Дэлхийн түүхэн дэх хамгийн “тэнэг” 10 дайн
Хүмүүсийн хийж чаддаг хамгийн сайн зүйл бол бусдыг буруутгах. Энэ нь хэрүүл маргаан үүсгэх бөгөөд бүр даамжирвал улс хоорондын дайн үүсгэх ч нөхцлийг бүрдүүлдэг. Альберт Эйнштейн нэгэнтээ “Хоёр л зүйлд хязгаар үгүй. Нэг нь огторгуй, нөгөөх нь хүний тэнэглэл. Үнэндээ эхнийх нь хязгааргүй гэдэгт би итгэлтэй биш байна” гэж хэлсэн байдаг. Тэгвэл дайн, тэнэглэл хоёр нэгдэхээрээ ямар зүйл болдогийг энэхүү жагсаалтаар харуулахыг зорьсон юм.
10
Царс модон хувингийн дайн (1325)
Модена хотын Гирландина цамхагт байдаг хулгайлагдсан хувин
Энэ дайн 1325 онд Италийн хойд хэсэгт болжээ. Харанхуй он жилүүдэд байсан хүмүүс төдийлөн боловсролтой байгаагүй нь тодорхой. Гэсэн хэдий ч модон хувингаас болж хоёр хөрш хот улс дайн хийсэн гэхэд бас л итгэмээргүй. Болонья, Модена гэх хот улсууд улс төрийн хувьд өөр өөр дэглэмийг дэмждэг байсан бөгөөд хоорондоо өрсөлдсөөр олон жилийг ардаа орхиод байв. Нэг нь Ариун Ромын хаант засаглалыг, нөгөө нь Пап ламыг дэмждэг байсан аж.
Нэг удаа Моденагийн хэдэн цэрэг Болоньяд нэвтэрч, худгаас царс модоор хийсэн хувинг хулгайлсан байна. Энэ "аймшигт" хэрэгт асар их уурласан Болонья хөрштэйгээ дайн зарласан байдаг. Тэд 32 мянган цэрэг босгож, Моденагаас модон хувингаа эргүүлэн авахаар хөдөлжээ. Модена хариуд нь 7000 цэрэг босгон дайнд бэлдэв. Тэд Болоньягийн эзэмшил Запполиньод уулзаж байлдахад Болоньягийн цэргүүд тарж бутран зугтсан байна.
Модон хувингийн дайнаас болж талууд тус бүр ойролцоогоор 2000 орчим хүнээ алдсан боловч Болонья хувингаа авч чадаагүй аж. Өдгөө энэ хувин Модена хотын музейд хадгалагдаж, Болоньягийнхны уурыг хүргэдэг аж.
09
Золбин нохойн дайн (1925)
Дундад зууны тэнэглэл орчин цагт хүрсэн гэдгийг батлах нэгэн дайн 1925 онд дэгдсэн юм. Мэдээж таны таамаглаж байгаачлан энэ дайныг эхлүүлэх болсон шалтгаан нь нохой байжээ.
Хүмүүс нохойнд хайртай. Үнэнч анд, гэр бүлийн хайртай гишүүн болох нохойнд нь гэм учруулсан хүнийг өршөөхгүй гэж ярих хүн олон байдаг ч эзэнгүй, золбин нохойноос болж маргаан үүсэх нь тийм ч их биш.
1925 онд Грек болон Болгар улсууд ямар ч хамаагүй жижиг зүйл дээр маргаж, гудамжинд тааралдвал зодолддог байв. Ямар ч хамаагүй шалтгаанаар “үзэлцэхэд” бэлэн байхад нь 10-р сарын 22-ны өдөр Петрич гэх хилийн ойролцоох газар Грек цэрэг золбин нохой хөөж байгаад Болгарын хилийг давчихаж. Болгарын хилийн цэрэг үүнийг хараад цэргийг онилж, буудан хөнөөжээ. Харин үүний хариуд Грекийн арми ердөө маргааш нь Болгар руу дайрсан байдаг. Болгарчууд нэр төдий л эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд тухайн үеийн НҮБ-ын өмнөх үе болох “Лиги Наци”-гаас энэ үйлдлээ зогсоохыг шаардсанаар Грекийн арми дайралтаа зогсоосон юм.
Золбин нохойн дайн нийт 10 хоног үргэлжилсэн ба грекчүүд дайны нөхөн төлбөр болгож 45 мянган паунд төлсөн байна. Энэ дайнд хоёр талаас 52 хүн амь эрсэдсэний дийлэнх нь энгийн иргэн байв. Харин дайны эхлэлийг тавьсан нохойнд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй.
08
Хөлбөмбөгийн дайн (1969)
Хөлбөмбөгийн тэмцээнүүдийн үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд асуудал үүсэх, гар зөрүүлэх тохиолдол маш элбэг. Тэр тусмаа хулиганууд гудамжинд гарч ямар нэг хэрэг төвөгт холбогддоггүй улирал гэж бараг байхгүй. Гэхдээ хөлбөмбөгөөс болж дайн болсон тохиолдол нэг удаа гарсан байдаг.
1969 онд Эль Сальвадор болон Гондурасын хооронд болсон олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд Гондурасын баг ялжээ. Үүнээс болж хоёр улсын дунд хурцадмал байдал үүсч, Эль Сальвадор дипломат харилцаагаа таслав. Энэ нь даамжирч, зэвсэгт хүчин ч хөдөлжээ. Хөлбөмбөгийн ард хоёр улсын эдийн засгийн тэнцвэргүй байдал нуугдаж байсан нь тодорхой. Ингээд 18 хоногийн дараа Эль Сальвадорын цэргүүд гэнэтийн дайралт хийж, Гондурас улсын газар нутгаас нь их хэмжээгээр эзэлсэн байна. Ямартай ч энэ балай дайн удаан үргэлжлээгүй ба “Organization of American States” нийгэмлэг нэн даруй гал зогсоох шаардлагыг хүргүүж, дайн эхэлснээс хойш 100 цагийн дараа байдал намжсан байдаг. Нийт 4 хоног үргэлжилсэн энэ дайнд 3000 гаруй хүн амь үрэгджээ.
07
Зугтсан эхнэрүүдийн дайн (1879)
Дэлхийн хамгийн ухаантай хүн Альберт Эйнштейний төрсөн онд дэлхийн түүхэн дэх хамгийн тэнэг дайны нэг нь эхэлж байсан аж. 1879 онд гэр бүлийн маргаанаас болж Зулу омгийн толгойлогч Сихаёо каЗонгагийн хоёр эхнэр нь нөхрөө хаян зугтжээ. Тэд британичууд дээр очин орогнол хүсэх зорилготой байв. Гэтэл каЗонгагийн дүү болон хөвгүүд нь тэдний араас мөшгин барьж аваад хороожээ.
Харин эзэмшлийнх нь газар нутаг руу нь нэвтэрлээ хэмээн уурласан Британичууд тэдэнтэй дайн зарлав. Англо-Зулугийн дайны нэг хэсэг болсон уг дайнд нийт 6000 гаруй Зулу омгийн индианчууд, 1727 Британи цэрэг үхсэн байна.
06
Парагвайн дайн (1864-1870)
Утга учиргүй мөргөлдөөнүүдийн нэг болох Парагвайн дайн ёстой шал дэмий цаг, мөнгө, хүний амь насны гарз байсан юм. Ерөнхийлөгч Франциско Солано Лопез өөрийнхөө тахин шүтдэг Наполеон Бонапартын нэгэн адил агуу генерал, зэвсэгт хүчний удирдагч болох хүсэлтэй нэгэн байв. Гэвч түүнд үүнийгээ харуулах ганц боломж болох “дайн” гэж байсангүй. Аз болж тэр Парагвайн ерөнхийлөгчийн суудал дээр байсан тул бүрэн эрхийнхээ хүрээнд дайн зарлах алтан боломжоо ашиглажээ. Жижиг хэмжээний тулаан хийх ч юм уу, эсвэл арай алс хол байрлах жижиг улсыг онилохын оронд Ерөнхийлөгч Лопез хөрш зэргэлдээ орших гурван улс буюу Аргентин, Бразил болон Уругвайтай дайн зарлачихав. Хүн хүч, зэр зэвсэгээр хол дутуу байсны дээр гурван талаасаа бүслэгдэхийг сонгосон “дайны суу билигт удирдагч” зургаан жилийн дотор улсаа бүрэн сүйрүүлсэн юм. Газар нутгаа Бразилд алдаж, хүн амынхаа гуравны нэгийг хороолгосон Засгийн газар татан буугдав. Мөрөөдлийнхөө ертөнцөд амьдарч, уран зөгнөлдөө хөтлөгдсөн ерөнхийлөгчийн ямар ч шалтгаангүй дайнаас болж нийт 400 мянган цэрэг, энгийн иргэн амь үрэгджээ.
05
Гахайн дайн – 1 (1859), Гахайн дайн – 2 (1906-1908)
Америк, Канадын баруун эргийн хил дээр 1859 онд Гахайн нэгдүгээр дайн дэгдсэн байна. Тухайн үед хоёр улсын, улсын ч гэж, колонийн хувьд яг тогтсон хил хязгаар гэж байгаагүй байсан юм. Энэ үл ойлголцлын яг голд нь Сан Хуаны арлууд оршино. Эдгээр арлуудыг Британи болон АНУ хоёулаа манай эзэмшил хэмээн тунхаглаж байлаа. Ямартай ч хэн ч амьдардаггүй байсан уг арлууд дээр 25 Америк иргэн очиж, хэсэг хугацаанд британичуудтай мөр зэрэгцэн амьдрах болов. "Гай газар доороос, гахай модон дотроос" гэх зүйр үг энд бодит биеллээ олж, бүх зүйл нэг гахайнаас болж орвонгоороо эргэх нь тэр.
1859 оны 6-р сарын 15-нд Лиман Катлар гэх Америк эрийн ногооны талбайд нэг гахай орж, ногоог нь идэж байх нь тэр. Уурандаа Катлар буугаа гарган гахайг алчихаж. Гахайны эзэн британичуудын нэг болох Чарльз Гриффин гэгч Ирланд эр түүн дээр ирэн 100 доллар нэхэмжлэв. Харин Катлар үүнийг эсэргүүцэж 10 доллар санал болгов. “Гахай чинь миний ногоог идэх ёсгүй байсан” гэсний хариуд “Гахайнаас минь ногоогоо хамгаалах нь чиний асуудал” гэх маягийн хэрүүл дэгдэв.
Хэрүүлийн үр дүнд Британичууд Катларыг баривчилсан ба Катлар АНУ-аас тусламж хүсчээ. Хариуд нь 66 Америк цэрэг арал дээр ирэв. Үүний хариуд британичууд дайны хоёр хөлөг онгоц илгээв. Нэг гахайнаас болж байдал үүнээс илүү дордоно гэж байх уу? Байна аа.
Мөн оны 8-р сарын 10 гэхэд Британийн таван хөлөг онгоц, 2140 цэргийн эсрэг 461 Америк цэрэг 14 их бууны хамт байлдааны бэлэн байдалд орлоо. Британийн зүгээс арал дээрх америкчуудыг хүчээр зайлуулахыг тушаасан ч аз болоход цэргийн коммандлагч энэ тушаалыг нь биелүүлээгүй байдаг.
Энэ байдал 12 жилийн турш үргэлжилж, сүүлдээ Британийн болон Америкийн зэвсэгт хүчин найзын харилцаатай болж, бие биенийдээ зочилж, арал дээр хамтран амьдрах болсон байдаг. Эцсийн дүндээ үхсэн гахайнаас болж дэгдсэн дайн хоёр улсын үүрдийн шившиг болжээ.
Гахайн хоёрдугаар дайн Австри болон Серби улсын дунд 1906-1908 оны хооронд болсон юм. Энэ бүхэн Австрийн зүгээс Сербийн гахайн махын худалдаанд хориг тавьсантай холбоотой. Тухайн үед Серби улсын экспортын гол бүтээгдэхүүн болох гахайн махнаас болж эдийн засгийн тогтворгүй байдалд орсонтой холбогдуулан Засгийн газар улс төрийн нээлттэй дайн зарласан юм. Гэхдээ хоёр тал зэр зэвсэгт хүрээгүй ч бие биенээ маш ихээр шүүмжилж байсан аж. Ийнхүү 50 хүрэхгүй жилийн дотор гахай ч дайн дэгдээх том шалтгаан болж чадна гэдгийг баталсан билээ.
04
Эму шувууны дайн (1932)
Амьтнаас болж цус урсгасан бас нэгэн дайн Австралид болжээ. Шалтгаан нь хэмжээгээрээ дэлхий дээрх хоёр дахь том шувуу болох эму байлаа. Аз болж энэ дайнд хүний цус урсаагүй юм. 1932 онд Австралийн Засгийн газар эму шувуу хэт үржиж, ургац хураалтад муугаар нөлөөлөхийн хажуугаар зарим газарт тахал дэгдээж байгаад санаа зовж, цэрэг хөдөлгөн эму шувууны эсрэг албан ёсоор дайн зарласан байдаг.
Австралийн арми автомат буугаар зэвсэглэж эму шувууны анд гарав. Гэтэл энэ шувуу шаггүй дайсан болох нь батлагдаж, 50 км/ц хурдтай гүйн суманд оногдохгүй зугтаж байжээ. Тэд оногдсон ч гэсэн үхэж өгөхгүй гүйсээр байдаг байв. Эцсийн дүнд нэг эму шувууг алахын тулд дунджаар 10 сум зарцуулж байсан бөгөөд нэг удаа 1000 эму шувуун дундаас ердөө 10-ыг л алж чадсан тохиолдол бүртгэгджээ. Бас нэгэн удаа үхсэн эму шувууг дайрснаасаа болж цэргийн нэг машин онхолдож байв. Асар их зардал гаргасан ч олигтой үр дүнд хүрээгүй Засгийн газар энэ хугацаанд ердөө 2500 шувуу алсан байна.
Хоёр жилийн дараа эму шувууг алсан хүнд мөнгө амласан нь хамаагүй үр дүнтэй болж 6 сарын дотор 57 мянга гаруй эмуг энгийн иргэд хөнөөжээ.
03
Молдав-Трансдниесрийн дайн (1992)
Жагсаалтад байгаа бусад дайнаас ялгаатай нь энэ дайныг өдөөгч нь харьцангуй энгийн шалтгаан. Гэхдээ хачирхалтай нэг зүйл нь дайн хэрхэн өрнөсөн явдал юм. ЗХУ бутран унасны дараа Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Молдав маш хүнд байдалд оров. Хүн амын гуравны хоёр нь Румынтай сайн харилцаатай байхыг хүсч байсан бол үлдсэн нь Оростой нөхөрлөхийг илүүд үзэж байлаа. Украинтай ойролцоо нөхцөл байдал байсан гэсэн үг. Ямартай ч энэ зөрчлөөс болж дайн дэгдсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь тэдний дайн өглөө эхэлж, орой дуусч байжээ.
Цэргүүд өдрийн цагаар бие биенээ хөнөөх зорилгоор гал нээж байсан ч шөнө болоход фронтын шугам дээр дундаа орон холилддог байв. Тэр бүү хэл хоёр талын цэргүүд нөхөрсөг шахам харилцаатай болж, өдрийн цагаар ч хүссэн үедээ галлахгүй байх тохиролцоо хийж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Зул сарын баяраар хоёр талын цэргүүд гал зогсоон хөлбөмбөгийн тэмцээн зохиож байсан алдарт үйл явдлаас ялгаатай нь хоёр талын нөхөрлөл нэг өдрөөр зогсоогүйд оршино. Дайн дөрвөн сар үргэлжилж, нэг талаас 316 болон нөгөө талаас 637 хүн амь үрэгдсэн байдаг.
02
Алтан сандлын дайн (1900)
Алтан сандлыг мөрөн дээрээ тохсон байгаа байдал
Алтан сандлын дайн үнэхээр л алтаар хийсэн сандалнаас болж дэгдсэн байдаг. Орчин цагийн Гана улс буюу тухайн үедээ Ашантын эзэнт улсын тахил шүтээн нь жинхэнэ алтаар хийсэн сандал байдаг байж. Энэ нь удирдагчийн хүч чадал, эрх мэдлийн бэлэгдэл болдог байж л дээ. Тэгэхээр үүн дээр дуртай хүн нь суух эрхгүй гэсэн үг. Мэдээж хайхрамжгүй, бүдүүлэг зангаараа алдартай британичууд бусдын соёлыг уландаа гишгэх нь тэр.
1896 оноос хойш Ашантийн хаан цөллөгт амьдарч байсан бөгөөд түүний улсыг удирдах хүн байхгүй байсан тулбританичууд санаачлагыг гартаа аван энэ хүндтэй үүргийг өөрсдөө үүрэхийг санал болгож гэнэ. Ингээд 1900 оны 3-р сард Алтан эрэг дэх Британийн Засаг дарга Сэр Фредерик Ходжсон нийслэл хотод нь ирээд алтан сандлыг авчруулахыг тушааж, дээр нь суухыг завдсан байна. Энэ нь нутгийн иргэдийн уурыг дээд цэгт нь хүргэжээ. Байдал эсрэгээрээ байсан бол буюу хэн нэгэн Лондонд ирэнгүүтээ Британийн хатан хааны суудал дээр сууна гэвэл хүмүүс яах байсныг төсөөлөөд үзэх хэрэгтэй. Яг л тийм хандлага нутгийн иргэдээс иржээ.
Засаг даргын алтан сандлыг авчруулахаар явуулсан цэргүүдийг цөллөгдсөн хааны эх Яаа Асантеваагийн удирдсан цэргүүд отолтод оруулан, бараг бүгдийг нь хөнөөжээ. Зугтсан хэдхэн хүмүүс Кумаси руу ухарч, тэндээ хамгаалсан байдаг. Бүслэлт гурван сар хагас үргэлжилж, хоол хүнс, сумгүй болж ялагдахын даваан дээр хошууч Жэймс Уиллкоксын удирдсан нэмэлт хүч Ашантийн цэргүүдийн эсрэг дайрч, суурин газруудыг тэгшилснээр Британи ялсан байдаг. Нийт 1007 британичууд, 2000 Ашанти хүн дайнд амь үрэгдсэн аж. Энэ бүхэн Алтан сандал дээр суухыг хүссэн Засаг даргаас болсон гэхэд итгэхэд бэрх билээ.
01
Лижар-Францын дайн (1883-1981)
Өнөөгийн Лижар
Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн боловч хамгийн амгалан тайван дайн бол Лижар-Францын дайн юм. Лижар бол улс биш тул та газрын зургаас хайх хэрэггүй. Энэ бол Испанийн өмнөд нутагт орших нэгэн жижигхэн тосгон юм. Ердөө 300 хүнтэй энэ жижигхэн тосгон бүхэл бүтэн Франц улсын эсрэг дайн зарлах болсон шалтгаан нь юу байсан бэ? Энэ нь 1883 онд Испанийн хаан Альфонзо XII төрийн хэргээр Парис хотод ирсэнтэй холбоотой юм. Гэвч Парисын зарим хүмүүс энэ айлчлалд таагүй хандаж, эзэн хааныг хараан зүхэж, нэгэнтээ гудманд халдах гэж оролдсон гэдэг. Энэ хэргийн талаар сонссон Лижарын засаг дарга ихэд уурлан 300 хүнтэй тосгоноо бүхэлд нь Францын эсрэг дайнд уриалсан байна. Дайн зарласнаас хойш нэг ч удаа буун дуу гараагүй ба 93 жилийн турш “тайван дайн”-ы байдалд байсны дараа Испанийн хаан Хуан-Карлос “зориг гарган” Францад айлчилсан аж. Энэ удаа францчууд ямар нэг хэрэг төвөг тариагүй тул Лижарын удирдлага бүх зүйл засагдлаа хэмээн үзэж, “гал зогсоох” санамж бичиг гаргасан байна. Дайн нийт 98 жил үргэлжилсэн байдаг.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.