Арав.мн

Түүхэн дэх хамгийн чухал 10 уулзалт

Түүхэн дэх хамгийн чухал 10 уулзалт

Түүх гэдэг хэзээд хүн хоорондын, улс үндэстэн хоорондын "харилцан яриа" байж ирсэн. Ширээний ард сууна гэдэг хэдий энгийн үйлдэл боловч ертөнцийн үүх түүхийг өөрчилсөн олон эргэлт, онцгой явдлын эхлэл байж болохыг дараах 10 уулзалт, хэлэлцээрийн үр дүн, ач холбогдлоос харж болно.


10

Венын конгресс

1814 оны есдүгээр сараас 1815 оны зургадугаар сарын хооронд Вена хотноо болсон уг уулзалтаар тухайн цагийн Европын гол дөрвөн хүчин болох Австри, Прүсс, Британи, Оросын төлөөлөгчид өөрсдийн улс орны төдийгүй тивийнхээ ирээдүйг шийдвэрлэсэн байдаг. 1814 он гэхээр Наполеон Бонапарт хаан сэнтийгээсээ хөөгдөж, бүр улс орноосоо цөлөгдөөд байсан гэсэн үг. Венын чуулганаар Франц улс газар нутгийнхаа нэлээд хэсгийг алдаж, Прүссийн нутаг дэвсгэр тэлсний дээр герман үндэстний цоо шинэ холбоо байгуулагдсан түүхтэй. Гэхдээ энэ мэт шийдвэр нь энхийг тогтоох гэхээсээ либерал, хувьсгалт үзэлтнүүдийг нухчин дарах гэсэн хуучны хаант тогтолцоог хамгаалах хүсэлтэй эрх мэдэлтнүүдийн хариу үйлдэл байсан гэж түүхчид үздэг. Юутай ч Венын чуулганы дараа Европ харьцангуй амар тайван болж, бүтэн зуун жил хурдацтай хөгжсөн. Гэвч хоорондоо дайтахгүй гэж хэт их хичээсэн нь, дээрх хэлэлцээрт заасан замаар үндэсний болон либерал үзэлтнүүдийг удтал үл ойшоосон нь европчуудыг 1914 онд дэлхийн нэгдүгээр дайнд хүргэсэн билээ.


09

Бреттон Вүүдсийн чуулган

1944 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байхад Холбоотон орнуудын 730 гаруй төлөөлөгч Нью Хэмпшир мужийн Бреттон Вүүдс хэмээх буйдхан сууринд цугласнаар дэлхийн түүхэнд урьд хожид дуулдаагүй нэгэн цоо шинэ зүйлийг бий болгосон нь олон улсын валютын тогтолцоо юм. Тухайн үеийн Америкийн эрх баригчид дайн дуусахын цагт өмнө нь бэл чинээтэй байсан олон ч оронд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болохыг урьдаас тооцоолж, уг уулзалтыг зохион байгуулсан байна. Албан ёсоор Олон улсын валют, санхүүгийн зөвлөгөөн нэрээр бүтэн гурван долоо хоног үргэлжилсэн энэхүү чуулганаар одоогийн Олон улсын валютын сан болон хожмын Дэлхийн банкны "эцэг" байгууллага болох Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк байгуулагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан 1945 оноос 1973 он хүртэлх хугацаанд Бреттон Вүүдсийн чуулганаас гарсан шийдвэрүүд дэлхийн эдийн засгийн бүхий л хэрэг явдлыг, цаашлаад дэлхийн геополитикийг бүхэлд нь залж чиглүүлж байлаа. Чухам уг чуулганы дараа Америкийг албан ёсоор дэлхийн №1 хүчин болсон гэж үздэг судлаачид ч бий. 


08

Никеягийн анхдугаар зөвлөл

Загалмайтны шашинтнууд түүхийнхээ эхэн үед одоогийн бидний төсөөлдөг шиг тодорхой гэгчийн шатлан захирах ёстой, тогтсон итгэл үнэмшилтэй, зөрчих аргагүй хууль журамтай байсангүй. Харин ч эсрэгээрээ хоорондоо эвдрэлцэж, дайсагнасан хэдэн арван бүлэг хүмүүсийн эцэс төгсгөлгүй тэмцэл, зөрчлөөр дүүрэн байлаа. Энэ бүхэн загалмайтны шашныг төрийнхөө шашин болгосон Ромын эзэн хаан Анхдугаар Константины нийтийн тооллын 325 онд зохион байгуулсан Никеягийн анхдугаар зөвлөлөөр өөрчлөгдөж эхэлжээ. Константин хаан загалмайтны шашныг нарийн зохион байгуулалтад оруулж, бурхан болоод Есүс хоорондын холбоог тодотгож өгөхийг зорьсон байна. Зарим хүн Есүсийг мах, цусанд төрсөн эгэл жирийн хүн гэж бодож байсан бол зарим нь түүнийг үнэхээр бурхны хүү гэдэгт, зарим нь бүр Есүсийг өөрийг нь бурхан гэдэгт ер эргэлзэхгүй байлаа. Эзэн хаан Константин шашин номын элдэв зөрчил, мөргөлдөөнөөс сэргийлж Есүсийг "бурхнаас салгашгүй" гэж үзсэний дээр Эцэг, Хүү, Ариун сүнс буюу Ариун гурвал гэх ойлголтыг Никеягийн зөвлөлөөр анхлан болгоожээ. Энэхүү чиг баримжаа өнөөг хүртэл загалмайтны шашны гол баримтлал хэвээр байна. 


07

Ялтын бага хурал

Дэлхийн хоёрдугаар дайны ялагч талын гол гурван удирдагч болох Иосиф Сталин, Уинстон Черьчилль, Франклин Д.Рузьвелт нар 1945 оны хоёрдугаар сард Крымийн Ялта хотноо уулзаж, дайны дараах дэлхий дахины хувь заяаг хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтаар талууд нацист Германы эрх мэдэлтнүүдийг дайны гэмт хэрэгтэн хэмээн шүүхээс гадна Зүүн Европт чөлөөт сонгууль явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Гэвч Сталин хэлсэндээ хүрээгүй тул Европын олон оронд коммунист засаглал тогтсон билээ. Хэдийгээр Ялтын бага хурлын дараа үүнтэй төстэй олон уулзалт, яриа хэлэлцээ болсон ч дайны дараах дэлхийн хувь заяаг шийдсэн гэсэн утгаараа, мөн дээрх гурван эрхэм биечлэн оролцсоны учир энэ нь онцгой чухал уулзалт болон түүхэнд үлджээ. Басхүү Хүйтэн дайны эхлэл чухам уг уулзалтын дараа тавигдаж, 20 дугаар зууны сүүл хагасын улс төрийн тогтолцоог тодорхойлсон. 

Энэхүү уулзалтаар мөн БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.


06

Афиний хуралдай

Фемистокл бол нийтийн тооллын өмнөх 524 онд мэндэлсэн Афиний улстөрч, цэргийн гарамгай жанжин юм. Яг хэдэн онд гэдэг нь хэдий тодорхойгүй ч тэрээр Афиний хуралдайг хэд дахин хуралдуулсны дүнд нутаг нэгтнүүдээ болзошгүй дайнд бэлдэх ёстой, тэгэхийн тулд 200 хөлөг онгоц барих хэрэгтэй хэмээн ятгаж, сэнхрүүлж дөнгөжээ. Фемистокл мөн афинчуудыг "модон хана"-ны ачаар аврагдана гэж зөгнөсөн гэх баримт ч бий. Персийн хаан Ксерксийг Грек рүү халдах үед түүний зөгнөл биеллээ олсон юм. Персийн асар том армийг эрэлхэг зоригтой спартачууд Фермопилийн тулалдаанд хэсэг зуур зогсоож, торгоосон ч шийдвэрлэх тулалдаан тэнгист болсон нь Саламисын тулалдаан билээ. Афинчууд мөнөөх 200 хөлөг онгоцныхоо ачаар Саламист ялалт байгуулснаар персүүдийг ухарч буцахад хүргэжээ. Хэрэв персүүд Грекийн хот-улсуудын нэгдлийг хүчлэн дарсан бол өрнө дахины түүх, ардчиллын түүх, цаашлаад өнөөгийн дэлхий дахины түүх огт өөрөөр эргэх байлаа. Тиймээс ч Фемистоклын санаачлан хуралдуулсан Афиний их хуралдай түүхэн дэх хамгийн чухал уулзалтын нэг болон түүхэнд үлджээ. 


05

Ромын гэрээ

Өдгөө Европын холбоо эдийн засгийн цар хүрээгээрээ АНУ-ын дараа, хүн амынхаа тоогоор Энэтхэг, Хятадын дараа бичигдэж байгаа. Орчин цагийн бидэнд Европ тив цаг үргэлж л ийм нэгдмэл, эв түнжинтэй байсан шиг санагдаж магад. Гэтэл тийм байгаагүйг мянга гаруй жилийн түүх, сая сая хүний үхэл хагацал гэрчилнэ. Энэ бүхэн Европын холбооны суурь тавигдсанаар өөрчлөгдсөн бөгөөд тэрхүү суурь нь 1957 онд Ром хотноо болсон Европын орнуудын дунд эдийн засгийн түншлэл үүсгэх хуралдаан юм. Ромын гэрээнд Франц, Баруун Герман, Бельги, Итали, Нидерланд, Люксембургийн албаныхан гарын үсэг зурж Европын эдийн засгийн хороог байгуулсан нь хожмоо Европын холбоо болон өргөжин тэлжээ. Магадгүй Ромын гэрээг батлах хуралдаан шиг олон арван улсыг ойртуулсан улс төрийн яриа хэлэлцээ түүхэнд өөр байхгүй ч байж мэднэ. 


04

Өрнө, Дорнын хуваагдал

Загалмайтны шашны гол хоёр урсгалынхан болох Католик сүм болон Үнэн алдартны сүмийнхэн өмнө нь ганц эзэнтэй буюу Ромын хамба ламд захирагдаж байлаа. Харин нарийн зохион байгуулалттай энэ хоёр бүлгэм тэртээ 11 дүгээр зуунд зам замаа хөөсөн бөгөөд ингэсэн нь ганц итгэл бишрэлийн асуудал байсангүй, давхар улс төр, ашиг сонирхлын зорилготой байв. Нэг нь грек философид суурилсан, нөгөө нь Ромын хууль ёсонд суурилсан загалмайтны хоёр урсгалынхны бие даан салах нөхцөл байдал хэдий удаан хугацаанд үүсэн бүрэлдсэн ч эргэлтийн цэг нь болох Их хуваагдлын гэх уулзалт 1054 онд тун хурдан болж өнгөрчээ. Мөн оны дөрөвдүгээр сард Ромын папын элч төлөөлөгчид зүүний урсгалын христийн шашинтнуудын төв болох Константинополь хотод айлчилж, долдугаар сарын 16-нд нь хотын шашны тэргүүн Керуларийг дэмжигчдийнх нь цуг католик сүмээс хөөснөөр Христийн шашинтнууд эгнэгт хоёр урсгалд хуваагдсан байна. Ромын католик сүмд тэрссэн гэх зүүний урсгалын үнэн алдартнуудыг 911 жилийн дараа буюу 1965 онд л Пап ламын шийдвэрээр албан ёсоор цагаатгажээ. 



03

Брест-Литовскийн энхийн гэрээ

Дэлхийн нэгдүгээр дайны дараах Европ дахины хувь заяаг шийдсэн Версалийн гэрээ шиг олон нийтэд төдий танил биш ч энэхүү энхийн гэрээний үр дүн одоо ч олон улсын харилцаанд нөлөөлсөөр байна. Коммунист хувьсгал ялж, хаант засаг нуран унасны дараа Орос улс дэлхийн нэгдүгээр дайнаас гарахыг хүссэнд төвийн хүчнүүд буюу Герман, Австри, Оттоманы эзэнт гүрэн болон Болгарын албаныхан большевикуудад хариу болзол тавьжээ. Одоогийн Беларусийн нутагт орших Брест хотод 1918 оны гуравдугаар сарын 3-нд уулзалдсан дээрх орны төлөөлөгчид дэлхийн дайн дахь Оросын оролцоог эцэс болгохыг дэмжихдээ зүүн Европ болон баруун Ази дахь нийт 11 улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар Орос улс Украиныг бараг бүхэлд нь, мөн Бальтийн гурван улсыг хяналтаасаа алдсан түүхтэй. Гэхдээ Холбоотон орнууд Германтай хэлэлцээрийн ширээний ард сууж, олзны цэргүүдийг сулласан оросуудын шийдвэрийг урвалт гэж үзсэн байдаг. Тиймдээ ч Брест-Литовскийн гэрээгээр Хүйтэн дайны эхлэл тавигдсан гэж түүхчид үздэг байна. Харин Версалийн гэрээнд сэтгэл дундуур хоцорсон германчуудын нэгэн адил Брестийн гэрээнд арга буюу гарын үсэг зурсан оросууд үеийн үедээ уг гэрээг алдаа байсан гэж үзэж иржээ. Ялангуяа одоогийн эрх баригчид нь хөрш орнууддаа "цэргийн тусгай ажиллагаа" явуулдагаа Брестийн гэрээний зарим нэг "шударга бус" зүйл заалтаар зөвтгөсөөр байна. 


02

Юлий Цезарийг Ромын дайснаар зарласан Сенатын чуулган

Нийтийн тооллын өмнөх 49 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Ромын Сенат ээлжит бус чуулганаа шуурхайлан хуралдуулж, Юлий Цезарийн хүч нөлөө улам бүр дийлдэшгүй болж байгаа талаар хэлэлцжээ. Чуулганы төгсгөлд Сенатын гишүүд Цезарийг цэргийн эрх мэдэлгүй болгож, улсын дайснаар зарласан байна. Энэ нь Ромын хамгийн хүчирхэг хоёр жанжин болох Цезарь, Помпей хоёрын дунд шуудхан иргэний дайн дэгдэхэд хүргэсэн бөгөөд Юлий Цезарь зэвсэгт мөргөлдөөнд ялж, өөрийгөө Насан туршийн удирдагчаар зарласан түүхтэй. Гэхдээ түүнийг дарж авахын тулд Сенатын гишүүд арга мухардсандаа өөрсдөө яаж "асуудлыг шийдсэн"-ийг өнөө бид сайн мэднэ. Харин Цезарийг амиа алдахад биш, дээрх Сенатын чуулганаар л Ромын бүгд найрамдах улс мөхөж, оронд нь Ромын эзэнт гүрний суурь тавигдсан гэдэгтэй тухайн цагийн Ромын түүхчид ч, хожуу үеийн судлаачид ч санал нийлдэг. Тиймээс Сенатын тэр нэгэн ээлжит бус чуулган Ромын ирээдүйг, улмаар дэлхийн түүхийг өөрчилсөн гэсэн үг.


01

Англид Тэнгисийн хүчин байгуулах эсэх асуудлаарх VIII Хенри хааны зарласан парламентын чуулган

Британийн эзэнт гүрэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн болон мандан бадрах нь тийм ч тодорхой, зайлшгүй зүйл биш байв. Энэ нь удаан өрнөл, явцтай, олон хүчин зүйлээс шалтгаалсан түүхэн эргэлт байсны дээр тэртээ 16 дугаар зуунд болсон нэгэн чухал уулзалтаас хамаг үндэс суурь нь тавигджээ. Хаан эцгээсээ ердөө тавхан хөлөг онгоц өвлөж авсан Наймдугаар Хенри хаанчлалынхаа явцад байлдааны 50 гаруй хөлөг онгоц бариулж, албан ёсоор Тэнгисийн флот байгуулсан түүхтэй. Харин энэ шийдвэрээ тэрээр 20-хон насандаа буюу хаан сууснаасаа хоёр жилийн дараа 1512 онд гаргасан байна. Мөн оны хоёрдугаар сарын 4-нд Хенри хаан сайд, түшмэдээ цуглуулж Францын эсрэг дайнд бэлдэхийг зарлигджээ. Чингэхдээ байлдааны хөлөг онгоцныхоо тоог нэмэх, 1512 оны сүүлч гэхэд Франц, Испанитай өрсөлдөхүйц Тэнгисийн хүчинтэй болохыг даалгасан байна. Гэтэл хааны зөвлөхүүд улсын сан хөмрөгийг хөлөг онгоцонд зарцуулахыг хүссэнгүй, залуу хаанаа шийдвэрээ эргэн харахыг удтал ятгасан гэдэг. Харин Наймдугаар Хенри зарлигаасаа ухарч буцалгүй, 1514 он гэхэд 20 гаруй хөлөг онгоц бариулж, Итали болон Ганзын холбооны орнуудаас мөн хэд хэдэн хөлөг онгоц худалдаж авчээ. Түүнээс хойших Хенри хааны Тэнгисийн флотын түүх ганц Английн биш, бүх дэлхийн түүх болсон билээ. Өдгөө Наймдугаар Хенрийг Английн Тэнгисийн хүчний эцэг төдийгүй Британий эзэнт гүрний эцэг гэж үздэг нь үүнтэй холбоотой. Хэрэв залуу хаан зөвлөхүүдийнхээ үгэнд орсон бол ертөнцийн түүх огт өөрөөр эргэх байлаа. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start