Британичуудад хал нь гаднаа, хайр нь дотроо “эмээ нар”-аар удирдуулах нь яг таг таардаг юм. Нэгдүгээр Элизабет, Виктория, Хоёрдугаар Элизабет нар манай хамгийн нэр хүндтэй Төрийн тэргүүн байлаа. Үүх түүхээ хагас дутуу мэдэгсдэд арслан зүрхт Ричард, францчуудыг дарсан Тавдугаар Хенри, Английн сүмийг Ромоос салгасан Наймдугаар Хенри хамгийн чухал нь санагдаж болох л доо. Гэхдээ манай үндэстнийг хүний бие цогцос гэж санавал хамгийн том гурван шивээс нь манай гурван хатан байлаа. Тэр дундаа орчин цагийн өнгө өнгийн, олон хийцийн өөдөс даавуунуудыг холбож зангидсан хамгийн бүдүүн оосор бүчлүүр хийгээд хамгийн нарийхан үл үзэгдэх торгон утас нь манай хатан байлаа.
Хоёрдугаар Элизабет мөн орчин цагийн бидэнд мартагдах шахсан өөрийгөө дээгүүрт тавихгүй байх, үргэлж өрөөлийн төлөө зүтгэх, сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй алив зовлон бэрхшээлийг үг дуугүй даван туулах өвөө, эмээ нарын маань үеийн хатуужил, тэсвэр тэвчээр, ёс заншлыг сахин хамгаалах өв их ухааны бараг сүүлийн том төлөөлөл, холбоо сэжим нь байв. Өсвөр насандаа цэргийн машины механикч явсан, жинхэнэ дайны үйл хэрэгт жинхэнэ дүрэмт хувцастай хүчин зүтгэсэн эмэгтэйн тухай бид ярьж байна шүү дээ. Тийм болоод л жам ёсоороо амгалан гэгч нь амьсгал хураасан 96 настай хөгшний араас бид хэдэн саяараа ингэтэл цочирдон гашуудаж, өөрсдөө ч мэдэлгүй өнчрөн хоцорчхоод байгаа нь энэ. Учир нь тэр бидний гэр байв. Бидний зоос, мөнгө, шуудангийн марк, заримынх нь цайны аяга, хана туурган дээр улсын эх, үндэстний өндөр эмээ нь болсон тэр л байв. Гашуудах, баярлахын аль алинд ч тэр бидэнтэй цуг байв. Зул сарын үдэш гэр бүлээрээ зэрэгцэн суугаад зурагтаа асаахад айл айлын хойморт ч тэр л бидэнтэй байв. Тэр, бид бүгдийн ерөнхий сэтгэл засалч, тогтвортой байдлын сахин хамгаалагч байв.
Тиймдээ ч ямар ч гарал угсаатай, ямар ч шашин шүтлэгтэй бай, улс төрийн ямар ч үзэл баримтлалтай, бүр хаант тогтолцоог улайран эсэргүүцдэг бай бараг хүн бүр талийгаач хатныг гүнээ хүндэтгэдэг байсан юм. Мэндэлсэн мөчөөсөө л улс үндэстнийхээ “өмч” байсан, ухаан орсон цагаасаа хойш магад нэг ч өдөр сэтгэл амгалан байгаагүй, таалал төгсөхөөсөө ердөө хоёр хоногийн өмнө хүртэл бие лагшин нь таагүй байсан ч орноосоо өндийн босож, үс зүсээ янзлаад таягаа тулсаар үүрэгт ажлаа гүйцэтгэсэн буурлыг хэн хүндлэхгүй байх билээ? Лондоны хар таксинууд хэдэн арваараа эгнэн зогсож, эрхэм дээдсийн шарилд хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүс бараг зургаан км урт дараалал үүсгэн, хол ойрын улс бүтэн 24 цаг дараалалд зогсож байж Вестминстерийн их танхимд орж байна. Тэгэхээр хатан хаан амьсгал хураасныхаа дараа ч улс орноо нэгтгэх, ард түмнээ эх оронч сэтгэлээр зангидах үүргээ гүйцэтгэсээр байна гэсэн үг. Оршуулгын ёслол дуусаж, Виндсор шилтгээн дэх Гэгээн Жоржийн бунханд аав, ээж, охин дүү, 73 жил ханилсан эр нөхрийнхөө дэргэд очсоныхоо дараа л хатантан анх удаа, гэхдээ үүрд мөнх амар амгаланг олох биз ээ.
Өөрөөс нь өмнө хамгийн олон жил төр барьсан хоёр их хатантай адил Хоёрдугаар Элизабет үе үеийнхний холбогч гүүр байж, улс орноо бүтэн 70 жил төлөөллөө. Тэгэхдээ нэг ч хором нууцлаг шидээ гээсэнгүй, гомдол хэлсэнгүй, юу ч тайлбарласангүй, үндсэн хуульт хаант засагтай улсад Төрийн тэргүүн нь төрт ёсны бэлгэдэл болох учиртай тэр л үүргээ ягштал биелүүлж, үндэстний маань 1200 гаруй жилийн түүхтэй төрийн залгамж халаа, мөнхөд үргэлжлэх ёстой үүх түүхийн нүүр царай нь байж чадлаа. Бусад улс оронд төрийн алба хаагчид болон цэрэг армийнхан нь туг далбаандаа тангараг өргөдөгтэй адил Нэгдсэн Хаант Улсын иргэд хатан хаандаа тангараг өргөж, улсын бүхий л үйл хэрэг түүний нэрийн өмнөөс шийдэгддэг байв. Гэсэн ч энэ бүхэн хаан юм уу, хатны хэргэмтэй хэн нэг хувь хүний тусын тулд биш, үргэлжид бүхнээс дээр залрах учиртай төрөө дээдлэх ёс гэдгийг хатан хаан ч, ард иргэд ч сайн мэддэг байсан юм. Хатан хаан нэг ч удаа хазгай гишгээгүй, нэг ч удаа өөрийгөө эрхэм дээдэд тооцож байгаагүй, хэр баргийн юманд ам нээсэн удаагүй. Учир нь тэр өөрийгөө эгээ Төрийн далбаа шиг бэлгэдэл гэдгийг, төр гээч өндөр дээд ойлголтын үзэгдэх төдий нэгээхэн биелэл гэдгийг сайтар ухаардаг байв.
Гаднынхан, тэр дундаа америкчууд надаас “Хаан, хатны хэрэг юу байна? Танай ихэс дээдэс яг юу хийдэг юм бэ дээ?” гэж тохуурхангуй, эсвэл үнэнхүү гайхан асуух нь бий. Хариуд нь би “Бидэндээ болдог юм аа” гэсхийгээд өнгөрөхийг хүсдэг ч нэг л мэдэх нь ээ хаант тогтолцоо биднийг элдэв дарангуйлал, улс төрийн тогтворгүй байдал, үе дамжсан эрх мэдэлтнүүдийн зүй бус засаглал, биеэ тоосон оддыг шүтэх ухаангүй хандлагаас хамгаалдаг юм аа. Хатны гэр бүлийнхэн үнэндээ их ажил хийдэг юм шүү, хатан хаан л гэхэд 91 настайдаа жилд 292 удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон, насаараа олны нүдэн дээр амьдарна гэдэг өөрөө тун хүнд хөдөлмөр гэхчлэн бүр лекц тавьчихсан байдаг юм. Товчхондоо, манай үндсэн хуульт хаант тогтолцоо, түүнийг түшсэн ёс уламжлалаа дээдлэх хандлага бол зохиолч, жүжигчин Стивн Фрайн хэлснээр “бидний хугархай хамар” билээ. Төрөхдөө л ийм “согог”-той төрсөн бид гэнэтхэн л гоо сайхны мэс засалд орж, хэдий өөгүй төгс харагдах ч хамаг юм нь хиймэл “хүүхэлдэй” болчихвол хэчнээн хөгийн, инээдэмтэй билээ? Магадгүй өнгөрсөн 70 жилд бид өөр Төрийн тэргүүнтэй байсан бол, дайснууд улс орныг нь, бүр орд харшийг нь хүртэл бөмбөгдөж байхад ард түмнээ орхиогүй эр зоригтой хааны охин хаан ширээнд суугаагүй бол хаант тогтолцооноосоо татгалзах байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгсэн бол Нэгдсэн Хаант Улсын маань нэр Их Британи, Умард Ирландын Хамтын нөхөрлөлийн Бүгд найрамдах улс болох байсан бус уу? Нарийн түүхэн холбоотой, хэл, соёл ойролцоо, дэлхийн хоёр тэрбум хүнийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн Хамтын нөхөрлөлийн тэргүүлэгч нь хэн нэгэн Борис, Лиз нэртэн байх байсан уу? Бас Блэйр гэдэг Ерөнхийлөгчтэй болох уу гэж үү? Үгүй дээ, баярлалаа.
Бараг 400 жилийн тэртээх Анхдугаар Элизабетийн хаанчлалын үед бидэнд үндэстний амин чанараа таньж мэдэх, хадгалж хамгаалахын төлөөх хямрал нүүрлээд байв. 70 жилийн өмнө Хоёрдугаар Элизабетийг хаан ширээнд суухад ч ялгаагүй. Дэлхийн II дайны дараах, эзэнт гүрэн нь задран унасны дараах Британи улсыг хэрхэн яаж залж чиглүүлэх нь 25-хан настай, этгээд хачин аялгатай, бүрэг ичимхий залуу бүсгүйн нуруун дээр бууж ирсэн. Гэхдээ 21-хэн насандаа ард олондоо өгсөн алдарт амлалтаасаа тэр нэг ч удаа ухарч буцаагүй. “Урт, богино аль нь ч бай хамаг амьдралаа та бүхэнд үйлчлэхийн төлөө зориулна” гэж хэлэхдээ тэр үед гүнж байсан Элизабет насан туршаа амлалтаасаа няцахгүй байж чадахаа, тэгэхдээ гэр бүл, хувийн амьдралаа хүртэл хоёрт тавихаа мэдэж байсан болов уу?
Хатан хааныг бид мөнх юм шиг санаж, заримдаа бараг л үл ойшоодог байжээ. Харин үгүй болсных нь дараа түүнийг үнэхээр мөнх настай байсныг ухаарч байна. Учир нь түүний түүх, түүхэн хаанчлал нь ахин давтагдахгүй. Өнөө бидний амьдралд л лав үгүй. Түүний батжин бэхжүүлсэн хаант засгийн нэр хүнд хэдэн үедээ сэвтэхгүй. Сэтгүүлч, судлаачдын аль хэдийнээ хэлцэж эхэлснээр Хоёрдугаар Элизабет үнэхээр ч “Elizabeth the Great” буюу Агуу Элизабет болон түүхэнд үлдлээ.
Жинет Уинтерсон
The Guardian