Арав.мн

Хүнд хамгийн хэрэгтэй 10 амьтан

Хүнд хамгийн хэрэгтэй 10 амьтан

Дэлхий дээрх бүх организм өөр хоорондоо харилцан хамааралтай, нарийн уялдаа холбоотой. Гэвч бидний дийлэнх нь бусад төрөл, зүйлээс хүний амьдрал хэчнээн хараат болохыг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Байгаль эх өөрөө бүгдийг тэгшитгэж, тэнцвэржүүлдэг ид шидтэй гэдгийг; хэрэггүй амьтан гэж нэгээхэн ч байхгүйг та дараах жагсаалтаас харж болно. 


10

Сарьсан багваахай

Сарьсан багваахай бол нисэж чаддаг төдийгүй цусаар хооллодог цорын ганц хөхтөн юм. Гэхдээ шинжлэх ухаанд бүртгэгдээд байгаа 1200 гаруй зүйлийн сарьсан багваахайн ердөө гурван зүйл нь л цусаар идэшлэдэг. Цус сорогч гэдгээсээ болж хэдий муу нэртэй, сөрөг муу дүрийн араатан гэгддэг ч сарьсан багваахай үнэндээ хүнийг хортон шавжаас хамгаалдаг гол амьтны нэг. Бүх зүйлийн сарьсан багваахайн бараг 70 хувь нь хортон шавжаар хооллодог бөгөөд цагт 1000-аад шавж иддэг сарьсан багваахай ч бий. Энэ нь жил бүр хэчнээн сая тонн ургац хамгаалдагийг тооцоолох аргагүй. Шавж идэшт сарьсан багваахайн ашиг тус үүгээр дуусахгүй. Халуун хумхаа, чичрэг зэрэг өвчний нянг тээгч халуун орны шумуулаар хооллодог сарьсан багваахай жилд хэдэн сая хүний амийг авардаг. Мөн бал идэшт сарьсан багваахайн зүйлүүд экологид онцгой чухал 500 гаруй зүйлийн ургамал, цэцгийн тоос хүртээгч; авокадо, чавга, гадил, манго зэрэг жимсний үр тараагч болдог байна. Эдгээр онцлог нь сарьсан багваахайг анагаах ухааны хөгжилд онцгой үүрэгтэй амьтны нэг болгожээ. Цус сорогч сарьсан багваахайн шүлсийг гэхэд л цус бүлэгнэх эмгэгээс сэргийлэх эм, тариа гаргаж авахад гол "загвар" болгон шинжилдэг бол цуурай мэдрэх чадварыг нь судалснаар хараагүй хүмүүст туслах шинэ технологи боловсруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. 


09

Мэлхий

Дэлхий дээрх 6000 гаруй зүйлийн мэлхий хүнсний гинжин хэлхээнд чухал байр эзлэхээс гадна үр зулзага нь буюу шанаган хорхой нь гол горхи, нуур, цөөрмийг цэвэр цэнгэг байлгадаг. Энэхүү хоёр нутагтан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг амьтны нэг бөгөөд 1980 оноос хойш бараг 200 зүйлийн мэлхий устаж үгүй болжээ. Гэсэн ч мэлхий хүнд хамгийн нөлөөтэй, хамгийн өргөн тархацтай хоёр нутагтны нэг хэвээр байна. Сарьсан багваахай шиг олноор нь биш ч хортон шавж, ялаа, шумуулын тоо толгойг байнга хороож, өсөлт үржлийг нь тэнцвэртэй байлгадгийнх нь төлөө мэлхийг "байгаль цэвэрлэгч" гэж ч нэрийдэж болно. Мөн онцгой мэдрэг, нялцгай биетэй учир биологийн аливаа аюулыг түрүүлж мэдрэн хүнд мэдээлдэг ачтан юм. Байгальд харьцангуй элбэг, орчны өөрчлөлтөд мэдрэг онцлогоос нь болж мэлхийг олон төрлийн туршилтад ашигладаг. Ялангуяа тасарч, гэмтсэн мөчөө гаднын нөлөөгүйгээр эдгээж; зарим тохиолдолд бүр буцааж ургуулдаг чадварыг нь нарийвчлан судлах нь анаагах ухааны хөгжилд шинэ хуудас нээнэ гэж үздэг судлаачид бий бол хор ялгаруулдаг зарим зүйлийн мэлхийнээс хорт хавдрыг анагаах шидэт эм гаргаж авах боломжтой гэсэн судалгаа мөн байдаг аж. 


08

Шувуу

Шувуу бол дэлхийн экосистем дэх хамгийн чухал "тоглогчид"-ын нэг юм. Хүний эрүүл мэнд, хоол хүнсний үйлдвэрлэл, дэлхийн эдийн засагт хүртэл нөлөөтэй жигүүртэн шувуудын давуу талуудаас дурдвал хортон шавжаар хооллодог, амьтны сэг зэмийг онгон байгалиас цэвэрлэдэг, ургамлын тоос хүртээдэг, үр цацдаг, шим тэжээлийн эргэлтийг зохицуулдаг, ой модыг эрүүл байлгадаг, сангас нь зарим газар бүр бордоо хүртэл болдог зэрэг олон зүйл нэрлэж болно. Зарим зүйлийн шувуу мөн өтөөр хооллохдоо хөрсний өнгөн талыг сэндийчиж, хөрсөнд агаарын сэлгэлт хийж өгдөг. Биологийн урсгалыг тэнцвэртэй байлгадаг нүүдлийн голдуу шувууд мөн ямар нэг цар тахал, халдварт өвчин дэгдэхийг урьдаас тандаж болох дохиологчийн үүрэг давхар гүйцэтгэдэг байна. Учир нь усны шувуудын гэр орон болох тал хээрийн гол нуур, балчиг намагтай газрууд нь ургамал болоод махчин, идэшлэгч болоод идэш тэжээл хоорондын тэнцвэрт байдлыг сахин хамгаалж байж агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг татаж шингээдэг. Харин энэхүү үйл явцыг зохицуулдаг хамгийн чухал амьтан нь шувуу юм. Далай тэнгисийн эрэг хөвөө газраас идэш тэжээлээ барьж иддэг олон зүйлийн шувуу мөн элдэв мэрэгч, жижиг загас жараахайгаар хооллосноор далайн шүрд эергээр нөлөөлдөг гэсэн судалгаа мөн бий.


07

Зөгий

Антарктидаас бусад бүх тивд элбэг тархсан зөгийг бүх л төрөл, зүйлийн амьтанд хамгийн нөлөөтэй амьтны нэг гэж үздэг. Учир нь сарьсан багваахай, жигүүртэн шувууд дээр дурдсанаар ургамлын тоос хүртээдэг ач гавьяатай ч энэ тал дээр зөгий шиг онцгой үүрэгтэй амьтан өөр нэг ч үгүй. Зөгий байхгүй бол дэлхий дээрх бүх ургамлын талаас илүү нь ургахгүй байх байсны дотор өргөн тархацтай жимс жимсгэнэ, кофений буурцаг, бүйлс хүртэл багтана. Нэмээд амтат бал гаргадаг нь тоолохын аргагүй их ашиг тустай. Үүнээс нь болоод зөгийг "нисдэг эмийн сан" гэх нь ч бий. Бүх ургацын 30 гаруй хувь, бүх зэрлэг ургамлын бараг 90 хувийн тархац, ургалтад зөгий нөлөөлдөг гэсэн тооцоо хүртэл байдаг. Тиймээс зөгийн тоо толгой хорогдож, тархац нутаг нь хумигдлаа гэхэд дэлхий дахинд хоол хүнсний хямрал нүүрлэнэ гэсэн үг. Зөгий мөн орхигдож хаягдсан эзэнгүй газраас газрын мина илрүүлэх онцгой чадвартайгаас гадна ямар нэг химийн хорт бодис ялгарлаа гэхэд хамгийн түрүүнд мэдэрдэг амьтны нэг юм. 


06

Зоопланктон

Планктон бол усны урсгал сөрж чаддаггүй өчүүхэн жижиг бичил биет буюу хөвөгч амьтан юм. Хэдийгээр зарим нь бие даан сэлж чаддаг болтлоо өсөж томордог ч дийлэнх нь бичил биет чигээрээ байсаар усны бусад организмд шим тэжээл болдог. Нэг эст тийм идэвхгүй планктоныг фитопланктон (нарны гэрлийг энерги болгон хувиргадаг тул ургамал гэж үзэх нь бий), харин идэвхтэй планктоныг нь зоопланктон хэмээн нэрлэнэ. Зоопланктон нь фитопланктоноороо хооллох тохиолдол элбэг бөгөөд өөрөө эргээд бусад жижиг амьтдын, цаашлаад далайн хамгийн том махчин амьтдын гол идэш тэжээл хүртэл болж; далайн экосистемийн тэнцвэрт байдлыг зохицуулдаг тул энэхүү жагсаалтад онцолж байна. Хөвөгч амьтад усны мандлыг эзэгнэдгээрээ нүүрстөрөгчийн давхар ислийг биедээ шингээж, дэлхийн бүх хүчилтөрөгчийн тэн хагасыг ялгаруулдаг. Ингэснээрээ хүлэмжийн хийг бууруулахад хамгийн гол үүрэг, оролцоотой амьтан болдог гэсэн үг юм. Зоопланктон мөн далайн мандлаас үхсэн бичил биетнүүдийг түүж иддэг учир далайн хамгийн гол цэвэрлэгч гэгддэг байна. 


05

Минж

Орчин тойрон, амьдран суух газар орноо өөрсдийнхөөрөө өөрчилж, тохижуулж чаддагаараа ганц хүний дараа бичигдэх энэ амьтныг "байгалийн инженер" гэх нь бий. Минж гол, мөрний урсгалыг хүртэл өөрчилж дөнгөх далан, хаалт босгож; эрэг дагуу мод, шавраар бүр усан доогуур хонгилтой, олон тасалгаатай сууц хүртэл барьж байгуулж чадна. Энэ нь шувуу, хоёр нутагтан болон бусад жижиг хөхтөн амьтанд оромж болдог тул минж биологийн олон талт байдлыг хадгалж хамгаалахад чухал оролцоотой юм. Мөн балчиг намагтай газарт үүр, ичээгээ барьдаг нь олон зүйлийн загас, усны халиу, булга, ондоотор, хэвлээр явагчдад өсөж үржих таатай орчин, адгуус амьтнаас биеэ хамгаалах нуувч болдог байна. Ажилсаг минжийн ачаар энэ олон амьтан орох оронтой болохоос гадна дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн түрүүнд нэрвэгдэх болсон намгархаг газрууд үерийн аюул, хөрсний элэгдлээс хамгаалагддаг гэсэн судалгаа байдаг. Минжийг хортон мэрэгч хэмээн үзэж 1800-аад оны эхэн гэхэд бараг мөхлийн ирмэгт тултал нь хороосон түүх бий. Харин байгаль хамгаалагчдын уйгагүй хичээл зүтгэлийн ачаар минж эргээд хэвийн хэмжээнд өсөж үржих болсон нь өдгөө ийнхүү байгалийн тэнцвэрт байдалд эергээр нөлөөлж; хүн, амьтны хүрээлэн буй орчныг "эмчилж" байна. 


04

Шоргоолж

Шинжлэх ухаанд бүртгэлтэй 12 мянга гаруй зүйлийн шоргоолж дор бүрнээ дэлхийн экологи, экосистемийн хамгаалагчид юм. Тэр дундаа ой ширэнгэ дэх бүх л амьд организмын оршин байхуй, харилцан хамааралд шоргоолж онцгой үүрэг, оролцоотой байдаг. Жишээ нь, олон зүйлийн модны шоргоолжнууд гэхэд л модыг элдэв хортон, шимэгчдээс хамгаалаад зогсохгүй модонд үүрлэдэг тоймгүй олон амьтны үүрийг цэвэрлэж өгдөг ачтан юм. Тун нарийн зохион байгуулалттайгаар зогсолтгүй хөдлөх шоргоолжны сүрэг газар газрын өнгөн хөрсийг агааржуулж, үхсэн хэсгийг нь бордоожуулан, шим тэжээлийн эргэлтийг зохицуулдагаараа мянга мянган зүйлийн ургамалд ургаж, тархах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Тиймээс ч энэ чадвар нь хортонтой тэмцэх элдэв бодисыг орлож, сая сая тариачдад үнэлж баршгүй ач тус болдог байна. Өөрөөр бол бид бүгдийн гэдэс цатгалан явах нь энэ бяцхан амьтдын хичээнгүй хөдөлмөрөөс эхтэй байх нь. Хөрсийг эрүүлжүүлж хамгаалдагаараа шоргоолж ганц чийгийн эгэл өттэй ижилсэнэ. Энэ хоёр амьтныг хөрсний "амьсгалын аппарат" ч гэж нэрийдэж болох юм. Ялангуяа шоргоолжны идэвхтэй хөдөлгөөн хөрсийг сийрэгжүүлж, дэлхийн багагүй хэсгийг үер усны аюулаас хамгаалдаг гэсэн судалгаа бий. 


03

Бич, сармагчин

Хөхтөн амьтан дотроо бидэнтэй цуг примат буюу оюун ухаант амьтны гэх нэг багт багтдаг бич, сармагчингууд дээрх бүх амьтдын хийж чадах болгоныг өөр өөрсдийн орчиндоо төвөггүй хийж дөнгөнө. Хэдий тив дэлхийг хэрэх өргөн хэмжээнд биш ч их бичнүүд болон овсгоотой жижиг сармагчингууд үр тариа, жимс, ногооны үрийг дор бүрнээ түгээчихнэ; хөрс шороог бордож, ундны усаа ч зохицуулчихна. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй халуун нутгийн ой ширэнгийн хамгаалагч болдгоороо энэхүү жагсаалтад багтаж байна. Агаар мандал дахь бүх хүчилтөрөгчийн 50 хувь нь халуун, дулаан бүсийн ой ширэнгээс ялгардаг. Тэгвэл тэр бүх модыг бич, сармагчингууд арчилж тордон; ургалт, төлжилтөд нь хамгийн ихээр нөлөөлдөг байна. Приматын багт хүнийг оролцуулаад 200 гаруй амьтан багтдаг. Тэр бүхнийг судлах нь, хүний хамгийн ойрын "төрөл садан"-гуудыг таньж мэдэх нь мөн шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой. Харамсалтай нь орчны өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж бич, сармагчны тоо толгой хурдтай буурч; зарим зүйл нь бүр мөхлийн ирмэгт тулаад байгаа нь байгаль хамгаалагчдын санааг зовоосоор байна. 


02

Чийгийн улаан хорхой

Дээр дурдсанаар шоргоолж хөрсний шим тэжээлийн эргэлт, урсгалыг зохицуулдаг бол тэр бүх эрдэс бодисыг газрын гүнээс өнгөн хөрсөн дээр гаргаж ирэх ачааны хүндийг чийгийн эгэл өт буюу улаан хорхой дангаараа үүрдэг. Үүнээсээ болж "хөрсний эмч", "газрын эрдэмтэн" гэгддэг газрын өт хорхой гулжигнасан нарийхан, урт биеэрээ өнгөн хөрсний дор тоо томшгүй олон жижиг "туннель" үүсгэж хөрсөнд агаар нэвтрүүлэхээс гадна ус, чийг зөөвөрлөгчийн үүрэг давхар гүйцэтгэнэ. Харин хөрсний гүнээс дээш гарч ирэхдээ төрөл бүрийн эрдэс бодисыг биедээ тээн жирийн өвс ногооноос эхлээд аварга том мод, бут, бусад хэдэн мянган зүйлийн ургамал, үр тарианд амьдрах хөрсийг нь шууд утгаар бэлтгэж өгдөг. Үүгээр зогсохгүй гандаж гундсан өвс, ургамлыг органик задралд оруулж, бордоо болгон хувиргах нь ч эгэл өтний ажил, үүрэг. Тиймээс чийгийн улаан өт харагдаж л байвал тухайн газрын хөрс шороо эрүүл байна гэсэн үг юм. Чийгийн эгэл өтийг их ажлынхаа хажуугаар бүтэн 39 жил судалсан Чарльз Дарвин энэ амьтныг гараг дэлхийн түүхэн дэх хамгийн хүч нөлөөтэй, хамгийн чухал амьд биет; үүгээрээ хүнээс ч, үлэг гүрвэлээс ч илүү хэмээн өргөмжилсөн байдаг. Хэрэв "хөрсний эмч" үгүй болбол дэлхий дээрх бүх амьд биет ганц жилийн дараагаас устаж, үгүй болж эхэлнэ гэдгийг тооцоолсон хэдэн арван судалгаа байдгаас харахад энэ нь үнэхээр ч үнэний ортой юм. 


01

Мөөг, мөөгөнцөр

Тэгвэл чийгийн эгэл өт хаанаас тэр бүх эрдэс бодисыг "олж илрүүлдэг" хэрэг вэ? Энэ асуултын хариулт болох "амьтан" уг жагсаалтыг тэргүүлж байна. Гэхдээ мөөг, мөөгөнцөр амьтан ч биш, ургамал ч биш бөгөөд өөрийн гэсэн, бие даасан биологийн аймагтай. Бүх төрлийн мөөг, мөөгөнцрөөс эхлээд зүйл бүрийн хөгц багтах мөөгний гэх энэ аймаг (Fungi) дэлхий дээрх бүх амьд биет болон амьдралын бүхий л төлөвт, тэр дундаа хүн төрөлхтөнд амь-амьдрал бэлэглэгч юм. Тиймээс ч орчин цагийн шинжлэх ухаанд биологийн үндсэн ангиллыг амьтан (Fauna), ургамал (Flora), мөөг (Funga) хэмээн гурав салгах хандлага жилээс жилд давамгайлах болжээ. Экосистем дэх эрдэс бодис, шим тэжээлийн гинжин хэлхээнд ноёлох байр эзлэх мөөг, мөөгөнцөр юун түрүүнд ургамлын үндсийг колоничилдог онцлогоороо бүх ургамлын 95 хувийнх нь тэжээлийн эх үүсвэр болно. Ургамал хоорондын симбиоз гэгддэг энэхүү харилцааг микориза гэж нэрлэх ба энэ нь дотроо харилцан ашигтай болон паразит гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Өөрөөр бол мөөг, мөөгөнцөртэй ямар нэг хамааралгүй; нарийн ширхэглэгээр нь холбогдоогүй ургамал гэж бараг байхгүй бөгөөд микориза харилцаа нь ургамлын үндсэн дархлааг бий болгоод зогсохгүй ургамалд үзүүлэх хөрсний давсны сөрөг нөлөөг бууруулж, өсөлтийг нь дэмждэгийг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Жишээ нь улаан буудай мөөгтэй харилцан ашигтай, мөөгөнцрөөр тэжээгдэх микоризагийн тусламжтайгаар ургадаг. Чухам ийм харилцаа ургамлын үндэст болон хөрсний гүнд глюкоз, сахароз зэрэг нүүрс ус тэргүүтэй олон төрлийн эрдэс бодисыг боловсруулж өгдөг байна. Мөөг, мөөгөнцөр, хөгцний бусад ашиг тусыг тоочоод барахгүй. Хэдэн мянган зүйлийн хүнсний мөөг гэхэд л мянга мянган жил хүний амин дэм, эм эмчилгээний эх үүсвэр байсан бол зарим зүйлийн мөөгийг бүр байгалийн будаг болгон ашиглаж ирсэн түүх ч бий. Мөн антибиотикийг төрүүлж, анагаах ухаанд хувьсгал авчран, сая сая хүний амийг аварсан пенициллинийг пенициллиум гэх хөгцнөөс гаргаж авсан билээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start