Арав.мн

Бурхан мэт тахин шүтэгддэг 10 амьтан

Бурхан мэт тахин шүтэгддэг 10 амьтан

Дэлхийн ихэнх шашны урсгал Бурхан дэлхий дээр ямар нэг байдлаар ирсэн тухай номлодог. Зарим шашинд Бурхан хүний дүрээр ирдэг гэж итгэдэг бол зарим нь мод, хад чулуу, аянга цахилгаан, амьтны дүрээр ирдэг гэж үздэг. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт бурхадтай холбоотой хэмээн тахин шүтэгддэг олон амьтан бий. Энэ жагсаалтаар хүмүүсийн шүтэн дээдэлж ирсэн 10 амьтныг жишээ болгон сонирхуулж байна.


10

Пецучос матар

Эртний Египетд Собек бурханыг Нил мөрний матруудтай ойр байдаг гэж үздэг байжээ. Египетчүүдийн үлдээсэн хөшөө, зураг зэрэг соёл урлагийн дурсгалт зүйлс дотор матар толгойтой хүн, эсвэл зүгээр л матар дүрсэлсэн байдаг агаад энэ нь Собек бурхан аж. Египетийн ард иргэдийн амьдралд Нил мөрний ач холбогдол их байсан тул Собек бурхан ч өндөр байр суурьтай байв. Зарим хотуудад Собек бурханд зориулан хөшөө босгон, өргөл барьц өргөдөг байсан бол Арсиное хотынхон матрыг ариун амьтан гэж үздэг байжээ.

Тухайлбал, Собек бурхны сүмд Пецучос гэдэг нэртэй ариун матар амьдардаг байсан гэдэг. Лам нар тэрхүү матрыг хооллож, тэжээдэг байсан аж. Грекийн газар зүйч Страбогийн тайлбарласнаар лам нар матарт эхлээд бялуу, дараа нь мах, эцэст нь сүү, зөгийн бал өгч хооллодог байв. Харин Пецучосыг үхэх үед цогцсыг нь зандалшуулж, дээд зэргийн хүндэтгэлтэй оршуулгын ёслол үйлдээд дараа нь шинэ Пецучосыг хайж олдог байжээ. 


09

Апис бух

Эртний Египетчүүдийн тахин шүтдэг байсан бурхдын дунд маш олон амьтан бий. Үхэгсдийн ертөнцийн үүдийг хамгаалагч муур, үхлийн бурхан Анубис (нохой толгойт бурхан) гэх мэт дэлхий дахинд алдаршсан олон бурхан байдаг. Харин Апис бурхан бол бух юм. Эртний египтчүүдийн хувьд аугаа соёл иргэншлээ мөнх байлгах нь маш чухал тул мөнх байдал, гариг эрхэсийн тогтвортой байдлын бэлгэдэл хэмээн Апис бурхныг шүтдэг байжээ. Апис бурхан мөнх байж болох ч түүний бэлгэдэл болсон бух мөнх амьдрахгүй. Иймд Пецучос матрын нэгэн адил Апис бухыг үхсэний дараа занданшуулан оршуулж, шинэ Апис бухын эрэлд гардаг байжээ. Египетчүүд үнээн дээр аянга буух үед Апис бурхан мэндэлдэг гэж үздэг байв. Энэ үнээнээс төрсөн эр тугал нь Апис бурхан бөгөөд өөрийн гэсэн шинж тэмдэгтэй байдаг гэж итгэдэг байжээ. Уг шинж тэмдгээр бол тугал хар өнгөтэй, духан дээрээ очир эрдэнийн хэлбэртэй цагаан тэмдэгтэй, нуруун дээрээ бүргэдийн тэмдэгтэй байдаг гэнэ. Түүнчлэн хэлнийх нь доод хэсэгт ариун цох (скараб цох)-ны хэлбэр бүхий тэмдэгтэй, сүүл нь бусад үхрээс илүү их үстэй, саглагар байх ёстой. Апис бурхны хойд дүрийг тодруулсны дараа бухыг завинд суулган, Нил мөрнөөр зөөж авчран, буханд зориулж том хэмжээний баяр наадам хийдэг байжээ. 


08

Карни Мата дахь хархнууд

Хархыг ариун, гэгээн амьтан гэж үзнэ гэдэг итгэмээргүй хэрэг билээ. Энэтхэгийн Карни Мата хэмээх сүмд 20 мянга орчим харх мөргөлчдийн хайр, хүндлэл дунд амьдардаг. Тэртээ 15 дугаар зууны үед Карни Мата гэх эмэгтэйг дэлхий дээр буусан дайчин бурхан Дурга хэмээн шүтдэг байжээ. Түүний хүчийг ашиглан дийлдэшгүй хүчирхэг цайз хэрмүүдийг байгуулсан агаад үүнд нь талархан Карни Матад зориулан сүм хийдүүдийг байгуулсан гэдэг. Нэг удаа Карни Матагийн амьдарч байсан хотод хүүхэд амиа алдах үед ахин мэндэлсэн Дурга бурхан буюу Карни Мата тэр хүүхдийг амь оруулахыг үхлийн бурхнаас гуйжээ. Гэвч үхлийн бурхан зөвшөөрсөнгүй. Харин амь үрэгдсэн хүн бүрийн сүнс дараа төрөлдөө хүн төрлийг олох хүртлээ дэлхий дээр харх болон ирж байхыг зөвшөөрсөн гэдэг домогтой.

Өдгөө Ражастанд байрладаг сүмд сүсэг бишрэлтэй хүмүүс ирж, хархнуудыг хооллодог. Ингэснээр аз ирнэ гэж сүсэгтнүүд итгэдэг бөгөөд заримдаа хархнуудын хоолны савнаас үлдэгдэл хоолыг идэж, ус уун бурхдад чин сүсэгтэйгээ баталдаг аж. 


07

Пенангийн могойт сүм

Малайзын Пенанг мужид байдаг Азуре үүлний сүм буюу олон нийтэд Могойт сүм нэрээрээ танигдсан уг сүмийг аливаа өвчнийг илааршуулах увидастай, гэгээнтэн Чор Су Конг гэх Буддын ламын дурсгалд зориулан байгуулжээ. Гэгээнтэн өөрөө ариун, сайхан сэтгэлтэй нэгэн байсан ба хорт могойнуудыг хөөж туухын оронд орон гэртээ оруулж, хамгаалдаг байсан гэдэг. Анх сүмийг барьж эхлэх үед хаанаас ч юм маш олон могой ирсэн гэдэг домог бий. Үүнийг сүсэгтнүүд Чор Су Конг ламын сүнс сүмийг ивээж байгаа хэрэг гэж үздэг.

Өдгөө тус сүмд маш их хорт могой байдаг бөгөөд хүмүүсийг могойнд хүрэхгүй байхыг анхааруулсан бичиг энд тэндгүй өлгөсөн байдаг аж. Могойнуудыг тайвшруулахын тулд ихээр арц хүж уугиулдаг гэнэ. Гэхдээ сүүлийн үед эрсдлээс сэргийлэх зорилгоор сүмд буй могойнуудын соёог авдаг болсон гэх мэдээлэл бий.


06

Хоканагийн ямаанууд

Непал улсын Хоканад ямаа маш өндөр байр суурь эзлэдэг. Ямаанууд хотоор дураар сэлгүүцдэг төдийгүй хүссэн газраа бэлчдэг байна. Хэрэв зам дээр ямаа гарч ирвэл автомашин, мотоциклтай хүмүүс тэдэнд заавал зам тавьж өгөх буюу тойрч гардаг. Нутгийн иргэд ямааг Рудраяни бурхных гэж итгэдэг гэнэ. Рудраяни бол Дурга бурхны хойд дүр. Ямааг зориуд гэмтээсэн хэн ч бурхдад хараагдах бөгөөд удалгүй амиа алдах аюултай гэж итгэдэг.

Гэвч ариунд тооцогддог эдгээр ямаануудын сайхан амьдрал Деопохаригийн баярын үеэр аймшиг болон хувирдаг байна. Уг баярыг 900 гаруй жилийн турш тэмдэглэж байгаа бөгөөд хүмүүс нэг залуу ямааг сонгон авч цөөрөм рүү хаяна. Үүний дараа эрчүүд хоорондоо тулалдаж, ялагч нь уг ямааны амийг бүрэлгэх эрхийг авдаг аж. Ялагч хөөрхий ямааг нүцгэн гараараа, эсвэл шүдээрээ алах ёстой. Ихэнхдээ ямааг гараараа хэдэн хэсэг болгон тасчин хаядаг байна. Энэ зан үйлийг сүүлийн үед хэт харгис гэж тооцох болсон учир харьцангуй ховор болж байгаа аж.


05

Музаффарнагарын үхэр

Энэтхэг улсад үхэрнээс болж улс төрийн, заримдаа бүр олон нийтийг хамарсан үймээн дэгдэх нь бий. Ихэнх мужуудад үхэр алахыг хуулиар хориглосон байдаг. Зарим хүнийг үхрийн мах идсэн гэж хардан хэсэг бүлэг хүмүүс зодох зэргээр дур мэдэн эрүү шүүлт амсуулдаг аж. Хинду шашинд үхрийг ариун амьтан хэмээн тахин шүтдэг байна.

Өнгөрсөн онд Музаффарнагарт нэгэн гажигтай тугал төрсөн бөгөөд зарим эх сурвалж хүн толгойтой байсан хэмээн бичжээ. Тугал мэндлээд удалгүй үхсэн ч энэ явдлыг ид шидийн зүйл гэж үзсэн хүмүүс ихээр цугласан байн. Зарим мөргөлчид энэ тугалыг Вишну бурхан дэлхийд буусан явдал гэж үзэж байв. Ямартай ч уг тугалын төрсөн газрын эзэн цогцсыг нь чандарлаж, дурсгалд нь зориулан сүм босгохыг хүсч байгаа юм.


04

Нивхийн баавгайн баяр

Бөө мөргөлт Нивх үндэстнүүд ОХУ-ын зүүн хэсэгт аж төрдөг. Нивхүүд баавгайг өөрсдийн өвөг дээдэс болон бурхдын амилсан дүр гэж итгэдэг. Итгэл үнэмшлээ харуулж, бурхдад мөргөлөө хүргэхийн тулд баавгайн баяр хийдэг байна.

Анчид ойгоос бамбарууш барьж, тосгондоо авчирдаг. Тэд бамбаруушийг өөрийн хүүхэд шигээ бөөцийлөн, хооллож, асарч хамгаалан өсгөдөг байна. Баавгайн баяр хийх хүртлээ хэдэн жилийн турш ийнхүү өсгөсөн баавгайгаа хамгийн дуртай хоолоор нь хооллоно. Үүний дараа хувцас өмсгөөд хөлдсөн гол дээр авчирч, шонгоос уядаг. Хайр энэрэлд умбаж байсан баавгай эндээ алуулдаг аж. Эрчүүд түүн рүү маш олон сум харваж, үхлүүт болгосны дараа сонгогдсон нэгэн эр тэрхүү баавгайн амийг хороодог байна. Баавгайн махыг тосгоныхон хэдэн долоо хоногийн турш бага багаар иддэг. Энэ зан үйл нь баавгайн сүнс бурхад дээр эргэн очиж, Нивх үндэстэнд он удаан жил үргэлжлэх сайн сайхан амьдралыг бэлэглэдэг гэж үздэгтэй холбоотой аж. 


03

Гликон могой

Нийтийн тооллын хоёрдугаар зуунд дэлхий дээр нэгэн шинэ бурхан бий болсон байна. Александр гэж хүн Гликон бурхан ирэх гэж байгааг нотолсон хүрэл тавгуудыг олсон гэдэг. Ийнхүү Гликон бурханд зориулан сүм босгохоор суурийг нь ухаж байтал дотроос нь могойн өндөг гаргаж иржээ. Уг өндөг Александрын гар дээр хагарч, Гликон бурхан мэндэлсэн гэдэг домогтой ажээ. (Үнэндээ галууны өндгөн дотор жижигхэн могой нууж байгаад гаргаж ирсэн гэх түүх бас бий).

Гликон бурхан нь эрүүл мэнд, эдгэрэлийн бэлгэдэл болох Аэскулапиус бурхан гэж зарим судлаач үздэг. Гэхдээ Гликон бурхан бие даан олон зуун жилийн турш шүтэгдэж ирсэн баримт байдаг байна. Гликон бурханыг намирсан үстэй могойгоор дүрсэлдэг.


02

Жуногийн галуу

Галуу бол маш зоригтой шувуу. Нохойноос ч илүү хоточ болох нь бий. Түүнчлэн хамгаалалтын албанд галууг ашиглаж байсан хамгийн эхний тохиолдол эртний Ромд бүртгэгдсэн байдаг. Тухайн үед галуунууд үүргээ маш сайн биелүүлж хотын иргэдийг аварч байжээ.

МЭӨ 4 дүгээр зуунд Ром хот руу Галлчууд дайрч, эзэлсэн билээ. Хотын иргэд дүрвэж, Капитолин ууланд нуугдсан юм. Хүмүүс хүнсний хомсдолд орж, өлсөж цангаж байсан ч Жуногийн сүмд тэжээж байсан ариун галуунуудаа хүнсэнд хэрэглэхээс татгалзаж, тэднийгээ хоолоор дутаадаггүй байжээ. Нэг шөнө Галлчууд Капитол руу нууц замаар орж, дайралх гэж оролдоход хүмүүс болон ноход дайсны цэргүүд ирж байгааг огт мэдээгүй гэдэг. Харин галуунууд мэдэрч, чангаар ганганалдахад дүрвэсэн ромчууд дайснуудыхаа эсрэг дайрч хотоо аварсан гэдэг. Энэ цагаас хойш Жуногийн сүмийн галуунуудыг "Хотын хамгаалагчид" хэмээн өргөмжилжээ. 


01

Хоан Кием нуурын яст мэлхий

Вьетнам ардын домогт өгүүлснээр 15 дугаар зууны үед Хятадын эсрэг тэмцэж байсан Лей Лой хаанд алтан яст мэлхий бурхан “Тэнгэрийн хүсэл” нэртэй шидэт илд өгсөн байна. Уг илдний ачаар Лэй Лой хаан дайснаа дарсан гэдэг. Хятад улс Вьетнамыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсний дараахан эзэн хаан Хоан Кием нуурыг гаталж байхад өнөөх алтан яст мэлхий гарч ирээд “Тэнгэрийн хүсэл” нэртэй илдийг буцаан авч, нуурын гүн рүү шумбасан гэдэг. Ийнхүү уг нуурыг Хоан Кием нуур буюу “Буцаагдсан илдний нуур” хэмээн нэрлэх болсон гэх домог бий.

1967 оноос хойш энэ нууранд аварга яст мэлхий харагдаагүй билээ. Энэхүү 1.9 м урт, 200 гаруй кг жинтэй яст мэлхийг барих тушаал өгөхөд нэг загасчин хэт харгислан, лоомоор зодсоноос болж яст мэлхий үхжээ. Энэ үеэс хойш ийм яст мэлхий дахиад байгаа эсэх нь тодорхойгүй байв. Гэвч 1998 онд нууранд яст мэлхий дахин гарч ирсэн ба вьетнамчууд ч ариун бурхан эргэн ирлээ хэмээн бэлгэшээж байжээ. Харин 2011 оноос эхлэн өнөө яст мэлхий улам их үзэгдэх болсон аж. Түүнийг харахад шарх сорви ихтэй байв. Хүмүүс нуурын бохирдлоос болж энэхүү ховор амьтанд аюул учирч, шарх нь эдгэхгүй бохирдож байна гэж үзэж байв. Хэд хэдэн удаа нуурыг цэвэрлэх ажил хийгдсэн бөгөөд эцэст нь яст мэлхийг гарган авч, амьтны эмч нар эмчилжээ.

Гэвч 2016 онд яст мэлхий үхсэн билээ. Дэлхий дээр дөрөвхөн буй зөөлөн хуягт аварга яст мэлхийний нэг үхсэн нь Вьетнамд муу зүйл тохиолдохын цондон гэж зарим хүмүүс үздэг байна.  


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start