Арав.мн

Америкийг бүтээсэн газрын 10 наймаа

Америкийг бүтээсэн газрын 10 наймаа

Америкчууд аливаа асуудлыг маш хялбархан, "Энэ мөнгийг аваад амаа хамхи" гээд л шийдчихдэг гэх явган шог бий. Энэ нь Нэгдсэн Улсын газар нутгаа тэлсэн түүхээс ч тодорхой харагдана. Америкчууд ойролцоогоор 107 сая буюу одоогийн ханшаар 2.8 тэрбум ам.доллароор нутаг дэвсгэрийнхээ 54 хувийг худалдаж авчээ. Үүн дээр нутгийн уугуул индиан овог аймгуудтай хийсэн хэд хэдэн жижиг газрын наймаа мөн нэмэгдэнэ. Харин үлдсэн 46 хувийг нь буюу худалдаж аваагүй нутаг дэвсгэрийг нь үндсэндээ анхны 13 колони болон 1783 оны Парисын гэрээгээр Америкийн талд шилжсэн одоогийн Орегон, Вашингтон, Айдахо мужийн газар нутаг, мөн Техас, Хавайн арлууд бүрдүүлж байна. 

Америкийн төр засгийн худалдаж авсан хамгийн анхны газар нь 1776 онд Тивийн конгресс нэртэй, Америкийг албан ёсоор тусгаар тогтнохоос өмнө Британийн Хойд Америк дахь эзэмшил нутгуудын хэргийг мэдэж байсан түр Засгийн газрын 600 фунт стерлингээр худалдаж авсан 0.4 ам км газар юм. Одоогийн Нью Жерси мужийн нутагт орших Форт Биллингспорт гэх уг газрыг Америкийн хувьсгалчид тусгаар тогтнох асуудлаа хэлэлцэх гол түшиц газраа болгон ашигласан байдаг. Түүнээс хойш америкчууд Луизана, Аляск зэрэг асар том газар нутгуудыг худалдаж авчээ. Дор эдгээр түүхэн наймаа болон Америкийн газар нутгийг тэлсэн бусад чухал худалдан авалтыг учир шалтгаан, төлсөн үнэ зэргийнх нь хамт он цагийн дарааллаар нь жагсаан танилцуулж байна. 


10

Луизанаг худалдаж авав (15 сая ам.доллар) - 1803 он

Одоогийн ханшаар ердөө 350 сая ам.доллараар худалдаж авсан Луизанагийн гэх худалдан авалт нь Нэгдсэн Улсын нутаг дэвсгэрийг 2.1 сая ам км-ээр өргөтгөн тэлжээ. Энэ нь одоогийн нутаг дэвсгэрийнх нь 20 хувийг бүрдүүлж байна. Уг газрыг америкчууд хэдий Францаас худалдаж авсан гэх ч францчууд үнэн хэрэгтээ тун бага хэсгийг нь захирч байлаа. Харин үлдсэн нутаг дэвсгэр нь нутгийн уугуул индианчуудын мэдэлд байсан агаад францчууд ердөө колоничлогч орны хувиар өөрсдийн өмч гэж үздэг байж. Тиймээс ч америкчууд францчуудтай гэрээ хийснийхээ дараа нутгийн иргэдтэй олон удаа тохироо хийж, зарим дээр нь хүчээр булаан авах зэргээр ихээхэн "хүч хөдөлмөр зарсан" нь эцэстээ Луизанагийн худалдан авалтын нийт өртөгийг албан бус тооцоогоор 2.6 тэрбум орчим ам.долларт хүргэжээ. Луизанагийн нутаг 1699 онд анх Францын эзэмшил болсон ч Испани-Францын дайн болон Гаитийн хувьсгалаар францчууд Хойд Америк дахь эрх мэдлээ алдсан тул Наполеон америкчуудад эзэмшил нутгаа худалдахаар шийдсэн аж. Энэ нь Ерөнхийлөгч Томас Жефферсоны хүсэлтэй ч яв цав нийцэж байлаа. Тухайн цагийн америк, францчуудыг хамгийн ихээр нэгтгэсэн зүйл нь мэдээж хэрэг Британийн хүчийг тарамдуулах байсан. Харин Жефферсон анхандаа ганц Нью Орлеаны боомтыг л худалдаж авахыг хүссэн гэдэг. Эдүгээ Луизанагийн эзэмшил нутаг Америкийн нийт 15 мужийн газар нутгийг бүрдүүлж байна. 


09

Зүүн, баруун Флоридаг худалдаж авав (5 сая ам.доллар) - 1819 он

Испани, Америкийн хилийн маргааныг шийдвэрлэх 1819 оны Адамс-Онисийн (Америкийг төлөөлсөн Жон Күинси Адамс, Испанийг төлөөлсөн Луис де Онис нарын нэрээр нэрлэгдсэн) гэх гэрээгээр одоогийн Флорида мужийн нутгийг бүхэлд нь АНУ-ын мэдэлд шилжүүлж, хоёр улсын хилийг шинээр тогтоожээ. Уг гэрээг баталгаажуулахын тулд америкчууд өнөөгийн ханшаар 104 сая буюу нийт таван сая ам.доллар төлж, Испанийн мэдлийн Техасын нутагт нэвтрэхгүй, хил зөрчихгүй байхаар тохиролцсон байна. Учир нь Луизанагийн өргөн уудам нутгийн хил хязгаар тэр үеийн Техасын нутагтай давхардаж, нэлээд зөрчил үүсгээд байж. Харин Флоридад цэргийн бааз байрлуулж, энгийн иргэд суурьшуулах нь дэндүү өртөгтэй байсан тул испаничуудад илүү газраа америкчуудад худалдан, оронд нь хилийн маргаанаа шийдвэрлэх нь хавьгүй ашигтай санагджээ. Гэтэл Адамс-Онисийн гэрээ хэрэгжиж эхэлснээс ердөө 183 өдрийн дараа Мексик улс тусгаар тогтнож, Испанийн Хойд Америк дахь бүх эзэмшлийг нутаг дэвсгэртээ нэгтгэх нь тэр. Ингээд Америкийн Засгийн газар Мексикийн шинэхэн эзэнт гүрэнтэй ахин гэрээ байгуулж, хил хязгаараа шинэчлэн тогтоожээ. Гэвч Мексик, Америкийн найрамдалт харилцаа удаан үргэлжлээгүй байна. 


08

Мексикийн газар нутгийг шилжүүлж авав (15 сая ам.доллар) - 1848 он

Байгуулагдаад удаагүй Мексик улс газар нутгийн маргаанаас болж төд удалгүй АНУ-тай бүр дайтах дээрээ туллаа. 1846-1848 оны хооронд үргэлжилсэн уг дайн үндсэндээ Америкийн тал Техасын нутгийг эзлэн түрэмгийлснээс үүдэлтэй юм. Гэхдээ америкчуудын гол санаархал нь Мексикийн баруун хагасын нутаг дэвсгэр буюу одоогийн Нэгдсэн Улсын Калифорни, Невада, Юта, Аризона мужийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь, нэмээд Нью Мексико, Колорадо, Вайоминг мужийн зарим хэсгийг багтаасан өргөн уудам нутгийг эзэлж авах байв. Тэр ч ёсоор болж, дайны ялагчийн хувиар Америк улс Техасаас гадна дээрх асар том газрыг 1848 оны хоёрдугаар сарын 2-нд үзэглэсэн Гуадалупе-Идальгогийн гэрээгээр газар нутагтаа нэгтгэж авчээ. Тэгэхдээ мексикчүүдийг гар хоосон үлдээсэнгүй, дайны нөхөн төлбөр нэрээр 15 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 500 сая орчим ам.доллар төлсөн байна. Мексикийн шилжүүлэг нэрээр түүхэнд үлдсэн энэхүү булаан эзлэлт/газрын наймаагаар Мексик улс нутаг дэвсгэрийнхээ 55 хувийг алдсан бол мөнөөх газар нь өдгөө Америкийн газар нутгийн 15 хувийг бүрдүүлж байна. 


07

Гадсдений худалдан авалт (10 сая ам.доллар) - 1854 он

Өдгөө Аризона, Нью Мексико мужийн нутагт багтдаг нийт 77 мянган ам км уг газрыг америкчууд Мезиллагийн гэх тунхагаар 10 сая ам.доллараар худалдаж авсан нь одоогийн ханшаар 314 сая орчим болох юм. Мексик-Америкийн дайны дараах хилийн маргааныг шийдвэрлэхийн тулд талууд дээрх гэрээг байгуулсан гэх ч угтаа америкчууд уг бүс нутагт анхнаасаа төмөр зам барихыг зорьсон байдаг. Энэхүү зорилго нь ч биелсэн бөгөөд Өмнөд Номхон далайн төмөр замын сүлжээ 1881-1883 онд ашиглалтад оржээ. Хилийн онцгой чухал уг бүс нутгийг худалдан авах саналыг анх Мексикт сууж асан Америкийн Элчин сайд Жеймс Гадсден 1853 онд боловсруулсан тул энэхүү худалдан авалтыг түүний нэрээр нэрийддэг байна. 


06

Аляскийг худалдаж авав (7.2 сая ам.доллар) - 1867 он

Энэ бол хүмүүсийн хамгийн сайн мэдэх, хэмжээний хувьд ч Америкийн хамгийн томуудын тоонд орох газрын худалдан авалт юм. Оросын эзэнт гүрнээс одоогийн ханшаар 128 сая ам.доллараар худалдаж авсан (га тутамд 21 цент төлсөн гэсэн үг) Аляскийн газар нутаг өдгөө Нэгдсэн Улсын нутаг дэвсгэрийн 16 хувийг бүрдүүлж байна. Оросууд анх 17 дугаар зууны эхээр Хойд Америкт эзэмшил газартай болсон ч Аляскт олон хүн суурьшуулсан удаагүй. Орос-Америкийн компани гэх төрийн өмчит ганц компани Аляскийн хэрэг явдлыг мэдэж байсан ч нутгийн иргэдтэй худалдаа арилжаа хийх, шинээр суурьшлын бүс байгуулах ажил нь төдий л амжилт олоогүй тул Оросын эзэн хаан Хоёрдугаар Александр Хойд Америкийн эзэмшлээ худалдах нь зөв гэж шийджээ. Учир нь Аляскийг тухайн цагийн гол өрсөлдөгч нь болох Их Британийн талд алдчихвал оросууд газар нутгаа хамгаалж чадахгүйд хүрнэ гэж тэр санасан байна. Харин америкчуудын хувьд Аляск нь Азийн орнуудтай харилцах худалдааны гол дамжих бүс нь болох учиртай байв.


05

Филиппинийг шилжүүлж авав (20 сая ам.доллар) - 1898 он

Мексикийн газар нутгийг булааж авсантай төстэй Америкийн өөр нэг булаан эзлэлт/худалдан авалт/дайны дараах тохиролцоо бол Филиппиний шилжүүлэг нэрээр түүхэнд үлдсэн 1898 оны газар нутгийн тэлэлт юм. Испани-Америкийн дайныг эцэслэх Парисын тунхагаар баталгаажсан энэхүү шилжүүлгээр Испани улс Филиппиний арлуудаас гадна Куба, Пуэрто Рико, Гуамын нутгийг мөн Америкийн мэдэлд өгчээ. Хариуд нь америкчууд ганц Филиппиний төлбөр гэж 20 сая ам.долларын нөхөн төлбөр төлсөн нь одоогийн ханшаар 636 орчим сая ам.доллар болох юм. 1898 оны Испани-Америкийн дайн дэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн ч гол шалтгаан нь америкчууд Куба, Филиппиний тусгаар тогтнолын төлөөх бослого, тэмцлийг дэмжсэнтэй холбоотой. Гэхдээ дайнд яллаа гээд америкчууд Филиппинийг удаан захирч чадаагүй бөгөөд тус улс 1946 онд тусгаар тогтносон юм. Харин Филиппинийг "дагаж ирсэн" Куба 1902 онд тусгаар тогтносон бол Гуам, Пуэрто Рико хоёр одоо ч Америкийн газар нутаг хэвээр байна. 


04

Панамын сувгийг эзэмших болов (10 сая ам.доллар/жилийн 250 мянган ам.доллар) - 1903 он

Филиппиний адил хэдэн арван жил Америкийн мэдэлд байсан өөр нэг бүс нутаг бол Панам юм. Ерөнхийлөгч Теодор Рузвельт Төв Америкт дамжин өнгөрөх өөрсдийн гэсэн сувагтай болбол америкчууд Атлантын болон Номхон далайн аль алинд нэмэлт гарцтай болно, улс орныхоо хоёр эргийг холбох стратегийн онц чухал дөт замтай болно гэж санасан тул Панамын сувгийг барих Францын төслийг 40 сая ам.доллараар худалдаж авчээ. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн төсөлд зарцуулсан төлбөр байв. Гэтэл тэр үед Панамыг эзэмшиж байсан Колумб улс төслийг хэрэгжүүлэх газрын зөвшөөрөл олгоогүй тул Америкийн эрх баригчид Панамын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг дэмжинэ, бүр Тэнгисийн хүчнээрээ хамгаална гэж амласан аж. Панам улсыг 1903 онд Колумбаас тусгаар тогтноход Америкийн Тэнгисийн хүчний "Нашвилл" хөлөг онгоц үнэхээр ч Панамыг хамгаалж, колумбчуудын замыг хаасан байдаг. Хариуд нь шинээр байгуулагдсан Панам улсын Засгийн газар Панамын суваг орчмын газрыг 10 сая ам.доллараар америкчуудад худалдаж, нэмээд 250 мянган ам.долларын жилийн түрээс авахаар болжээ. Уг тохиролцоо 1979 он хүртэл хэрэгжсэн бөгөөд Панамын суваг болон ойр орчмын бүс нь 1999 онд албан ёсоор Панамын талд шилжсэн түүхтэй. 


03

Гуантанамог түрээсэлж эхлэв (2 сая ам.доллар/жилийн 4000 ам.доллар) - 1903 он

Америкийн Засгийн газраас жилийн түрээс төлж ирсэн өөр нэг газар бол Кубын Гуантанамо тохой юм. Өнөөг хүртэл байнгын үйл ажиллагаатай байгаа Нэгдсэн Улсын хилийн чанад дахь хамгийн олон жилийн түүхтэй Тэнгисийн хүчний бааз байрлах уг газрыг дээр дурдсан 1898 оны Испани-Америкийн дайны дараах тохиролцооны дүнд америкчууд эзэмших болжээ. Уг бааз нь 1903 онд байгуулагдсан бөгөөд мөн онд Америкийн тал Кубад хоёр сая ам.доллар төлсөн байна. Харин 1903-1974 онд нэмэлт жилийн түрээс нь 2000 ам.доллартай тэнцэх алтан гулдмай байсан бол 1974 оноос түрээс нь 4000 ам.доллар болон нэмэгджээ. Гуантанамо тохой дахь Америкийн мэдлийн газар нутгийн хэмжээ 117 ам км бөгөөд 1903 оны Куба-Америкийн гэрээнд түрээсийн хугацаа хэзээ дуусах тухай заагаагүй тул хоёр улсын дунд ахин яриа хэлцэл хийгдтэл америкчууд уг Тэнгисийн хүчний баазаа татан буулгахгүй болов уу.


02

Виржин арлуудыг худалдаж авав (25 сая ам.доллар) - 1917 он

Виржин арлуудыг Даниас худалдаж авсан нь америкчуудын хийсэн хамгийн сүүлийн газрын томоохон наймаа юм. Америкийн эрх баригчид Карибын тэнгист газар нутагтай болохыг бүр 1860-аад оноос санаархсан гэх бөгөөд Ерөнхийлөгч Вудро Уилсоны санаачилгаар 1917 онд дээрх арлуудыг худалдаж авчээ. Тэрээр германчууд Хойд Америк руу цөмөрвөл Карибын арлуудыг шумбагч хөлгүүдээ байлгах тусгай бааз болгох вий, Панамын сувгийг мөн хяналтандаа оруулах вий гэхээс эмээж байж. Тиймдээ ч тухайн цагтаа тун өндөр үнээр Виржин арлуудыг худалдаж авчээ. Америкийн Засгийн газар Данийн талтай 25 сая ам.доллартай тэнцэх (одоогийн ханшаар 500 орчим сая ам.доллар) цэвэр алтан зоосоор тооцоо хийсэн гэдэг. 


01

Уотер арлыг худалдаж авав (10 мянган ам.доллар) - 1944 он

Виржин арлуудын нэг хэсэг боловч Дани-Америкийн худалдаа хийгдэх үед Данийн төрд биш, харин "Дорнод Азийн тээвэр" гэх Данийн хувийн өмчит компанийн эзэмшил байсан Уотер арлыг америкчууд мөнхүү компаниас дэлхийн хоёрдугаар дайны үед буюу германчууд Данийг эзлээд байх үед ердөө 10 мянган ам.доллараар худалдаж авсан байна. Энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор 145 мянган ам.доллар гэсэн үг юм. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start