Арав.мн

"МОНГОЛ" гэж ямар утгатай вэ?

Монголын нэрт эрдэмтэн, зохиолч, мэргэн гүүш , төрийн шагналт, шинжлэх ухааны доктор Шанжмятавын Гаадамба (1924-1993) "Монголын нууц товчооны" 750 жилийн ойд зориулж бүтээсэн нэгэн гайхалтай ном байдаг. "Монголын нууц товчооны худам бичгийн сийрүүлэг эх, тайлбар" нэртэй энэхүү бүтээл нь Нууц товчооны уг эхийг анх ямар үсэг бичгээр туурвисан бэ гэдэг асуудалд хариулт өгсөн юм. Уг номын оршилд Ш.Гаадамба гуайн бичсэн нь:

...."Энэ ойд зориулан уншигч олондоо толилуулах гэж байгаа энэ ном бол Монголын нууц товчооны худам монгол бичгийн эхийг сэргээн босгохыг оролдсон анхны туршиц болно. Энэ ажлыг зориглон оролдсон учир бол Монголын нууц товчооны урьд эрдэмтдийн сэргээсэн олон эх болбол МНТ-ы хятад үсгийн галигийг уг дурсгалт бичгийг зохиогдсоноос хойш зуугаас зуун тавиад жилийн дараа түүний анх бичигдсэн худам монгол бичгийн эхээс нь шууд буулгасан биш, харин түүнийг XIV зууны II хагасын монгол хэлний дуудлагаар буулгаж тэмдэглэсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Чухам энэ учраас "... нууц товчооны" хятад үсгийн галигийг яаж ч нарийвчлан судлаад түүний анхны худам монгол бичгийн эхийг бүрэн зөв сэргээх боломжгүй шиг санагдана. Энэ зохиолын анх бичигдсэн худам монгол бичгийн эхийг энэ хир сэргээн босгож чадаагүй учраас эл дурсгалт бичгийг утга зохиолын үүднээс нарийвчлан судлах боломж бүрдээгүй байна гэж бид үзэж байна"...

...."Худам монгол бичгийн бичлэг нь хуучин (сонгодог) монгол бичгээс дараах хэдэн зүйлсээр ялгаатай гэж үзэв.
Нэгд. Худам монгол бичгийг монгол хэлэнд урт эгшиг үүсээгүй байсан эрт үед авч хэрэглэсэн учир хожмын хуучин монгол бичигт урт эгшгийг хоёр эгшиг үсэг хоёрлон бичих арга журам худам монгол бичигт байгаагүй гэдгийг үндэс болгов.
Хоёрт. Худам монгол бичгийг монгол хэлний үгэнд орсон эгшиг авиа уруулын талаар зохицдог ёс гарахаас өмнө авч хэрэглэсэн учир энэ талаар хуучин (сонгодог) монгол бичигт байдгаас өөрөөр зарим үгийг бичиж байсан гэдгийг үндэс болгов.
Гуравт. Худам монгол бичигт үйл үгийг эр эм хүйс ялган бичдэг ёс арилаагүй байсан гэдэг журмыг үндэс болгов.
Дөрөвт. Худам монгол бичигт нэр үг (заримдаа үйл үг ч) хүртээл нэртэйгээ ганц ба олон тоогоор зохицдог ёс арилаагүй байсан зэрэг хэд хэдэн ялгааг гарган бичиж байсан гэдэг зарчмыг баримтлан энэ эхийг сэргээхийг чармайсан болно"...

..."Энэ бүхний улмаас бид уг эхийн дотор хятад үсгийн галиг ба хятад хадмал болон товч (ерөнхий) орчуулгаас өөрөөр сэргээсэн өөрөөр ойлгож тайлбарласан 700 орчим үг хэллэгийн доор дараалалт тоон зүүлт хийж хойно нь хавсаргасныг нягтлан болгоож ийнхүү өөрчлөн сэргээсний зөв бурууг тунгаан шүүнэ үү".... гэжээ.

Ш.Гаадамба 1992 онд уг бүтээлээрээ хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

(Ингээд та бүхэнд уг номонд орсон 700 орчим үгийн тайлбараас 10-ыг нь онцлон хүргэж байна. Харьцуулах үүднээс Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгыг хавсаргаж оруулав. "ARAV.MN")


10

Манггул-ун (Монголын)

"Монгол" - гэдэг үгийн гарлыг эрдэмтэн судлаач нар элдвээр тайлбарласан боловч бидний бодвол энэ үг эртний монгол хэлний "ба" (бид) гэсэн үгнээс дараах маягаар улиран хувьсч үүссэн. Үүнд: Ба< бан+уд< бан(г)+уд< ман(г)+уд< манггул< монгол гэх мэтээр монгол хэлний авианы хувьсал хөгжлийн жамаар үүсч гарсан үг болно. Ингэж үзэхийн гол үндэс нотлох баримт гэвэл нийт монгол угсаатан овог аймаг, улс үндэстнээ "бидний улс" гэсэн утгатай "бада улс", "бида улс" гэх зэргээр нэрлэн түүх судартаа бичдэг байсан явдал мөн.


09

Бадачи-хан

Бадачи-хан - гэдэг "Ба+да+гийн (бидний буюу манай) хан" гэсэн утгатай эртний монгол үг мөн. Балар эртний монголчууд нийгэм, байгаль, хүн, адгуус тэргүүтнийг ялгаж ухамсарладаггүй байсан үедээ зөвхөн өөрсдийгөө "күмүн (хүн)" гэж ялган нэрлэж бусад овогтон аймгийг байгалийн нэг хэсэг адгуус мэтээр боддог байв. Хожим бусад аймаг овогтон ястан үндэстэн ч мөн л бидний адил хүн мөн юм байна гэдгийг ухамсарласан үедээ өөрсдийгөө тэднээс ялгахдаа "Ба" (бид) улс гэж нэрлэх болсон бололтой.

Иймд бид энэ үгийг "Батучаган" "Батачихан" гэж сэргээхийг оновчтой биш гэж үзэж "Бадачи-хан" гэж бичив. Энэ үгийн утгыг бидний бодлоор ийнхүү тайлбарлах үндэстэй бөгөөд "МНТ"-нд энэ мэтээр овог, яс, аймаг, үндэснийхээ ерөнхий нэрийг түүхэн нэг хүний нэр болгон домгийг түүхчилэх хандлага цөөнгүй илэрсэн байдаг билээ.



08

Бодончар Мунгхаг (Бодончар Мунхаг)

Бодончар Мунгхаг - гэгч нь ардын үгийн гарлын зүйгээр тайлбарласан жишээ нь энэ болно. Угтаа бол Бодан гэгч овгийн толгойлогч баатар бүсгүйг нэрлэдэг нэр байжээ. Хожим энэ нэрийг эцгийн эрхт ёс тогтсоноос хойш эр хүнд хамааруулдаг болжээ. Бодан+чар гэсэн бүтэцтэй энэ үг бол овгийн бяцхан толгойлогч гэсэн утгатай юм. Бодан гэдэг үг бода(том)+н=Бодан (том биет гэсэн тэмдэг нэр) гэдэг үүсмэл нэр болжээ. Энэ нь мод (юмны нэр) мод+н=модон (уг юмаар бүтсэн эдийн шинж) гэсэн үг үүсдэгтэй адил болно.

"МНТ"-ы 155 дугаар зүйлд Есүй хатан Чингис хаанд хэлэхдээ: "нама-ий күмүн-э бода-д-а болгажу" гэсэн "хүний ихэд тоож" гэсэн утгатай хэлсэн байдаг, мөн Бода (том) мал, бог (жижиг) мал гэж хэлэлцэнэ. "Мунхаг" гэсэн нь угтаа Боданчар Ман хан буюу "бидний хан" утгатай цол байсан атал үүнийг Нууц товчооны зохиогч уран сайхны зорилгоор "мунхаг" гэсэн үг болгон Боржигид овгийн толгойлогчийн бэрхшээл давж гарч ирснийг харуулах гэж зориуд үгийн гаралыг таамаглан тогтоох ардын гарал зүйн тайлбар хийсэн байна.


07

Жадаран (задаран)

Жадаран - гэсэн энэ үгийг галиглах ба утгыг ойлгох талаар судлаачдын дунд зөрөөтэй санал үгүй бөгөөд "овгийн нэр" гэдэг нь маргаангүй. Харин Нууц товчоонд Задаран овгийг харь овог гэж батлан үзүүлэх гэсэн энэ оролдлого нь их эргэлзээтэй бөгөөд Жамухыг Чингис хааны оронд хаан суух эрхгүй харь овгийн хүн болгох гэсэн зохиогчийн бодлогын илрэл болно. Учир нь энэ талаар Рашид-ад-Дины "Судрын чуулган"-д энэ овгийн нэрийг Жадаран биш Жажарид гэж бичсэн юм. "Тэр үед энэ овгийн нэрт толгойлогчдоос Жамуха цэцэн гэж байв" гэжээ.

Ер нь ч Нууц товчоонд "Жад ирэн-ү көбэгүн бүлэгэ кэмэн Жажирадай нэрэйдбэ. Жадаран-у эбүгэ тэр болба" гэсэн өгүүлбэр байгаагийн доторх Жажирадай гэдэг нь Жадаран овгийн хүн гэсэн утгатай тул "Жадаран" (харь) гэсэн овгийн нэр энэ хүний нэрээс гарсан гэдэг хуурамч болохыг гэрчилнэ. Түүнээс гадна Тэмүжин Боданчараас хойш 11 дэх үеийн хүн байхад Жамуха Боданчараас хойших тавдахь үеийн хүн байж тэр хоёул нэг үед амьдарч байж таарамгүй. Иймд энэ бол Нууц товчоог зохиогчийн улс төрийн бодлогын үүднээс урнаар зохиосон зүйл болно.

Жад гэдэг үгийн талаар хамгийн сонирхолтой тайлбарыг Элдэндэй Ардажав нар хийжээ. Гэвч энэ үгийг түрэг хэлний "жат (йат)" гэсэн үгнээс гарсан гэдэг эргэлзээтэй бөгөөд харин монгол хэлний гад (харь-гадаад) гэсэн үгнээс авианы хувьслын дүнд үүссэн биш байгаа гэж эрхгүй санагдуулж байна. Ер нь түрэг монгол ойролцоо дуудлага ба утгатай олон үгсийг хэн нь хэнээс авсныг албадан тогтоох аргагүй бөгөөд эдгээр хэлний төрөл гарал нь бидний огт мэдэхгүй маш эрт балар цагт хамаарах учраас ийнхүү тогтоох аргагүй юм.


06

Боржигин

Боржигин - гэсэн энэ үгийг овгийн нэр гэж олонхи эрдэмтэн судлагчид хэвээр "Боржигин" гэж сэргээн босгожээ. Энэ үгийг Элдэндэй Ардажав "бору цэнхэр нүдтэй" гэсэн утгатай гэх боловч Көлүн Буир аймгийн гурван гол (хэн, талбар, Хабул)-ын Талбур голд цутгах Боржигун гол гэдэг Боржигин овгийн үүсэлтэй холбоотой болно гэж газрын нэрээр тайлбарлажээ. Гэвч бид Рашид-ад-Дин "хөх нүдэт" гэсэн үг гэдэг боловч энэ төдий л үнэмшилтэй биш. Учир нь "Боржигин" гэдэг үг үнэхээр нүдний өнгөтэй холбоотой бол гагцхүү "Бору" гэсэн үндэстэй байж болно. Тэгвэл "Боружигин" гэж баймаар юм. Гэтэл боржигин гэдгийн сүүлчийн "н" нь олон тооны нөхцөл байж Хатагин гэдгийн үлгэрээр бүтсэн үг гэж бодож байна. Хэрэв ингэж үзвэл үгийн үндэс нь Боржиги гэсэн үг байх тул харин "буржигар үст" гэсэн хоч нэрээс гарсан байж магадгүй юм. Гэвч энэ бол зөвхөн таамаг юм.


05

Уругуд (овгийн нэр)

Уругуд - гэсэн энэ үгийг хятад галиг эхээс Пеллио, Баяр гэх мэтээр судлаачид "уру'уд" гэж сэргээсэн юм. Харин Рашид-ад-Дин "урут" гэж бичсэнээс үзвэл тэр (XIV) үеийн Иранд байсан монгол хүний хэл аялгуунд уруг-уд гэсэн үгийг г гийгүүлэгч нь сугарч уру'уд болсноор барахгүй эгшгүүд нийлж "урууд" гэж хэлэгдэх болсныг персийн түүхч "Урут" гэж тэмдэглэсэн байж болох юм. 

Бидний бодлоор бол уруг (үгийн язгуур, нэр үгийн I үндэс) + уд (гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулдаг нэг үгийн олон тооны үндэс үүсгэх нөхцөл) гэсэн бүтэцтэй үг юм. Бас Лувсанданзан энэ үгийг "ургуд" гэж бичсэнээс үзвэл энэ үгийг түүхчийн хуучин эхэд үгийн эгшиг уруулаар зохицдог ёс гарахаас өмнөх үеийн эртний бичлэгээр ураг+уд гэж бичдэг байгаад а нь балархайшсан учир хаягдсан ч байж болно. Эсвэл энэ үг "Оруг+уд" (саарлууд) гэсэн үг байсан байж ч бас магадгүй.


04

Хотала хаган (хүний алдар цол)

Хотала хаган - гэсэн энэ үгийг хятад галигт "Хутула хаhан" (Пеллио, Рахевильз, Баяр, Дашцэдэн тэргүүтэн олонхи нь) гэж тэмдэглэснээр сэргээн сийрүүлж хүний нэр гэж ухаарч иржээ. Гэвч Лувсанданзаны Алтан товчид "Хотала" гэж бодвол хуучин эртний монгол бичгийн эхийг дагаж сийрүүлэн бичсэн байх тул түүний энэ сэргээлтийг Ц.Дамдинсүрэн, Мансан, Баяр, Дугаржав нар зөвшөөрөн дагасныг бид зөв гэж баримтлан сийрүүлэв. Хэдийгээр "Хотула" (хоёр настай тарбага), "Ходул" (хандгайн зулзага) гэх мэт утгатай байж болох авч тийм гэсэн утгатай үгээр Монголын язгууртнууд залгамжлагч нартаа нэр өгсөн гэхэд үнэмшилгүй. Иймд бид "Хотала хаан" гэсэн үгийг уг хүний оноосон нэр бус харин нийт олны хаан гэсэн утгатай бөгөөд Даян хан, Ун-хан, Чингис хан гэдгийн адил "Хотала (нийтийн бүгдийн) хаан" гэсэн алдарын нэр гэж үзэж "Хотула" гэсэн нь Монгол хэлэнд үгийн дотор эгшиг уруулын байршлаар зохицох ёс гарснаас хойш үеийн (XIV зууны) аялгаар тэмдэглэсэн гаж буруу сэргээлт гэж бодож байна.


03

Өгэлүн үжин

Өгэлүн үжин - гэсэн энэ үгийн утгыг Рашид-ад-Дин хятад хэлээр "гэргий" гэсэн үг гэсэн боловч энэ үжин гэдэг үгийг бид хятад фу-жень гэдэг үгийн ормол гэж үзэхгүй, харин монгол манжийн маш эртний балар цагийн овгийн толгойлогч том биет баатарлаг толгойлогч анчин бүсгүйн "Пүдин" "бодан" гэх мэт нэрийг хятадын энэ үгээр бичигт тэмдэглэсэн байж магадгүй гэж бодож байгаа бөгөөд монгол хэлтний бодан<бодун<будан<бүдүн, манж хэлний пүдин<фүдин<фуджин<үжин гэх зэргээр хувирч утгаараа фу-жень гэсэн хятад үгтэй дүйсэн байж магадгүй гэж бодно.


02

Тэмүжин (хүний нэр)

Тэмүжин - энэ үгийг хятад галиг үсгээс "Тэмүжин" гэж сэргээн сийрүүлдэг бөгөөд татаарын Тэмүжин Үкэ гэдэг хүнийг олзлон авчирах үед тохиолдож төрсөн гэж "Тэмүжин" гэдэг нэр өгсөн гэж энд дурдсанаас үзвэл нэгд, Татаар, Боржигид хоёр нэг ижил монгол хэлээр хэлэлцэж байсныг гэрчилнэ. Хоёрт, "Тэмүжин гэдэг нэрийг "-жин" гэсэн эм хүйсийн дагавартай "Төмөр" гэдэг монгол үг" гэж Поуха тайлбарлав. Д'Оссон түүхч энэ үгийг "Тэмүчин" буюу монголоор "шилдэг төмөр" гэсэн утгатай үг гэж тайлбарлажээ. Зарим эрдэмтэд нялх хүүхдийг энхрийлэх утгаар "Тэмү (р) + жин" гэсэн нэр өгсөн байх гэдэг боловч Татаарын "Тэмүжин Үкэ, Мэгүжи-ийн сэгүл" гэх зэрэг хүний нэрд мөн "-жин" гэсэн дагавар залгасан баримт энэ таамгийг няцаах мэт байна.

Ийм энэ үгийг бид "Тэмүчин" гэдэг үгийн татаар хэл аялгууны янзаар гажуу тэмдэглэгдсэн бөгөөд тэмү[р] + чин (төмрийн дархан) гэсэн үг байж магадгүй. Энэ үгийг Элдэндэй Ардажав дэлгэрэнгүй тайлбарласан байна. 


01

Мэнггэлик (хүний алдар)

Мэнггэлик - гэсэн үгийг хятад үсгийн галигаас нь Хэниш гуай, Пеллио, Баяр, Дашцэдэн тэргүүтэн цөм "Мөнглик, Мүнглүк" гэж, Иринчин, Дамдинсүрэн, Мансан, Дугаржав тэргүүтэн "Мэнглик Минглик" гэж сэргээн сийрүүлдэг юм.

Энэ хүнийг бид Мэнггэлиг (буюу олон мэнгэт) гэсэн монгол үгээр илэрсэн хоч нэр гэж үзэж ингэж сийрүүлэв. Үүнд Иринчин Юань улсын судраас иш татаж "Баясгалант" гэсэн тюрк үг гэж тайлбарлажээ. Энэ бол энэ хүний хоч нэрийг Мэнглик гэж буруу галигласны улмаас ийм тайлбар гарахад хүрсэн бөгөөд зөв дуудлага нь "Мэнггэлик" гэсэн монгол үг бөгөөд энэ нь "Мэнгэ олонт" гэсэн утгатай гэж бодно. Бас энэ үгийг Элдэндэй Ардажав Мэнглик гэгч түрэг хэлний "мэнгэтэй хүн" гэсэн үг гэж тайлбарлаад монголын мэнгэттэй адил гэжээ. Гэвч Мэнггэлиг гэдэг нь олон мэнгэтэй гэсэн үг байх тул энэ хүнийг монголчууд монгол үгээрээ хочилсон гэж бодох үндэстэй. Нөгөө талаар Элдэндэй Ардажав нар "Дэв Тэнгэр бөөгийн эцэг бөгөөд чанару тайлгын дарга болж оролцдог болохоор "эцэг" кэмэгдсэн бололтой" гэж таамагласан гэсэн нь төдий л үнэмшилтэй биш. Бидний бодвол Есүгэй баатар өөрийн авга ах Чираха өвгөний хүү Мэнггэлик-т өнчин үлдсэн хүүхдүүд бэлбэсэн эм Өгэлүнийг гэрээслэсэн учир тэр цагийн
"Ах үхвэл бэргэн нь гэрээс
Агт үхвэл шир нь гэрээс" гэсэн заншил ёсоор Тэмүжин болон дүү нарт нь хойд эцэг, Өгэлүн үжинд эрийн гэрээсээр асарч явах хоёрдох эр нь болсон тул түүнийг улсын албан ёсны түүхэнд "Мэнггэлик эцэг" гэж тэмдэглэгдэх жам ёсны эрхтэй юм. Иймээс Чингис хааны түүх "МНТ"-д "Мэнггэлик эцэг" гэж тэмдэглэгдсэн ажээ.


8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (14)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Mongol name is not new. in Oghuz Khan myth, mentions about how he gave name for Mongols.Mung ol. you can have a look there
+2
Монгол гэдэг нэрийг мөн чанараа гол болгох гэж тайлбарласан байсан. Тийм ч гэж итгэж байна. МНТ их гуйвагдсан гэж их хааны маань онгод буугаад хэлсэн байна лээ. Тэгээд өөрийн улаачаараа тайлбарыг буулгаж тэр нь ном болон гарсан. Гэрлийн өргөө гээд газарт зарагдаж байгаа. Эзэн хааны минь, багш Нэгүдэй цагаан Ован мөн их андуудынх нь онгод бууж жинхэнэ болсон үнэнг, мөн сургаал, ухаанаа бидэнд түгээгээд эхэлсэн шүү дээ. Гагцхүү хэт шинжлэх ухааныг шүтээд энэ болж байгааг үгүйсгэх хайрцаглагдсан сэтгэхүйнээсээ гарч чадахгүй байгаа нь тун харамсмаар. Онгод буурлуудын Монгол улсыг хэрхэн тэмцэж байгуулсан, одоо ч гэсэн хэрхэн бидний төлөө шаналж байгаа чин сэтгэлийн яриаг нь дотор бачимдан сонсдог. Монголчууд минь хурдан ухаарч сэрээсэй, өөр улс үндэстэнд байхгүй энэ үнэлж баршгүй өвгөдийнхөө ухааныг тэднээсээ сонсч, алдаагаа засаж, суралцаж, үйлдэж, нэгдэж чадах цаг уг нь яг одоо ирсэн байгаа шүү дээ. Сэрээсэй, сонсоосой, суралцаасай, нэгдээсэй монголчууд бид.
Заримтай нь санал нийлдэггүй ээ ! Жишээ нь МОНГОЛ !
-3
мэнгилик ХАСГАР МӨНХИЙН гэсэн үг
+1
энэ доор юун солиорол явагдчихав ккк
-3
Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛ АЙР,ХОНГИР
-3
НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛ АЙР,ХОНГИР
+8
Мэддэггүйд эрээн цоохор гэж энэ доод талын коммент дээр гарч ирлээдээ хаха
-9
Zarim ni arai l panaltai yu. Gehdee yahav tailbarlah gej bas oroldjee oroldoj.
+3
Буриад хэлэнд бид нар гэхийг ма'нууд гэж яридаг. Жишээлбэл Хар сарнай хамтлагын Бүтээнэ сөнөөнө дууг Маанууд бүгдийг бүтээнэ Маанууд бүгдийг сөнөөнө дуулна.
+3
Жамуха-ийг "хаан суух эрхгүй" гэж харуулахын тулд Нууц товчооны зохиогч түүний удмын түүхийг зориудаар зохиосон юм шиг байшд. Тэрэнд нь логикийн алдаа гарчихгүй юу.
+1
Жамух юу болчив тэгээд?
+6
гоё шүү Зандаа
+5
сонирхолтой юмаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start