Оскар хүртээгүй 10 алдартай кино
Алдаршиж танигдсан кино болгон том шагнал хүртдэггүй. Олон шагналтай, сайн гэгдсэн кино болгон үзэгчдийн сэтгэлд хоногшин үлддэггүй. Үүний жишээ болгож олон нийтийн хамгийн хайртай, дуртай бүтээл гэгддэг ч нэг ч Оскар хүртэж байгаагүй 10 алдартай киног жагсааж байна.
Найруулагч Жеймс Камероны 1984 оны бүтээл уг кино шинжлэх ухааны уран зөгнөлт төрөл дундаа одоо нэгэнт сонгодогт тооцогдох болжээ. Дэлгэцэнд гарсан эхний хоёр долоо хоногтоо Америкийн бокс-оффист тэргүүлж зургаан саяын зардлаа 13 дахин нөхөн нийт 78 сая ам.долларын ашиг олсон "Терминатор" Камероны найруулагчийн гарааг тавьж өгч, Шварценеггерийг дэлхий дахинаа таниулсан юм. Уг киног 2008 онд Америкийн Конгрессийн номын сангаас Нэгдсэн Улсын Үндэсний кино санд "соёл, түүх, гоозүйн хувьд онцгой ач холбогдолтой" хэмээн бүртгэж авсан байна. "Терминатор" мөн Бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг бүтээлүүд гэх олон арван жагсаалтад багтдаг.
Оскарт дэвшсэн эсэх: Нэг ч төрөлд дэвшээгүй. Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай, дэлхий дахинаа хамгийн их танигдсан киноны нэг хэдий ч, бүр тусгай эффектээрээ хувьсгал хийсэн гэгдсэн ч "Терминатор" тусгай эффектийнхээ төрлөөр ч Оскарт дэвшээгүй юм.
Оскар хүртэж болох байсан төрөл: Шилдэг тусгай эффекттэй киногоор шалгарч болох байв. Мөн Жеймс Камероныг Шилдэг эх зохиолын төрөлд алтан баримал хүртлээ гэхэд гайхах хүн гарахгүй байх байлаа.
Тухайн жилийнх нь ялагч: "Индиана Жонс ба Мөхлийн хийд" Шилдэг эффекттэй киногоор шалгарсан. Харин Оны шилдэг бүтээлээр нийт найман Оскар хүртсэн "Амадей" тодорсон.
Эдүгээ кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу бүтээлийн тоонд ордог ч уг кино 1946 онд анх дэлгэцэнд гарахдаа өртөг зардал нь болох 3.1 сая доллароо арай гэж нөхөж, ердөө 3.3 саяын ашиг олжээ. Найруулагч Фрэнк Капра хангалттай ашиг олоогүй киногоо хэдхэн жилийн дараа зохиогчийн эрхгүй болгосон нь харин "Гайхамшигт амьдрал"-ыг Зул сарын баяраар хэдэн сая хүний дурлан үздэг сонгодог бүтээл болгон алдаршуулсан түүхтэй. Энэ кино Америкийн кино хүрээлэнгээс 2006 онд гаргасан Шилдгийн шилдэг 100 америк кино жагсаалтын нэгдүгдээрт бичигдэхээс гадна хэдэн арван кино жагсаалтад багтсаар иржээ. Найруулагч Капра болон гол дүрийн жүжигчин Жеймс Стюарт нар энэ бүтээлээ карьерынх нь оргил гэж үздэг байж.
Оскарт дэвшсэн эсэх: Оны шилдэг кино, Шилдэг найруулагч, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эвлүүлэг, Шилдэг дууны найруулга гэсэн таван төрөлд дэвшсэн ч нэгийг нь ч аваагүй. Хиймэл цас оруулсан техник ажлаараа шагнал гардуулах ёслолын дараа ганц Шилдэг техникийн тусгай шагнал хүртсэнийг нь албан ёсны Оскар гэж үздэггүй.
Оскар хүртэж болох байсан төрөл: Оны шилдэг бүтээлээр шалгарахгүй юм гэхэд Жеймс Стюарт Шилдэг эрэгтэй гол дүр бүтээсэн жүжигчнээр тодорч болох байлаа.
Тухайн жилийнх нь ялагч: "Бидний амьдралын хамгийн сайхан он жилүүд" гэх дайнаас эргэж ирсэн гурван америк цэргийн тухай өгүүлэх кино тэр жилийн долоон Оскарын эзнээр, тэр дундаа Оны шилдэг бүтээлээр шалгарчээ.
1966 онд дэлгэцэнд гарахдаа вестерн киноны төрөл жанрыг эргэлт буцалтгүйгээр өөрчилсөн энэ кино Италийн найруулагч Сержио Леонегийн Долларын гурвал гэх гурамсан бүтээлийн сүүлийнх нь юм. Сая гаруйхан доллароор бүтсэн ч бараг 40 саяын орлого олж, Клинт Иствүүдийг од болгосон энэхүү бүтээлийг харин шүүмжлэгчид анхандаа тун ам муутай хүлээж авчээ. Аллага, хүчирхийлэлд нь дургүйцсэн урлаг соёлын сэтгүүлчид бүр нэрийг нь өөрчлөн "Уйтгартай, удаан, усан" гэж шүүмжилж байв. Харин цаг үе өөрчлөгдөн дэлгэцээр аллага, гэмт хэрэг гарах нь нэмэгдэхтэй зэрэгцээд "Сайн, муу, хэрцгий"-г онцгой бүтээл гэдэгтэй санал нийлэх хүн улам олширсон байна. Ялангуяа кино бүтээгчдийн дунд нэр хүнд нь өсөж Найруулагчдын сонгосон шилдэг кинонууд, Хамгийн зоримог кинонууд зэрэг олон арван жагсаалтад дээгүүрт орох болжээ. Найруулагч Квентин Тарантино л гэхэд "Сайн, муу, хэрцгий"-г хамгийн шилдэг найруулгатай кино, кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу ололт гэх зэргээр өргөмжилсөн байдаг.
Оскарт дэвшсэн эсэх: Нэг ч номинацид дэвшээгүй. Томоохон нэг ч шагнал хүртээгүй.
Оскар хүртэж болох байсан төрөл: Сержио Леоне Шилдэг найруулагчаар тодорч болох байв. Мөн Эннио Морриконегийн гайхамшигтай хөгжимд ганц алтан баримал илүүдэхгүй байх байлаа.
Тухайн жилийнх нь ялагч: Британийн "Улирал бүрд тохирох хүн" нэртэй кино Шилдэг найруулагч, Оны шилдэг бүтээл зэрэг нийт зургаан Оскар хүртсэн.
Альфред Хичкокийн кинонуудаас Холливүүдэд хамгийн их ашиг олж, сая хүрэхгүй доллароор бүтсэн атлаа 50 гаруй саяын ашиг авчирсан энэ кино 1960 онд дэлгэцнээ гарсан, Хичкокийн хамгийн алдартай бүтээл юм. "Солиот"-ыг кино шүүмжлэгчид өдгөө хүчирхийлэл, сэтгэл зүйн асуудал, бэлгийн хандлага зэргийг ойлгож, хүлээж авах цоо шинэ түвшинг Холливүүдэд тогтоож өгсөн гэж үздэг. Гэхдээ яг гарсных нь дараа олон нийт Хичкокийг "карьераа сүйрүүллээ", "ёс суртахууны доголдолтой бүтээл гаргалаа", "өргөн дэлгэцийг телевизийн түвшинд авчирлаа" гэх зэргээр шүүмжилж байжээ. Харин орчин цагт "Солиот"-ыг кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай, хүмүүсийн хамгийн сайн мэдэх киноны нэгд тооцохоос гадна шүршүүрийн хэсэг нь киноны "Топ сценүүд" гэх олон ч жагсаалтад багтдаг.
Оскарт дэвшсэн эсэх: Хичкок Шилдэг найруулагчид, Женэт Лей Шилдэг эмэгтэй туслах дүрд дэвшсэн. Мөн Шилдэг зураач, Шилдэг зураглаачийн төрөлд дэвшсэн ч алийг нь ч хүртээгүй.
Оскар хүртэж болох байсан төрөл: Женэт Лей Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр шалгарч болох байв.
Тухайн жилийнх нь ялагч: Билли Уайлдерийн "Орон сууц" кино Оны шилдэг бүтээл, Шилдэг найруулагч зэрэг нийт таван төрөлд Оскар хүртсэн.
Хонконгийн найруулагч Вон Кар Вайн 2000 онд дэлгэцэнд гарсан энэ бүтээлийг 21 дүгээр зууны анхны сод кино гэж үздэг. BBC-гээс 2016 онд Шинэ зууны дэлгэцийн шилдэг бүтээлүүд гэх жагсаалт гарахад хоёрт нь уг кино бичигдсэн бөгөөд тайлбарт нь "хүсэл, тэмүүлэл, хагацал, харууслын хэлийг өмнө нь нэг ч кино ийм бүрэн дүүрэн гаргаж байсангүй" гэж онцолсон нь бий. "Хайрын сэтгэл" мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик киноны жагсаалтад үргэлж дээгүүрт бичигддэг. Хэдий Холливүүдийнхний анхаарлыг эхэндээ татаагүй ч София Коппола, Бэрри Женкинс нарын залуу найруулагчид уг киног өөрсдөд нь хамгийн их нөлөөлсөн бүтээлээр нэрлэдэг байна. Коппола л гэхэд 2004 онд "Орчуулгын алдаа" киногоороо Шилдэг эх зохиолын Оскар хүртэхдээ Вон Кар Вайд тусгайлан талархжээ.
Оскарт дэвшсэн эсэх: Дэвшээгүй. Гэхдээ Каннын кино наадмаас Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, Алтан далдуу модны мөчирт нэр дэвшиж байв. Мөн Франц, Герман, Аргентин, Британийн кино наадмуудаас Гадаад хэлээрх Шилдэг киногоор шалгарсан.
Оскар хүртэж болох байсан төрөл: Гадаад хэлээрх оны шилдэг бүтээлээр шалгарч болох байв.
Тухайн жилийнх нь ялагч: Педро Алмодоварын "Ээжийн тухай" нэртэй кино Шилдэг гадаад киногоор шалгарсан.
Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн Стэнли Кубрикийн энэ кино 1980 онд дэлгэцнээ гарч, бокс-оффист боломжийн ашиг олжээ. Гэвч кино шүүмжлэгчид тухайн үед Кубрикийг уйтгартай, аймшгийн гэхэд огт айх юмгүй кино хийлээ, Кингийн эх зохиолын амин сүнсийг алдагдууллаа гэхчлэн шүүмжилж байв. Харин жилээс жилд үйл явдлынх нь талаар элдэв маргаан мэтгэлцээн өрнүүлэх хүмүүс олширсноор уг бүтээл сэтгэл зүйн аймшгийн төрөлдөө одоо толгой цохих алдартай кино болжээ. Мэргэжлийн киночид ч өмнөхөөсөө илүү өндрөөр үнэлэх болж Америкийн кино хүрээлэн, Британийн Sight and Sound сэтгүүлийн шилдгийн жагсаалтад багтаахаас гадна Америкийн Конгрессийн номын сангаас "соёл, түүх, гоозүйн хувьд онцгой ач холбогдолтой" хэмээн 2018 онд Нэгдсэн Улсын Үндэсний кино санд бүртгэж аваад байна.
Оскарт дэвшсэн эсэх: Нэг ч Оскарт дэвшээгүй. Харин ч Хамгийн муу найруулагч, Хамгийн муу эмэгтэй жүжигчин гэсэн төрөлд муу бүтээлийн Раззи буюу Алтан бөөрөлзгөнө шагналд нэр дэвшиж байв. "Гялбаа" нь Кубрикийн сүүлийн 11 бүтээлээс Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА-гийн алинд нь ч нэр дэвшээгүй цорын ганц кино нь юм.
Оскар хүртэж болох байсан төрөл: Жек Николсон Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорч болох байв.
Тухайн жилийнх нь ялагч: Роберт Де Ниро "Галзуу бух" кинонд бүтээсэн дүрээрээ Оскар хүртсэн. Харин Оны шилдэг кино нь Роберт Редфордын "Эгэл хүмүүс" байлаа.
1984 оны энэ кино бол "Сайн, муу, хэрцгий"-г найруулсан Италийн найруулагч Сержио Леонегийн нас барахаасаа таван жилийн өмнө гүйцээсэн хамгийн сүүлийн бүтээл нь юм. Гангстер жанр дундаа одоо бараг туульсын бүтээл болсон энэ кино гэвч эхэндээ огт амжилт олоогүй нь Америкийн кино театруудад тааруулж найруулагчийн эх хувилбарыг дэндүү хасаж танасантай холбоотой. Леоне анх тус бүр нь гурван цаг үргэлжлэх хоёр ангит кино хийхийг зорьж, эцэстээ 269 минут буюу 4 цаг 29 минутын хугацаатай нэг урт кино найруулсан ч Америк талын арилжааг нь хариуцаж байсан "Ладд" гэх компанийнхан түүнийг нь найруулагчийн оролцоогүйгээр бүр 139 минут болгон богиносгожээ. Харин Европын гэгдэх эх хувилбар нь ердөө Леонег 1989 онд нас барсны дараа л кино судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж бүх цаг үеийн шилдэг кинонуудын жагсаалтад багтсан байна. Зарим шүүмжлэгч "Америкт нэгэн удаа"-гийн танасан хувилбарыг Рихард Вагнерийн дууриудыг хэрэв хураангуйлсан бол ямархуу дутуу дулимаг бүтээл төрөх байсан бэ, яг л тийм зэрэмдэг бүтээл болжээ гэж үзсэн байдаг. Гэхдээ 139 минутын танасан хувилбар нь ч үзэгчдийн сэтгэлд одоо нэгэнт хоногшжээ. 2021 онд The Guardian cониноос гаргасан гэмт хэргийн шилдэг кинонуудын жагсаалтад уг кино дөрөвт бичигдсэн байна.
Оскарт дэвшсэн эсэх: Нэг ч төрөлд дэвшээгүй. Харин Британийн кино, телевизийн дээд шагнал буюу БАФТА-гаас Киноны шилдэг хөгжим, Шилдэг хувцас дизайны төрөлд ялагч болсон.
Оскар хүртэж болох байсан төрөл: Оны шилдэг бүтээлээс эхлээд Шилдэг найруулагч, Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, Шилдэг хөгжим зэрэг олон номинацид хүчтэй өрсөлдөгч байх байлаа. Ялангуяа Эннио Морриконегийн хөгжим хэрэв нэр дэвшсэн бол алтан баримал хүртэх өндөр магадлалтай байв.
Тухайн жилийнх нь ялагч: "Амадей" Оны шилдэг бүтээл тэргүүтэй нийт найман төрөлд Оскар хүртсэн.
"Дэндүү япон" гэгдэн анхандаа үзэгч, шүүмжлэгч, гадаадын кино бүтээгчдийн хэнийх нь ч анхаарлыг татаагүй энэ кино 1970-аад оноос л Америкт илүү өргөн хүрээнд танигдаж эхэлжээ. Найруулагч Ясүжиро Озүгийн хамгийн гоц бүтээл гэгддэг "Токиогийн түүх" нь өдгөө кино сонирхогчдын дунд тун алдартайн дээр кино бүтээх хүсэлтэй залуусын заавал үзэх кинонууд гэх олон ч жагсаалтад багтдаг ёстой. Британийн Sight and Sound сэтгүүлээс кино шүүмжлэгч, найруулагчдын дунд удаа дараа явуулсан хэд хэдэн санал асуулгаар уг кино үргэлж эхний тавд бичигдэж иржээ. "Токиогийн түүх" нь хэдий удаан өрнөлтэй, харилцан ярианд нь хамаг үйл явдал нь өрнөдөг, хамгийн эгэл жирийн хүмүүсийн тухай өгүүлдэг гэх боловч чухам ийм энгүүн, даруу шинж нь киноны хэлийг бүх дэлхийн хэл болгосон гэж Мартин Скорсезе тэмдэглэсэн байдаг байна.
Оскарт дэвшсэн эсэх: Дэвшээгүй.
Оскар хүртэж болох байсан төрөл: Гадаад хэлээрх шилдэг киноны төрөлд эргэлзээнгүй ялагч болох байлаа.
Тухайн жилийнх нь ялагч: Харамсалтай нь "Токиогийн түүх" дэлгэцэнд гарсан жил буюу 1953 оны шилдгүүдийг шалгаруулах 26 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоор яагаад ч юм Шилдэг гадаад киноны төрөлд шагнал гардуулаагүй байна. Жил өнжсөн уг номинацид дараа жил нь "Тамын хаалга" гэх өөр нэг япон кино шилдгээр шалгарчээ.
Кино шүүмжлэгч Жеймс Эйжигийн 1949 онд бичсэнээр хамгийн сүүлийн сцен нь "кино хальснаа буусан хамгийн агуу жүжиглэлт" гэгддэг "Хотын гэрэл" бол Чарли Чаплины зохиолыг нь бичиж, найруулж, продюсерлэж, бүр аяыг нь хүртэл зохиож, өөрөө гол дүрд нь тоглосон дуугүй кино юм. 1931 онд дэлгэцнээ гарсан уг кино үүнээс ердөө дөрвөн жилийн өмнөөс бүтээгдэх болсон дуутай киног эсэргүүцэх Чаплины нэг төрлийн тэмцлийн хэлбэр нь байв. Дуугүй кино моодноос гарч байсан тул Чаплин эхэндээ шинэ киногоо амжилт олох болов уу гэж ихэд сэтгэл түгшиж байсан гэдэг. Харин "Хотын гэрэл" түүний хамгийн алдартай, хамгийн их ашиг олсон бүтээлийн нэг байгаад зогсохгүй кино урлагийн түүхэнд Чаплины нэр мөнхрөн үлдэхэд бүр ч том түлхэц болжээ. Уг киног Уэллс, Кубрик, Тарковский, Брессон, Феллини, Аллен зэрэг олон алдартай найруулагч хамгийн дуртай киногоороо нэрлэсэн байдаг. Ирландын нэрт зохиолч Жорж Бернард Шоу л гэхэд "Хотын гэрэл"-ыг үзэж дуусаад Чаплиныг "кино ертөнцөөс төрөн гарсан цорын ганц суут ухаантан юм" гэж дуу алдсан гэх яриа бий.
Оскарт дэвшсэн эсэх: Нэг ч төрөлд дэвшээгүй. Дуутай кинонуудаа сурталчлах нь Холливүүдийн томоохон студиудад чухал байсан тул Чаплиныг дуугүй кино хийлээ гэж зориуд хяхаж хавчсан гэж үздэг.
Оскар хүртэж болох байсан төрөл: Оны шилдэг кино, Шилдэг эх зохиолын төрөлд хүртэж болох байв.
Тухайн жилийнх нь ялагч: "Симаррон" гэх вестерн кино Оны шилдэг бүтээлээр шалгарснаас гадна Шилдэг кино зохиол, Шилдэг зураг гэсэн хоёр ч төрлөөр мөн Оскар хүртжээ.
Стивен Кингийн зохиолоор бүтсэн найруулагч Фрэнк Дарабонтын энэ кино 1994 онд буюу Тарантиногийн "Хямдхан зохиол", Земекисийн "Форрест Гамп" зэрэг кинотой нэгэн жил дэлгэцэнд гарсан бүтээл юм. Эдгээр кинотой нэгэн зэрэг кино театруудаар гарсан нь, мөн шоронгийн кино гэх төрөлд багтаж байсан нь "Шоушенкийн шорон"-г бокс-оффист олигтой ашиг орлого олоогүйд нь хамгийн их нөлөөлжээ. Дээр нь эмэгтэй дүргүй байсан, бүр нэр нь хүртэл чихэнд наалдацгүй байсан нь ч эхэн үеийн амжилтыг нь хойш чангаасан байна. Харин үзэгчдийн ам дамжсан яриа, сонин сэтгүүлүүдэд дараахан нь гарсан шүүмжүүд, 1997 оноос хойш телевизийн сувгуудаар тогтмол гарч эхэлсэн зэрэг нь нэр хүндийг нь өсгөж өдгөө үзэгчдийн хамгийн хайртай дэлгэцийн бүтээл болгожээ. "Шоушенкийн шорон" байж болох бүх л шилдгийн жагсаалтад багтсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа IMDb буюу Интернэт дэх киноны нэгдсэн сан сайтад үзэгчдийн санал асуулгаар бүх цаг үеийн шилдэг 250 киноны жагсаалтыг 2008 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй тэргүүлж байна.
Оскарт дэвшсэн эсэх: Оны шилдэг бүтээл, Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, Шилдэг кино зохиол, Шилдэг зураглаач зэрэг нийт долоон төрөлд нэр дэвшсэн ч нэгийг нь ч хүртээгүй.
Оскар хүртэж болох байсан төрөл: Шилдэг кино зохиол, Оны шилдэг бүтээлийн аль алиныг хүртэж болох байв.
Тухайн жилийнх нь ялагч: Нийт зургаан Оскар хүртсэн "Форрест Гамп" Оны шилдэг бүтээлээр шалгарсан.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.