Арав.мн

Хамгийн эртний 10 амьтан

Хамгийн эртний 10 амьтан

Одоогоор мэдэгдээд байгаа хамгийн олон жилийн түүхтэй, эрт балрын угшилтай амьтдыг танилцуулж байна.


10

Ангарагийн шоргоолж - 120 сая жил

Martialis huereka буюу Ангарагийн шоргоолж нэрт энэ амьтан Амазоны ширэнгээс 2000 онд анх олдсон, шоргоолжны хамгийн эртний зүйл юм. Шавж судлаачид уг амьтныг бусад шоргоолжноос огт өөр ааш араншинтайг харгалзан, мөн бараг тунгалаг гэмээр өвөрмөц шаргал зүснээс нь болж ийн нэрийджээ. Харин heureka нь эртний грек хэлний "Эврика" буюу Архимедийн алдарт "Оллоо" гэсэн үг аж. Шоргоолжны хүн, Биологийн олон талт байдлыг хамгаалагч эцэг гэгддэг Америкийн нэрт эрдэмтэн Э.О.Уилсон иймэрхүү өвөрмөц содон амьтан олдоход хэцүү байдгийг тодотгож, шинэ зүйлийн шоргоолжинд ийм нэр хайрласан байна. Ангарагийн шоргоолж дэлхий дээр 120 сая жилийн турш хувьсан өөрчлөгдөж оршин байсан гэх бөгөөд ойролцоогоор гурван мм урт, нүдгүй амьтан аж. Урьд нь хөрсний өнгөн хэсэгт нүх малтан амьдардаг байсан ч орчиндоо дасан зохицохын эрхээр одоо халуун орны өвс ногоон дунд өсөж үржих болжээ. Одоогоор Ангарагийн шоргоолжны гурван дэд зүйл олдоод байгаагийн эхний хоёрыг нь дээр дурдсанаар 2000 онд Германы эрдэмтэд анх нээсэн бол удаахыг нь Америкийн Техасын их сургуулийн ердийн нэг оюутан 2003 онд мөн Амазоноос олсон байна. Сүүлд олдсон дэд зүйлийнх нь ажилчин шоргоолжнууд илүү урт мөч, тэмтрүүлтэй байжээ. 


09

Хуниаст аварга загас - 150 сая жил

Амьд чулуужсан яс гэгддэг энэхүү этгээд сонин загасны латин нэршил нь Chlamydoselachus anguineus юм. Амьтан судлаачдын тооцоогоор ойролцоогоор 150 сая жилийн хувьслын түүхтэй энэ амьтныг анх 1880-аад онд Токиогийн их сургуульд багшилж байсан Германы эрдэмтэн Людвиг Додерлейн шинжлэх ухаанд бүртгэж авчээ. Харин биетээр барьж авч судалсан нь бүр хожим бөгөөд хоёр дахь дэд зүйлийг нь ердөө 2009 онд л Японы эргээс олж барьсан байна. Хуниаст аварга загас дунджаар 1.5 метр урт биетэй, нийт 25 эгнээ бүхий зүү шиг нарийхан 300 орчим шүдтэй, ойрын төрлийн махчин загаснуудынхтай нь харьцуулахад хавьгүй том амтай, дээд тал нь 3.5 жил насалдаг. Далай тэнгисийн гүний гүнд, бараг ёроолд нь шахам нутагладаг нь нүүрстөрөгч ихээр агуулсан элэгтэй нь холбоотой гэж судлаачид таамагладаг аж. Дулан буюу ердийн махчин загас шиг гэхээсээ могой загас шиг харагддаг, могойтой төстэй хөдөлгөөнтэй хуниаст загасны эм нь эрэгчнээсээ биеэр том. Зарим судлаачийн таамагладагаар бүх махчин загас дотроо хуниаст аварга загасны эм нь хамгийн удаан буюу 3.5 жил (42 сар) хүртэлх хугацаанд үр төлөө тээдэг байх магадлалтай аж. Гэхдээ хүний нүдэнд өртөх нь бага тул уг амьтныг бүрэн дүүрэн судлах боломж өнөө ч хомс байна. Хуниаст аварга загасны хамгийн ойрын төрөл нь гоблин акул буюу чөтгөрийн махчин загас гэж мөн таамагладаг. 


08

Тах хэлбэрт сам хорхой - 200 сая жил

Үүсэл гарал нь үлэг гүрвэлийн үед хамаарах ч өнөөг хүртэл тэсэж үлдсэн сам хорхойн нэгэн зүйл бол тах хэлбэрт сам хорхой (Cephalocarida) юм. 1955 онд судлаачдын гарт орж шинжлэх ухаанд бүртгэгдсэн, дунджаар 4-6 мм урттай уг өчүүхэн жижиг амьтан ямар ч орчин, нөхцөлд амьд үлдэх чадварынхаа хүчинд 200 сая жилийн туршид бараг огт хувирч өөрчлөгдөлгүй орчин цагтай золгожээ. Судлаачид тах хэлбэрт сам хорхойн өндгийг хатааж, олон жилийн дараа норгож үзсэн туршилт хүртэл хийсэн байна. Гэтэл өнөөх өндөг нь амь орж, нас бие гүйцтэлээ хэдэн жил амьдарсан аж. Энэхүү шидэт хүчнийх нь нууцыг харин эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй байна. Одоогоор тах хэлбэрт сам хорхойны есөн дэд зүйл олдоод байгаагаас хамгийн жижиг нь 2 мм урт байж. Олонх нь гурван нүдтэй, нуруун дээрээ асар олон тэмтрүүлтэй, 40-70 хэсэгт хуваагдах биеийн нарийн бүтэцтэй бөгөөд далайн 1500 метр ба түүнээс доош гүнд амьдардаг байна. 


07

Хилэм - 200 сая жил

Хилэм (Acipenseridae) бол яст загасны бүлд хамаарах хамгийн эртний түүхтэй амьтан. 200 гаруй сая жилийн өмнө одоогийн дүр байдлаа олсон уг загасны хамгийн эртний чулуужсан үлдэгдэл Цэрдийн галавын хожуу үед хамаарна. Еврази, Хойд Америкийн нутгаар элбэг тархацтай хилэм нь мөн Хойд Америкийн хамгийн том цэнгэг усны загас юм. Дунджаар хоёр метр урт, 200-600 кг хүртэл жин татах энэхүү эртний амьтны олонх дэд зүйл харамсалтай нь орчны бохирдол, түрсийг нь хэтрүүлэн хураах хүний буруутай үйл ажиллагаа зэргээс болж нэн ховор болон устаж үгүй болох эрсдэлтэй ангилалд багтаад байна. Дэлхий дээрх бүх хилэмний бүр 85 хувь нь эрсдэлтэй бүс нутгуудаар нутаглаж байгаа гэх Олон улсын байгаль хамгаалах холбооны хамгийн сүүлийн үеийн мэдээ ч бий. Хилэм загасны нийт 27 зүйл байдгаас олонх нь дунджаар 50 насалдаг, 20 хүрээд түрсээ шахдаг. Могойрхуу биетэй, бөндгөрдуу хошуутай. Гол хүнс нь зөөлөн, нялцгай биетэн байдаг нь шүдгүйтэй нь холбоотой. 


06

Целакант - 360 сая жил

Латин нэршил нь Actinistia болох уг загасны целакант гэх нэр нь "хөндий нуруу" гэсэн утгатай грек үг ажээ. Дээд өвөг нь 360-410 сая жилийн өмнө үүссэн гэх уг загасыг анх 1938 онд Өмнөд Африкийн нутгаас барьж илрүүлсэн байна. Одоогоор хоёр зүйлийн целакант олдсоны нэг нь Африкийн, нөгөө нь Индонезийн целакант бөгөөд уг загас нэгэн цагт далай тэнгисийг эзэгнэж асан чихэндээ хүртэл сэлүүртэй загасны бүх төрөл зүйлээс өнөө бидний үед хүрсэн цорын ганц амьтан юм. Дунджаар 60 насалдаг целакантын чихний гэдэс хавьд нь үүсэн бүрэлддэг сэлүүр нь биеийг нь битүү бүрхэн сүүлнийх нь адагт хөл мэт унждаг онцлогтой. Энэ нь сэлэх хөдөлгөөнийг нь хатиртай мориных шиг харагдуулдаг байна. Уг загасны бусад онцгой шинжээс нэрлэвэл том олз барихад нь зохицсон нугас шиг үетэй гавлын яс, зөвхөн устаж үгүй болсон эртний загаснуудад байсан зузаан хайрс, бусад амьтны хөдөлгөөнийг мэдрэхэд нь зориулагдсан хошууных нь дээрх илүү эрхтэн, мөн тархиных нь ердөө 1.5 хувь идэвхтэй байдаг зэргийг дурдаж болох юм. Целакантын дундаж жин 90 кг, урт нь дунджаар хоёр метр. Гол хүнс нь хөвөгч бичил амьтад, нялцгай биетэн, мөн могой загас. Далай тэнгисийн 700 хүртэлх метрийн гүнд амьдардаг целакантыг нэн ховор болон устаж болзошгүй амьтдыг хамгаалах олон улсын хуулиар хамгаалдаг. 


05

Тахан хэлбэрт хавч - 445 сая жил

Дэлхийн бүх далайн гүехэн хэсэгт элбэг таарах Limulidae буюу тах хэлбэрт хавч нь хэдий ийм нэртэй ч сам хорхой ч биш, хавч хэлбэртэн ч биш юм. Харин аалз, хилэнцэт хорхойн торон хэлбэртний анги хүрээнд багтана. Хувьслынхаа явцад хатуу хуяг, урт сүүл, сээр нуруугаа гээгээгүй, арван хөлтэй энэ амьтан биеийнх нь энд, тэнд байх нийт есөн нүдтэй бөгөөд энэ нь дасан зохицох, биеэ хамгаалахынх нь гол нууц болов уу гэж судлаачид таамагладаг. Тахан хэлбэрт хавч нь мөн хэт ягаан туяаг маш сайн мэдэрдэг цөөхөн амьтны нэг юм. Эртний энэ амьтны эмийнх нь биеийн урт 46-48 см, эр нь 36-38 см байдаг бол жин нь 1-4.5 кг-ийн хооронд хэлбэлзэнэ. Дундаж нас нь 20. Дөрвөн дэд зүйлтэйгээс нэг нь устаж болзошгүй, нэг нь нэн ховор, хоёр нь элбэг ангилалд багтаж байна. Хойд болон Төв Америк, Зүүн өмнөд Азийн эрэг хавиар илүү өргөн тархацтай тахан хэлбэрт хавч хэдий аюултай харагддаг ч тун гэмгүй амьтан бөгөөд юуг ч хатгаж мэдэхээр санагдах урт сүүл нь үнэн хэрэгтээ хуяган дээрээ тогтож дээшээ харсан үед нь тэнцвэрээ олж, эргээд зөв байрлалдаа ороход нь туслахаас өөрөөр ямар нэг үүрэггүй эрхтэн аж. Тахан хэлбэртний гол дайсан нь өндгөөр нь хооллодог усны шувууд юм. Учир нь өндгөө эрэг дээр ил гарч ирж, хоёр долоо хоног орчим дардаг нь усны зэрлэг шувууд, зарим нэг зүйлийн хэвлээр явагчид бэлэн идэш болдог байна. Нэгэн сонирхолтой баримт дурдахад есөн нүдэт уг амьтныг олон загвар жишээнийхээ нэг болгосон Америкийн эрдэмтэн Халдан Кеффер Хартлайн харааны физик мэдрэлийн механизмыг тайлсан судалгааны ажлаараа 1967 онд Анаагах ухааны салбараас Нобелийн шагнал хүртжээ. 


04

Наутилид - 500 сая жил

Nautilidae хэмээх нялцгай биетний төрөлд багтах уг амьтны нэр грекээр "далайчин" гэсэн утгатай юм. Үлэг гүрвэлээс ч өмнө буюу одоогоос 500 орчим сая жилийн өмнө үүсэн бий болж, түүнээс хойш бараг өөрчлөгдөөгүй наутилидын зургаан дэд зүйл өдгөө Андаман, Фижи, Австралийн Их шүрэн хад зэрэг газрын ойр орчимд элбэг тархацтай байна. Далайн мөгөөрстэй ойрын төрөл энэ амьтан олон давхар сувагчилсан хуягтай тул зарим нь наймалжтай төстэй харагддаг. Ам нь мөн 100 орчим тэмтрүүлтэй, хуяг дээрээ булчинлаг гуурсан бүрхүүлтэй нь биеэ хамгаалахад нь голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Судлаачдын үздэгээр энэ мэт биеийн онцлогоос нь гадна далайн ёроолоос хэчнээн дээш гарч ирсэн ч, уугуул төрөлх орчноосоо хэчнээн холдсон ч биед нь өөрчлөлт огт гардаггүй онцгой чадварынхаа хүчинд наутилид устаж мөхөлгүй өдий хүрчээ. Наутилид дунджаар 20-25 см бол хуяг нь цайвар шаргал, улбар шар, бүр тахийн эрээн өнгөтэй ч байдаг. Жилд ганц л удаа үржилд орох бөгөөд бэлгийн хавьтал нь бараг 30 цаг ч үргэлжлэх нь бий. Хүний гарт орж судлагдсан бүх наутилидын 80 шахам хувь нь эр байдаг бөгөөд үүний учрыг эрдэмтэд одоо ч олоогүй байна. 


03

Далайн залхаг - 550 сая жил

Дэлхийн бүх далайд тархан нутагладаг шүхрэн бүрхүүлт далайн залхаг Cnidaria хэмээх амьтны аймагт багтана. Нийт 11 мянган төрөл зүйлтэй уг аймгийн нялцгай биетнүүдэд хамаарах хамгийн эртний чулуужсан үлдэгдэл бүр 580 сая жилийн тэртээх үед хамаардаг. Тэднээс шүхрэн бүрхүүлт далайн залхаг буюу Scyphozoa хэмээх амьтны хүрээнд багтах нялцгай биетэн олон эрхтэнтэй, одоог хүртэл оршин байгаа дэлхий дээрх хамгийн эртний амьтан юм. Далайн мөгөөрс буюу залхаг уураг тархигүй, мэдрэлийн системгүй. Олон янзын өнгө зүс, хэлбэр хэмжээтэй ч бүгд биеийнх нь 98 хүртэлх хувийг ус эзэлдэгээрээ адилхан. Далайн залхагийн олон зүйл мөн эсэн мэнд үлдэхийн тулд ижил төрлөө иддэгээрээ ижилсдэг бөгөөд хайрцаг хэлбэрт залхаг л гэхэд 5000 гаруй хатгуурт эстэй, дэлхийн хамгийн хортой амьтан аж. Далайн эгэл залхаг дунджаар 3-6 сарын настай, ямар ч температурын усанд амьд үлдэх чадвартай гэгддэг. Харин зарим зүйл нь биеэ эсийн түвшинд хувиргаж, эсвэл бүр эд эрхтнээ шинэчилж хэдэн ч жил амьд байж чаддаг байна. Мөн олонх нь ганц нэгээрээ амьдрахыг илүүд үздэг, зожиг гэдгээрээ ойролцоо зүйлийн бусад нялцгай биетнээс ялгарна. Гол хүнс нь болох жижиг загас, сам хорхой ховордсон үед л идэш тэжээлийн эрэлд гарч олноороо цуглардаг. Сонирхуулахад хамгийн жижиг далайн залхаг ердөө 0.5 мм бол хамгийн том нь бараг хоёр метр хүртэл өсөж томорно.


02

Далайн хөвөн - 580 сая жил

Бүх амьд организмын хамгийн сүүлийн өндөр дээд ганц өвгөөс хамгийн түрүүнд салж хөгжсөн гэгддэг Porifera хэмээх биологийн хүрээнд багтах, 580 сая жилийн өмнө анх үүсэн бүрэлдсэн далайн хөвөн нь хэдий усны ургамал шиг харагддаг ч үнэн хэрэгтээ биеийг нь битүү бүрхсэн нүх сүвээр шүүгдэх далайн уснаас хүчилтөрөгч аван тэжээгддэг олон эст организм буюу бүлэг амьтан юм. 5000 орчим зүйлийн далайн хөвөн байдгаас олонх нь 8800 метр хүртэлх гүнд, далайн ёроолд хадагдаж, бие биетэйгээ нэгдэн нийлснээр байрнаасаа огт хөдөлдөггүй. Далайн хөвөн дотор эрхтэн, тэмтрүүлгүй, уураг тархи, толгойгүй. Хэдий тийм ч эс нь үхсэн юм уу, гэмтэж бэртсэн хэсгээ ахин ургуулах чадвартай. Үүнээс нь болж судлаачид далайн хөвөнг бараг 200 жил амьдрах чадвартай, зарим зүйл нь 5000 жилийн настай ч байж магадгүй гэж таамагладаг. Том, жижиг сүв нь мөн далайн олон жижиг амьтанд орох орон болдог онцлогтой. Далайн хөвөн өдөрт биеийнхээ хэмжээнээс бараг 20 мянган дахин их усыг шүүдэг. Тиймдээ ч далайн уснаас нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж хоргүйжүүлдэг, далайн экосистемийг уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас хамгаалах хамгийн чухал организмын нэг гэгдэх болжээ. Хамгийн жижиг далайн хөвөн гурван см орчим бол хамгийн том нь хоёр метр гаруй хэмжээтэй байна. Одоогоор олдоод байгаа хамгийн том далайн хөвөн гурван метр өргөн юм. 


01

Цианобактери - 2.8 тэрбум жил

Өөрөөр ногоон цавуулаг бактери, мөн Cyanophyta гэгддэг цианобактери нь хөвөгч бичил амьтан бөгөөд фотосинтезийн замаар хүчилтөрөгч ялгаруулсан анхны төдийгүй одоог хүртэл дэлхий дээр байгаа хамгийн эртний микроб юм. Тиймээс ч дэлхийн агаар мандалд исэлдэн хөөрч, агаарт хөвөгч планктон болохоос гадна далай тэнгисийн уснаа микро организм болон тогтох зэргээр дэлхийн хаа сайгүй оршин байдаг. Бүр чийгтэй хөрс, цөлийн гүний элс, Антарктидын хад чулуун дээр хүртэл цианобактери өсөж үржинэ. Ингэж үзвэл энэхүү хөвөгч бичил биетнийг хамгийн өргөн тархсан амьтан ч гэж тооцож болох юм.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Omnogovit tah helbert Sam horhoi harsan gevel itgehuu
+1
Их хачин амьтан юм байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start