Алдартай боловч “зохиомол” байж мэдэх түүхэн үйл явдлууд
Түүхийн гол асуудал бол “хүн” юм. Болсон явдлыг хүн бичихээрхэт нэг талыг барих, өөрчлөх, уянгын халил оруулах зэрэг асуудал гардаг. Тэгэхээр алдартай түүхэн үйл явдлуудын бодит үнэн эсэхэд итгэхэд бэрх юм. Гэхдээ түүх судлаачид зарим нэг үйл явдлын бодит үнэнийг олж илрүүлсэн байдаг аж.
10
Винсент Ван Гог чихээ огтолсон
Пост-импрессионист зураач Винсент Ван Гог "Тариан талбай", "Одод түгсэн шөнө"-өөсөө гадна хачин зан ааштай байснаараа алдартай. Голланд зураачийн хамгийн алдартай гаж үйлдэл болох 1888 оны Зул сарын баярын шөнө солиоролдоо автаж өөрийнхөө чихээ огтолсон тухай түүхийг мэдэхгүй урлаг сонирхогч байхгүй байх. Чихээ боосон хөргөө зурсан байдаг нь өдгөө дэлхийн хамгийн алдартай зургуудын нэг билээ. Сэтгэцийн хувьд тогтворгүй байсан Ван Гог чихээ огтолчихоод хийсэн үйлдлээ маргааш нь хараад л мэдсэн гэдэг. Энэ түүх олон хүнд байгаагаараа илүү таалагддаг болохоор ч тэр үү, үнэн худлыг нь шалгаалгүй 100 гаруй жилийг өнгөрөөжээ.
Гэвч зарим түүхчид түүний зүүн чихээ огтлон хаясан шалтгааныг түүний найз, зураач Гогентой муудалцсантай холбон тайлбарлаж ирсэн байдаг. Жишээлбэл, урлаг судлаач Ханс Кауфманн болон Рита Вильдеганс нар энэ түүхийг Гоген зохиосон гэж таамаглаж байв. Тэдний үзэж буйгаар Гоген өөрөө Ван Гогийн чихийг огтолсон бөгөөд үүнийг батлах олон баримт байдаг гэнэ. Үйл явдлууд хоорондоо уялдаа холбоогүй бөгөөд хоёр найзын хооронд олон тооны захидал байдгийн нэг нь “Чи чимээгүй байвал би ч дуугүй байя” гэсэн утгастай зурвас байдаг аж. Тэгэхээр хоёр судлаачийн үзэж байснаар найзыгаа шоронд оруулахгүйн тулд Ван Гог өөрөө чихээ огтолсон гэсэн түүхийг зохиосон байна.
Харин 2016 онд урлаг судлаач Мартин Бэйли өөрийнхөө “Studio in the South: Van Gogh in Provence” номондоо Ван Гог өөрий дүү Теог гэрлэх гэж байгааг сонсоод хямарснаас болж өөрийгөө гэмтээсэн гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Санхүү болон сэтгэл санааны хувьд дүүгээсээ асар их хамааралтай байсан Ван Гог энэ мэдээг сонсоод дүүгээс нь ирдэг байсан дэмжлэгээ алдах хэмээн айсан бололтой.
09
Британийн аралд төмс, тамхийг анх Сэр Уолтер Рейли авчирсан
Европ аялагчид хийгээгүй зүйлийнхээ төлөө алдар гавьяаг нэр дээрээ авах дуртай байсан бололтой. Тухайлбал Британийн арал дээр төмс, тамхийг авчирсан хүн бол Сэр Уолтер Рейли гэх түүх олны хүртээл болсон байдаг. Домогт өгүүлснээр Хатан хаан Элизабет I-ийн дурлалт залуу, цог жавхлант аялагч Рейли Виржиниягаас буцах замдаа Ирландад ирээд төмс тариалсан гэдэг. Байнга шахуу бороо ордог уг газар дээр хэдэн долоо хоногийн турш далайгаар хэсүүчилснийхээ дараа төмс тариад л зогсож байсан гэдэгт итгэх нэгэнд хэлэхэд Рейли хэзээ ч Виржиния руу явж байгаагүй юм.
Харин тамхины хувьд гэвэл амнаасаа утаа баагиулж суусан Рейлиг шатаж байна хэмээн айсан зарц нь дээрээс нь хувинтай ус цацсан тухай инээдтэй түүх бий. Гэтэл Рейлигийн аялал эхлэхээс хэдэн 10 жилийн өмнөөс л Британийн далайчид гаанс татдаг байсан тухай баримт байдаг аж.
08
Томас Эдисон анхны лампыг зохион бүтээсэн
Тугалган цаасан фонограф болон хамгийн анхны дүрс бичлэгийн камерыг зохион бүтээсэн алдарт зохион бүтээгч Томас Эдисон хүн төрөлхтнийг шөнийн цагт ч гэрэлтэй байлгах боломжийг бүрдүүлсэн лампыг зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Гэхдээ анхны лампыг Британийн эрдэмтэн Уоррен де ла Руе хийсэн байна. Түүний туршилтууд дамжуулагчаар нь платинум ашиглаж байснаас болж бүтэлгүйтэж байсан аж. Энэ нь алт, үнэт эдлэлээр ажилладаг автомашин зохион бүтээсэнтэй адил зүйл аж. Харин 1860 онд өртөг зардлын хувьд үр ашигтай гэрлийн лампыг нэг хүн зохион бүтээсэн байдаг ба тэр нь ч Эдисон биш юм. Энэ хүн бол Британийн химич Жосеф Свон байлаа. Своны ламп сайн болсон ч хурдан шатаж байсан тул өдөр бүр ашиглахад тийм ч тохиромжтой биш байсан юм. Харин Эдисоны хийсэн зүйл бол эдгээр хоёр эрдэмтний бүтээлийг сайжруулсан л явдал аж. Своны нүүрсжүүлсэн цаасыг илүү нимгэн, цахилгаанд тэсвэртэй очлуур ашигласныг Свон хуулбарлав. Гэтэл Эдисон зохиогчийн эрхийг зөрчлөө хэмээн Своныг шүүхэд дуудсан байдаг ба шүүх хурлын үр дүнд хоёр эрдэмтний бүтээл, компаниуд хоорондоо нэгдэж, нэгэн том төв болсон байдаг.
07
Исүс Христ НТ 1 оны 12-р сарын 25-д мэндэлсэн
Цас бударч, сахиусан тэнгэрүүд “Аниргүй шөнө”-ийг дуулах үеэр буюу Зул сарын баярын өдөр Исүс Христ мэндэлсэн тухай бүгд мэднэ. Гэхдээ Бетлехемд цас ордоггүй, мөн Аниргүй шөнө дууг 1818 онд зохиосон тухай тэр бүр хүн мэдэхгүй. За тэр ч яахав. Түүнийг төрсөнтэй холбоотой буруу мэдээлэл өөр бас бий.
Тухайлбал, түүхчид түүнийг 12-р сарын 25-ны өдөр ч биш, тэр бүү хэл НТ 1 онд ч биш, МЭӨ 2-6 оны хооронд төрсөн хэмээн үздэг байна. Од гаригсын үйл явдлуудыг судалж үзсэний эцэст асар тод од гарсан тохиолдол нь МЭӨ 2 оны 6-р сарын 17-ны өдөр буюу Бархасбадь, Сугар гариг хоёр бараг нэг шугаманд ирж, тэнгэрт нэг том тод од мэт болсон аж. Сүмийн зүгээс он сарыг өөрчилсөн явдал нь тухайн үеийн бусад шашны баяруудтай зориуд давхцуулж, буруу номтнуудыг Зул сарын баярыг тэмдэглэдэг болгох гэсэнтэй холбоотой байх магадлалтай гэж үздэг байна.
06
300 Спарта цэрэг Персийн армийг Термопулаед тогтоож байсан
Персийн арми Грек рүү дайрах үед Спартын 300 цэрэг Термопулаед дайснаа тогтоон барьж байсан тухай баатарлаг түүх худлаа. Дээр нь өндөр контрасттай өнгөтэй орчинд удаашруулсан байдлаар ч байлдаагүй. Энэ түүхээс үнэн ганц зүйл нь гэвэл Термопулаег хамгаалах үүрэг хүлээсэн Спартын 300 дайчин байсан явдал л аж. Кино бүтээгчдийн дурдаагүй нэг зүйл нь гэвэл тэднээс гадна 4000 цэрэг байсан юм. Эцсийн тулаанд л гэхэд нийт 1500 хүн персүүдийн эсрэг байдлсан байдаг.
Энэ түүхийг судлаад байвал улам л хачин болно. Тухайлбал, Грекийн хаан дайснуудаа ирж байгааг дуулаад 300 спартачууд болон тэдний 300 орчим боолоос бусдыг нь хотоо орхин зугтахыг тушаасан байдаг аж. Гэтэл бүгд зугтчихаагүй бөгөөд домогт өгүүлснээр 5 дахин олон хүн байлдаж, персүүдэд ялагдсан юм байна.
05
Жорж Вашингтон ба интоорын мод
АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон болон интоорын модны түүх маш алдартай. Жоржийг бага байхад нь аав нь бяцхан сүх хийж өгчээ. Жорж нэгэн өдөр ээжтэйгээ хамт цэцэрлэгээр зугаалж явахдаа аавынхаа хайрладаг интоорын модыг сүхээрээ цавчин унагажээ. Үүнийг мэдсэн аав нь хүүгээсээ маш ууртайгаар түүний модыг хэн цавчсан болохыг асуухад хүү айж байсан ч аавдаа бүх үнэнээ хэлжээ. Тэгсэнд Жоржийн аав нь уурлах бус харин ч хүүдээ баярлаж, хүүгээ үнэнээ хэлсэн нь 1000 интоорын модноос ч илүү үнэтэй хэмээн шударга байдлыг нь үнэлсэн талаар өгүүлдэг.
Гэхдээ ийм зүйл огт болоогүй. Учир нь 1806 онд Вашингтоны амьдралын түүхийг 5 дахь удаагаа шинэчлэн бичиж байсан Мэйсон Локе Виймс гэгч зохиолч ерөнхийлөгчийн улс төрийн амжилтыг үнэнч шударга байдалтай хавсаргах зорилгоор энэ номоо бичсэн нь маш амжилттай болж өдгөө хүүхдүүдийн дунд үнэнч шударга байхыг сургасан түүхийн хичээл болон үлдсэн нь энэ аж.
04
Сталин байгалийн жамаар таалал төгссөн
20 сая хүний амь насанд хүрсэн хүн төрөлхтний хамгийн аймшигт дарангуйлагч Йосеф Сталин 30 жилийн турш засгийн эрхийг атгасны эцэст орон дотроо байгалийн жамаар тайван нас барсан гэдэг. Гэтэл түүнийг таалал төгсөхийнхөө өмнө хувийн эмчээ “жаахан тайван хандаж байх”-ыг санал болгосных нь төлөө баривчлуулж, үүний дараа тодорхой бус шалтгаанаар мөн хэд хэдэн эмчийг баривчлуулсан байдаг. Тэгэхээр эмч нарын дунд Сталины эрүүл мэндийг бүрэн хамгаалах хүсэл бага байсан гэж болно.
Түүнийг 1953 оны 3-р сард өөрийнхөө шээсэнд норчихсон хэвтэж байхад нь олж, буйдан дээр хэвтүүлээд үлдээжээ. Харин эмч нарыг ирэх үед Сталин хэдийнээ үхэж эхэлж байсан бөгөөд 3 хоногийн турш зовсоны эцэст хорвоог орхисон байна. Түүний охин “Тэр маш их зовсон. Бидний нүдэн дээр тэр хахаж үхсэн” гэж хэлсэн байдаг. Тэр бүү хэл Сталины үхэл байгалийн жам ёсных байсан эсэх нь ч эргэлзээтэй аж. ОХУ-ын түүхийн хуудаснаа бичсэнээр Сталины эмнэлгийн бичиг дээр “ходоодны цус алдалт маш их” гэж бичсэн байдаг. Энэ нь хархны хор уусан байх магадлал өндөртэй гэсэн үг юм. Тэгэхээр дарангуйлагчийн үхэл амар тайван байгаагүй нь тодорхой юм.
03
Бетси Росс АНУ-ын анхны далбааг оёсон
АНУ-ын цэцэрлэгийн түүхийн хичээлд хүүхдүүд Бетси Росс хэрхэн анхны төрийн далбааг оёсон тухай сонсдог. Гэхдээ энэ нь худлаа байх өндөр магадлалтай. Мэдээж Бетси Росс далбаа оёдог байсан нь үнэн ч төрийн далбааг анх оёсон хүн нь мөн гэх энэ түүх зөвхөн түүний гэр бүл, үр хүүхдүүдийнх нь ам дамжсан ярианаас гаралтай гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй. Элэнц эмээгээ Хувьсгалын алдарт баатар болгож харагдуулахыг хүсэхгүй хэн байх билээ.
АНУ-ын төрийн далбааны загварыг гарган оёсон тухай түүхийн хуудсанд Бетси оролцсон тухай огт байдаггүй бөгөөд түүний нэр тэртээ 100 жилийн дараанаас л гарч ирсэн байдаг. Гэхдээ энэ талаар ямар ч бичиг, зурвас зэрэг бодит баталгаа байхгүй бөгөөд энэ бүхэн ердөө түүний ач хүү нь Пенсильвани мужийн түүхийн нийгэмлэг дээр очиж эмээгээ алдарт улаан, цагаан, хөх далбааг оёсон гэж мэдэгдсэнээс үүдэлтэй аж.
02
Испанийн флотыг Британичууд бут ниргэсэн
1588 онд Испанийн тэнгисийн флот Британийн флоттой хийсэн тулаанд ялагдсан нь үнэн. Хэрэв британичууд энэ тулаанд ялаагүй байсан бол Британийн хаант улс гэж огт байхгүй байж ч мэдэх юм. Гэхдээ түүхийн хуудаснаа бичсэн шиг британичууд гайхамшигтай стратеги, их бууны зогсолтгүй галаар дайснаа дараагүй аж.
Испанийн флотын нийт 129 усан онгоцноос ердөө зургааг нь л Британийн цэргүүд сөнөөж чаджээ. Дээр нь Британи маш ядуу байсан бөгөөд хангалттай дарь ч байгаагүй аж. Аз болж гэнэт далайн шуурга болж Испанийн флотын 50 гаруй онгоц сүйрсэн байна. Асар их хохирол амссан испаничууд хүчээ сэлбэхээр буцах замдаа олноороо өвчинд нэрвэгдэж, өлсөж үхсэн аж. Тэгэхээр Британичууд цаг агаарын ачаар ялалт байгуулсныгаа түүхэнд ийнхүү дөвийлгөн бичсэн бололтой.
01
Годива нүцгэнээрээ морь унасан
Английн Ковентригийн гүн Леофрикийн эхнэр Годива тариачдын нуруун дээрх татварын дарамтыг хөнгөрүүлөх хүсэлтэй байжээ. Нөхрөөсөө татвар бууруулахыг гуйхад Леофри гүн нэг л болзол тавьсан нь Годива бүх хувцасаа тайлаад тосгон дундуур морьтой явах байлаа. Болзлыг нь зөвшөөрсөн Годива тосгоны дундуур нүцгэн явахад ард иргэд түүнийг хүндэтгэн бүгд байшиндаа орж, цонхоо хаацгаасан байна. Ийнхүү Леофри гүн татварын хэмжээг бууруулсан гэдэг.
Гэхдээ энэ түүх бараг бүхэлдээ зохиомол юм. Учир нь Леофри гүнгийн эхнэрийг Годифу (Англо-саксон хэлнээс гаралтай үг) гэхээс бусдаар ямар ч түүх, баримт байдаггүй аж. Энэ түүхийг 200 жилийн дараа лам нар Леофри гүнгийн сайхан сэтгэлтэй байсан хэмээн магтах зорилгоор бичсэнийг шүлэгч, дуучид болон зураачид өлгөн авч, түгээн дэлгэрүүлснээр ийнхүү зуун зуун жилийн дараа дэлхийн хамгийн алдартай түүхийн нэг болгосон байдаг юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.