Эх сурвалж: "Уран зурагт элдэв түүх"
Уран зураг сонирхогч бүхэн л энэ зургийг мэднэ. Америк готик бол Америкчуудын хувьд Мона Лизатай тэнцэхүйц, магад тэрнээс илүү ч үнэлэгддэг байж болох бэлэг тэмдэг болсон бүтээл юм. Их хямрал америк орныг эзлэхээр дөнгөж эхэлж байх үед мэндэлсэн энэхүү бүтээл тухайн үедээ жинхэнэ "тэсрэлт" болсон. Энэ хэрээрээ араасаа шүүмжлэл, таамаг, талархал бас үзэн ядалтыг дагуулсан юм.
Грант Вүүд 1891 онд Иова мужид Анамоса хотын ойролцоо фермерийн гэр бүлд мэндэлжээ. Аав нь нас барсны дараа тэр ээж эгчтэйгээ том хот руу нүүж тэндээ суурьшив. Багаас зурах авъяастай байсан тэр Чикагогийн урлагийн институтийг дүүргээд 1920-26 онд европын орнуудаар аялан энэ хугацаандаа дундад зууны болон сэргэн мандалтын үеийн гайхамшигт бүтээлүүдтэй танилцжээ. Фламанд зураачдын өө сэвгүй гялалзсан уран зургууд, ялангуяа Жан Ван Айкын гайхалтай нарийвчилсан детальтай бүтээлүүд түүнд маш гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Германы сэргэн мандалтын үеийн бүтээлүүд ч анхаарлыг нь гойд татав. Эндээс л тэр өөрийн дахин давтагдашгүй хэв маягийг олж харсан юм. Тухайн үед европт авангард урлаг хүчээ авахын сацуу америк реалист бүтээлүүд эсрэгцэн зогсов. Америк уран бүтээлчид зөвхөн америк онцлог шинж бүхий бусдаас онцгой бүтээл туурвихыг хүсэж байсан нь ойлгомжтой. Их хотын амьдралаас залхсан уран бүтээлчид хөдөө тосгод руу дүрвэж тэндээ байгалийн, хөдөөний, фермерийн энгийн нэгэн амьдралыг харуулахыг зорьж байлаа. Энэ нь улмаар American Regionalism урсгалыг бий болгож харин Грант Вүүдийн Америк готик улам хүч нэмсэн юм. Ялангуяа зүүн өмнөд хэсэгт American Regionalism их хямралын үед хүчээ авч харин 40-өөд оны эхээр авангард урсгалуудад аргагүй зай тавьжээ.
Грант Вүүд Элдон хотод үзэсгэлэнд оролцох гэж явахдаа америк хийцийн бүдүүн бараг боловч готик чимэглэлтэй инээдтэй гэмээр байшин олж харжээ. Carpenter gothic хийцийн энэ даруухан байшин их хямралын үед хөдөө аж ахуй эрхэлдэг америкчуудад хамгийн тохиромжтой гэр байлаа. Тэр байшингийн таталбарыг дугтуйн дээр зурж авчээ. Эмэгтэйд эгч Наныг модель болгож харин эрэгтэйд шүдний эмч 62 настай Байрон Маккийби эрхмийг модель болгохыг хүсжээ. Эхлээд ээжийгээ сонгосон боловч удаан хугацаанд өвдөж байсан ээж нь олон цаг зогсож суухад хүндрэлтэй гэж үзжээ. Моделууд хамтдаа зогсож зуруулаагүй ба зураг шуугиан дагуулсны дараа л нүүр тулж уулзсан байна. Зураг хамгийн анх Чикагогийн урлагийн институтэд уралдаанд дэлгэгдэж 300 долларын шагнал хүртсэн аж. Ингээд 39 настай Грант Вүүдийн америк готик хэдхэн сарын дараа хэвлэл мэдээлэл, олны анхаарлын төвд оров. Ээж, эгчтэйгээ байшингийн дээвэрт амьдран амжилтанд хүрэхийн тулд уйгагүй хичээж байсан Грант Вүүд хичээл зүтгэл, авъяас чадварынхаа үр дүнг үзжээ.
Зургийг харсан ихэнх хүн зурагт байгаа хоёрыг эхнэр нөхөр, эсвэл хатуу чанга эцэг охинтойгоо байгааг олж хардаг. Зураачийн эгчид өөрөөсөө үе мултарсан хүнтэй эхнэр нөхөр гэж хэлүүлэх таагүй байсан бололтой бараг ярилцлага бүртээ энэ бол эцэг охин хоёрын зураг гэж хэлдэг байв. Хүмүүс зургийн тухай маш олон таамаг дэвшүүлсэн ч Грант Вүүд тэр бүхэнд тодорхой тайлал тайлбар өгөөгүй. Харин анх байшинг хараад яг ямар царай төрхтэй хүмүүс сонгож , ямар байдалтайгаар зургаа зурахаа шууд л бодож олсон тухайгаа хожим ярилцлагадаа дурджээ.
Зурагт дүрслэгдсэн эр эм хоёр хоорондох харилцаа нь маш чанга хатуу хөндий болох нь харагдана. Хадуур барьсан эр нимгэхэн уруулаа жимийсхийсэн байдалтай, харц нь эгц урдаас залхуутай ч гэмээр ширтэх нь тэр бушуухан энэ яршигтай моделийн ажлаас холдож дуусаж өгдөггүй хөдөөгийн хар бор ажилдаа яарсан шинжтэй. Нээрээ ч шүдний эмчээ модель болгох гэж Грант нэлээд гуйсан юм. Түүний цэнхэр жинсэн дээрх бүдэг цэнхэр өнгөтэй зураачийн гарын үсэг маш бүдэг, анзааргагүй нүдээр бол олж харахааргүй байна. Бас эрэгтэйн нүдний шил байгаа бараг бүдүүн орчинд нь төдийлөн зохиогүй мэт. Магадгүй энэ нь өдрийн их ажлаа дуусгаад орой нь энэ шилээ зүүчхээд библиэ өөд уруугүй сөхөж суудаг үг дуу цөөтэй , амьдралын баяр баясгалангаа шашинд даатгачихсан нэгний дүрийг бүтээжээ. Харин эмэгтэйн харц огт өөр зүг рүү, алсыг ширтсэн байдалтай байна. Эгч Наныг модель болгохдоо ээжийнхээ хувцсыг зээлсэн аж. Бор өнгийн уйтгартай хээтэй тэр хувцас их хямралын үеийн америкчуудын амьдралыг төлөөлсөн мэт. Хоёр хүний царай хоорондоо бараг адилхан гэмээр аз жаргалгүй, эгэл боргил царайнаас ямар ч чимэглэлгүй амьдралын саарал төрх харагдах нь тэр.
Грант моделиудаа сэргэн мандалтын үеийн нийтлэг жишгээр урд талын эгнээнд байрлуулж зурсан байна, мөн зургийн нарийн деталь хэсгүүд, өгүүлэмждээ тохироогүй мэт гялалзсан өө сэвгүй цэвэрхэн дүрслэлүүд фламандын уран зургуудыг санагдуулдаг. Байшингийн гоёмсог цонх мөн л энэ эгэл боргил байшиндаа ч, эзэддээ ч тохирсонгүй. Европын орнуудаар аялахдаа харсан гоёмсог сүм дуганы багахан хэсгийг ч болов зурагтаа шингээж өгөхийг Грант хүссэн бололтой. Эсвэл тэр бас нэг асуулт үлдээхийг хүссэн байх. Ер нь энэ зурагт гол дүрийн хоёрын байгаа байдлаас бусад нь асуулт дагуулдаг. Түмэн янзын таамаг дунд грекийн домгийн таамаг хүртэл бий. Эрэгтэйн барьсан хадуураас болоод л доо. Гэвч Грант зүгээр л эмчийн гарыг харуулахыг хүсжээ. Тэр шүдээ үзүүлэх бүрдээ эмчийн гарыг хардаг байв. Амьдралыг давсан хүчирхэг, ажилсаг хөдөлмөрч тэр гарыг Грант эгэл даруу ажилчин ангийн дүрд яг тохирно гэж үзэж хадуур бариулж үзэгчдэд харуулахыг зорьсон юм. Ямар цээжин дээр нь тавилтай биш дээ тийм ээ.
Тэр эхлээд байшинг дугтуйн дээр зураад харин дараа өдөр тосон будгаар буулгасан байна. Ингэхдээ тэр цонхыг өөрчлөн уртасгаж , байшингийн оройг арай шовх болгожээ. Зурагт дүрслэгдсэн ноён хатагтай Дибблийнхний барьсан энэ байшин үе удам дамжсаар 1991 онд Карл Смит мужийн өмч болгон өгөх хүртэл олон нийтэд нээлттэй биш байв. Харин дараа нь албан ёсоор музей болсон юм.
Зураг анх Cidar Rapids Gazette сонинд нийтлэгдэхэд Иова мужийн ард иргэд бусдаас илүү эмзэгээр хүлээн авчээ. Хөдөөгийн фермерүүд өөрсдийгөө тийм меланхоликдуу, уйтгартай аз жаргалгүй, бараг шашны гаж донтонгууд гэмээр төрхтэй дүрслэгдсэнд унтууцаж байлаа. Нэг эмэгтэй бүр түүний чихийг тасдаад өгнөө гэж сүрдүүлжээ. Толгойг нь тасдана гэх хүн ч байв. Гэвч энэ дан ганц хандлага байгаагүй л дээ. Америкийн төрхийг харуулсан гэж хэлэх хүн байлаа ч шударга хөдөлмөрч ажилчин ангийн доромжиллоо гэж хүлээж авсан нь ч бий. Бүр судалгааны ажил бичиж деталь бүрийг тайлбарласан нь ч бий. Түүнийг шүтэн бишрэгчид, шүүмжлэгчид, талархагчид хүртэл маш олон байв.
Түүний шүтэн бишрэгчид гэрт дураараа алхаад бөөнөөрөө шаагилдах нь энүүхэнд байв. Гэтэл тэр хэдхэн сарын өмнө хүний анхаарал татахааргүй жирийн нэг алдар нэргүй зураач байсан шүү дээ. Америк готик хаа сайгүй харагдах болж, реклам сурталчилгаа, нийгмийн ухуулга, хошин егөөдөл, шог зураг, кино, фото урлаг гээд бараг хүрээгүй салбар тэр үед үлдээгүй. Ингэж америкчууд энэ л зурагтай хамт их хямралын гундуухан үеийг давж гарсан юм. Харин дараа нь 18 жилийн дараа Кристинагийн Ертөнц (Andrew Wyeth Christina's world) дэлгэгдэж их хямралын дараах америкчуудад итгэл найдварын утга учрыг харуулсан билээ.
Та бүхэн олон сонирхолтой түүхтэй танилцахыг хүсвэл "Уран зурагт элдэв түүх" хуудсаар зочлоорой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.