Арав.мн

"Титаник"-ийг живүүлсэн 10 алдаа

Энэ бол "Титаник"-ийг живсний маргааш нь хэргийн гол буруутан мөсөн уулыг хальснаа буулгасан анхны зураг юм. Гэхдээ энэхүү алдартай хөлөг онгоцны түүхийг нарийн сонирхоод үзвэл ганц энэ мөсөн уул биш, өөр хэдэн арван учрал тохиол 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн тэрхүү аймшигт осолд хөтөлснийг ойлгож болно. Тэдгээрээс 10-ыг нь онцолсон нэгэн баримтат кино 2019 онд гарсан бөгөөд киноны агуулгыг дор товчлон хүргэж байна. 


10

Хугацаа хойшилсон

1911 оны есдүгээр сард буюу Гринландын мөсөн бүрхүүлээс салсан аварга том мөсөн уулыг Атлантын далайн хойд хэсгийг чиглэн хөвөх урт удаан аяллаа эхлэх үед "Титаник"-ийг Умард Ирландын нийслэл Белфаст хотын хөлөг онгоцны зогсоол дээр дөнгөж угсарч дуусаад байлаа. "Титаник" бол "Уайт Стар Лайн" хэмээх Британийн усан тээврийн томоохон компанийн ижил төстэй хийцийн гурван том хөлөг онгоцны нэг нь бөгөөд нөгөө хоёр нь "Олимпик", "Британник" юм. Харин "Титаник" нөгөө хоёр ихрээсээ хэмжээний хувьд арай том буюу нийт 269 метр урт, илүү тансаг зэрэглэлийн гэдгээрээ ялгарч байв. Мөн тухайн үедээ хүний гараар бүтсэн хамгийн том хөдөлгөөнт бүтээлд тооцогдож байлаа. 

Гэтэл 1911 оны есдүгээр сарын 20-нд "Уайт Стар Лайн"-ын супер хөлөг онгоцуудын чанарыг шалгасан, хагас жилийн дараа "Титаник"-ийг осолдоход хүргэсэн анхны гэнэтийн явдал болжээ. Мөн өдөр Атлантын далайг туулах тав дахь аялалдаа явж байсан "Олимпик" хөлөг "Хоук" гэх байлдааны хөлөг онгоцтой мөргөлдөж, хитэг дээрээ хоёр ч том нүхтэй хоцорсон байна. Энэ нь "Олимпик"-ийн ахмад, хэдэн сарын дараа мөн "Титаник"-ийн ахмадаар томилогдох Эдуард Смитийг тун ч итгэлтэй болгож, "Уайт Стар Лайн"-ын хөлөг онгоцууд үнэхээр ч жившгүй юм байна гэсэн бодлыг олон хүнд төрүүлжээ. Гэхдээ бодит байдал дээр хөлгийн доод хэсгийн даацын ханаар тусгаарлагдсан тасалгаанууд тухайн цагтаа шинэлэг байсан тул "Олимпик" нөгөө хөлгөө бодвол харьцангуй гэмтэл багатай өнгөрсөн нь тэр байлаа. 

Энэ явдал ахмад Смитийг хэт өөртөө итгэлтэй болгосноос гадна "Титаник"-ийн анхны аялалдаа гарах хугацааг нь гурван долоо хоногоор буюу Атлантын далайн хойд хэсэгт мөсөн уул олширдог дөрөвдүгээр сарын эхэн рүү хүртэл хойшлуулж орхижээ. Учир нь "Олимпик" хэдийнээ зорчигч тээврийн үйлчилгээнд байснаас гадна дараагийн хэд хэдэн аяллынх нь тасалбарууд зарагдаж дуусаад байв. Тиймээс "Уайт Стар Лайн"-ынхан дөнгөж угсрагдаж дуусаад байсан "Титаник"-ийг ашиглалтад оруулах ажлыг хойш тавьж, "Олимпик"-ийг эхэлж засварлахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн 1912 оны гурав, дөрөвдүгээр сард өмнөх жилүүдийнх нь мөн үетэй харьцуулахад урьд урьдынхаас илүү олон мөсөн уул Атлантын далайд хөвж байсныг тухайн цагийн бүртгэл мэдээнээс харж болно. Уг нь ердийн үед, хаврын эхэн цагаар 120 орчим мөсөн уул Атлантын далайн хойд хэсгээр таардаг бол тэр жил 400 гаруй мөсөн уул бүртгэгдсэн гэх баримт байдаг аж. Энэ нь 50 жилд ганц тохиох үзэгдэл байсан агаад өмнөх жилийнх нь өвөл дунджаас хавьгүй дулаахан байсан нь үүний гол шалтгаан болжээ. 


09

Хурд хэтрүүлсэн

"Титаник"-ийн эхний бөгөөд эцсийн аялал хөлгийн багийн гишүүдийг оролцуулаад нийт 2224 зорчигчтойгоор 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхэлжээ. "Титаник" долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 17-нд нь Нью-Иоркийн боомт дээр зорчигчдоо буулгах байв. Европоос Америк хүрэх зайг тооцвол томхон хөлөг онгоц дунджаар 18 зангилаа хүртэл хурдлахад л зорьсон газраа товлосон цагтаа очно. Гэтэл мөсөн уултай мөргөлдөхдөө "Титаник" 22 зангилаа буюу ойролцоогоор 40 км/цагийн хурдтай явж байж. Хэрэв ийм хурдтай яваагүй бол мөсөн уул мөргөхгүй, осолдохгүй байх байлаа. Энэ бол "Титаник"-ийг живүүлсэн олон алдаа дотроос магадгүй ганц бүрэн сэргийлж болох нь байв. Ийм хурдтай явсан нь ахмад Эдуард Смиттэй холбоотой. Хурд хэтрүүлэх дуртай байсан Смит чухам энэ онцлогоосоо болж Саятнуудын ахмад нэртэй байсан агаад тухайн цагийн баячууд Смитийн хөлөг онгоцоор үйлчлүүллээ гэж бүр сайрхан ярьдаг байжээ.

"Уайт Стар Лайн"-ыхан ч дуулиан шуугиантай замд үдсэн шинэхэн хөлгөө 17-ны өглөө, бүр болбол нар мандахтай зэрэгцээд Нью-Иоркт хүрээсэй гэж хүсэж байв. Энэ нь компанийн нэр хүндийг өргөж, ахин хэдэн саяын орлого авчрах байлаа. Тиймдээ ч "Уайт Стар Лайн"-ы гүйцэтгэх захирал Ж.Брюс Исмей зорчигчдын дунд багтжээ. Түүнд "Титаник"-ийн анхны аялал онцгой чухал байсан тул нэр нөлөө, хөрөнгө чинээтэй хэдэн арван хүнийг өөрийн нэрээр урьж, тансаг зэрэглэлийн хөлгөө гайхуулж явж. Гуравдугаар зэрэглэлийн зорчигчдыг Нью-Иоркийн эрэгт хугацаанд нь хүргэх нь ч мөн Исмейд чухал байлаа. Учир нь "Уайт Стар Лайн"-ы хөлөг онгоцууд өнгөн дээрээ хэдий тансаг, чамин хийцийн ч ашиг орлогынхоо 50 хувийг Америк, Канад руу цагаачлах гуравдугаар зэрэглэлийнхнээс олж байв. Исмей энэ мэт шалтгаанаар ахмад Смитээс хурдаа нэмэхийг хүсэж, цаадах нь ч дуртайяа зөвшөөрчээ. Исмей мөн "Титаник"-ийн дээд хурдыг шалгаж үзэхийг ахмадад санал болгож байсан баримт бий. 



08

Гал алдсан

20 дугаар зууны эхээр хөлөг онгоцууд уурын хөдөлгүүрээр ажилладаг, түүнийг нь нүүрсээр галладаг байлаа. "Титаник" л гэхэд өдөрт 600 тонн нүүрс түлнэ. Харин ослын дараа амьд үлдсэн галчдаас мэдүүлэг авахад галлагааны бункерийн 5 дугаарын зууханд ассан гал хяналтаас гарч, бүр Белфастаас эхлэн цурманд оролгүй дүрэлзжээ. "Титаник" Саутхэмптоны боомтоос хөдөлсөн. Тэгэхээр хөлгийн аялал эхлэхээс өмнө, бүр Саутхэмптоны боомтоос нэмж 500 зорчигч авахаас ч өмнө "Титаник"-ийн доод хэсэгт гал алдаад байсан гэсэн үг юм. Хөлгийн багийн гишүүдэд бункерт гал алдсаныг зорчигчдод мэдэгдүүлж болохгүй гэж бүр хатуу тушаасан байж. Хэрэв "Титаник" мөсөн уултай мөргөлдөөгүй бол энэ нь ердийн л нэг явдал болж үлдэх байлаа. Бункерт гал алдах нь тухайн үед хэвийн үзэгдэл байв. Харин унтрахгүй байгаа нүүрсийг бараг гурван давхар өндөр байшинтай тэнцэх аварга том зуухнаас зөөвөрлөсөөр хугацаа алдаж, ердөө осол болохын өмнөх өдөр цурманд оруулсан нь (гал Белфастаас эхэлж ассан гэж үзвэл бүтэн 10 хоног ноцсон гэсэн үг) хөлгийг живэхээс сэргийлдэг, ус тогтоох өндөр төмөр ханануудын нэгийг уян зөөлөн болгож орхижээ. Бункерийн хана галаас болж нимгэрч, зарим хэсэгтээ бүр цоорсноос осол болохын өмнөх хоёр өдөрт цаг тутам хоёр хувин ус тосож байснаа амьд үлдсэн хоёр галч мөн мэдүүлсэн байдаг аж. 


07

Анхааруулгыг үл тоосон

"Титаник"-ийн үед Марконийн радио холбоо шинэхэн технологи хэвээр байлаа. Хөлөг онгоцон дээр радио холбоотой байна гэдэг, тэр тусмаа тэр нь зорчигчдод үйлчилж болдог байсан нь одооныхоор үнэгүй Wi-Fi-тай байх шиг давуу тал байжээ. Тиймээс ч тусгай бэлтгэгдсэн холбоочдыг тээврийн компаниуд биш, "Маркони" компаниас томилж байв. "Титаник" дээр "Маркони"-ийн хоёр холбоочин байсан агаад ойролцоо явсан хөлөг онгоцуудаас мөсөн уулын анхааруулга ирсэн 14-ний орой хоёулаа зорчигчдын хувийн цахилгааныг дамжуулаад завгүй байлаа. Энэ нь нэг төрлийн бизнес байсан тул тухайн цагийн зорчигч тээврийн томоохон хөлөг онгоц болгон дээр бусад хөлөгтэй харилцах уу, зорчигчдод үйлчлэх үү гэсэн ашиг сонирхлын зөрчил үүсдэг байж.

Гэхдээ "Титаник"-т ирсэн эхний хэдэн анхааруулга МSG буюу "шууд ахмадад" гэсэн утгатай чухал тодотголтой байсан тул хоёр холбоочин завгүй ажлынхаа хажуугаар тэдгээрийг ахмад Смитийн гарт хүргэж өгчээ. Харин ахмад чиглэлээ өмнөшөө бага зэрэг өөрчилснөөс өөрөөр арга хэмжээ авсангүй, хурдаа ч сааруулсангүй, мөсөн уул ихтэй бүсээс холдлоо гэж санаа амран оройн зоогоо барьсан байна. Гэвч "Титаник"-ийн яг урдхан явсан "Месаба" гэх хөлөг онгоцноос 14-ний оройн 9 цаг 52 минутад ахин мөсөн уулын анхааруулга ирж, аюулаас холдоогүйг нь сануулсан ч дээрх МSG гэх чухал гурван үсэг байгаагүй тул зорчигчдын цахилгааныг дамжуулах гээд завгүй байсан хоёр холбоочин урдах ажилдаа түүртсэндээ "Месаба"-гийн холбоог тасалж орхижээ. Бараг цагийн дараа ердөө 16 км-ийн зайд явсан "Калифорниан" ч ялгаагүй мөсөн уулын анхааруулга илгээж, өөрсдөө мөсөн дунд зогсчихоод байгаагаа дамжуулсан ч цахилгаан нь мөн л MSG гэх тодотголгүй байснаас "Титаник"-ийн холбоочны анхаарлыг татаагүй байна. Тэр бүү хэл "Титаник"-ийн холбоочид "Калифорниан" хөлгийн холбоочныг ажилд нь саад болоод байна, дуугүй болно уу гэж хүссэн байдаг. "Калифорниан" хөлгийнхөн ч ахин холбоо барих гэсэнгүй, амрахаар хэвтэцгээжээ. Харин "Калифорниан"-ы холбоо тасарснаас ердөө 10-хан минутын дараа "Титаник" мөсөн уул мөргөсөн байна. Хэрэв аварга том мөсөн уул урдхан талд нь байгааг анхааруулсан сүүлийн хэдэн цахилгаан мэдээний ердөө ганц нь л MSG гэх гурван үсэгтэй байсан бол ахмад Смит "Калифорниан" хөлгийн адил хөдөлгүүрээ унтрааж, үүр цайхыг хүлээх байсан ч байж магадгүй.  


06

Дуран байгаагүй

Фредерик Флийт

Радио холбооноос гадна мөсөн уулын аюулыг урьдаас олж харах өөр нэг боломж байлаа. "Титаник"-ийн тавцангаас 15 метрийн өндөрт, хэрээний үүр гэгддэг харуулын цамхагт тусгайлан бэлтгэгдсэн зургаан харуул хоёр хоёроороо ээлжлэн манаанд гарч байв. Харин "Титаник"-ийг мөсөн уултай мөргөлдөх мөчид Фредерик Флийт, Режиналд Лий гэх хоёр харуул хэрээний үүр дотор байжээ. Гэвч тэдэнд дуран байсангүй. Ослын шалтгааныг илрүүлэх ажлын хэсгийнхний хожим олж тогтоосноор "Титаник"-ийг замд гарахын өмнөх өдөр Дэйвид Блэйр гэх хоёрдугаар зэргийн офицерыг нь дээр дурдсан, мөнөөх засварт ороод байсан "Олимпик" хөлгийн хоёрдугаар офицероор солих гэнэтийн шийдвэрийг "Уайт Стар Лайн"-аас гаргасан байна. Харин Блэйр "Титаник"-аас яаран гарахдаа хоёр нүдний дуран болон бас бус хэрэгцээт зүйлс хадгалдаг шүүгээний түлхүүрийг харуулын багийнханд үлдээхээ мартчихжээ.

Харуулын цамхаг дотор хэрэв дуран байсан бол мөсөн уулыг арай эртхэн олж харах байсан гэдгээ ослоос амьд үлдсэн Фредерик Флийт, Режиналд Лий хоёр олонтоо мэдүүлсэн байдаг. Мөсөн уулыг анх олж харан "Мөсөн уул! Яг урд байна!" гэж орилсон Фредерик Флийт ахин 24 жил зорчигч тээврийн хэд хэдэн хөлөг онгоцон дээр ажиллаж дэлхийн нэг, хоёрдугаар дайнд хүртэл оролцсон ч "Титаник"-ийн ослоос үлдсэн сэтгэл гутралаа давж чадалгүй байсаар 1964 онд 77 насандаа өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн байна. Харин нөгөө харуул нь болох Режиналд Лий "Титаник"-ийн ослоос ердөө жилийн дараа 1913 онд өвчнөөр өөд болжээ.

Гэхдээ орчин цагийн зарим шинжээч дуран байгаад ч тэр үдэш мөсөн уул харагдахгүй байх байсан гэж үздэг. Учир нь тэр орой салхи сэвэргүй тогтуун байсан, онцгой цэлмэг байсан гэх зэргээр бичиж үлдээсэн олон хүний тэмдэглэлд үндэслэн далайн зэрэглээ хэмээх тэнгэрийн хаяанд униар будан татах үзэгдэл болсон гэж судлаачид таамагладаг байна. Магад тийм болоод ч Флийт, Лий хоёр мөсөн уулыг эртхэн олж харж чадаагүй байж мэдэх. 


05

Гол хөдөлгүүрт сэнс нь удаан, хүнд байсан

Хоёр харуулынхаа энгийн нүднээс өөр урдах замаа харах багаж төхөөрөмж гэх юмгүй "Титаник"  хөлөг мөсөн уул мөргөхөөсөө 10-аадхан минутын өмнө минжүүлсэн талбайгаас өөрцгүй мөстэй, хүйтэн далайн усанд 10 метр/секундын хурдтай урагшилж байлаа. Өөрөөр бол урд нь юу ч гарч ирсэн хариу үйлдэл үзүүлэхэд дэндүү хурдан хөвж байсан гэсэн үг. Харин дөрөвдүгээр сарын 14-ний оройн 11 цаг 40 минутад Фредерик Флийтийг "Мөсөн уул!" гэж орилох мөчид тэр үдэш хөлгийн тавцанг хариуцаж байсан нэгдүгээр зэргийн офицер Уильям Мёрдок хөлгийн залуурыг 37-хон секундын дотор эхлээд баруун, дараа нь зүүн тийшээ огцом дарсан байна. Гэвч "Титаник"-ийн гол хөдөлгүүрт сэнс тэр хэдхэн хоромд амжиж зогссонгүй, аварга хөлгийг хажуу бөөрөөр нь мөсөн уулын ирийж сэрийсэн ёроолтой хавиралдуулж орхижээ. Харин орчин үеийн шинжээчдийн тооцооллоор "Титаник"-ийн гол хөдөлгүүрт сэнс дэндүү хүнд, удаан байсан нь гол асуудал байсан бололтой. Гол сэнс нь аварга том хөлөг онгоцыг эргэх, чиглэлээ өөрчлөх үед хэдий гол үүрэгтэй ч огцом тоормослоход нь бараг нэмэргүй байж. Хажууд нь усны урсгалыг зохицуулах аварга том хавтан-далбаа байсан нь ч хөдөлгүүрт сэнснээсээ дутахгүй хүнд байжээ. Хэрэв гол хөдөлгүүрт сэнс нь магадгүй хэдхэн хормын өмнө амжиж зогссон бол "Титаник" мөсөн уул мөргөхгүй байх байлаа. 



04

Шураг нь хүйтэнд тэсвэргүй байсан

Үнэн хэрэгтээ мөсөн уулын "зүссэн" талбай тийм ч том биш байлаа. Харин гэнэтийн хүчтэй мөргөлдөөн "Титаник"-ийн удаах сул талыг тодотгож өгчээ. Тэр нь хөлгийн гадна их биеийг бүрдүүлэх бүрээсийн хэдэн зуун хавтан төмрийг хооронд нь холбосон гурван сая орчим шураг юм. Энгийн үед цэвэр ган шураг огт асуудал үүсгэхгүй. Харин осол болдог орой Атлантын далай ердийнхөөс хүйтэн байсан нь шургийг илүү хэврэг, амархан хугарахаар болгожээ. Үүнээс гадна хөлгийн доод хэсгийн олон давхар хавтанг цэвэр гангаар бэхлэхэд хүндрэлтэй байсан тул оронд нь ердийн давтсан төмөр шураг хольж ашигласан нь бүрээсийн хавтангуудыг илүү амархан "урагдахад" хүргэсэн байна. Учир нь давтсан төмөр гангаас 30 хувь зөөлөн байдаг аж. Ёрог даавууг салбархай талаас нь татахад амархан цуулагддаг. Яг л үүнтэй адил бүрээсийн төмөр хавтангууд хүчтэй мөргөлтөөс болж туялзаж, хотойж ирэхэд хүйтэнд хэврэгшиж, суларсан шургууд бүгд мултарч унан, төмөр гадаргуу нь цууран ангайжээ. 

 


03

Зорчигчид цонхоо онгорхой орхисон

"Титаник"-ийг мөсөн уултай мөргөлдсөнөөс 10 минутын дараа ч зорчигчдын дийлэнх нь юу болсныг мэдээгүй байв. Нөхцөл байдлыг нүдээр харсан хүмүүс нь харин огт санаа зовсонгүй, доод хэсгийн ус тогтоон барих 16 тасалгааны урд дөрөв нь усаар дүүртэл хангалттай хугацаа байна, түүнээс өмнө хөлөг дээрх бүх хүнийг аварч амжина гэж бодож байлаа. Удалгүй зорчигчид хөлгийн тавцан дээр гарч ирэн, хөлөг яагаад гэнэт зогссоныг олж мэдэхээр цугларцгаажээ. Зарим нь өрөө өрөөндөө, зарим нь олон нийтийн зай талбайд хаалга, цонхоо дэлгэн мэдээ хүлээж байв. Харин тэдний зарим нь хөлөг урд хошуунаасаа усанд автаж эхэлснийг дуулаад үймж сандран дээш гарахдаа гадна талын дугуй цонхнуудаа онгорхой орхиж, аймшигтай алдаа гаргажээ. Энэ нь хөлгийн усаар дүүрэх, живэх хугацааг түргэтгэсэн байна. Мөсөн уулын сэтэлсэн хэсэг хэмжээгээрээ 12 онгорхой цонхтой тэнцэж байсан гэж үзвэл хэчнээн их ус онгорхой цонхнуудаар орж ирсэн нь ойлгомжтой. Гэтэл "Титаник" зорчигчдын хэсгээс шууд гадагшаа онгойдог 300 гаруй дугуй цонхтой байлаа.


02

Даацын ханаа намсгасан

Хөлөг онгоцыг живэхээс сэргийлж, ус орж ирсэн ч хөвөх хугацааг нь уртасгахаар загварчлагдсан хөлгийн доод хэсгийн 16 тасалгааны гол даацын хананууд 12 метр өндөр байлаа. Уг нь даацын хана үүнээс ч өндөр, бүр зорчигчдод зориулсан хамгийн дээд талын задгай тавцанд хүртэл тулах ёстой байсан ч "Титаник"-ийн эзэд олон нийтэд зориулсан цэлгэр, том зай талбай гаргахыг илүүд үзжээ. Хөлгийн зоогийн газар, бэлтгэлийн заал, усан сан, хүлээлгийн танхимын гол шат зэрэг газрууд хэдэн том баганыг эс тооцвол бараг тулгуур гэх юмгүй байв. Энэ нь мөн осол болоогүй бол ердийн л зүйл байх байлаа. Харин урд талаасаа усаар дүүрч, хүндэрсэн аварга том хөлгийг тэг дундуураа хугарахад голлох биш юм гэхэд нэлээд жин дарах үүрэг гүйцэтгэжээ. Хэрэв дээд давхруудын даацын ханануудыг цөөлөөгүй бол, доод тасалгааны тулгуур хэсгүүдийг намсгаагүй бол "Титаник" амар хуваагдахгүй юм гэхэд усанд автах нь хавьгүй удаан байх байв.

Хүний гараар бүтсэн хамгийн гайхамшигтай, хэзээ ч жившгүй гэгдэж байсан "Титаник" хөлөг мөсөн уултай мөргөлдсөнөөсөө гурав ч хүрэхгүй цагийн дараа, дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 2 цаг 20 минутад 1500 гаруй хүний амийг аван Атлантын далайн гүнд живжээ. 



01

Чигээрээ явсан бол аврагдах байсан

Гэхдээ дээрх бүх алдаа "Титаник"-ийг живэхэд хүргэсэн магадгүй хамгийн энгийн, хамгийн хүн ёсны, хамгийн гунигтай алдааны дэргэд юу ч биш болов уу. Мөсөн уул урд байна гэсэн аюулын дохиог дуулмагцаа хөлгийн тавцанг тэр үдэш хариуцаж байсан нэгдүгээр зэргийн офицер Уильям Мёрдок нүсэр том хөлгийг хэдхэн секундын дотор эргүүлэх гэж оролдсон нь хэнээс ч гарах хариу үйлдэв байв. Гэтэл "Титаник" шиг хөлгүүд чухамдаа болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлж, мөн зайрмагтаж мөстсөн усыг зүсэх гэж л хошуулдсан хамартай байсан. Хэрэв Мёрдок мэгдэж сандарсандаа хөлгийн залуурыг яаран мушгилгүй, мөсөн уулыг эгц хошуугаараа мөргөсөн бол зөвхөн урд хэсэг нь гэмтэх ч амин чухал ус торгоох доод тасалгаа нь хажуу талаасаа цоорохгүй байх байлаа. Энэ нь яг л автомашины зорчигчид хажуу талаасаа мөргүүлбэл амиа алдах юм уу, хүнд бэртэж гэмтэх нь их байдагтай, мөн урд хамраараа эгц мөргөлдсөн машины аюулгүйн дэр илүү хурдан задардагтай төстэй юм. Гэвч Мёрдок ч бай, ер хэн ч бай "Титаник" шиг хөлгийг эгц чигээр нь мөсөн уултай мөргүүлье гэж санахгүй нь мэдээж билээ. Тиймээс түүнийг ер буруутгах аргагүй юм. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start