Арав.мн

Археологийн 10 агуу нээлт

Археологийн 10 агуу нээлт

Сарнайн дайны шийдвэрлэх тулаанд ялагдаж, байлдааны талбарт амь эрсэдсэн Английн Гуравдугаар Ричард хааны шарил 527 жилийн дараа буюу 2012 оны есдүгээр сард эртний нэгэн сүмийн ойролцоох машины зогсоол дороос олдож, шинэ мянганы хамгийн дуулиантай археологийн олдворын нэгээр тодорч байв. Үүнтэй адил хэний ч санаанд оромгүй газар бид бүгдийн хөл дор хэдэн зуу, бүр хэдэн мянганы настай хэчнээн олон үнэт эрдэнэ нуугдан байгааг таамаглах аргагүй. Улирч өнгөрсөн бүхний нууцыг тайлж, цаг хугацааны хүчийг таниулдагийн хувьд археологийн ухааныг мөнхийн шинжлэх ухаан гэж нэрийдэх нь бий. Өнгөрсөн онд л гэхэд Европын хамгийн эртний хэлний нэг баск хэлээрх 2100 гаруй жилийн настай бичгийн сурвалж болох хүрэл таваг, эртний Хятадын Шү-гийн гэх соёл иргэншилд хамаарах 3000 гаруй жилийн настай 13 мянга орчим тооны эд өлгийн зүйл, Майягийн үеийн хамгийн эртний цаг тооны бичээс зэрэг олон онцгой олдвор шинээр олджээ. 

Дор бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай археологийн олдворуудын тоонд багтах 10 нээлтийг онцолж байна. 


10

Тутанхамон хааны бунхан

Эртний Египетийн фараонуудыг бунхалсан Хаадын хөндий удаа дараа булш тоногчдын гарт сүйдэж байлаа. Чухам үүнээс нь болоод аль нэг фараоны бунхан бүрэн бүтэн үлдсэн гэдэгт археологичид эргэлзэж байсан тул 1922 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Британийн археологич, эртний Египет судлаач Ховард Картерийг Тутанхамон хааны бунхныг нээхэд дэлхий даяар дуулиан шуугиан дэгдэж, Египет судлалын түүхэн дэх хамгийн алдартай олдвор олдлоо гэсэн зар мэдээ хаа сайгүй түгжээ. Картер олон жилийн судалгаагаараа Тутанхамоны бунхныг хаана байгааг мэдэж байсан ч яг үүдийг нь нээхэд малтлага хийж байсан хүмүүст ус зөөж байсан нутгийн нэгэн жаалхүү санаандгүй тусалсан гэдэг. Жаалхүү арваннэгдүгээр сарын 4-ний өдөр малтлагын газарт бүдэрч унатал бунхны үүд рүү хөтөлсөн шатны орой руу өнхөрч орхисон байна. 

Булш тоногчид өмнө нь бунхны аман дээр очсон ч яагаад ч юм цааш нэвтрэлгүй; бунхан доторх тавилга, хувцас хунар, үнэт эдлэл, хөшөө баримал зэрэг 2000 гаруй эд өлгийн зүйлд гараа ч хүргээгүй байж. Өдгөө тэдгээрийн дийлэнх нь Каир хот дахь Египетийн эртний эдлэлийн музей болон Гиза дахь Их Египетийн музейд хадгалагдаж байна. Харин 18-19-хэн насандаа нас нөгчсөн залуу фараон Тутанхамоны алтан баг бүхий гоёмсог авс нь бунхан дотроо хадгалагддаг аж. 

Нийтийн тооллын өмнөх 1334-1325 оны орчимд хаан суусан Тутанхамон эртний Египетийн 18 дугаар гүрний фараон байлаа. Хаадын хөндийгөөс олдсон хамгийн бүрэн бүтэн бунхныхаа ачаар орчин үеийн хамгийн алдартай фараон болсон Тут хаан хожмын "амьдрал"-даа ганц өөрийнхөө алдар нэрийг өргөөд зогсохгүй эртний Египет судлалыг хөгжүүлэхэд гол түлхэц болжээ. Тутанхамоныг үүнээс нь болж шинжлэх ухааны ертөнцөд болон одоогийн Египет улсад "Алтан фараон" хэмээн өргөмжилдөг. 


09

Антикитерагийн механизм

Дэлхийн хамгийн анхны аналоги компьютер гэгддэг энэхүү хачин жигтэй төхөөрөмжийг 1901 онд Грекийн Антикитера арлын эрэг орчмоос олдсон эртний хөлөг онгоцон дотроос илрүүлжээ. Далайн ёроолд бүтэн хоёр мянган жил хэвтсэн уг төхөөрөмж цагийн механизмаар ажилладаг од эрхсийн орчил хөдөлгөөнийг тандах тооцоолуур бөгөөд эртний Грекийн эрдэмтэд нар, сарны хиртэлтийг үүгээр тооцоолдог байсан бололтой. Орчин цагийн судлаачид Антикитерагийн механизмыг нийтийн тооллын өмнөх 70-60 оны хооронд бүтээгдсэн гэж таамагладаг. Энэхүү төхөөрөмж 34x18x9 см-ийн хэмжээтэй бөгөөд дөрвөн хэсэг нь араа шүдтэй, дээрээ олон арван хэрчлээстэй аж. Тэр болгон нь нар, сарны хөдөлгөөнийг тэмдэглэсэн байсныг харин олдсоноос нь бүтэн зууны дараа буюу 2008 онд л томографи шинжилгээний тусламжтайгаар олж тогтоожээ. 

Судлаачид Антикитерагийн механизм шиг асар нарийн хийцтэй одон орны цагууд 14 дүгээр зуун хүртэл бүтээгдээгүй гэж үздэг. Өдгөө дэлхийн хамгийн анхны компьютерийн 82 хэсэг хэлтэрхийг гурван хэсэг болгон эвлүүлсэн үзмэр Афин хот дахь Грекийн Үндэсний археологийн музейд хадгалагдаж байна. 


08

Ласко агуй

Францын баруун өмнөд хэсэгт орших Монтиньяк тосгоны ойролцоох энэхүү холбоо агуйнуудыг Марсель Равида гэх 18 настай хүү 1940 оны есдүгээр сарын 12-ны өдөр нохойгоо салхилуулж яваад санаандгүй олжээ. Хүү нүхэнд унасан нохойгоо гаргаж авахаар ухасхийхдээ том чулуунд бүдрэн өөрөө бүр ч том нүх рүү ойчсон нь агуйн ам байж. Агуйн 40-өөд салаа "тасалгаа"-ны хана туурга, адар таазан дээр нийт 600 гаруй зураг, бүр нарийн тоолбол 6000 орчим дүрс байдаг нь бүгд ойролцоогоор 17 мянган жилийн өмнө буюу Чулуун зэвсгийн үеийн хожуу үед зурагдсан бүтээлүүд юм. Энэ нь одоог хүртэл олдоод байгаа агуйн сүг зургуудаас хамгийн том, хамгийн олон бүтээлтэй олдвор болно. 

Одос үхэр, морь, буга зэрэг том амьтдыг, мөн ургамал ногоог дүрсэлсэн Ласко агуйн ханын зургуудыг 1948 оны долдугаар сард анх олон нийтэд нээлттэй болгосон ч өдөр бүр агуй руу орох олон зууны хүнээс ялгарах халуун, чийг, нүүрстөрөгчийн давхар исэл зэргээс болж эртний зургуудын чанар алдагдаж эхэлсэн тул 1963 оноос хойш агуй руу жирийн аялагч, жуулчдыг нэвтрүүлэхээ больжээ. Оронд нь олон нийтэд үргэлжийн нээлттэй байх хэд хэдэн хуулбарыг нь ойролцоо нь барьж босгосон байна. 

Агуйн урлаг дахь Сикстиний цогчин дуган гэгддэг Ласко агуйн зургуудыг 1979 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэжээ. 


07

Люси

1974 онд Этиопийн Аваш хэмээх хөндийгөөс олдсон Афарийн австралопитек гэх эртний бич дүрстний зүйлд хамаарах эм хомининий чулуужсан үлдэгдлийг ийн нэрийддэг. Албан ёсны нэр нь AL 288-1 боловч Люси нэрээр дэлхий дахинаа алдаршсан нь Авашийн хөндийд ажиллаж байсан Америкийн антропологич Дональд Жохансоны удирдсан малтлагын багийнхан Люсийг олох үедээ "Битлз"-ийн "Lucy in the Sky with Diamonds" дууг ахин дахин зогсолтгүй сонсож байсантай холбоотой.

3.2 сая жилийн тэртээх үед хамаарах Люсигийн чулуужсан араг ясны 40 хувь хүрэхтэй үгүйтэй хэсэг нь л олдсон. Гэвч энэ нь эртний бич дүрстэн болоод хүний үүсэл хөгжлийн судалгааны түүхэнд цоо шинэ хуудас нээсэн юм. Учир нь чухам энэ олдвор л хүний өндөр дээд өвөг 3-4 сая жилийн тэртээд ч босоо явдалтан байсан, босоо явдалтан болсон нь тархины хэмжээ нь нэмэгдэхээс ч өмнөх үйл явц байжээ гэдгийг нотолсон байна. Люси 1.1 метр өндөр, 29 кг жинтэй байсан бөгөөд эрдэмтэд түүнийг 12-18 насандаа нас барсан болов уу гэж таамагладаг. Люси мөн 1994 онд Арди хэмээх өөр нэгэн босоо явдалт бич дүрстний 4.4 сая жилийн настай чулуужсан араг ясны үлдэгдэл олдох хүртэл буюу бүтэн 20 жил хүний хамгийн эртний өндөр өвөг байв.

Люсиг олон жил Америкийн хэд хэдэн музейгээр "аялуулж" байгаад 2013 онд эх нутаг Этиопт нь эргүүлэн өгчээ. Өдгөө хүн дүрстний өндөр дээд "эмэг"-ийн чулуужсан ясыг эвлүүлж зүйсэн үзмэр Аддис-Абеба хот дахь Этиопийн Үндэсний музейд дэлгээтэй байна. 


06

Трой хот

Хомерийн "Илиада" найраглалыг уншсан хэн бүхэн эртний түүхт Трой хотын тухай мэднэ. Харин энэхүү туульсын хотыг эрдэмтэн, судлаачдын дийлэнх нь 19 дүгээр зууны сүүлч хүртэл бүхэлдээ үлгэр домгийн шинжтэй, үнэн бодитоор ийм хот огт оршин байгаагүй гэж үзэж байв. Гэтэл 1870 оноос эхэлсэн Германы судлаач Хенрих Шлиман, Английн археологич Фрэнк Кальверт нарын хайгуул, малтлагын ажил үүнийг орвонгоор нь өөрчилжээ. Одоогийн Турк улсын Чанаккале хотоос баруун өмнөд зүгт 30-аад км-ийн зайд, Эгейн тэнгисийн зүүн эрэгт орших эртний нэгэн туурийг Трой хот мөн болохыг анх Кальверт тогтоосон ч Шлиманы явуулсан удаа дараагийн малтлага, судалгааны ажил илүү үр дүнтэй байж 1873 он гэхэд есөн тусдаа туурийг нээн илрүүлсэн байна. Тэдгээрийг одоо хамгийн эртнийхээс нь эхлээд хамгийн сүүл үед хамаарах он цагийн дарааллаар нь Трой 0-с Трой IX хэмээн дугаарладаг бөгөөд Трой VII нь дотроо a, b гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. 

Бүхэлдээ бараг 5000 жилийн түүхтэй дээрх газрыг туркээр Хиссарлык гэдэг нь Хэрэмт толгод гэсэн утгатай. Хиссарлыкт одоо ч малтлагын ажил үргэлжилж байгаа бөгөөд эргэн тойрны нутаг дэвсгэрийг нь багтаасан нийт 136 ам км талбай эзлэх Тройн Үндэсний түүхийн хүрээлэн 1996 оны есдүгээр сард нээгджээ. Харин эртний хотын тууриас олдсон, зөөвөрлөж болох нийт 40 мянга орчим эд өлгийн зүйлийг дэлгэсэн Тройн музейг малтлагын цэгээс 800-аадхан метрийн зайд байгуулж, 2018 онд нээсэн байна. 


05

Саттон Хү

Английн зүүн өмнөд эрэг дэх Саттон Хү гэх газраас 1939 онд 6-7 дугаар зуун буюу Англо-Саксоны үед хамаарах хөлөгт бунхан олдсон нь Британийн нутгаас илэрсэн, одоог хүртэлх хамгийн онцгой археологийн нээлтийн нэг юм. Судлаачид 27 метр урт хөлөг онгоцон дотор бунхлагдсан язгууртан эрийг Зүүн Англиягийн хаан, 599-624 оны орчимд төр барьсан Редвальд байх хамгийн өндөр магадлалтай гэж таамагладаг. Зүүн Англия нь нэгдсэн Англи улс байгуулагдахаас өмнө оршин тогтнож байсан Англо-Саксоны долоон хаант улсын нэг билээ. 

Хөлөг онгоцон дотроос хааны титэмтэй адилтгаж болох уран нарийн хийцтэй дуулга, 10 ширхэг цэвэр мөнгөн аяга, хос мөнгөн халбага, Франкийн хаант улсын алтан зоос, ёслолын гоёмсог илд, алтан аралтай бүс, чамин төмөр хэтэвч, хүлэгт баатрын нөмрөг тогтоох мөрний хавчаар зэрэг нийт 260 гаруй эд өлгийн зүйл олдсон нь өдгөө бүгд Британийн музейд хадгалагдаж байна. Энэ бүхэн Англо-Саксоны үеийн хаант улсууд түүхч, судлаачдын өмнө нь таамаглаж байснаас ч илүү өндөр хөгжилтэй байсныг баталж өгчээ. Харин бунхлагдсан хааны шарил 1300 гаруй жилийн туршид хүчиллэг хөрсөнд задарч үгүй болсон байна.

Саттон Хү-гийн энэ бүх үнэт олдворыг нээн илрүүлж, хадгалж хамгаалахад хөрөнгө чинээтэй; үүх түүх, археологийн хорхойтой; онцгой өгөөмөр Эдит Претти гэх эмэгтэй голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр өөрийн эдлэн газартаа харьяалагдах эртний хэдэн довцогт малтлага хийхийг анх санаачилж, сайн дурын археологич Бэзил Браун гэх хүнд хандан, бүхий л зардлыг нь хувиасаа гаргасан гэдэг. Мөн Британийн хуулиар хувийн эдлэн газраас нь олдсон бүхэн хэдий өөрийнх нь өмч байсан ч дээрх бүх олдворыг Британийн музейд хандивласан нь хувь хүнээс музейд өргөн барьсан Британийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт хэвээр байна. Уинстон Черчилль хатагтай Преттийг төрийн өндөр дээд одонгоор шагнахыг хүссэн ч тэрээр татгалзсан байдаг. Энэхүү түүхийг өгүүлэх "The Dig" буюу Малтлага нэртэй кино 2021 онд бүтээгдсэнийг Netflix-ээс үзэж сонирхож болно. 


04

Шавар арми

Нэгдсэн Хятад гүрний анхны эзэн хаан Цинь Ши Хуандийг хойд насанд нь сахин хамгаалах үүрэг хүлээсэн энэхүү шавар армийг 1974 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Шаньси мужийн нийслэл Шиань хотын гаднахан байх тариалангийн талбайн дэргэдээс хэдэн тариачид худаг ухаж байгаад санаандгүй олжээ. Цинь Ши Хуанди нийтийн тооллын өмнөх 210 онд тэнгэрт хальсан гэхээр өмнөх тооллын III зууны сүүл үед хамаарах уг бунхны доторх эд зүйлс тоо, хэмжээ, ур хийц, ахин давтагдашгүй байдал зэрэг олон талаараа үнэхээрийн гайхамшигтай нээлт юм. Бунханд төрх царай нь өөр өөр 8000 гаруй цэрэг, 520 моринд  хөллөсөн 130 дугуйт тэрэг, морин цэргийн 150 агт морийг сайн чанарын шавраар урлаж, бараг бүгдийг нь ихэд нарийн будаж өнгөлсөн байна. Харин гадаах хуурай агаар газар доорх танхим руу нэвтэрснээр тэр бүх будаг нь бүдгэрч, хууларчээ. Бунхны дөрвөн гол хэсгээс тусдаа байх жижиг тасалгаануудаас нь мөн акробатчид, төрийн түшээд, ордны хөгжимчид, зарц барлаг зэрэг цэрэг армийн биш хүмүүсийг дүрсэлсэн шавар баримлууд ч хэдэн арваараа олдсон байна. Шавар армийнхан бүгд бодит хүний хэмжээтэй бөгөөд өндөр нь 175 см-ээс 2 метрийн хооронд хэлбэлзэнэ. Цэргүүдийн хувцас өмсгөл, үс засалт, бүр чихний хэлбэрийг нь хүртэл албан тушаал, зэрэг зиндаанаас нь шалтгаалан өөр өөр ур хийцтэй бүтээсэн байна. 

Их хааны бунхант цогцолборыг 700 мянга гаруй хүн 40 орчим жилийн дотор барьж босгосон гэх мэдээ эртний сурвалж бичгүүдэд байдаг. Шавар арми олдсон газраас чанх баруун зүгт хааны шарилыг оршоосон гол бунхан байдаг гэх ч түүнийг одоо хүртэл нээж, бүрэн малтлага хийгээгүй байна. Эрдэмтэн, судлаачид бунхны доторх эд өлгийн зүйлсийг гэмтээж, сүйтгэхгүйн тулд одоог хүртэл хамгийн тохиромжтой технологийг эрж хайсаар байгаа аж. Түүхийн сурвалж бичгүүдэд Цинь Ши Хуандийн шарилыг тойрон мөнгөн устай гол урсдаг гэж дурдсан байдаг нь мөн мэргэжилтнүүдийг сэрэмжлэхээс аргагүйд хүргэжээ. 


03

Сөнөсөн тэнгисийн хуйлаас бичиг

1946-1956 оны хооронд одоогийн Палестиний нутаг дахь Кумраны гэх хэд хэдэн агуй дотроос олдсон нийт 981 хэсэг хуйлаас бичиг нь ганц археологийн төдийгүй түүх соёл, шашин шүтлэг, хэл бичгийн салбар дахь хамгийн онцгой нээлтийн нэг юм. Нийтийн тооллын өмнөх III зуунаас энэ тооллын I зууны үед хамаарах эдгээр бичгийг анх хэдэн малчин хүү ямаагаа хариулж яваад олсон гэх бөгөөд хуйлаасуудыг шавар вааран дотор хийж, лацдан нуусан байжээ. Эртний иврит, арамей зэрэг еврейчүүдийн хэл, мөн эртний грек хэлээр бичигдсэн Сөнөсөн тэнгисийн бичгүүд нь одоогоор олдоод байгаа Библийн судар болон христийн шашин, иүдейн шашинтай холбогдох хамгийн эртний бичгийн сурвалж юм. Энэхүү нээлтээс өмнө Библитэй холбогдох хамгийн эртний иврит хэлээрх бичгийн сурвалжууд нийтийн тооллын X зуунд хамаарч байв. Харин Сөнөсөн тэнгисийн хуйлаасууд Библийн болоод ганц бурхант үзэлтэй холбогдох бичгийн сурвалжийн түүхийг бүтэн мянган жилээр урагшлуулжээ. Хуйлаас бичгүүдэд Эстерийн судраас бусад Хуучин гэрээний бүх ном судрын хэсгүүд бичигдсэнээс гадна иврит хэлээрх Библийн судрын хэсгүүд ч байдаг аж. 

Өдгөө хуйлаасуудын дийлэнх нь Израилийн төв музейн Эртний судрын танхимд, зарим нь Иорданд хадгалагдаж байна. 


02

Розеттын чулуу

Хүн төрөлхтний бичиг соёлын ололт, гайхамшгийг илтгэх өөр нэгэн бичгийн сурвалж бол нийтийн тооллын өмнөх 196 онд бүтээгдсэн Розеттын чулуу юм. Дээр нь эртний египет болон эртний грек гэсэн хоёр хэл; демотик болон дүрс үсэг, мөн эртний грек бичиг гэсэн гурван бичгээр Египетийн хаан Птолемей V Эпифаны нэгэн зарлигийг сийлсэн уг чулууг Напеолоны байлдан дагууллын үеэр Францын армийн офицер Пьер-Франсуа Бушар гэдэг хүн эртний Мемфис хотын тууриас 1799 оны долдугаар сард олжээ. Олдсон газрынхаа нэрээр (арабаар Эль-Рашид) нэрлэгдсэн Розеттын чулуу нь орчин цагт олдсон эртний Египетийн үед хамаарах хамгийн анхны олон хэлээрх бичгийн сурвалж юм. 1799 оноос хойш өөр олон төстэй олдвор олдсон ч Египетийн соёл иргэншлийг тайлж унших гол түлхүүр болсны хувьд энэхүү нээлтийг бүх цаг үеийн археологийн хамгийн онцгой, ховор нандин олдворын нэг гэж үзсээр байна. Шинжлэх ухаанд өмнө нь тайлагдашгүй байсан нууцыг тайлах түлхүүр болох аливаа шинэ нээлтийг өдгөө Розеттын чулуу гэж нэрлэдэг хэлц хүртэл бий болжээ. 

Розеттын чулуу нь боржингийн төрлийн гранодиорит бөгөөд 760 кг жинтэй, 112x75x28 см хэмжээтэй юм. 1801 онд Францыг ялсан британичууд уг чулууг Лондон руу аваачсанаас хойш Розеттын чулуу Британийн музей дэх хамгийн үнэ цэнтэй, хамгийн олон хүний зорин очиж үздэг үнэт үзмэр хэвээр байна.


01

Помпей

Нийтийн тооллын 79 онд Везувий галт уулын дэлбэрэлтээр бүрэн сүйдэж, үгүй болсон Помпей хотын туурь дараагийн хэдэн зуун жилд нь уг уулын хэд хэдэн дэлбэрэлтийн уршгаар улам их үнс нурманд дарагдаад байв. Харин Италийн уран барилгач Доменико Фонтана 1592 онд анх туурийг нь илрүүлснээр Помпей хот хэчнээн том байсныг, тухайн цагийн Ромын ахуй амьдрал ямархуу хэмжээнд хөгжөөд байсныг орчин цагийнхан илүү өргөн хүрээнд таньж мэдэх боломжтой болжээ. Помпейн ихэр хот гэгддэг Херкуланумын туурийг 1709 онд илрүүлснээр хоёр хотын туурийг нарийн зохион байгуулалттайгаар малтаж, судлах ажил 1738 онд албан ёсоор эхэлсэн байна. Энэхүү үйл явдлыг орчин цагийн археологийн шинжлэх ухааны эхлэл гэж үздэг. 

Дэлхийн II дайны үеэр завсарлаад байсан малтлагын ажил 1951 оноос хойш үргэлжилж; одоог хүртэл жил бүр цоо шинэ эд өлгийн зүйлс, түүхэн ул мөрүүд Помпейгээс олдсоор байна. Өнгөрсөн 2022 онд гэхэд л доторх эд агуурс нь бүрэн бүтнээрээ чулуужсан дөрвөн том өрөөтэй бүхэл бүтэн байшинг шинээр ухаж гаргасан юм.

1990-ээд он гэхэд Помпейн гуравны хоёрыг ил гаргаж ирснээр нийт 72 ам км талбай эзлэх Везувийн Үндэсний түүхийн хүрээлэн 1995 онд байгуулагджээ. Олон удаагийн галт уулын дэлбэрэлтээр 4-6 метр зузаан хатуурч барьцалдсан үнс, шороонд булагдаад байсан эртний хотын тууриас одоогоор 1150 орчим хүний бүрэн чулуужсан үлдэгдэл, хэдэн зуун барилга байшин, бүхэл бүтэн гудамж, мянга мянган ваар сав, үнэт эдлэл, тавилга, гэр ахуйн зүйлс олдоод байна. Помпей хотын туурь өдгөө Италийн хамгийн алдартай газрын нэг бөгөөд жил бүр 2.5 сая жуулчин хүлээж авдаг. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start