Арав.мн

Улс төрийн 10 дуулиантай аллага

Улс төрийн 10 дуулиантай аллага

Түүхэн дэх хамгийн их дуулиан шуугиан тарьсан, олон зүйлийг эргэлт буцалтгүйгээр өөрчилсөн улс төрийн аллагуудаас 10-ыг нь нэрлэж байна. 


10

Ицхак Рабин

Хоёр ч удаа Израилийн Ерөнхий сайдаар сонгогдон ажилласан Ицхак Рабин Израил-Палестиний төвөгтэй асуудлыг шийдэх гэсэн, Арабын орнуудтай нөхөрсөг харилцаа тогтоох гэж хамгийн их хичээсэн, чухам түүнээсээ болж улс төрийн аллагын хохирогч болсон хүн юм. Тэрээр 1994 онд өөрийн гол өрсөлдөгч Шимон Перез болон Палестиний удирдагч Ясир Арафат нарын хамт Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Харин дараахан нь Иордан улстай энхийн гэрээ байгуулсан нь Израилийн хэт үзэлтнүүдийг хилэгнүүлсэн бөгөөд Игал Амир гэх тийм нэг хэт үзэлтэн түүнийг 1995 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Тель-Авив хот дахь Израиль хаадын талбайд жагсаалд оролцож байхад нь буудан хороосон байна. Гэмт хэрэг үйлдэхдээ 25 настай оюутан байсан Амир Баруун эргийн зарим хэсгийг чөлөөлөх гэсэн Ерөнхий сайдын төлөвлөгөөг "Библид заасан уугуул газар нутгаас нь еврейчүүдийг холтгох үйлдэл" гэж санан, Рабиныг урвагч хэмээн үзэх болжээ. Олон улсад тун нэр хүндтэй байсан Рабины 73 насандаа ийнхүү амиа алдсан явдал нь Израильд нийгэм, соёлын хямрал авчирч тус улсын Арабын орнуудтай тогтоох гэсэн энхтайванч харилцааг хэдэн арван жилээр ухраасан гэж судлаачид үздэг. 

Харин Игал Амир насаараа хоригдох ял сонссон бөгөөд Ерөнхий сайд руу буудахдаа бие хамгаалагчийг нь мөн шархдуулсан хэргээр нэмж найман жилийн ял авчээ. Сонирхолтой нь иүдийн шашны хэт үзэлтнүүдийн дунд түүнийг баатар хэмээн үзэх хүн цөөнгүй. Тийм "фэнүүд"-ийнх нь нэг Лариса Трембовлер гэх орос эмэгтэй 2004 онд Амиртай цаасан дээр гэрлэсэн бөгөөд бүтэн хоёр жил шүүхдэлцсэний эцэст нөхөртэйгөө 2006 оны намар ганц удаа 10 цагийн хугацаатай уулзаж, дараа жил нь хүүг нь төрүүлсэн байна. 


09

Беназир Бутто

Беназир Бутто Пакистаны Ерөнхий сайдаар 1988-1990, 1993-1996 онуудад хоёр удаа сонгогдон ажилласан; ардчилсан засгийг толгойлсон түүхэн дэх анхны исламын шашинт эмэгтэй юм. Түүний аав Зульфикар Аль Бутто мөн л улсынхаа Ерөнхий сайд байсан бөгөөд цэргийн дэглэм тогтоох гэсэн армийнхныг эсэргүүцсэнээсээ болж улс төрийн өрсөлдөгчөө хөнөөсөн гэх хэрэгт гүтгэгдэн, 1979 онд хилсээр цаазлагджээ. Харин шашин номыг төрийн бодлогоос ангид байх ёстой гэх үзлийг дэмжигч, мөн либерал үзэлтэй Беназир Бутто аавыгаа өөд болсны дараагаас амь үрэгдэх хүртлээ Пакистаны гол сөрөг хүчин болох Пакистаны ардын намыг удирдаж байв. Бутто 1996 онд Ерөнхий сайдаас огцорч, 1997 оны сонгуульд ялагдсаныхаа дараа Дубай, Лондонд амьдарч байгаад 2007 оны аравдугаар сард нутагтаа ахин хөл тавьжээ. Гэвч 2008 оны сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан түүнийг 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 54 настайд нь амиа золиослогч этгээд эхлээд гурав буудан, дараа нь биеэ дэлбэлэн хөнөөсөн байна. Уг халдлагын дараа Пакистан даяар дэгдсэн үймээн самуунд Буттогийн намын 50 гаруй дэмжигч мөн амь үрэгджээ. 

Беназир Буттог Пакистаны талибууд, эсвэл "Аль-Каида" бүлэглэл, эсвэл бүр Пакистаны тагнуулын албаныхан өөрсдөө хөнөөсөн гэх зэрэг олон таамаг байдаг. Гэхдээ Пакистан дахь "Аль-Каида"-гийнхан түүнийг Америкийн талыг хэт барьсан, Пакистаныг исламын шашны ном ёсноос гажуудуулах гэсэн учраас хороосон гэдгээ хүлээсэн байдаг аж. Буттогийн нөхөр Асиф Али Зардари 2008-2013 онд Пакистаны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бол гурван хүүхдийнх нь хоёр нь өдгөө улстөрч болжээ. 


08

Мартин Лютер Кинг

Америкийн өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч, иргэний нийгмийн зүтгэлтэн, 1964 оны Нобелийн энхтайвны шагналт Мартин Лютер Кингийг 1968 оны дөрөвдүгээр сарын 4-ний үдэш Теннеси мужийн Мемфис хотод нэгэн зочид буудлын тагтан дээрээс харуудыг үзэн яддаг арьсны үзэлт Жеймс Эрл Рэй гэх этгээд буудан хороосон юм. 39 насалсан Кинг амьдралынхаа сүүлийн жилүүдэд ганц өнгөт арьстнуудын эрхийн төлөө гэхээсээ тэгш бус байдал, ядуурал, капитализм, Вьетнамын дайны эсрэг мөн тэмцэх болсон бөгөөд амиа алдах үедээ Вашингтон хотод Ядуу ардын төлөөх кампанит ажил гэх бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Кингийг хөнөөсөн явдал Америкийн олон том хотод үймээн самуун дэгдээж хар, цагаан арьстнуудын хоорондох харилцааг улам бүр хурцадмал болгосон байдаг. Сар гаруй үргэлжилсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлаас болж 40 гаруй хүн амь үрэгдсэнээс гадна 3000 гаруй хүн бэртэж гэмтэн, 20 мянга орчим хүнийг баривчилсан баримт бий. Мөн хэт үзэлт хар арьст залуусын хэд хэдэн бүлэглэл хүчийг авч, "Хар ирвэс" зэрэг улс төрийн байгууллагууд байгуулагдахад ч Кингийн үхэл нөлөөлжээ. Харин Кингийг хөнөөсөн Жеймс Эрл Рэй хэргийн газраас зугтаж, хоёр сар хэртэй энд тэнд орогнож байгаад Лондоноос баригдсан байна. Тэрээр 99 жил чанга дэглэмтэй гянданд хоригдох ял сонссон бөгөөд 1998 онд 70 насандаа шоронгийн эмнэлэгт нас баржээ. 

Мартин Лютер Кингийг 1977 онд Америкийн төрийн хамгийн дээд шагнал болох Эрх чөлөөний одонгоор нэхэн шагнасан бол дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ хүний эрхийн хуульч, тэмцэгчид болцгоосон юм. Харамсалтай нь Кингийн ээж Альберта Уильямс Кинг хүүгээ алуурчны гарт амь үрэгдсэнээс зургаан жилийн дараа буюу 1974 онд иүдийн шашинт, өнгөт арьст нэгэн хэт үзэлтний гарт мөн л буудуулан амиа алджээ.


07

Македоны II Филипп

Агуу Александр хааны эцэг Македоны II Филиппийг нийтийн тооллын өмнөх 336 онд хөнөөсөн явдлыг эртний түүхэн дэх хамгийн дуулиантайгаас гадна хожмын олон зүйлийг өөрчилсөн хамгийн нөлөөтэй улс төрийн аллагуудын нэг гэж үздэг. Түүнийг эртний Македоны нийслэл Эги хотод Грекийн элч төлөөлөгчдийг хүлээж авах үед нь долоон бие хамгаалагчийнх нь нэг Павсаний гэх этгээд ар нуруунаас нь хутгалан аминд нь хүрчээ. Алуурчин харин тэр дороо зугтахыг завдсан боловч бусад бие хамгаалагч нь түүнийг газар дээр нь хороосон байна. Хоёрдугаар Филипп хааны амийг юуны учир бүрэлгэв гэсэн маргаан мэтгэлцээн хэргийн дараахан ч, түүнээс хойших хэдэн зуун жилд ч түүхч, судлаачдын дунд дэгдэж байв. Аристотель л гэхэд Павсанийг хааны ойр тойрнын хүмүүст доромжлогдсон өшөө хорслоо хааныг хөнөөж авсан гэж үзсэн байдаг. Харин орчин цагийн судлаачид Павсанийг Александр болон түүний эх Олимпиас нарын тушаалаар Филиппийг хороосон гэж таамаглах болжээ. Учир нь Олимпиас хаан нөхрөө залуу эхнэр авч, ахин хүүтэй болсны дараа төрсөн хүүгийнхээ байр суурийг хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахгүй байлаа. Тэгээд ч Хоёрдугаар Филиппийн цаг бус үхлийн дараа Александр хаан сууж, Ахеменидын эзэнт гүрнийг эзлэн Грекийн ихэнх хэсэгт ноёрхлоо тогтоосон билээ.

Хоёрдугаар Филипп 23 жил хаанчилж, 46 насандаа амиа алдсан. Хэрэв түүнийг илүү урт насалсан бол грек, макендончууд хүчирхэгжихгүй; Энэтхэг, Перс рүү ч халдахгүй; улмаар Александрын эзэнт гүрэн байгуулагдахгүй байх байсан гэж түүхчид үздэг. Учир нь Филипп хаан Грекийн хот улсуудыг персүүдээс чөлөөлөх зорилготой байсан ч персүүдийн Ахеменидын эзэнт гүрнийг бүхлээр нь эзлэхийг санаархаж байгаагүй гэдэг. 


06

Индира Ганди

Бие хамгаалагчийнхаа гарт амиа алдсан өөр нэг нэртэй удирдагч бол Индира Ганди юм. Тусгаар тогтносон Энэтхэг орны анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн охин тэрээр Энэтхэгийн түүхэнд хамгийн олон жил буюу нийт 15 жил засгийн эрх жолоодсон эмэгтэй билээ. Ганди хоёр ч удаа Ерөнхий сайдаар сонгогдон ажиллахдаа улс орноо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, гадаад харилцааг нь цоо шинэ түвшинд гаргаж чадсан ч дотоодынхоо шашин хоорондын мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдвэрлэх гэсэн нь өөрийнх нь амины үнэтэй тусчээ. 1984 оны зургадугаар сарын 1-нээс 8-ны өдрүүдэд Энэтхэгийн Засгийн газраас "Хөх од" гэх цэргийн ажиллагаа зохион байгуулсан нь Амритсарын Алтан сүм рүү орж нуугдсан сик шашны хэт үзэлт Жарнаил Сингх Биндравал болон түүний дагагчдыг дарж авах зорилготой байлаа. Харин шашин номын ариун газар луу халдсан нь Хойд Энэтхэгээр нутагтай панжааб хэлтнүүд болон Панжаабын сик шашинтнуудыг Гандийн эсрэг босоход хүргэжээ. Нөхцөл байдал хүндэрсэн тул Энэтхэгийн Тусгай албанаас Ерөнхий сайдын хамгаалалтын албанд ажилладаг сик шашинтнуудыг бүр цомхотгож эхэлсэн гэдэг. Харин Индира Ганди сик бие хамгаалагчдаа ажилд нь буцааж авсны дотор хэдхэн сарын дараа өөрийнх нь аминд хүрэх Бийнт Сингх гэгч байлаа. 

Бийнт Сингх өөр нэг сик шашинтан болох Сатваант Сингхийн (сик шашинт эрчүүдийн дийлэнх нь Сингх гэх овогтой байдаг. Гэхдээ Сингх овогтой хүн болгон сик шашинтан байдаггүй) хамт 1984 оны аравдугаар сарын 31-ний өглөө Индира Гандийг Ерөнхий сайдын албан өргөөний гадаах цэцэрлэгт нийт 30 гаруй удаа буудан хороожээ. Бийнт Сингх нь Ерөнхий сайдын бусад бие хамгаалагчид газар дээрээ буудуулан амь үрэгдсэн бол Сатваант Сингх нь баригдаж, таван жилийн дараа 1989 онд цаазын ял авч, дүүжлүүлсэн байна. 

Индира Гандийн амь үрэгдсэний дараах дөрөв хоногт сик шашинтнуудын эсрэг хүчирхийлэл, үймээн газар авч 8000 гаруй сик шашинтан амиа алджээ. Харин Ерөнхий сайдын суудалд тэр дороо сонгогдсон ууган хүү Ражив Ганди нь долоон жилийн дараа 1991 онд Шри Ланкийн "Тамилын барс" хөдөлгөөний алан хядагчдын гарт мөн л улс төрийн аллагын золиос болон амь эрсэдсэн юм. Өдгөө Неру-Гандийн гэр бүлийн долоо дахь үеийн улстөрчид болох Индира Гандийн ач хүүхдүүд Энэтхэгийн гол хоёр намд хүчин зүтгэж байна. 


05

Махатма Ганди

Хэдий нэр нэгтэй ч Махатма Ганди Неру-Гандийн гэр бүлтэй цусан холбоогүй юм. Индира Неру нөхөр Фероз Гандийнхаа овгийг авснаар Индира Ганди болжээ. Харин Махатма Гандийн жинхэнэ нэр нь Мохандас Карамчанд Ганди юм. Махатма нь эрхэм дээд гэсэн утгатай хүндэтгэлийн алдар болно. Ганди хүчирхийллээс ангид иргэний тэмцэл гэх үзлийг дэлхий дахинаа анх сурталчилж, Энэтхэг орныг тайван замаар Британийн эзэнт гүрнээс тусгаар тогтнуулах ардын хөдөлгөөнийг удирдсан билээ. Гэвч хүчирхийллийг үл дэмжигч тэрээр өөрөө хүчирхийллийн золиос болж амиа алдсан юм. Түүнийг 1948 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр буюу Энэтхэгийг тусгаар тогтносноос ердөө хагас жилийн дараа Натурам Годзе гэх хиндү шашны хэт үзэлт этгээд буудан хороосон бөгөөд Годзе Энэтхэгийг хиндү болон исламын шашинт хэмээн хоёр хуваасан нь хиндү шашинтнуудыг илүү хохироосон хэмээн үзэж, түүндээ Гандийг буруутгажээ. Мөн хүчирхийллээс ангид байх үзэл нь хиндү шашинтнуудыг илүү сул дорой болгосон тул Гандийг зогсоох хэрэгтэй гэж үзсэн гэдэг. Годзег дараа жил нь буюу 1949 оны арваннэгдүгээр сард ялын дээд хэмжээгээр шийтгэж, дүүжлэн хороожээ. 

Гандийн амийг бүрэлгэсэн нь хэдий гэнэтийн, цочирдмоор явдал байсан ч тусгаар тогтносны дараах Энэтхэг орны шашин хоорондын зөрчил, хагаралдаан, эмх замбараагүй байдал намжихад эергээр нөлөөлсөн байна. Мөн үзэл санааны удирдагчид гэхээсээ улс төрийн бүлэглэл, нэр нөлөөтэй гэр бүлүүдийг улам бүр эрх мэдэлтэй болгосны нэг жишээ нь Неру-Гандийн гэр бүл билээ. Шашны хэт үзэлтэй бүлэг, хөдөлгөөнүүд улс төрийн томоохон намд багталгүй, ихэнх нь тарж задарсанд; түүнчлэн зөвхөн шашны үзэл санаанд түшиглэсэн Пакистанаас ялгаатай нь цоо шинэхэн Энэтхэг орон дан нэг шашны, хиндү төвтэй улс үндэстэн болж хувираагүйд ч Гандийн аллага нөлөөлсөн гэж хожмын түүхчид үздэг. 


04

Абрахам Линкольн

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн Иргэний дайны үеэр улс орноо удирдаж, Умардын холбооны хүчийг бэхжүүлэн, боолчлолыг халж, холбооны Засгийн газарт засгийн эрхийг төвлөрүүлэхээс гадна Америкийн эдийн засгийн бодлогыг орчин үежүүлсэн гавьяатай билээ. Гэвч түүнийг ахин сонгогдоод удаагүй байхад буюу 1865 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Иргэний дайнд ялагдсан Өмнөдийн эвсэлд үнэнч Жон Уилкс Бүүт гэх жүжигчин эр Вашингтон хот дахь Форд театрт жүжиг үзэж байхад нь ар дагз руу нь буудаж орхижээ. Линкольн бүтэн найман цаг ухаангүй байж байгаад дараа өдрийнх нь өглөөний 7 цаг 20 минутын үед амьсгал хураасан байна. Харин Бүүт хэргийн газраас зугтаж дөнгөсөн агаад 12 хоногийн дараа Виржиния мужийн нутгаас баригдан, Умардын нэгэн цэргийн гарт амь үрэгджээ. Бүүттэй хамт Ерөнхийлөгчийг хөнөөхөөр хуйвалдсан гэх найман хүнээс дөрвийг нь хожим дүүжилсэн байдаг. 

Линкольн бол алба хаах хугацаандаа нас барсан Америкийн найман Ерөнхийлөгчийн нэг, улс төрийн аллагын хохирогч болсон дөрвөн Ерөнхийлөгчийн анхных нь юм. Түүнийг хөнөөсөн явдал нь Өмнөдийнхний өшөө авалт, мөн армид алба хаасан өнгөт арьстнуудад сонгуульд оролцох эрх олгохыг эсэргүүцсэн дургүйцэл байснаас гадна Нэгдсэн Улсын шинэ Засгийн газрын нэгдмэл үйл ажиллагааг тасалдуулах зорилготой бүр ч томоохон үйл хэргийн нэг хэсэг байлаа. Дайны дараах үеийг Сэргээн босголтын эрин хэмээн нэрийдэж байсан бөгөөд Линкольн амь эрсэдсэнээр Өмнөд, Умардын засаг захиргааг нэгтгэх үйл явц удааширсан гэж түүхчид үздэг. Түүний халааг авсан Теннесси мужийн уугуул Дэд ерөнхийлөгч Эндрю Жонсон Сенатад сонгогдсон цорын ганц Өмнөдийн улстөрч байв. Тиймдээ ч түүнийг хэдий холбооны Засгийн газарт үнэнч байсан ч Өмнөдийн удирдагчдад өршөөл үзүүлсэн, хар арьстнуудыг гадуурхах "Харуудын хууль" гэгчийг батлахад Өмнөдийн мужуудын шинэ засаг захиргаанд хэт зөөлөн хандсан гэж үздэг байна. 


03

Жон Ф.Кеннеди

Линкольны адил алуурчны гарт амиа алдсан, түүнтэй олон талаараа төстэй улстөрч бол Америкийн 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди юм. Линкольн, Кеннеди хоёрын нэг нь 1846 онд, нөгөө нь 1946 онд Конгресст сонгогдсон; нэг нь 1860 онд, нөгөө нь 1960 онд Ерөнхийлөгч болсон; хоёулаа өнгөт арьстнуудын эрхийн төлөөх тэмцлийг дэмжиж байсан; хоёулаа Өмнөдөөс гаралтай алуурчны гарт толгой руугаа буудуулан амиа алдсан; хэн хэнийх нь халааг Жонсон нэртэй өмнөд нутгаас гаралтай Дэд ерөнхийлөгч нь авсан; Эндрю Жонсон, Линдон Жонсон хоёр яг 100 жилийн зайтай, нэг нь 1808 онд, нөгөө нь 1908 онд мэндэлсэн зэрэг олон сонирхолтой баримт байдаг. (Харин алуурчдынх нь нэрийг адилтган, хоёулаа гурван хэсгээс бүтсэн нэртэй гэж мэдээлдэг нь үндэслэлгүй юм. Америкт гэмт хэрэгт холбогдсон этгээдийн нэрийг ижил төстэй нэртэй хүмүүсээс ялгаж, бүтэн нэрээр нь бүртгэдэг бичигдээгүй хууль бий. Жишээ нь Марк Дэвид Чепмэн гэх нь бусад Марк Чепмэн нэртэй хүмүүсийг "цагаатгаж" байгаа хэрэг юм.)

Кеннедийг 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Техасын Даллас хотод Ли Харви Освальд гэх этгээд буудан хороосон юм. Харин Освальдыг хоёр хоногийн дараа Жек Рүби гэх Даллас хотын уугуул нэгэн эр цагдаагийн газрын үүдэнд мөн л буудан хөнөөжээ. Ерөнхийлөгчийн амийг бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгах Уоррений хороо бүтэн 10 сарын дараа Освальдыг ганцаараа гэмт хэрэг үйлдсэн, Рүби ч мөн Ерөнхийлөгчийн үхэлд цочирдон эмгэнэн гашуудсандаа Освальдыг хөнөөсөн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Харин энэ бүхнийг өнгөлөн далдлалт байсан, Америкийн төрийн томчууд нарийн зохион байгуулалттайгаар Кеннедийг хөнөөсөн гэх таамаг одоо ч олны дунд яригдсаар байна. Кеннедийг хөнөөсөн явдал нь 1960-аад онд Америкийг шуугиулсан улс төрийн дөрвөн ч дуулиантай аллагын эхнийх нь юм. Ерөнхийлөгчийг амь үрэгдсэнээс хоёр жилийн дараа Малкольм Экс, таван жилийн дараа Мартин Лютер Кинг болон Роберт Ф.Кеннеди нар мөн улс төрийн аллагын золиос болсон билээ.

Кеннеди амь үрэгдэхээсээ өмнө Иргэний эрхийн тухай шинэ хууль батлахаар зэхэж байсан ч Конгресст хангалттай дэмжлэг авахгүй байлаа. Харин гэнэтийн үхэл нь олон нийтийн санаа сэтгэлд гүнзгий нөлөөлсөн тул шинэхэн Ерөнхийлөгч Линдон Жонсон Хүний эрхийн багц хуулиудыг хугацаа алдалгүй батлуулсны дотор өдгөө түүхэн гэгддэг Иргэний эрхийн тухай хууль болон Сонгох, сонгогдох эрхийн тухай хууль багтдаг байна. Эдгээр нь хожмоо арьсны өнгөөр ялгаварлах төрийн бодлогыг Өмнөдийн мужуудад халах, өнгөт арьст сонгогчдын эрхийг хамгаалахад гол түлхэц болжээ. 


02

Франц Фердинанд

Австри-Унгарын эзэнт гүрний хаан ширээ залгамжлах хунтайж, их гүн Франц Фердинанд 1914 оны зургадугаар сарын 28-ны өдөр эхнэр Софигийн хамт Боснийн нийслэл Сараево хотод Зэвсэгт хүчний Ерөнхий зааварлагчийн хувиар айлчлан, задгай сүйх тэргээр зорчиж явлаа. Энэ нь хунтайжийн сүүлчийн өдөр байсан агаад Гаврило Принцип гэх 19 настай серб хүү Франц Фердинанд, Софи хоёрыг мөн өдрийн өглөөний 10 цаг 45 минутын орчимд сүйх тэргээс нь ганц метрийн зайнаас буудан хороосон юм. Австриас өмнөд славянчуудыг тусгаар тогтнуулах зорилготой гэх нийт 25 хуйвалдагч, түүний дотор зургаан алан хядагчийг хэргийн дараа баривчилснаас бараг бүгд Боснийн сербүүд буюу Австри-Унгарын эзэнт гүрний албатууд байв. Өөрөөр бол "Хар гар" гэх Сербийн армийн нэр нөлөөтэй хүмүүсийн оролцоотой байгуулагдсан цэргийн бүлэглэл дээрх алан хядагч залууст тусалж байсан нь үнэн ч хунтайжийн аллагад Сербийн хаант улсын засаг төр шууд оролцоогүй гэсэн үг юм. Гэсэн ч Австри-Унгарын эзэнт гүрэн Серб улсад яг сарын дараа буюу долдугаар сарын 28-нд нь дайн зарласнаар дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн түүхтэй. 

Австри-Унгарын эзэнт гүрний доторх үндэстэн, ястны зөрчил; 25-хан жилийн дотор угсаа залгамжлах гурван ч хүнээ алдсанаас үүдэлтэй төрийн тогтворгүй байдал; Германы цэрэгжих бодлого; Оттоманы эзэнт гүрний уруудал доройтлоос эхтэй хүчний тэнцвэргүй байдал зэрэг олон арван хүчин зүйл дайн дажинд хүргэсэн ч Франц Фердинандыг хөнөөсөн явдал нь дайны гал дүрэлзэх хамгийн гол шалтаг болжээ. Бүтэн дөрвөн жил үргэлжилсэн дэлхийн нэгдүгээр дайнд 17 сая хүн амь үрэгдэж, 25 сая хүн тахир дутуу болсон юм. 

Харин дэлхий дахинаа дайн эхлүүлсэн 19 настай серб хүү Гаврило Принципийн тухайд тухайн цагийн Австри-Унгарын эзэнт гүрний хуулиар нас биед хүрээгүй хэмээн цаазын ялнаас мултарч, 20 жилийн ял сонссон ч дөрвөн жилийн дараа буюу дайн дуусахаас хэдэн сарын өмнө 23 насандаа шоронд сүрьеэ өвчнөөр өөд болжээ.  


01

Юлий Цезарь

Гай Юлий Цезарь цэргийн жанжин, улстөрчийн хувиар анх эрх мэдэлтэй болсон ч Галлын дайны дараа цэрэг армиа тараахаас татгалзан нийтийн тооллын өмнөх 49 онд Иргэний дайн өдөөж, өрсөлдөгчдөө хүчээр буулган авчээ. Тэрээр Ромд нэг хүний дарангуйлал тогтоохоор таван жилийн дараа өөрийгөө Насан туршийн удирдагчаар зарласан нь Сенатын гишүүдийг үгсэн хуйвалдахад хүргэсэн байна. Ингээд нийтийн тооллын өмнөх 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр болсон Сенатын чуулганаар Сенатын бараг 60 гишүүн Цезарь луу нэгэн зэрэг дайрч, түүнийг 23 удаа хутгалан хөнөөжээ. Гэвч хамгийн хоржоонтой нь энэхүү дуулиантай аллага Сенатын гишүүдийн найдаж, хүлээж байсан шиг Сенатыг дахин эрх мэдэлтэй болгосонгүй, бүгд найрамдах засаглалыг аварч хамгаалж чадсангүй. Харин ч 500 шахам жил оршин тогтносон Ромын бүгд найрамдах улсыг унагаж, 1000 гаруй жил өрнө дахинд ноёлох Ромын эзэнт гүрний суурийг тавьсан түүхтэй. Олон жил үргэлжилсэн хоёр ч удаагийн Иргэний дайн, үймээн самууны эцэст Цезарийн өргөмөл хүү Октавиан нийтийн тооллын өмнөх 27 онд Август Цезарь нэрээр Ромын анхны эзэн хаанаар өргөмжлөгдсөн билээ.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start