Түүхийг өөрчилсөн 10 хос
Дурлал хайрыг сохор гэлцдэг. Дараах хосууд бие биеэ сонгосноороо, хувь заяаны эрхээр амьдралаа холбосноороо үнэхээр ч дэлхийн түүхийг өөрсдөө ч мэдэлгүй "сохроор" эргүүлжээ. XVII зууны Францын нэртэй эрдэмтэн, философич Блез Паскаль "Клеопатрагийн хамар жаахан навтгар байсан бол ертөнц огт өөр өнгө төрхтэй байх байлаа" хэмээн дуу алдсан нь ч санаандгүй хэрэг биш ээ.
10
Ричард Ловинг – Милдрид Ловинг
Багаасаа бие биеэ мэдэх Ричард Ловинг, Милдрид Жетер хоёр 1958 оны зургадугаар сард "холимог" гэх гэрлэлтийг хууль бус гэж үздэг төрөлх Виржиниягаасаа Вашингтон хотод хүрч, тэнд гэрлэлтээ бүртгүүлжээ. Харин гэртээ эргэж ирээд удаагүй байхад нь хөршүүдийнх нь гомдлоор цагдаа нар гэрт нь дайран орж, залуу хосыг баривчилсан байна. Бүтэн жил шоронд хоригдох, мөн төрөлх мужаасаа 25 жил цөлөгдөх ялаар шийтгүүлсэн Ловингийнхон арга буюу Вашингтон хот руу шилжин суурьшив. Гэвч гэр бүл, найз нөхдөө санаж бэтгэрсэндээ таван жилийн дараа эргээд Виржиниядаа очиход нь нөхцөл байдал улам хүндэрчээ. Гурван хүүхдийг нь дайрч доромжлох, мужийн захиргаанаас бүр "бутач" гэж үзэх нь хэрээс хэтэрсэн тул Ричард, Милдрид хоёр 1963 онд АНУ-ын Ерөнхий прокурор Роберт Ф.Кеннедид хандсан байна. Удалгүй тэдэнд сайн дурын өмгөөлөгчид туслахаар болж, бүтэн дөрвөн жил тэмцсэнээр Виржиния мужийн захиргаа 1967 онд Ловингийнхний гэрлэлтийг сая нэг хүлээн зөвшөөрчээ. Үүгээр ч зогсохгүй Ричард, Милдрид хоёрын хүсэлтээр Дээд шүүхэд зарга үүсгэсэн нь мөн л Ловингийн гэр бүлийн талд шийдэгдэж, Виржиниягаас гадна нийт 15 мужид арьсны үзлээр ялгаварласан гэрлэлтийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Харамсалтай нь Ричард Ловинг эхнэр, хүүхдүүдтэйгээ хууль ёсоор амар тайван аж төрөх эрхээ олж авснаасаа ердөө найман жилийн дараа автомашины ослоор 41-хэн насандаа амиа алджээ. Харин Милдрид Ловинг 2008 онд 68 насандаа амьсгал хураах хүртлээ нөхрийнхөө барьж өгсөн байшинд амьдарсан гэдэг. Виржиния мужийн шүүхээс Ловингийн гэр бүлийн хэргийг шийдвэрлэж, хэн бүхнийг хүссэн хүнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн зургадугаар сарын 12-ны өдрийг өдгөө Америк даяар жил бүр өөр өөр арьс өнгө, үндэс угсаанаас бүтсэн гэр бүлийн өдөр болгон Loving Day хэмээн тэмдэглэдэг байна.
09
Сэр Серэцэ Кама – Рүт Уильямс Кама
Африкийн нэгэн томоохон овгийн ханхүү Серэцэ Кама Лондонд сурч байхдаа 1947 онд Рүт Уильямстай танилцжээ. Хоёулаа жазз хөгжимд дуртай, ижил төстэй сонирхолтой гэдгээрээ ойртон дотноссон тэднийг харин жилийн дараа гэрлэх болоход улс орон дамнасан бөөн хэрэг мандах нь тэр. Серэцэгийн эх нутаг болох Бечуаналэнд яг ч колони биш, харин Британийн ивээлд багтсан өөртөө засах улс гэсэн статустай байсан тул Британийн Засгийн газар тухайн цагийнхаа хуулиар гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Харин Бечуаналэндэд Серэцэгийн авга ах буюу бамангвато ястны хаан нь Серэцэг угсаа залгамжлах эрхээс нь түдгэлзүүлжээ. Хөрш улс нь болох Өмнөд Африкт мөн дөнгөж апартеид буюу арьс өнгөөр тусгаарлах үзэл төрийн бодлого нь болоод байсан тул Камагийнхны гэрлэлтийг хууль бус хэмээн үзэв. Гэхдээ энэ мэт эсэргүүцэл, гадуурхал нь яваандаа Серэцэгийн нутаг орны төдийгүй Британийн эгэл жирийн иргэдийг арьсны үзлийн эсрэг илүү ил тод үгээ хэлэхэд хүргэсэн гэдэг. Өмнөд Африкийн эсэргүүцлээс болж бүтэн зургаан жил нутагтаа очиж чадалгүй Лондонд амьдарсан Камагийн гэр бүл 1956 онд Бечуаналэнддээ хөл тавьжээ. Дээрх хугацаанд Өмнөд Африкийн эрх баригчид Британид зүйл бүрээр дарамт үзүүлсэн ч Британийн тал Серэцэ, Рүт хоёрын гэрлэлтэд хориг тавиагүй нь англичууд Бечуаналэндаас их хэмжээний алт, уран хямд үнээр авч байсантай холбоотой. Харин Серэцэ Кама нутагтаа очсон даруйдаа улс төрийн шинэ намтай болж, 1965 онд улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдон, дараа жил нь нутаг орноо Британиас бүрэн тусгаар тогтнуулснаар одоогийн Ботсвана улс байгуулагдсан түүхтэй. Тэрээр туурга тусгаар улсынхаа анхны Ерөнхийлөгч болохоосоо 10 хоногийн өмнө Их Британийн төр засгаас Сэр хэргэм хүртсэн байна. Серэцэ Кама 1980 онд нас барах хүртлээ төрийн тэргүүнээр ажилласан бол Рүт 2002 онд 78 насандаа таалал төгсчээ. Тэдний дөрвөн хүүхдийн хоёр нь улстөрч болсноос хүү Иан Кама нь 2008-2018 онд Ботсванагийн дөрөв дэх Ерөнхийлөгчөөр ажилласан байна. Серэцэ, Рүт хоёрын хайрын түүх Африкийн орнууд олноороо тусгаар тогтносон 1950-1970-аад оны нарийн төвөгтэй явцыг зарим талаар зөөллөж, хэвлэлийнхний хандлагыг эерэг болоход нөлөөлсөн, мөн апартеид үзлийг эсэргүүцэхэд тус дэм болсон гэж түүхчид үздэг.
08
VIII Эдуард – Уоллис Симпсон
Их Британийн хаан VIII Эдуард угсаа залгамжлах хунтайж байхдаа буюу 1931 онд 37 настайдаа нууц амраг эмэгтэйнхээ шинэхэн танил болох Эрнест Симпсон болон түүний америк эхнэр Уоллистой танилцжээ. Эдуард, Уоллис хоёрыг анх ойр дотно болоход Уоллисын нөхөр Эрнест нь харин ч нааштай хүлээн авч, ихэс дээдэстэй холбоо тогтоох нь өөрийнх нь ажил хэрэгт тустай гэж санасан байдаг. Гэтэл Эдуард өмнөх гэр бүлтэй эмэгтэйчүүд шигээ Уоллисыг амар орхисонгүй, 1936 онд хаан болсныхоо дараа түүнтэй гэрлэхийг хүсчээ. Энэ нь Британид Үндсэн хуулийн хямрал авчирсан нь Британид төрийн тэргүүн нь давхар Английн сүмийн тэргүүн байдагтай холбоотой. Өөрөөр бол сүмийн тэргүүн нь гэр бүлээ цуцлуулсан хүнтэй гэрлэж болохгүй байв. Чухам үүгээр шалтаглан Британийн Засгийн газар хаан суугаад жил ч болоогүй, титэмлэх ёслол ч үйлдээгүй байсан VIII Эдуардыг хаан ширээнээсээ татгалзахыг шаарджээ. Эдуард, Уоллис хоёр мөн далдуураа нацизмыг дэмжигч байсан нь Британийн Засгийн газрыг ийм шийдэмгий алхам хийхэд хүргэсэн гэдэг. Тэд Уоллисыг хоёр дахь нөхөр болох Эрнестээсээ салсны дараахан 1937 онд гэрлэж; Виндзорын гүн, гүнгийн ахайтан хэргэмтэй болжээ. Харин Эдуардыг хаан чигээрээ үлдсэн бол нацист Германы дагуул улс болж ч мэдэх аюулд байснаа тухайн үед огт мэдээгүй британи түмэн VI Жорж хэмээх шинэ хаантай болсон юм. 1930-аад оны британичууд энэ бүх хэрэгт ганц Уоллисыг буруутгах хандлагатай байсан ч орчин цагийнхан харин Уоллисыг сул дорой, анхнаасаа хаан болохыг хүсээгүй хүнийг төрийн ажлаас холдуулж, Их Британийг аварсан гэж үздэг. 2010-аад онд шинээр олдсон Уоллисын захидлуудаас харахад тэрээр яваандаа Эдуардаас залхаж, ихэд уйтгартай, ганцаардмал амьдрал туулжээ. Салсан нөхөр Эрнесттээ бичсэн нэг захидалд нь "Би хамгийн агуу хайрын түүхийг баллахгүй гэхдээ хамаг хүчээ барж байна" гэсэн үг байдаг аж.
07
Григорий Потёмкин – Екатерина
Оросын эзэнт гүрнийг 34 жил захирсан Екатерина хатан хаан 1762 онд хаан нөхрөө түлхэн унагаж, Бүх Оросын эзэн суусан билээ. Түүнд бүхий л талаар зүтгэх цэрэг армийн олон гарамгай эрс байсны нэг нь Григорий Потёмкин юм. Тэрээр Екатеринаг хатан хаан болсноос 10 гаруй жилийн дараа, хоёр жил хэртэй түүний нууц амраг гэгдсэн ч эр, эмийн харилцаа нь дууссаны дараа хүртэл хатан хаандаа үнэнч хэвээр үлджээ. Чухам тэдний ойр дотно харилцаа, насан туршийн нөхөрлөл нь Оросын төрийн дотоод механизмыг өөрчилж, Зэвсэгт хүчнийг нь шинэчилсэн; Крымийн хойг болон Беларус, Литвийг Оросын эзэнт гүрэнд нэгтгэж; Орос-Туркийн хоёрдугаар дайнд оросуудыг ялахад гол түлхэц болсон гэж түүхчид үздэг. Екатерина Орост ирэхдээ жирийн нэг герман гүнж байсан тул түүнд итгэлтэй сайн зөвлөх, Орос орныг сайн мэддэг төрийн ухаалаг түшмэл, цэргийн хүчирхэг удирдагч амин чухал байлаа. Харин Потёмкин энэ бүхнийг нэгэн биед цогцлоосон байв. Тэднийг нууцаар гэрлэсэн байсан, бүр нууц охин хүртэл төрүүлсэн гэдэг таамаг байдаг. Екатерина хэдий олон эртэй янаг амрагийн холбоотой байсан ч ганц Потёмкинийг л төрийн хэрэгт оролцуулж, насан туршид нь хайрлан хүндэлжээ. Хатан хаан түүнийг бүр Ариун Ромын эзэнт гүрэн болон Оросын эзэнт гүрний ханхүү цол хэргэмээр хүртэл шагнасан байна. Потёмкинийг 1791 онд 52 насандаа өвчнөөр өөд болоход Екатерина ихэд эмгэнэн гашуудаж, гүн хямралаасаа гарч чадахгүй байсаар таван жилийн дараа 1796 онд таалал төгсчээ.
2000 гаруй жил үргэлжилсэн Хятадын хаант засгийн түүхэн дэх цор ганц эмэгтэй эзэн хаан гэгддэг У Зэ Тянь анхандаа Тан гүрний хоёрдугаар хаан Тан Тайзуны татвар эм байлаа. Харин хаан нөхрөө нас барсны дараагаас дараагийн хааных нь хатан болон хатан эхийн хувиар, эцэстээ бүрэн эрхт хатан хааны хувиар Тан гүрнийг бүтэн 40 жил буюу нийтийн тооллын 665-705 оны хооронд удирджээ. Энэ бүх түүх авааль нөхрийнх нь отгон хүү буюу ирээдүйн хаан Тан Гаозун бүр хаан эцгээ амьд сэрүүн байх үеэс У Зэ Тяньд ухаангүй дурласнаас эхтэй юм. Тухайн үед хуучин хааны үр хүүхэд төрүүлээгүй хатад, татвар эмсийг Буддын хийдэд хүчээр гэлэнмаа болгодог байж. Харин Тан Гаозун хаан У Зэ Тянийг ёс жаяг зөрчин хийдээс гаргаж, өөрийнхөө татвар эм болгожээ. У Зэ Тянь зургаан жилийн дараа гэхэд их хатнаар өргөмжлөгдөж, сул дорой биетэй залуу хааны дэргэдэх хууль ёсны засаг баригч болоод байлаа. Тан Гаозун, У Зэ Тянь хоёрыг сурвалж бичгүүдэд бүр "хос эзэн хаан" хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр У Зэ Тянь эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд өрсөлдөгчдөө харгис хэрцгийгээр замаасаа зайлуулж, бүр үр хүүхдүүдээ хүртэл золиослосон гэгддэг ч чухам Тан Гаозун, У Зэ Тянь хоёрын хос хаанчлалын үед хятад үндэстэн хүчирхэгжин мандаж; цаг үеийнхээ хамгийн нөлөөтэй, хамгийн баян чинээлэг гүрний суурийг батжин бэхжүүлжээ. Тан Гаозун хаан 683 онд 55 насандаа өөд болсон бол У Зэ Тянь 705 онд буюу хүүгийнхээ өдөөсөн төрийн эргэлтээр засгийн эрхээс бууснаасаа хэдхэн сарын дараа 81 насандаа амьсгал хураасан байна. "Хос эзэн хаад" хоёр гүнж, дөрвөн ханхүүтэй байснаас гурван хүү нь ээлжлэн хаан сууцгаажээ.
05
Марк Антони – Клеопатра
Египетийн сүүлчийн фараон VII Клеопатра Юлий Цезарийг хүртэл өвдөг сөхрүүлсэн гоо үзэсгэлэнтэй гэдгээрээ алдаршаад байлаа. Харин түүний ихэмсэг дүр байдал Ромын өөр нэгэн цуутай жанжин Марк Антонийг ховсдон татсан нь илүү алдартай түүх болон үлдсэн юм. Марк Антони нийтийн тооллын өмнөх 41 онд Ромын зүүн хязгаарын мужуудыг захирахаар болж, Ромын дагуул улс болох Египетийн алдар суутай хатантай одоогийн Туркийн өмнөд эрэгт уулзах хүсэлт тавьжээ. Тэгтэл Клеопатра Ромын хайрын бурхан Венера шиг хувцаслан, гоёмсог завьтай ирсэн гэдэг. Египетийн хатан хаанд анхны харцаар дурласан Антони ажил албаа орхиод түүнийг даган Александрия хотод очиж, Египет орныг төдийгүй Клеопатрагийн титмийг хамгаалахаа амласан байна. Гэхдээ цэргүүдийнхээ дэмжлэгийг алдахгүй гэхдээ дараа жил нь Ромдоо буцаж, хамт засаг баригч Октавианыхаа охин дүүтэй гэрлэжээ. Тэр зуур Клеопатра Марк Антонийн гурван хүүхдийг төрүүлсэн бөгөөд дурлалт хос анх танилцсанаасаа бараг 10 жилийн дараа албан ёсоор хуримласан байна. Үүгээр зогсохгүй Антони Клеопатрагаас төрсөн Юлий Цезарийн хүү Цезарионыг Ромын хууль ёсны залгамжлагчаар зарлаж, хууль ёсны эхнэрээсээ салсан нь Октавианыг хилэгнүүлж, Клеопатрагийн эсрэг дайн зарлахад хүргэжээ. Октавианы арми нийтийн тооллын өмнөх 31 онд Актиумын тулалдаанд, дараа жил нь Александрияд Египетийн их цэргийг бут цохив. Клеопатра дайсандаа амьдаараа баригдахгүйн тулд өөртөө бариулсан бунхандаа орж нуугдсан бол Марк Антони Клеопатраг алагдсан гэсэн ташаа мэдээ хүлээж авмагцаа өөрийгөө ирт сэлмээрээ сүлбэж орхижээ. Харин Клеопатраг амьд гэдгийг дуулсан дайчин нөхөд нь Антонийг Клеопатра дээр аваачсанаар нийтийн тооллын өмнөх 30 оны наймдугаар сарын 1-ний өдөр Марк Антони 53 насандаа Клеопатрагийн гар дээр амьсгал хураасан байна. Клеопатра харин ес хоногийн дараа хоёр шивэгчний хамт амиа егүүтгэжээ. Тэрээр 39 настай байлаа. Октавиан Антони, Клеопатра хоёрыг цугт нь оршуулсан бөгөөд археологичид одоо хэр бунхныг нь хайсаар байгаа аж. Харин гол өрсөлдөгчөө дарж авсан Октавиан гурван жилийн дараа Ромыг эзэнт гүрэн болгож, өөрөө анхны эзэн хаан нь болсон бол Египетийн Птолемейн гүрэн бие даасан хаант улс байхаа больж, шинэхэн эзэнт гүрний ердийн нэг муж болон хувирчээ.
Австри-Унгарын эзэн хаан Франц Иосиф болон Сиси хатны ганц хүү, угсаа залгамжлах хунтайж Рудольф хэдий эхнэр, хүүхэдтэй байсан ч 30 настайдаа буюу 1888 оны арваннэгдүгээр сард 17 настай Мария Вецератай танилцаж, тэр дороо ойр дотно харилцаатай болжээ. Харин ердөө хоёр сарын дараа эцэг эхийнхээ шахалтыг тэсвэрлэхээ байсан хунтайж Майерлинг нэртэй тосгонд байх ангийн эдлэн газартаа Мариятай цуг амиа егүүтгэсэн юм. 1889 оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих тэр шөнө чухам юу болсныг өнөө хэр хэн ч мэдэхгүй. Гэлээ ч Рудольф хунтайж эхлээд Марияг буудчихаад хэдэн цагийн дараа өөрийгөө хөнөөсөн нь баттай гэж түүхчид үздэг. Марияг эхлээд хунтайж руу халдсан, түүнийг жирэмсэн болсон болохоор хоёул хоёулаа амиа хорлосон, бүр ер амиа хорлолт биш бусдын гарт хорлогдсон байх гэх зэрэг олон таамаг байдаг ч Мария Вецерагийн хувийн захидлууд 2015 онд олдсоноор энэ бүх таамаг няцаагджээ. Дурлалт хос нэгэнт хамт байж чадахгүйгээс хойш хамтдаа үхсэн нь дээр гэж шийдсэнийг дээрх захидлууд баталсан байна. Европын ноёлох том хүчин ийнхүү угсаа залгамжлагчгүй болсон нь урт удаан хугацааны улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, эзэн хаан Франц Иосифийн төрсөн дүү болон төрсөн дүүгийнх нь хүү дараагийн угсаа залгамжлагчаар тодорсон юм. Харин тэрхүү ач дүү нь буюу их гүн Франц Фердинанд 1914 оны долдугаар сард Боснийн нийслэлд эхнэрийн хамт алагдсанаар дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн билээ. Дайн дажин дэгдэхэд хэдий олон хүчин зүйл нөлөөлсөн ч нэр хүндтэй хаан, хатан хоёрын ганц хүү хэрэв хаан суусан бол Европын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байх байсан гэж үздэг судлаачид бий. "Дэлхийн дайны анхны буун дуу Сараевод биш Майерлингт хадсан" гэдэг үг хүртэл байдаг аж.
03
II Николай – Александра
Оросын сүүлчийн эзэн хаан II Николай ирээдүйн хатантайгаа анх нүүр тулан уулзахдаа дөнгөж 16 настай байлаа. Харин Британийн Виктория хатны зээ охин, герман угсааны гүнж Аликс ердөө 12-той байв. Тэд 10 жилийн дараа; Николайн эцэг III Александрыг таалал төгсөж, Николайг шинэ эзэн хаан болсны дараахан 1894 онд хуримлажээ. Александра Фёдоровна гэсэн орос нэр авч, үнэн алдартны шашинтай болсон Аликс угийн бүрэг ичимхийн дээр ордны дэг жаягт дасан зохицож чадахгүй байсан нь; эзэн хааны титэм зүүхдээ Николай төр барих ямар ч бэлтгэлгүй байсан нь эхэндээ багагүй бэрхшээл үүсгэсэн ч залуу хос тун аз жаргалтай байлаа. Харин дөрвөн охины дараа мэндэлсэн ганц хүү нь эхийнхээ буюу Виктория хатны талаас зөвхөн эрэгтэй хүүхдэд дамждаг хемофилия гэх цусны өвчтэй төрсөн нь хэдхэн жилийн дараа Орос орныг нөмрөн авах зовлон зүдгүүр, уй гашууг ёролсон гэлтэй байв. Орос, англичуудын хэн хэн нь Николай, Александра хоёрыг анх гэрлүүлэхгүй хэмээн хориглож байсан нь ч угтаа ийм явдлаас сэргийлсэн үйлдэл байж. Гэтэл бүгдийнх нь айж эмээж байснаар Алексей хүү удам дамжсан өвчтэй төрснөөр хааны гэр бүл улам бүр ард түмнээсээ хөндийрч, орд өргөөндөө бүгж эхэлжээ. Ялангуяа Александра арга барахдаа нэр муутай лам Григорий Распутинд ганц хүүгээ даатгасан нь анхнаасаа герман гэгдэн олны сэтгэлийг татаагүй хатны нэр хүндийг бүр ч унагаж орхиж. Алексей хүүг төрөлхийн эдгэшгүй өвчтэйг мэдээгүй Оросын ард иргэд Александра хатан Распутинтэй дэр нийлсэн, бүр Распутинээр төр удирдуулах болсон, хатан Германд мэдээлэл дамжуулдаг гэх зэрэг ор үндэсгүй цуу ярианд үнэмших болсон байна. Энэ бүхэн II Николайн сул дорой байдал, дэлхийн I дайны гарз хохирол, олон зуун жил үргэлжилсэн хэмжээгүй эрхт хаант засгийн бодлогоос үүдэлтэй ядуурал, мөлжлөг зэрэг олон хүчин зүйлтэй нийлж 1917 оны Октябрийн хувьсгалд хөтөлсөн юм. Харин эзэн хааны гэр бүлийг дараа жил нь, 1918 оны долдугаар сард большевикууд хүйс тэмтэрсэн билээ.
02
VIII Хенри - Энн Болейн
Английн VIII Хенри хаан хүү төрүүлээгүй авааль эхнэрээсээ салж; дурлалт бүсгүйгээ хууль ёсны хатнаа болгохын төлөө ёстой л уулыг өргөж, усыг эргүүлсэн юм. Энн Болейн анх 1525 онд хааны харцыг татжээ. Ордон доторх хэрэг явдлын нарийн ширийнийг төрийн түшмэл аавынхаа нөлөөгөөр ойлгож, мэдэх болсон ухаалаг хэрсүү Энн хааны бутач хүүхдийг төрүүлж, орхигдож хаягдахгүйн тулд хатны суудалд санаархаж эхэлсэн нь галаар наадсан хэрэг байлаа. Харин бүтэн долоон жил Эннийг эргүүлдсэн, дурлалдаа сохорсон Хенри хаан анхны гэрлэлтийг нь цуцлахаас татгалзсан Ромын католик сүмээс улс орноо гаргаж, Английн бие даасан сүмийг байгуулан, дөнгөж шинэхэн дээрээ байсан протестант шашныг төрийн шашин болгосон нь урьд хожид дуулдаагүй шашин номын хувьсгал болжээ. Орчин цагийнханд Ромын папаас татгалзана гэдэг сүйдтэй зүйл шиг санагдахгүй. Харин XVI зууны Европ дахинд сүмийн шийдвэрийг бурхны таалал, пап ламын үгийг бурхны үг гэж үзээд зогсохгүй дийлэнх хүн үүнд бүр бат нот итгэдэг байсан гэхээр Хенригийн Энн Болейний төлөө хийсэн зүйл үнэхээрийн түүхэн үйл явдал байв. Хенри 1533 онд Эннтэй гэрлэж, удалгүй Элизабет нэртэй охинтой болжээ. Гэвч гуравхан жилийн дараа Хенри Эннийг мөн л угсаа залгамжлах хүү төрүүлж өгөөгүйгээр шалтаглан, элдвээр хардаж сэрдсээр олон эртэй нөхцсөн хэрэгт гүтгэн цаазаар авсан юм. Энн Болейн хэдий гуравхан жил Английн хатан суусан ч ганц охин нь эцэстээ VIII Хенрийн орыг залгаж, 44 жил хаанчилсан билээ. Харин Англи орон протестант шашныг сонгосноороо эх газрын Европтой харьцуулахад хавьгүй чөлөөт, ардчилсан хандлагатай болж; үндэстэн-улсын ондоошил нь бүр ч илүү ялгарч ирсэн гэж түүхчид үздэг. Пап ламаас хүртэл татгалзаж чадсан үндэстний сэтгэхүй тухайн үедээ шинэлэг, дэвшилтэт гэгдэхээс ч аргагүй байлаа. Энэ нь хожим парламентын тогтолцоо нь илүү боловсронгуй болох, Британийн эзэнт гүрэн байгуулагдах, орчин цагийн дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үндэс суурийг тавьж өгчээ.
01
II Фердинанд – I Изабелла
Кастиллын I Изабелла, Арагоны II Фердинанд хоёр анх тус тусын газар орноо Португалын хаанаас хамгаалахыг хүссэндээ бие биетэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн гэдэг. Харин 1469 оны аравдугаар сард болсон тэдний хурим нэгдсэн Испани улсын суурийг тавихаас гадна исламын шашинтнуудыг Иберийн хойгоос 780 гаруй жилийн дараа нэг мөр хөөж гаргах, католик сүм хийд улам эрх мэдэлтэй болох, хожмын Хабсбургийн удмынхан хүчирхэгжихийн урьдач нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй Италийн Генуя (Женова) хотын уугуул Кристофер Колумбын Энэтхэгт хүрэх худалдааны шинэ зам нээх түүхэн аяллыг Изабелла, Фердинанд хоёр 1492 онд санхүүжүүлсэн нь дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлсэн юм. Колумбын Америкийн эх газарт анх хөл тавьсан мөн оныг өдгөө орчин цагийн дэлхийн түүхийн эхлэл гэж үздэг. Хятадын Тан гүрний эхнэр, нөхөр хос эзэн хаан шиг католик хаад гэгддэг Изабелла, Фердинанд хоёр хоорондоо ихэд таарамжтай эр, эмээс гадна гар нийлсэн, эрх тэгш улс төрийн хамтрагчид байлаа. Нэгдсэн Испани орныг Европын тэргүүлэх хүчин болгох тэдний зорилго Колумбын нээлтийн үр шимээр хэдхэн жилийн дотор биеллээ олж, Испанийн эзэнт гүрэн 1810 он хүртэл дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан билээ. Өдгөө дэлхий даяар 500 сая гаруй хүн испаниар ярьдаг нь ч тэгэхээр Изабелла, Фердинанд хоёрын хувь заяагаа холбох шийдвэрээс эхтэй гэсэн үг юм. Гэр бүл болохдоо дөнгөж 17, 18-тай байсан католик хаад 35 жил ханилахдаа долоон хүүхэдтэй болсноос тав нь нас биед хүрчээ. Тэднийх нь үр удам болох сурвалжит язгууртнууд өдгөө Европын хаант засагтай бүх орны (Андорра, Ватиканаас бусад) хаан сэнтийд заларч байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.