Арав.мн

Алдартай бүтээлүүдийн ардах сонирхолтой түүхүүд

Алдартай бүтээлүүдийн ардах сонирхолтой түүхүүд

Аливаа урлагийн бүтээл бүр бусдаасаа онцгой. Түүнийг бүтээсэн хүний сэтгэл хөдлөл, санаанаас эхлээд таашааж суугаа хүний амьдрал, харах өнцгөөс хамаарч бүгд өөр өөр утга илэрхийлж байдаг. Гэхдээ аливаа уран бүтээл бүр ямар нэг түүхтэй байдаг. Зарим алдартай зургийн түүх олон арван жил, магадгүй олон зуун жилийг хүртэл яригдсаар өнөөг хүрсэн байдаг юм. Дараахь 10 гайхамшигт бүтээлийн ард ямар түүх нуугдаж байдгийг сонирхуулж байна.


10

The Arnolfini Portrait

Голландын зураач Ян Ван Эйкийн 1434 онд бүтээсэн “Арнольфинигийн хөрөг” бол түүхэн дэх хамгийн чухал уран бүтээлүүдийн нэгд тооцогддог. Зураач бүтээлээ тосон будгаар зурсан байдаг нь XV зууны үед маш ховорд тооцогдож байсан аж. Энэ техникийн ачаар тухайн үеийн бусад уран бүтээлчдээс ховор мэдрэгдэх нарийвчлалыг бий болгож чадсан гэдэг. Хэрэв та сайн харвал цаана байгаа дугуй толинд өрөөний бүтэн тусгал дүрслэгдсэн байдаг. Тусгалд хаалган дээр хоёр өөр тэдний өөдөөс харан зогсож байх бөгөөд нохойг зураагүй байдаг. Ван Эйк толины хүрээнд Христийн замналыг хүртэл нарийвчлан дүрсэлжээ.

Гэхдээ энэ зургийн гол зүйл нь энэ толь биш юм. Харин зургийн гол эзэд болох эрэгтэй, эмэгтэй хүмүүс аж. Урлаг судлаачдын үзэж байгаагаар энэ үеийн уран зурагт гэртээ “зүгээр л” зогсож байгаа хүмүүсийг дүрслэх нь маш хачирхалтай зүйл юм. Иймд энэ хос дөнгөж гэрлэж буй хоёр бөгөөд хаалган дээр зогссон хүмүүс тэдний гэрчүүд байх гэсэн таамаглал дэвшүүлдэг. 


09

Manneken Pis

Хэрэв та Бруссельд очвол “Маннекен Пис” буюу “Бяцхан эр шээсэн нь” гэх алдартай бүтээлийг зайлшгүй үзэх ёстой. Уг хөшөө нь цөөрөм рүү бие засаж байгаа бяцхан хүүг дүрсэлсэн агаад тэртээ 1388 оноос хойш тэнд байгаа аж. Тухайн үед энэ хөшөөг чулуугаар хийсэн байсан боловч ямар нэг байдлаар алдагдсан, эсвэл эвдэрсэн байна. Иймд уран барималч Жером Дюкенуа 1619 онд одоогийн хүрэл хөшөөг шинээр хийсэн байдаг.

Энэ хөшөөг хийх болсон түүхийн талаар хэд хэдэн домог бий. Тэднээс хамгийн алдартай нь Бруссель хотыг дайснууд бүслэн хотын ханыг дэлбэлэх гэж байх үед энэ хүү асаагуурын олсон дээр шээж, аюулыг зайлуулсан гэх түүх юм. Өөр нэг домогт өгүүлснээр энэ хүү бол Лёвений гүн Годфри III-ын хоёр настай байхыг нь дүрсэлсэн гэдэг. Дайснууд хүүг олзолж, сагсанд хийгээд, модноос өлгөсөн байна. Хүү сагсан дотроос дайснууд руу шээсэн ба үүнээс болж дайснууд дарагдсан гэдэг аж.

Өнөө цагт бол энэ хөшөө аялал жуулчлалын хамгийн алдартай цэгүүдийн нэг болжээ. Таныг энд очих үед бяцхан хүүд янз бүрийн хувцас өмсгөсөн байх вий. Учир нь 18-р зуунаас хойш энэ хөшөөнд гоёмсог хувцас өмсгөдөг уламжлал тогтсон юм. Үргэлж шинэ хувцас өмсөж байдаг энэ хүүд 900 гаруй хувцас хадгалагдаж байдаг аж.


08

The Garden of Earthly Delights

The Garden of Earthly Delights гэх энэ бүтээл бол маш их утга санаа агуулсан зураг юм. Гурван салангид панелиас бүрдсэн энэ зургийг Голландын их мастер Иероним Босх 1490-1510 үед зурсан байдаг. Зүүн талын панельд Адам, Ева хоёрыг Энхжингийн цэцэрлэгт байгаагаар, дундах панель нь янз бүрийн зүйл хийж буй хүн болон амьтдаас бүрдсэн панорама байдаг бол баруун талын панельд илүү харанхуй, тамын гэмээр ертөнц дүрслэгдсэн байдаг юм. Эхэлж харсан хэнбугай ч Босхыг диваажин, дэлхий болон тамыг дүрсэлж, хүний амьдралын шунал, хүсэл тачаалын эсрэг ухуулга хийж байна гэсэн бодол төрнө. Ихэнх урлаг судлаач ч энэ л тайлбарыг хийдэг. Гэхдээ түүний энэ бүтээл маш олон содон утга агуулгатай бөгөөд бид ч 600 жилийн дараа хүртэл утга санааг нь шинээр нээсээр байна. Тухайлбал энэ гурван панельд хөгжим маш чухал үүрэгтэй. Учир нь энд хөгжим тоглож байгаа олон дүр байдаг. Хачирхалтай нь хөгжмөө их сониноор тоглож байх (бишгүүрийг хонгондоо хавчуулсан зэрэг). Оксфордын их сургуулийн хөгжим судлаачид энэ хөгжмийн зэмсгүүдийг бодитоор хийн дуугаргаж үзэхэд маш муухай дуугарч байсан гэдэг. Түүнчлэн тамын панельд байх нэг хүний хонгон дээр бичигдсэн хөгжмийн нотыг тоглож үзэж, 600 жилийн дараа Босхын төсөөлөлд “тамын бөгсний хөгжим” хэрхэн сонсогддогийг эгшиглүүлжээ. 


07

The Bayeux Tapestry

Дундад зуунаас үлдсэн соёл, урлагийн хамгийн чухал дурсгалуудын нэг Bayeux Tapestry бол 70 метр урт, Байлдан дагуулагч Уильям болон Норёын хаан Харолдындайныг 50 үйл явдлаар дүрслэн харуулсан хатгамал юм. Даруй 900 гаруй жилийн настай ч одоо хүртэл харьцангуй сайн хэвээр хадгалагдсан энэ бүтээлийн төгсгөл нь яагаад ч юм байхгүй. Үнэндээ энэ бүтээл бол даавуун дээр зургийг хатгаж хийсэн бүтээл юм.

Хуучны түүхэнд бичсэнээр энэ бүтээлийг Английн өнцөг булан бүрт гэлэнмаа нар хэсэг хэсгээр нь хийж, дараа нь хооронд нь холбосон гэдэг ч энэ нь бараг худлаа юм. Орчин үеийн судлаачдын олж илрүүлснээр хүн бүрийн царай өгүүлэмж болгон дээр өөр дүрслэгдсэн байх ч хатгамал хийсэн арга, техник нь жигд байгаа юм. Тэгэхээр үүнийг ур чадвартай нэг баг хамтдаа хийсэн байх магадлал өндөр гэсэн үг.

Уильямын дүү Одо хамба энэ хатгамлыг хийх захиалгыг өгсөн гэдэг түүх байдаг ч Эдит Годвинсон буюу дайнд ялагдал хүлээсэн Харолд хааны дүү шинэ хаанд тал засахын тулд үүнийг хийлгэсэн гэх таамаг газар авч байгаа юм. 


06

Perseus with the head of Medusa

Италийн Флоренц хотын Сегниорагийн талбайд очвол таныг Сэргэн мандалтын үеийн урлагийн гайхамшиг угтан авах болно. Энэ талбайд “Геркулес, Какус хоёр”, “Сабине эмэгтэйчүүдийн хүчирхийлэл” болон “Медичигийн арслангууд” зэрэг үнэлж баршгүй түүхэн баримлууд байдаг. Гэхдээ бүх хүний анхаарлыг татдаг нэг бүтээл бол “Медузагийн толгойг барьсан Персей” гэх Челлинигийн баримал юм.

Баримлыг ойлгож ядах юм байхгүй. Медузаг дийлсэн Персей толгойг нь өргөсөн байх ба ялагдсан мангасын бие хөлд нь хэвтэх аж. Энэ түүх Грекийн хамгийн алдартай домгуудын нэг бөгөөд үеийн үед яригдаж, урлагт дүрслэгдэж байдаг. Хөшөөг Медичигийн Их Гүн Косимо I захиалан хийлгэсэн юм. Тэрбээр энэ захиалгыг Их гүнгийн хэргэмд томилогдохтойгоо зэрэгцүүлэн өгсөн ба бүтээлийг олон нийтэд 1554 онд дэлгэн харуулсан юм. Агуу Персейн хөшөө дээр дурдагдсан Геркулесийн хөшөө болон Микеланжелогийн “Давид”, Донателлогийн “Жудит ба Холофернес” нарын хөшөөтэй зэрэгцэн оршдог байжээ. Микеланжело болон Донателлогийн хөшөөг музей рүү нүүлгэснээр Персейн хөшөө байсан байрандаа 500 жилийг өнгөрүүлсэн аж.

Челлини өөрийн уран бүтээл дээрээ өөрийгөө сонирхолтойгоор тамгалан үлдээсэн байна. Персейн цүнхэн дээр нэрээ тавьсан байдаг ч өөрийнхөө царайг Персейн толгойн ард хийсэн байдгийг тэр бүр хүн анзаардаггүй юм. Хөшөөг араас нь харах юм бол үс болон дуулга нь сахалтай хүнийг дүрсэлсэн байдаг ба энэ нь Челлини өөрөө юм. 


05

Лениний цээж хөшөө

Лениний цээж хөшөө тийм ч сонирхолтой зүйл биш. Учир нь өнгөрсөн зуунд Лениний хөшөөг хэдэн зуугаар нь хийж, дэлхий даяар байрлуулсан байдаг. Гэхдээ энэ хөшөөг бусдаас онцлог болгож байгаа гол хүчин зүйл нь "хаана байдаг вэ?" юм. Та итгэхгүй байж магад. Гэвч энэ цээж хөшөө Антрактид тивд бий. Түүгээр ч зогсохгүй өмнөд туйлын очиход хамгийн хүнд цэг дээр байдаг.

Хүйтэн дайны үед Америкчууд Өмнөд туйлд судалгааны станц байгуулжээ. Тэднээс дутахгүй гэсэн Зөвлөлтүүд ч 1958 онд өөрийнхөө баазыг байгуулсан байдаг. Америкчуудаас илүү гарахын тулд очих хамгийн хэцүү газрыг нь олж, судалгааны төвөө байгуулсан байна. Зөвлөлтийн судлаачид тэнд хэдхэн долоо хоног байх хугацаандаа Лениний цээж хөшөөг яндан дээрээ байруулсан нь энэ.

Энэ төв рүү хэд хэдэн удаа судалгааны баг очсон ба хамгийн сүүлд 1967 онд очсон байна. Үүнээс хойш 40 жилийн турш энэ төв, Лениний хөшөө хэнд ч дурсагдсангүй.

Харин 2007 онд Канад, Британийн хамтарсан баг дэлхийн хамгийн өмнөд туйлын очих боломжгүй гэгддэг цэг рүү явган явсан анхны хүмүүс болохоор аялалд гарчээ. Тэнд очсон хүмүүсийг угтсан ганц зүйл нь Лениний цээж хөшөө байв. Бусад бүх зүйл цасанд хучигдсан байсан аж. 


04

Adoration of the Magi

Гурван мэргэд Есүс Христийг мэндэлсэний дараа түүнд мөргөж байгаа энэ зураг бол Библийн хамгийн алдартай түүхүүдийн нэгийг дүрсэлсэн бүтээл юм. Боттичелли, Рембрандт, Да Винчи болон Рубенс нар энэ үйл явдлыг өөрийнхөөрөө дүрслэн зурсан байдаг. Харин бидний онцолж буй энэхүү 13-р зууны үеийн Италийн зураач Жоттогийн “Adoration of the Magi” бол суут бүтээлд тооцогддог. Бетлехемийн одыг дүрсэлсэн нь мөн тухайн үед харагдсан Халлигийн сүүлт одноос санаа авсан гэсэн таамаг байдаг.

Зураач энэ зургаа 1305 онд дууссан ба 1303 орчим эхэлсэн гэдэг. Харин Халлигийн сүүлт од 1301 онд дэлхийн хажуугаар өнгөрсөн юм. Тэгэхээр энэ үйл явдлын гэрч болсон Жоттод Есүст мөргөж буй мэргэдийн зургийг зурах сэдэл төрсөн байх магадлал маш өндөр.

Гэхдээ энэ сүүлт одноос санаа авч, уран бүтээлдээ ямар нэг бэлгэдэл болгон ашигласан хүн ганц Жотто биш юм. Энэ жагсаалтын 7 дугаарт буй Bayeux Tapestry-д мөн адил сүүлт одыг зурсан байдаг. Энэ сүүлт од Норманы эзлэн түрэмгийлэх дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө дэлхийн хажуугаар 1066 онд өнгөрсөн аж. Европын сансрын агентлаг ч Халлигийн сүүлт од руу хийсэн ажиллагааг алдарт зураачийн нэрээр буюу “Жотто” гэж нэрлэсэн билээ. 


03

Declaration of Independence

Жон Трумбуллын “Тусгаар тогтнолын тунхаг” гэх энэхүү бүтээл нь АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. 1817 онд захиалан бүтээсэн энэ бүтээл өдгөө US Capitol-д 200 жилийн турш хадгалагдаж байгаа юм. Энэ зургийг хаана харсанаа та санахгүй байгаа бол түрийвчээ ухаад үзээрэй. Учир нь 2 долларын дэвсгэртийн ард энэ зураг бий.

Бүтээлийн нэрээсээ болоод энэ зураг Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурж, баталсан үйл явдлыг дүрсэлсэн гэж бодогдоно. Гэвч үнэндээ Томас Жефферсоноор удирдуулсан уг тунхагийн эх загварыг гаргах коммисын таван гишүүний зураг юм. Эдгээр нь Бенжамин Франклин, Жон Адамс, Рожер Шерман болон Роберт Ливинстон нар билээ. Энэ таван эрхэм Тивийн конгрессын Ерөнхийлөгч Жон Хэнкокт тусгаар тогтнолын тунхагийн төслийг танилцуулж байгаа үй явдал аж.

Зураг дээр энэ тунхагт гарын үсэг зурсан 56 хүний 42-ыг нь дүрсэлсэн байдаг. Хэдийгээр Трумбулл 56-ууланг нь оруулахыг хүссэн боловч 14 хүний царайг олоогүй гэдэг. Түүнчлэн Тусгаар тогтнолын танхимын архитектурын дүрслэл мөн буруу байна. Учир нь энэ зургийг Томас Жефферсоны ой санамжинд тулгуурлажээ.

Анх Жефферсон Адамсын хөл дээр гишгэж байгаа мэт харагддаг ба энэ нь хоёр улстөрчийн дунд ширүүхэн өрсөлдөөн байдаг байсны илэрхийлэл гэж үздэг байжээ. Гэхдээ сайтар ажиглавал хэн нь ч хэний хөл дээр гишгээгүй байдаг ба 2 долларын дэвсгэрт дээр хоёр эрхэмийн хөлийг илүү зайтай болгон өөрчилсөн юм.


02

Rokeby Venus

Испанийн Алтан үеийн гол зураачдын нэг Диего Веласкесын “Rokeby Venus” зураг бол түүний хамгийн шилдэг бүтээл. Энэ зурагт нүцгэн хэвтэх Венера орон дээр толинд “тан руу” харан хэвтэж байна. Эротизмын хувьд ярьвал үүнээс хамаагүй нээлттэй зургууд байдаг. Гэхдээ Веласкесын хувьд энэ зургаа 1651 онд буюу Испанийн эрүү шүүлийн үеэр дуусгажээ. Энэ цаг үед бүх зүйлд хэмжээ дамжаа тогтоож байсан ба урлагт нүцгэн хүн дүрслэх нь байж болохгүй зүйл байсан юм. Олон зураач үүнээс болж торгууль төлж, бүтээлээ хураалгаж байв. Харин Веласкесын хувьд Испанийн хаан Филип IV-ийн ивээл дор байсан тул энэ “гэм нүглийг” бүтээхээс айгаагүй юм.

Энэ зураг Английн Рокеби хүрээлэнд 100 шахам жил байжээ. Харин 1906 оноос Лондоны Үндэсний музейд ирж, 1914 онд дахин янз бүрийн шүүмжлэлийн бай болсон юм. Улстөрч Эммелин Панкхёрстын баривчилгааг эсэргүүцсэн Мэри Ричардсан гэх хүн урлагийн агуу бүтээлийг устгахаар шийдэж, сүхээр зэвсэглэн энэхүү зураг руу халдсан юм. Долоон удаа цавчиж Венерагийн зургийг сүйтгэсэн ч уг бүтээлийг сэргээн засварлан хуучин хэвэнд нь оруулж чадсан билээ.


01

Давид

Микеланжелогийн Давид бол дэлхийн хамгийн алдартай хөшөө. Гэвч хүмүүс Давидын нүүр рүү нь төдийлөн хараад байдаггүй. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгт, хөшөө 5 метр өндөр, хоёрдугаарт Флоренцийн “Galleria del’Accademia”-д багана харуулан байрлуулсан байдаг. Хажуугаас нь харахад Давид өөртөө итгэлтэй харагддаг. Харин ойртож харвал сандарсан, тэр бүү хэл бага зэрэг айсан мэт харагддаг. Микеланжело шиг суут мастер ийм царайны хувирлыг санаандгүй хийнэ гэж байхгүй. Энэ ч утгаараа уг хөшөөг Давид яг Голиаттай тулалдахын өмнөх үеийг харуулсан гэж үздэг юм. Баруун гартаа барьсан зүйл нь зэвсэг, магадгүй дүүгүүр гэж үздэг. Флоренцийн хоёр эмч Давидын биеийн хөдөлгөөн, булчин зэргийг судлан үзэж, баруун хөлний булчин болон хөмсөгний булчин чангарч, хамар нь сартайсан зэргээс харахад Давид дайсан руугаа чулуу шидэхэд бэлдэж байгаа юм гэсэн тайлбарыг хэлжээ. 


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Leninii hoshoog harmaar sanagdaj bna. Tosooloogui gazar genet garaad ireh sonin bh bh
+5
ter sheejaga huuhdiin hushuu egduuteimaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start