатлаа ноёноо хамгаална хэмээн андгайлсан аж.
Цао Цаогийн удирдсан арми Жан Шьюгийн цэргийн эсрэг дайрах үед эсрэг тал нь тэр дороо бууж өгсөн аж. Үүнд баярласан Цао Цао ноён Жан Шью болон тэдний хүмүүст зориулан цайллага хийхээр шийдэв. Гэтэл бууж өгсөн Жан Шью ноён баярлаж суусан түрэмгийлэгчдээ гэнэдүүлж, Цао Цаогийн цэргүүдийг хүйс тэмтэрч эхэлжээ. Цао ноён цөөн хүний хамтаар зугтахад араас нь хүн хөөлгөхгүйн тулд Диан Вэй ордны хаалган дээр ганцаараа зогсож, тоогоор үлэмж илүү дайсны эсрэг тулалдсан байна. Домогт өгүүлснээр Диан Вэй 20 гаруй дайсныг хөнөөсөн ба цайз руу өөр талаас нэвтэрсэн цэргүүд араас нь дайрснаар ялагдсан аж. Түүнийг үхсэнийх нь дараа хүртэл Жан Шью ноёны цэргүүд цогцосноос нь айж, ойртож зүрхлэхгүй байсан гэдэг.
Энэ үйл явдал 197 онд болсон юм.
Бен Л.Саломон коллежийн оюутан байхдаа цэрэгт татагдаж, Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын армийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байжээ. Аз болж фронтоос зайтай Хавай арал дээрх цэргийн хуаранд шүдний эмчээр ажиллахаар томилогдсон Саломон буу дуугаргалгүй дайныг дуусгах боломжтой байв. Гэтэл нэг өдөр Саломон галын шугам дээр ажиллаж байсан эмч нас барсан тухай сонсоод сайн дураараа оронд нь очихыг сонгосон аж.
Түүний шилжин очсон 2-р батальон үүргээ биелүүлж, эрэг дагуу байрлах бэхлэлтийг эзэлж чадсан байна. Мэдээж стратегийн чухал байрлал байсан энэ бэхлэлтийг авахын тулд япончуудаас хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ. Японы армийн коммандлагч Генерал Сайто үлдсэн цэрүүддээ хүн тус бүр 10 америк цэргийг хөнөөх үүрэг өгч, ялагдах байсан ч хамаагүй давшин нэр төртэйгээр амиа алдахыг тушаав. Эмчээр ажиллаж байсан Саломоны эмнэлгийн хэсэг эрэг дагуу байрласан байсан нь япончуудын хувьд амархан бай байжээ. Эмнэлгийн майхан дотроо 30 гаруй өвчтөнтэй байсан Саломон япончуудын сөрөг дайралтын үеэр орж ирсэн хэнийг ч зогсоож чадаж байлаа. Хүнд шархадсан хүмүүсийг зугтаалгах гэж байдгаараа хичээсэн ч удалгүй тэр хэсэг япончуудаар дүүрчихэв. Хамгийн сүүлд түүнийг харсан хүний хэлснээр М1 автомат буугаар зэвсэглэсэн Саломон амиа алдах хүртлээ ганцаараа тулалдсан аж. Тэрээр 98 дайсныг хөнөөсөн ба өөрөө 76 удаа суманд оногдсон гэсэн тоо баримт байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Номхон далай дахь тулаан АНУ-ын цэргүүдийн хувьд хамгийн хүнд даваануудын нэг нь байсан юм. Дайнаас амьд үлдэнэ гэдэг чамлахааргүй амжилт ч Эр зоригийн одонгоор шагнуулна гэдэг бол түүнтэй зүйрлэшгүй их эр зориг шаардсан хүндэтгэл билээ. Бага түрүүч Жон Р.МакКинни энэхүү хүндэт медалийг хүртсэн домогт дайчдын нэг юм.
Филиппиний арлууд дээр алба хашиж байсан МакКинни Японы зэвсэгт хүчнээс нэгэн байрлалыг хамгаалах үүрэг хүлээсэн дивизийн бүрэлдэхүүнд байв. Дайснууд нэвтрэн орох үеэр МакКинни толгойдоо сэлэмдүүлсэн аж. Гэсэн ч тэрээр дайснаа буугаараа цохиж унагаан, орж ирж байсан дараагийн Япон цэргийг буудан алав. Эргээд хартал автомат буун дээр байсан цэрэг шархдаж, япончууд бууг нь авахаар бөөгнөрсөн байжээ. МакКинни нэн даруй 10 япон цэргийн гурвыг нь буудан устгаж, үлдсэн долоог нь бороохойдон алсан байна.
Харамсалтай нь энэ автомат буу ажиллагаагүй болсон байжээ. МакКиннид гарт нь байсан М1 Garand буунаас өөр зэвсэг үлдээгүй байв. Гэсэн ч тэрээр ганцаараа байрлалаа хадгалан үлдэж, дайснуудын давшилтыг зогсоож чадсан аж. Нэмэлт хүч ирэх үед бүх зүйл дууссан байсан бөгөөд нийт 40 япон цэрэг МакКинниг тойроод үхсэн байсан гэдэг.
Семпрониус Денсус бол Эзэн хаан Галбусын бие хамгаалагч, ахмад центурион байжээ. НТ 69 онд Эзэн хаан Галбус болон сайд Писо Лисинианус нарыг хөнөөхөөр Маркус Ото хуйвалдсан байв. Тэднийг Ром хотын гудамжаар явж байхад Отогийн цэргүүд бүслэн авч, дайрав. Бусад центурионууд зугтах нь зугтаж, зарим нь бүр урваж эхэлсэн ч Денсус ганцаараа эзэн хаанаа хамгаалан тулалдсан байна. Бараг танихгүй шахам хүний амийг аврахын тулд Ромын босогч цэргүүдийн бүхэл бүтэн армийн эсрэг ганцаараа байлдсан Денсусын араас хөлийг нь цавчин унагаснаар хатан зоригт эрийн сүүлийн тулаан дууссан юм.
Харин Галбусыг хөнөөн толгойг нь авч жаданд зоон, хот дундуур олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
Сайто Мусашибогийн түүх адал явдлаар дүүрэн. Залуудаа Японы Буддын лам болохоор суралцаж байхдаа тогтворгүй зан авираасаа болж хөөгджээ. Лам болохоор суралцаж байхдаа мөн самурайн сэлмийн эрдэмд суралцсан байна.
Тэрээр маш том биетэй хүн байсан бөгөөд нүцгэн гараараа хүний толгойг бяцалж чадахуйц хүчтэй байсан гэдэг. Бенкей нэгэнтээ Минамото но Ёошицунед ялагдсаныхаа дараа нөхөрлөн, түүнд зүтгэх болжээ. Дөрвөн жилийн турш Бенкей, Ёошицуне хоёр хуулиас гадуур амьдарч байсан боловч тэднийг мөшгиж байсан цэргүүд Коромогава цайзад оруулан бүсэлж чадсан байна. Сеппуку буюу амиа егүүтгэхийг сонгосон Ёошицуне цайз руу ороход Бенкей ганцаараа гол хаалгатай холбоотой гүүрийг хашин зогсов. Түүн рүү олон цэрэг дайрсан ч Бенкей бүгдийг нь төвөггүй хөнөөж байлаа. Цэргүүд түүнтэй тулж байлдаад нэмэргүй юм байна гэдгийг ухаараад оронд нь суман бороо оруулах болжээ. Хоёр метр өндөртэй аварга дайчин хөдлөхөө больсон байгааг мэдсэн цэргүүд зоригоо чангалан дөхөн очиход Бенкей зогсоогоороо амьсгал хураасан байсан гэдэг.
“Цагаан” үхэл хочит Симо Хайха бол Финляндын домог болсон шилдэг цэрэг бөгөөд Орос, Финляндын дайны үеэр 700 гаруй дайсныг устгасан, бүх цаг үеийн хамгийн шилдэг дайчин юм. Манай сайтад өмнө нь тавигдсан “Бүх цаг үеийн шилдэг 10 мэргэн бууч” жагсаалтыг тэргүүлсэн Симо Хайха бол 1925 онд цэргийн албанд элссэн энгийн нэг анчин эр. Симог “Нэг хүнээс бүрдсэн арми” хэмээн дууддаг байсан бөгөөд дайны үед ЗХУ-ын Улаан армийн хар дарсан зүүд байлаа. Тэрээр цагаан хувцас өмсөж, цасан дундаас хэнд ч харагдахгүйгээр бууддаг байсан төдийгүй дайсны мэргэн буучдад харагдахгүйн тулд амандаа цас хүлхэж, уур гаргахаас сэргийлдэг байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь “Цагаан үхэл” нийт 100 хүрэхгүй өдрийн дотор энэ олон хүнийг устгасан юм. Энэ нь өдөрт дунджаар 5 хүн хөнөөсөн гэсэн үг. Симог хөнөөхийн тулд Улаан арми мэргэн буучдын салаа, тэр бүү хэл бүтэн батальон явуулсан ч тэд эргэж ирдэггүй байсан гэдэг. Эцэст нь их буугаар галлаж, 1939 оны 3-р сарын 6-ны өдөр Симог шархдуулж чаджээ. Түүнийг олоход нүүрнийх нь тал нь байхгүй байв. Симо Хайха үхээгүй бөгөөд түүнийг ухаан орох үед буюу 3-р сарын 13-ны өдөр хоёр тал эв найрамдлын хэлэлцээр байгуулсан байдаг.
Тэрээр 2002 онд 96 насандаа нас баржээ.
Кашмирийн төлөөх Энэтхэг, Пакистаны хурцадмал байдал хамгийн удаан үргэлжилж буй зөрчилдөөнүүдийн нэг билээ. Британийн колончлол дуусч, Энэтхэг, Пакистан улсууд бий болсон цагаас хойш энэ жижиг газар нутгийн төлөө дайтсаар ирсэн юм. 1999 онд Пакистаны цэргүүд, Кашмирийн босогчдын хамт Энэтхэгийн хилийг давснаар Каргилын тулаан эхэлжээ.
Энэ үед Йогендра Сингх Яадав ердөө 19 настай байлаа. Түүний салааны зорилго нь Тигр уулын оройд гарч, стратегийн ач холбогдолтой гурван нуувчийг эзлэх байв. Эдгээр нуувч нь 5100 метрийн өндөрт байрлах хадан цохионд байсан аж. Йогендра энэ дайралтыг удирдаж, хаданд авирах олс бэлдэн бүтэлгүйтвэл дараагийн удаа дайрах цэргүүдийнхээ замыг засч явжээ. Авирах үед салааны ахлагч болон хоёр цэрэг алагдав. Йогендра өөрөө дөрвөн удаа суманд оногдсон ч бункер хүртэлх үлдсэн 20 метрийн зайг туулахаар бүх хүчээ зарцуулсан байна. Оройд гараад эхний нуувч руу гар бөмбөг шидэн дөрвөн цэргийг алав. Үүний дараа хоёр дахь бункер руу дайрч дахин дөрвөн дайсныг хөнөөж чадсан байна. Ингээд араас нь гарч ирж чадсан хоёр цэргийн хамт үлдсэн нэг бункерыг эзэлжээ. Энэтхэг улс энэ дайнд ялсан байдаг.
Ийнхүү 1999 оны 7 сарын 4-ний өдөр Каргилын тулаанд үзүүлсэн гавьяаныхаа ачаар Энэтхэгийн армийн хамгийн өндөр шагналыг ердөө 19 насандаа хүртсэн Йогендра Сингх Яадав бол 16 нас 5 сартайдаа цэрэг болсон Гхатак гэх тусгай салааны гишүүн байсан юм.
Энх тайвныг эрхэмлэгч Алвин Йорк цэргийн алба хаахаас шашны шалтгаанаар татгалзаж, чөлөөлүүлэх хүсэлтээ өгч байжээ. Гэвч түүний өргөдлийг нь хүлээж аваагүй бөгөөд дайсны эсрэг байлдах нь жинхэнэ Христэд итгэгчийн ариун үүрэг хэмээн ятгаж чадсан байна. Алвин ч сайн байлдсан байна. Дэлхийн нэгдүгээр дайны өрнөл үе буюу 1918 оны байдлаар Алвин Йорк 20 хүнийг хөнөөж, 132 хүнийг олзолсон баатарлаг цэрэг байжээ. Бага түрүүч Йорк өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ юу гэж бичсэнийг сонирхуулъя:
“Автомат буу зогсоо зайгүй шүршиж, миний эргэн тойронд байх ой төглийг газартай тэгшилж байлаа. Үнэхээр аймшигтай... Модны ард нуугдах бүү хэл бут руу үсрэх ч завдал байгаагүй. Суух, хэвтэх ч боломж олдоогүй... Автомат буу намайг онилох үед би зогсоод хариу гал нээж эхэллээ. Намайг харахын тулд, эсвэл алахаар буугаа гаргахын тулд германчууд нуувчнаас толгойгоо цухуйлгах шаардлагатай байсан. Харин цухуйсан толгой болгоныг би буудаж байсан юм. Энэ бүх хугацаанд би тэднийг битгий гарч ир гэж орилсоор байсан. Би алах шаардлагатайгаас илүү хүний амь бүрэлгэхийг хүсээгүй. Гэвч нэг бол тэд, эсвэл би үхэх нөхцөлд байсан тул би бүх хүчээ дайчилсан”
Алвин Йоркийн гавьяа Франц, Итали болон Монтенегрод үргэлжилж нутагтаа Америкийн баатар болж эргэн иржээ. Конгрессоос Эр зоригийн одон хүртсэн түүний түүхээр “Бага түрүүч Йорк” кино бүтээж, гол дүрд Гари Купер тоглосон байдаг.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.