Шарк танкын талаарх сонирхолтой 10 баримт
АНУ-ын АВС сувгийн “Shark Tank” нэвтрүүлэг Монголд орж ирээд удаагүй байгаа билээ. Гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа санхүүгийн тусламжийг өгөх зорилготой уг нэвтрүүлэг монголчуудын үзэх дуртай шоунуудын нэг болоод амжсан байгаа.
Анх 2009 онд нээлтээ хийсэн “Шарк танк” нэвтрүүлэг нь 2001 оны “Мөнгөний барс” хэмээх Япон нэвтрүүлгийн франчайз бөгөөд өдгөө хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болоод байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд цацагдах хугацаандаа Реалити телевизийн дөрвөн удаагийн Эммигийн шагнал авсан байдаг. Тус шоу нэвтрүүлэг дахин 2017 оны 10-р сарын 1-нээс шинэчлэгдэн 9 дэх улирлаа эхлүүлээд байгаа аж. АНУ-ын гол акулууд бол “Ноён Гайхамшиг” Кевин О’Лири, “Corcoran Group”-ын эзэн Барбара Коркоран, хип хоп хувцасны “FUBU” брэндийг үүсгэн байгуулсан Дэймонд Жон, “BRAK Systems”-ийг үндэслэгч Роберт Хержавек, “For your ease only” компанийн эзэн, зохион бүтээгч Лори Грайнер, NBA-ийн “Dallas Mavericks” багийн эзэн Марк Кюбан нар бөгөөд урилгаар зарим нэг бизнесмэнүүд оролцдог юм.
Гэхдээ тус нэвтрүүлгийн дэлгэцийн ард юу болдог талаар алдарт саятан, тэрбумтнуудтай хийсэн ярилцлагуудаас мэдсэн 10 сонирхолтой баримтыг танилцуулъя.
10
Танилцуулга ойролцоогоор 1 цаг үргэлжилдэг
Телевизийн нэвтрүүлэгт бол нэг хүн 10 минутын дотор бүтээгдэхүүнээ танилцуулаад, аз таарвал тохиролцоонд хүрээд гардаг. Гэхдээ дунджаар нэг танилцуулга бүтэн цаг үргэлжилдэг байна. Хамгийн урт танилцуулгыг тавагны вакум таглаа хийсэн энтрепренер Майкл Цэн хийсэн ба энэ нь 2 цаг 30 минут үргэлжилсэн байдаг.
Хөрөнгө оруулагчид энтрепренерүүдийг ирэхээс өмнө тэдний болон тэдний бүтээгдэхүүний талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Найруулагчид энэ бүгдийг хасдаг бөгөөд үр дүнд нь үзэгчдийн ойлгохгүй санхүүгийн тооцооллууд, уйтгартай яриануудгүй сонирхолтой 10 минутыг л хүртээл болгодог байна.
09
Нэг улирлын зураг авалтад 17 өдөр зарцуулдаг
Зураг авалтын ажил шаардлага маш өндөртэй. АНУ-ын Шарк Танкын хувьд нэг улирал нь 29 ангитай ба зураг авалтыг зун 8 өдөр, намар 9 өдөр хийж, өдөрт 6-8 бизнесийн танилцуулгыг хийдэг.
Роберт Хержавекийн хэлснээр “Бид даарсан бас өлссөн байдаг. Тийм болохоор энтрепренерүүд бидний анхаарлыг татахын тулд маш сонирхолтой байх ёстой” гэнэ.
Мөн оролцогч хүнсний бизнес эрхэлж буй бол шаркуудад хоол өгөхөд маш дуртай иддэг. Яагаад гэвэл олон цагийн зураг авалтаас болж шаркууд нэлээн өлссөн байдаг аж.
08
Танилцуулга хийхийн өмнөх чимээгүй 30 секунд хамгийн эвгүй
Энтрепренер хаалгаар орж ирээд акулуудын өөдөөс заасан газар нь харж зогсох ба 30 секундын турш юу ч ярих ёсгүй байдаг. Энэ нь зураглаач хөрөнгө оруулагчид болон бизнес санаа гаргагчид өөд өөдөөсөө хараад инээмсэглэж байгаа дүрсийг авах зорилготой аж. Шинэхэн бизнесмэнүүдийн хувьд энэ 30 секунд хамгийн аймаар бөгөөд маш эвгүй мэдрэмж төрүүлдэг байна.
Энгийн нэг хүн гэнэт салбар салбарын тэргүүлэгч аварга хөрөнгө оруулагчдын өөдөөс харж зогсоод маш их балмагддаг ба нэвтрүүлгийн дараа тэдний сэтгэл зүй ихээхэн тавгүйрхсэн байдаг тул тайзны ард сэтгэлзүйч эмч бэлэн байдалд ажилладаг байна. Оролцогч ухаан алдаж унаж байсан тохиолдол ч байдаг аж.
07
Таван бизнесийн нэг нь зурагтаар гардаггүй
Шарк Танк нэвтрүүлэгт оролцож буй хүмүүс сая сая хүнд бүтээгдэхүүнээ танилцуулах гайхамшигтай боломж олдох ба хөрөнгө оруулалт олж чадаагүй байсан ч борлуулалтаа нэмэгдүүлж чаддаг юм. Гэхдээ шаркуудтай ярилцлаа гээд зурагтаар гарна гэсэн үг биш аж. Марк Кюбаны хэлснээр нийт оролцогчдын 20 орчим хувьд нь зурагтаар гарах аз тохиодоггүй гэнэ. Хангалттай сонирхолтой болоогүй, эсвэл ямар ч амжилтгүй бизнесүүдийг найруулагчид юу ч бодохгүйгээр хасдаг юм.
06
Гар барьсан бизнес бүр жинхэнэ бизнес болдоггүй
Нэвтрүүлэгт оролцсон энтрепренер хүнд аз таарвал хөрөнгө оруулалт авахаар тохиролцон гар барьдаг. Гэхдээ ингэлээ гээд гэрээ байгуулсан гэсэн үг биш аж. Учир нь нэвтрүүлгийн дараа шаркууд өөрийн багийн хамт яригдсан бүх зүйл үнэн бодитой байсан эсэхийг нягталдаг ба бүгд шаардлага хангасан байсан ч гэрээг эцэслэн байгуулах эсэхээ дахин ярилцдаг байна.
05
Зарим хүмүүс гэрээ байгуулах гэж ирдэггүй
Шарк танкад орж буй бүх хүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаггүй. “Алт ухагч” энтрепренерүүд байдаг ба тэд ердөө 10 минутын хугацаанд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилготойгоор нэвтрүүлэгт оролцдог байна. Тэд маш их мөнгөн дүнгээр компанийнхаа маш бага хувийн хувьцааг санал болгох нь түгээмэл. Тухайлбал, Singtrix гэх караокег бүтээсэн Эрик Берковиц, Жон Девека нар компанийнхаа 5%-ийг 1.5 сая ам.доллараар зарах санал тавьсан байдаг. Хөрөнгө оруулагчид маш олон янзаар хэлэлцээр хийх гэж оролдсон ч тэд энэ байр сууриа өөрчлөөгүй байна.
04
Телевиз оролцсон бизнесээс хувь авдаг байв
Шарк танк нэвтрүүлэгт оролцохын тулд телевизэд бизнесийнхээ хувь өгөх, эсвэл роялти амладаг байжээ. Уг нэвтрүүлгийн продюсер компани Finmaxx бизнес эрхлэгчдээс 2%-ийн роялти, эсвэл 5%-ийн хувьцааг авч байж нэвтрүүлэгт орох эрхийг нь өгдөг байжээ. Гэвч хөрөнгө оруулагч Марк Кюбан 2013 онд энэ асуудлыг зогсоохгүй бол дахин оролцохгүй хэмээн шахалт хийсний ачаар бизнесмэнүүдийг хамгаалсан байдаг. Марк Кюбан бол нэвтрүүлэгт оролцож буй хамгийн чинээлэг шарк бөгөөд үзэгчдийн дуртай хөрөнгө оруулагч болоод байсан юм.
03
Шарк танк бол Sony-гийн шоу нэвтрүүлэг
Шарк танк бол 2001 онд Япон улсад цацагдсан “Мөнгөний барс” нэвтрүүлгийн хувилбар билээ. Тэр нилээн хачин шоу байсан ч найруулагчид ирээдүйтэй нэвтрүүлэг болно хэмээн үзэж 2005 онд Их Британи улсад “Луугийн үүр” хэмээх нэрээр гаргасан байна. Нэвтрүүлгийн форматыг Sony Pictures Television эзэмшдэг ба лицензийг нь худалдаалдаг байна.
02
Энтрепренерүүдийг сонгон шалгаруулдаг
Шарк танк нэвтрүүлэгт хүмүүс сайн дураар бүртгүүлдэг ба шоуны продюсерууд хэнийг оруулахаа сонгодог байна. Түүнчлэн продюсерууд Kickstarter зэрэг олон нийтээс хөрөнгө босгодог вэбсайтуудыг байнга ажиглаж байдаг бөгөөд зарим оролцогчдыг урьж оролцуулдаг байна. Тухайлбал, xCraft төслийг санаачлагчдыг Kickstarter сайтаас олж, нэвтрүүлэгтээ оролцуулсан ба 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг таван шаркаас авсан байдаг.
01
Шаркууд хөрөнгө оруулсан хүмүүстэйгээ маш ойрхон ажилладаг
Шарк танкаас амжилттай болсон олон бизнес хөрөнгө оруулагчдад сая сая ам.долларын ашиг авчирч байдаг. Ийм ч учраас хөрөнгө оруулагчид уг бизнесүүдтэй маш ойр ажиллах шаардлагатай болдог байна. Тухайлбал, Лори Грайнер жил бүрийн чухал үед энтрепренерүүдтэйгээ биечлэн уулздаг байна. Түүний хөрөнгө оруулсан Scrub daddy хэмээх гал тогооны аяга таваг угаагч хөөснөгийн компани түүнд 75 сая ам.долларын ашиг авчирсан ба үүсгэн байгуулагч Аарон Крауз нэгэн ярилцлагадаа “Лоритой утас болон имэйлээр холбогдоход үргэлж боломжтой байдаг. Шөнө дунд байсан ч ялгаагүй” хэмээн ярьсан байдаг.
Шаркууд өөрсдөө маш олон бизнестэй байдаг ч шоутай холбоотой бизнесүүдийг хөгжүүлэхийн тулд маш их цаг зарцуулдаг ажээ. Тухайлбал, Дэймонд Жоны хувьд л гэхэд долоо хоногт хамгийн багадаа 12 цагийг шоутай холбоотой ажил хийхэд зарцуулдаг гэнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.