Арав.мн

Монгол ардын харгис 10 үлгэр

Монгол ардын харгис 10 үлгэр

Аж байдлын, домгийн, сургаальт гээд олон янзын ардын үлгэр бий. Гэвч бид Уолт Диснейн шидэт үлгэрүүдийг үзсэнээр зарим нэг монгол ардын үлгэрүүд хэтэрхий харгис санагдах болсон билээ. Зарим эцэг эхчүүд доорх үлгэрүүдийг хүүхэд уншихад зохисгүй хэмээн үзэж ч болох юм. Ямартай ч бидний өвөө эмээ нар багадаа ийм л үлгэр сонсч өсчээ.


10

Долоон Хожгор нэг Можгор

Энэ үлгэрт ах дүү найман хүний тухай гардаг. Гэвч ах дүү долоон Хожгор нь Можгор гэгч нэгийгээ үргэлж гадуурхаж байдаг. Нэг удаа долоон Хожгор нэг Можгорынд очоод гэр нь эзгүй байсан тул гадаа нь хүлээнгээ тамхи татаж байгаад санамсаргүй цог унаган гэрийг нь галдаж орхидог. Можгор гэртээ ирээд шатсан гэрийнхээ үнсийг шуудайнд хийн олон хөлийн газраар явах бөгөөд юу үүрч явааг нь асуусан хүн бүрт “Үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж хэлээд л холхиод байна.

Гэтэл нэг баян худалдаачин “Үнэхээр үзэхээр үнс, харвал хальс болчихвол наад шуудайг чинь алт мөнгөөр дүүргэж өгье” гэхэд Можгор шуудайны амсраа дэлгэн үнсээ харуулаад хайран сайхан эрдэнэсийг минь үнс болголоо хэмээн баянд уурладаг. Ингээд баян арга буюу шуудайг нь алт мөнгөөр дүүргэж өгнө. Ингээд Можгор “луйвардаж” олсон алт мөнгөөрөө шинэ гэр худалдаж авахаар явж байтал долоон Хожгортой тааралдан энэ их алт мөнгийг хаанаас олсныг нь асуухад “шатсан гэрийнхээ үнсийг зарсан” гэж хэлдэг. (Ах дүү нар нь гэрийг нь шатаасныг огт мэдээгүй  мөртлөө шүү)

Тэгмэгц долоон Хожгор бүгд гэрээ шатаан, эхнэр хүүхдүүдээ гудамжинд хаяад шатсан гэрийнхээ үнсийг шуудайлан зах руу явцгаадаг. Мэдээж үнс зарна гэхийг сонссон хүмүүс тэднээр элэг доог хийн, долоон Хожгор ч өдөржин шуудайтай үнс үүрч яваад ядран буцаж явтал нэг Можгорын саалийн ганц үнээ бэлчиж явахтай таараад үнээг төхөөрч орхижээ. Можгор үнээнийхээ олгойд цусыг нь хийгээд явж байтал долоон хөх халзан тэмээ бэлчиж явахтай таараад үнээнийхээ цусаар улаан болтол будаж орхидог.  Тэгээд явж байтал нэг өвгөн таарч долоон хөх халзан тэмээ сураглав. Можгор гэтэл “Хөх халзан тэмээ харагдаагүй. Харин улаан халзан тэмээнүүд ойрхон байна лээ” гэж хэнэггүй “залжээ”. Өвгөн ч мөчөөгөө өгөлгүй заавал хөх халзан байх ёстой гэж дайрна. (Тэр нутагт өвгөнийхөөс өөр тэмээтэй айл байдаггүй бололтой). Тэгэхээр нь Можгор “Улаан халзан бол би авъя, хөх халзан бол та ав” гэж хэлдэг. Өвгөн очиж хараад улаан халзан тэмээ байсанд Можгорт өгч явуулна. (Хүний тэмээг дур мэдэн өгчихөж байгаа юм).  Ингээд Можгор мөн л “луйвардаж” олсон тэмээнүүдээ туугаад явж байтал долоон Хожгор таараад яаж тэмээтэй болсныг нь асууна. Можгор ч үнээнийхээ олгойтой цусаар долоон тэмээ сольж авсан юм гэхэд нөгөөдүүл нь мөн л итгэн бүгд саалийн ганц үнээнүүдээ алаад зах дээр очиж олгойтой цус тэмээгээр солино хэмээн доог тохуу болж өдөржин зогсдог. (Өмнө нь гэрээ шатаачихаад хашрахгүй үнээгээ алж л байдаг).

Ингээд орой болоход өлсч ядарсан долоон Хожгор уурандаа Можгорын эхнэрт хор уулгаад алчихав. Можгор уйлан гашуудаж байгаад хааныд очиж, эхнэр нь хичнээн уран болох тухай тэнгэрт тултал магтан ярихад хаан маргааш эхнэрээ дагуулж ирээд юм оёулж үзэхээр болжээ. Можгор үхсэн эхнэрээ тэмээний бөхөн завсар элдэв юмаар түшүүлэн суулгаад хааны гадаа очмогц тэмээг тэвнээр хатган туйлуулж эхнэрийнхээ цогцсыг унагаагаад хайран сайхан эхнэр минь хааны гадаа үхэв хэмээн орь дуу тавин уйлав. Хаан сандарч хамгийн үзэсгэлэнтэй оёдолчноо Можгорт эхнэр болгон өгч “амыг нь тагладаг”

Долоон Хожгор Можгорыг урьдынхаас залуу сайхан эхнэртэй болсон байхыг хараад яасан тухай нь асуухад үхсэн эхнэрээ зах дээр аваачаад, “Хэрүүл маргаан гаргадаггүй, хоол хувцас хэрэглэдэггүй, үргэлжийн мөнх унтаж байдаг эхнэрээ үзэсгэлэнт хатнаар солино гээд хашгирсан чинь эрчүүд булаацалдаад авч байна лээ” гэжээ. Тэгмэгц долоон Хожгор яарч сандран гүйж гараад эхнэрүүдээ алж зах дээр очоод үзэсгэлэнтэй залуу хатнаар солино гэж хашгиралдаж байгаад хавийн амьтдын уурыг хүргэж үхтэл зодуулдаг байна. (“Дагздуулж” ханадаггүй долоон “донгио”).

Ингээд багтартлаа уурласан ах дүү долоо Можгорыг шатааж алахаар шийдэж, модонд хүлж орхиод аргал түүхээр явцгаав. Энэ хооронд адуунд явж байсан улцан нүдтэй баян өвгөн Можгортой таараад яагаад модонд хүлээтэй байгааг нь асуусанд Можгор сурсан зангаараа ингэхээр нүдний улцан арилдаг юм аа хэмээн хэнэггүй худал хэлжээ. Өвгөн ч дор нь итгээд “Чи яваад миний адууг туугаад ир, тэр болтол чинь би хүлүүлээд байж байя. Нүдээ эдгээе” гэж хэлээд хамаг юмаа Можгорт өгөөд оронд нь хүлүүлдэг. Можгор өвгөний хамаг юмийг аваад явсан хойгуур долоон Хожгор ирээд хөөрхий өвгөнийг шатааж алжээ. Ингээд Можгорыг алчихлаа хэмээн баяр хөөр болон буцаж явтал нөгөө Можгор нь учиргүй ганган “амьтан” гэр рүүгээ явж байхтай таардаг. Тэгээд юу болсныг асууцгаахад Можгор утаа унаад лусын хааныд очиж бэлэг аваад явж байна гэж хэлэв. Долоон ах дүү нар нь түүнд итгээд бүгд лусын хааныд очихоор далай руу гүйлдэн ороод живж үхэцгээжээ.


09

Усан матар

Эрт цагт энэ дэлхийд их найман тивийн нэгэн их хаан байж гэнэ. Тэр хаан охиноо хүн амьтантай ойр байлгахгүй гээд шилэн байшин бариад хориод байдаг байж. Охин нь эр хүн харж хүсэж, тачааж суусаар байгаад өөрийн биед нь эр, эм бэлгэ эрхтэн энд тэндгүй ургаад ирэхээр түүнээсээ ичээд, далайд унан усан матар гэдэг амьтан болсон гэдэг. Тэр урьдын их хүсэл тачаалын эрхээр хүн амьтан сорж идээд ханахгүй ховдог сэтгэлтэй амьтан болсон гэнэ. (Хүүхдүүд байтугай томчууд ч цочирдмоор үлгэр байна).


08

Алтан мөнгөн аргай

Найман зуун адуутай Намтай мэргэн гэгч баян адуундаа явж байтал мангас эмгэн таараад найман зуун адуугаа өгөх үү, өөрийхөө амийг өгөх үү, эмгэнээ өгөх үү, хүүгээ өгөх үү хэмээн асуудаг. Намтай мэргэн тэгэхэд нь хүүгээ өгөхөөр болдог. Өгөхдөө ээжийнх нь нүдэн дээр өгч чадахгүй тул манайх нүүвэл гурван жилийн газар нүүдэг. Одоо нүүхдээ хүүгийнхээ хамгийн хайртай алтан, мөнгөн аргайг нь буурин дээрээ хаяад нүүнэ, тэрийгээ авахаар ирэхэд нь хүүг минь аваарай гэж хэлдэг.  

Ингээд шинэ нутагт дөнгөж очоод байтал хүү нь алтан мөнгөн аргайгаа авахаар буцаж явахаар болдог. Тэгээд ямар морио унаж, ямар хониороо хүнс хийх вэ гэхэд аав нь хамуутай хар даага унаад, хамгийн туранхай хониороо хүнс хий гэдэг. Харин ээж нь найман хөлтэй морио унаад, хамгийн тарган хониороо хүнс хийгээд яв гэхэд ээжийнхээ үгэнд орж найман хөлтэй морио унаж, тарган хониор хүнс төхөөрөөд замд гарна.

Ингээд хуучин буурин дээрээ ирэхэд нь мангас эмгэн хүлээж суудаг. (Ганц хүүхэд идэх гэж бүтэн гурван жил хүлээсэн юм байх даа?) Очоод аргайгаа авах гэтэл морь нь хүний хэлээр “Намайг хотойнгуут шагайгаагаа шүүрээд аваарай” гэхэд хүү ч үгэнд нь орж хоёул алтан мөнгөн аргайгаа шүүрээд зугтжээ. Мангас ч хойноос нь хөөсөөр найман хөлтэй морины найман хөлийг нэг нэгээр нь хадуураар тас ширвэхэд морь нь биеэрээ бэмбэгнэн давхихад тал биеийг нь цавчин хаясанд цээжээрээ цөмцөгнөн давхиж, ахиад цээжийг нь тасалсанд толгойгоороо тонтогонон давхих аж. (Хөөрхий морийг эзэндээ ямар үнэнч гэдгийг харуулахын тулд үнэхээр харгис дүрсэлжээ). 

Ингээд хүү явган гүйн зугтаж яваад нэг бухан бяруутай таардаг. Бухан бяруу хүүд “намайг унаад яв” гэхэд хүү бярууг унан зугтаж явтал мангас эмгэн гүйцэн ирж бярууг тас ширвэхийг завдсанд бяруу нүүр рүү нь бааж орхив. Мангас эмгэн нүүрээ угаах хооронд хүү бярууг унаад нилээн хол зугтаж амжжээ. Тэгээд явж байтал нүүдлийн замд хаягдсан аавынх нь билүүний хагархай, ээжийнх нь самны хугархай, сэтэрхий тэвнэ байсныг олж авдаг.

Цааш зугтаж явтал мангас эмгэн гүйцэн ирсэнд хүү ээжийнхээ самны хугархайг мангас руу шидсэнд өнөөх нь битүү хар ширэнгэ болов. Мангас ширэнгэний цаанаас яаж гарсныг нь асуусанд хүү “нүд амаа урж, сохолж гарлаа” гэсэнд мангас нүд амаа ураад, сохлоод гарч ирээд хөөжээ. Тэгээд дахиад гүйцэн ирэхэд нь билүүний хугархайгаа мангас руу шидсэнд өндөр элгэн хад болж хувиран замыг нь хаав. Мангас ахиад л Чагаа хүүгээс яаж давах аргыг асуусанд хүү “хөл гараа хугалж давлаа” гэсэнд мангас эмгэн мөн л хөл гараа хугалан даваад хөөжээ. Тэгээд гүйцэн ирэхэд нь ээжийнхээ сэтэрхий тэвнийг шидсэнд тэвнэ нь захгүй их далай болов. Мангас эмгэн мөн л яаж гатлахаа асууна. Хүү ч үхрийн чинээ том чулуу хоёр мөрөндөө үүрээд алхаад гарлаа гэнгүүт мангас эмгэн итгээд далай руу орон живж үхдэг.

Ингээд дайснаа дараад амарч суутал өнөөх бухан бяруу маань хүүгээс намайг алаад өгөөч гэж гуйна. Хүү алахгүй гэвэл толгой дотор минь нэг ширх загатнуулаад байж суух аргагүй байгаа тул ядаж тэрийг алаад өг гэж гуйхад нь хүү ширхийг алсанд бухан бяруу үхжээ. Хүү уйлж уйлж байгаад унтаад сэрэхэд өргөө гэртэй, үзэсгэлэнт эхнэртэй, үй түймэн үхэр, хонин сүрэгтэй, ай түмэн адуу, тэмээн сүрэгтэй болсон байдаг. (Хүүг найман настай байхад гурван жилийн газар нүүж явсан, хүү буцаж гурван жил явж хуучин бууриндаа хүрсэн, буцаад хөөгдөж, яарч явсан болхоор гурван жилээс арай хурдан явсан болов уу гэж бодвол 15, 16 орчим настай байхдаа эхнэртэй болсон бололтой).

Нэгэнт амьдрал нь дутах гуцах зүйлгүй сайхан болсон тул ээж аавтайгаа уулзахаар гэр рүүгээ очтол аав нь эзгүй, ээж нь уйлж суудаг. Аав нь ээжийг нь үргэлж зовоодог тухай ээж нь хүүдээ хэлэхэд хүү эхлээд итгэдэггүй боловч аавыгаа ирэхэд нь авдрын ард нуугдаж байгаад яриаг нь сонстол аав нь ээжийг нь “нойтон бургас ноцтол, хуурай бургас хугартал” зоддог. Тэгэнгүүт нь хүү гарч ирээд “аргай аргай түг, аавын толгой хага” гээд аавынхаа толгойг цохиж алаад, ээжийгээ дагуулаад харьдаг байна. (Багадаа тоглодог байсан аргай нь эхнэртэй болсных нь дараа эцгийгээ алах зэвсэг нь болжээ хөөрхий. Намтай мэргэн ч гэсэн мангас эмгэнийг “мурих” боломж байсаар байхад заавал амлалтаа биелүүлэх гэж зүтгээд хүүгээ үхэл рүү явуулж л байдаг).


07

Шулам, хүүхэд төрүүлсэн нь


Эрт урьд цагт нэг шулам сайхан хүү төрүүлэхийг үргэлж боддог байжээ. Нэг өдөр шулам анхны хүүхдээ төрүүлсэн нь чоно байв. Шулам “Анхны хүүхэд тиймхэн юм байна, ахиж хүүхэд төрүүлье” гээд хоёр дахь хүүхдээ төрүүлсэнд шилүүс байв.

Шулам дургүйцэж, “Шилүүс бол чоныг гүйцэхгүй амьтан. Одоо л сайхан хүү төрүүлье” гээд гурав дахь хүүхдээ төрүүлсэн нь ирвэс байжээ. Шулмас ирвэсийг үл тоон дөрөв дэх хүүхдээ гаргатал ямаа гарч гэнэ.

Шулам эгдүүцэж “Энэ муу ямаагаар юу хийх юм. Одоо л ёстой хүү төрүүлье” гээд тав дахь хүүхдээ төрүүлтэл муур байв. Шулам муурыг ч бас дэмий амьтан гээд зургаа дахь хүүхдээ гаргасан чинь шар шувуу байв.

Шулам гайхаж “Энэ юу болж байна вэ? Гаргах тусам болохоо байлаа. Одоо л нэг сайхан хүү төрөх байх” гээд долоо дахь хүүхдээ төрүүлсэнд ууль байв.

Шулам ихэд уурлаж “Дахиж энэ төрөлдөө хүүхэд гаргахгүй. Дараа төрөлдөө ч гаргахгүй” гэж амлав.

Үүнээс хойш үр хүүхэд төрүүлдэггүй амьтныг “Шулмын төрөлтэй амьтан” гэж хэлэлцдэг болжээ. (Тэр сүүлийн өгүүлбэр бас л харгис юм).


06

Болдоггүй бор өвгөн

Эрт цагт нисдэг, нисдэггүй хоёр морьтой Болдоггүй бор өвгөн байжээ. Өвгөн нэг удаа бор хониноос нь цагаан хурга гарангуут баярлаад Хурмаст тэнгэрт тахих болов. Тэгээд хургыг эхтэй нь хамт хээр орхиод хонио буцаачихаад иртэл Хурмастын хон хэрээ хөөрхий хурганы нүдийг ухчихсан байжээ. (Үнэн харгис).

Болдоггүй бор өвгөн маш их уурлан нисдэг мориороо хэрээг гүйцэж очоод хошууг нь суга татаад оронд нь мод чихээд орхив. Хурмаст тэнгэр хэрээг нь хорлосонд уурлан өвгөний нисдэг морийг идүүлэхээр хоёр чоно явуулжээ. Өвгөн хоёр мориныхоо байрыг солин уясанд хоёр чоно мэдэлгүй нисдэггүй морийг нь идэв. Болдоггүй бор өвгөн нисдэг мориороо хөөж, хоёр чоныг барьж аваад арьсыг нь амьдаар нь хуулаад салбайлгаад явуулдаг. Хурмаст тэнгэр маш их хилэгнэн Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гээд хоёр чөтгөрөө илгээв. Өвгөн тогоон дээр юм буцалгаж байхад хоёр чөтгөр ирээд туурганы завсраар сэмээрхэн хартал өвгөн нүүр рүү нь өнөөх тогоотойгоо цацан хоёр чөтгөрийн нүүрийг шалз түлжээ. Хурмаст тэнгэр маш их хилэгнэн тэр муу өвгөнийг алаад ир гээд хоёр луу явуулав. Өвгөн Болзоотын бор толгой дээр дээлээ тайлж шилбүүрэнд өлгөж орхиод хонио эргүүлэхээр явсан хооронд хоёр луу Болзоотын бор толгойг нүүрс болтол ниргэсэн байж гэнэ. Тэгэнгүүт өвгөн хоёр лууг барьж аваад сүүлийг нь тас цавчжээ. (Хурмаст юу ч мэдэхгүй байхад Болдоггүй бор өвгөн далдыг хараад урьдчилсан арга хэмжээ аваад байгаа нь их сонин. Бусад амьтад дүүрч гэхэд хоёрын хоёр аймар луу нэг муу өвгөнд сүүлээ тас цавчуулж л байдаг).

Хурмаст маш их уурлан Болдоггүй бор өвгөнийг дуудаж байцаадаг. Өвгөн ч “Би танд тахил өргөх гээд хургаа хээр орхисон байсан чинь хэрээ ирээд нүдийг нь ухахаар нь хэрээг шийтгэсэн юм. Тэгтэл хоёр чоныг та нисдэг морийг минь идээд ир гэж явуулсан байхад тэр хоёр чинь нисдэггүй морийг маань идчихээр нь бас шийтгэсэн юм. Тэгээд хоёр чөтгөр чинь намайг хорлохын оронд гэрийг маань ураад байхаар нь нүүрийг нь түлчихсэн юм. Хоёр луу бас намайг биш Болзоотын бор толгойг ниргэчихээр нь би сүүлийг нь тасалсан юм” хэмээн өөрийгөө өмгөөлсөнд Хурмаст бодож бодож өвгөнийг зөв юм хийжээ гээд шан харамж өгч явуулдаг. (Ер нь энэ Болдоггүй бор өвгөн, Хурмаст тэнгэр хоёр байраа сольвол таарна).


05

Гэнэн тэнэгийн үлгэр


Эрт урьд цагт өвгөн эмгэн хоёр байжээ. Өвгөн нь эмгэнээ “Хүүхэд гаргасангүй” гээд үргэлж занчдаг байв. Нэг өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эхнэр нь хулганыг нэхийд боогоод орон дээрээ тавиад байжээ. Өвгөн ирээд “Энэ юу вэ?” гэсэнд эмгэн нь “Энэ өдөр надаас хүүхэд гарав” гэж хэлсэнд өвгөн нь маш их баярлан “Сайн байна” гээд хүүхдээ үзэж байгаад “Чи юунд үстэй хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад эмгэн нь “Адуу манахад дах нь бэлхэн байгаа юм” гэжээ. Мөн “Юунд сүүлтэй хүүхэд гаргасан бэ?” гэхэд нь “Адуунд явахад уурга нь бэлхэн байгаа юм” гэж хариулав. “Юунд сахалтай хүүхэд гаргасан бэ?” гэхэд “Мээрэн суухад сахал нь бэлхэн байгаа юм” гэсэнд “Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ?” гэхэд нь “Бөөр идэхэд шүд нь бэлхэн” байгаа юм гэжээ.

Өвгөн маш их баярлаж хүүхдээ угаахаар авч явжээ. Төд удалгүй өвгөн “Хүүхдээ усанд алдав” гээд уйлсаар орж ирэв. Эмгэн нь “За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чи хүн хийж чадаагүй хойно хохь чинь дээ. Одоо намайг зодох явдалгүй” гэжээ. Үүнээс хойш өвгөн эмгэнээ зодохоо больсон гэдэг. (Ёстой л гэнэн тэнэг өвгөн юм даа).


04

Хүн хар гөрөөс айлын охиныг булаасан нь

Эрт цагт Алшачууд жил болгон гэр бүлээрээ Зууд мөргөл хийдэг заншилтай байжээ. Зам хол учир цаст уулын ёроолд буудалладаг байж гэнэ. Нэг жил нэгэн айл Зууд мөргөхөөр явах замдаа цуст уулын ёроолд буудаллан морь, тэмээгээ амраажээ. Тэгээд явахдаа 14 настай охиноо тэмээ авчир гэж явуулжээ. Охин нь өндөр уулын бэлд хүрч, тэмээнийхээ дэргэд очтол цаанаас нь хүн хар гөрөөс охиныг бариад авж гэнэ. Ээж, аав нь охиноо хичнээн хайгаад олсонгүй.

Нэлээд хэдэн жил өнгөрч охиныхоо хойноос гашуудах нь багасч байх үед бас нэг айл Зууд мөргөхөөр явж байгаад цаст уулын хажуугаар өнгөрч явтал биеэрээ дүүрэн үстэй хүүхэн гүйж ирэв. Хүмүүс айж сандран зогстол өнөөх үс ноос болсон хүүхэн “Та нар битгий ай. Би хүн байна. Олон жилийн өмнө аав, ээжтэйгээ Зууд мөргөхөөр явж байгаад хүн хар гөрөөст баригдсан юм. Өнөөдөр би арай гэж зугтаж ирлээ” гэв.

Тэд зэргэлдээ хошууны айл охиноо алдсан тухай сонсч байсан учир хүүхний үгэнд арай гэж үнэмшив. Ноостой хүүхэн “Одоо хүн хар гөрөөс ирж яваа. Та нар намайг авар” гэж гуйжээ. Мөргөлчид хүүхнийг ачаандаа нуугаад байтал хүн хар гөрөөс ирээд хүмүүс рүү ойртож чадахгүй ч орхиж явалгүй ойр хавиар нь холхиж байгаад буцаад ой мод руу орчихож гэнэ. Хүмүүс “Одоо хүн хар гөрөөс буцаж ирэхгүй биз” гэлцэн хүүхнийг ачаан дээрээ суулгаад явж байтал өнөөх хүн хар гөрөөс ойгоос хүүхдээ тэврэн гарч ирээд хүүхдээ эхэд нь харуулав. Хүмүүс ажиггүй цааш явсанд хүн хар гөрөөс хүүхдээ хоёр хөлнөөс нь барьж хоёр тийш нь тас татаад нэг хэсгийг нь ээж рүү нь шидээд, нөгөөг нь өөрөө авч ууландаа буцаад орчихсон гэдэг. (Хөөрхий хүүхэд).


03

Чоно ээж

Эрт цагт нэгэн 120 настай боловч ямар ч өвдөх өвчингүй эрүүл саруул эмгэн ганц хүүтэйгээ амьдардаг байжээ. Хүү нь нэг шөнө сэртэл ээж нь галын захад суугаад нэг юм тургилаад байж гэнэ. Хүү нь маргааш нь малаа маллахаар яваад бэлчээр дээр унтаж, унтаж шөнө худлаа унтсан болоод ээжийгээ харж байтал ээж нь босч гарч яваад үнсэн дээр хөрвөөн чоно болж хувираад цааш явж гэнэ. Хүү хүлээж суутал ээж нь үүрээр буцаж ирээд үнсэн дээр хөрвөөн буцаж хүн болов. Хүү худлаа унтсан дүр эсгэн хэвтэж байтал ээж нь хүүгээ малдаа яв хэмээн сэрээжээ. Хүү нь лам багш дээрээ очиж “Манай малыг огт чоно иддэггүй мөртлөө бусад айлын малыг идээд байдаг байсан нь ийм учиртай байжээ” хэмээн болсон явдлыг хэлсэнд лам багш хүүг гэртээ лам залахыг зөвлөдөг. Хүү гэртээ гурван лам аваачсанд лам нар арц хүж уугиулан ном уншиж эхлэв. Гурван ламыг номоо уншиж дуусахад эмгэн үхжээ. (Ээжийгээ алчихаж байгаа юм даа).


02

Өөх, өндөг, өвс гурав

Эрт цагт өөх, өндөг, өвс гурав нэг гэрт амьдардаг байжээ. Нэг өдөр тэр гурав гал түлж мах чанаж байтал их салхи дэгдэн өрх нь бүтээгдчихэв. Гэтэл өвс өрхөө бүтээхээр гараад салхинд хийсэн алга болжээ. Өөх, өндөг хоёр хоолоо идэхээр өвсийг хүлээж ядаад тэсэлгүй өөх өвсийг хайхаар гарч яваад нохойд үмхүүлчихэв. Өндөг хүлээж хүлээж ганцаараа хоолоо идэх болж, махаа гарган дээжийг нь бурхандаа тавиад залбирахдаа авдрын булан мөргөсөнд хагараад үхжээ. (Тэгээд хэн мах идэх юм бэ?)


01

Хааны эзгүйд

Гурван хатантай нэгэн хаан алс хол явах болж гэнэ. Гурван хатан нь хааныг ирэхэд онцгой бэлэг бэлдэцгээхээр болж гэнэ. Эхний хатан оёдол зүйдэлгүй гутал, хоёр дахь хатан бөөрний хальсан бөс цамц хийгээд байя гэжээ. Харин гурав дахь хатан нь алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүү төрүүлээд байя гэв.

Хаан яваад хэдэн сар болж, хатад ч хэлсэн ярьсан зүйлсээ бэлдээд байв. Бага хатнаас алтан цээжтэй, мөнгөн бөгстэй, ер бусын хөөрхөн хүү төрсөнд нөгөө хоёр хатан атаархаж хүүг хулгайлаад сэмжинд ороон нохойд өгсөнд нохой идсэнгүй. Тэгэхээр нь идэмхий үнээнд өгөөд идүүлчихэв.

Хааныг ирэхэд хоёр хатан өөрсдийн бэлгээ өгч бага хатан юу ч үгүй хоосон уйлж унжин суужээ. Хаан уурлан хилэгнэж бага хатны нэг нүдийг сохолж, нэг гарыг таслаад, нэг хөлийг нь хугалж, хүрэгч үнээний сүүлнээс уяад явуулав. Эрэмдэг зэрэмдэг болсон бага хатан өдөр шөнөгүй үнээний сүүлнээс чирэгдэн зовж явах болжээ.

Тэгтэл нэг өдөр нэг нүд нь сохор тогоруу газраас нэг үндэс идэн зүгээр болохыг хараад тэр үндэснээс идсэнд нүд нь эдгэв. Бас нэг урд хөл нь тасарсан үнэг нэг юм идэж байгаад хөл нь зүгээр болохыг хараад тэр газар нь очиж өнөөх юмнаас нь идсэнд гар нь зүгээр болж гэнэ. Тэгтэл нэг хазгар туулай газраас үндэс ухаж идээд хөл нь эдгэхийг хараад тэр үндэснээс нь идтэл хөлтэй болов. Хатан бүрэн бүтэн болсондоо баярлан явж байтал хүрэгч үнээ нь тугалсанд алтан цээжтэй, мөнгөн бөгстэй өөрийнх нь хүү гарч иржээ.

Бага хатан их баяртай байтал хорон санаат хоёр хатан юу болсныг мэдээд хүүг хөнөөхөөр ярилцаж гэнэ. (Яаж ч мэдсэн юм).

Тэгээд их хатан сэхэхгүй хүнд өвчин тусав. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүхдийн зүрх идэхээс нааш эдгэхгүй гээд уйлжээ. Хаан зүг бүрт элч томилон явуулсанд элч нар бага хатны хүүг барьж авах гэтэл солонго болоод замхарчихав. Элч нар айсандаа нохой алаад зүрхийг хатанд өгсөнд хатан мэдэлгүй идээд эдгэрэв хэмээн босч иржээ.

Хүү ээжтэйгээ хамт хааныд очоод хаанд болсон явдлыг ярьж өгсөнд хаан хорон санаат хоёр хатныг алаад бага хатан хүүтэйгээ гурвуулаа амар сайхандаа жаргажээ. (Тэнэг хаан).


8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (30)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Цуутын цагаагч гүү бүр аймар тээ
+1
Хүншүүлэл үлгэр
-2
Хулан гээч ардын өв рүүгээ дайрсан ад тийрэн нэгээр нэмэгдэв ээ гэж.....Үнээрийн хар масс гээчүүд нь үлгэрээ ч ухаж ойлгохоо больсон нь өрөвдөм.
+2
Жинхэнэ байсан бол яах байсан болдоо
-1
АРДЫН ҮЛГЭРТ АЙГААД, ЖИГШЭЭД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ. ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НЬ ЯЛДАГ ОДООГИЙН УРЛАГ НЭРТЭЙ ТЭНЭГ ЗҮЙЛЭЭС ХУВЬ ИЛҮҮ .
+2
Харин ардын үлгэрүүд зарим нь ч бас арай байдаг шүү. Тэгээд л мартагдаад, хүн тоож уншихгүй байгаа шд.
+1
GOY BOLJEE~
+4
Энэний нэг үлгэр хүүхдэд аймар юм байнх
Хэхэ савж унах гэж бна шд. Ойрд уншаагүй гоё нийтлэл бна. Баярлалаа.
+2
зарим нь үлгэр биш элдэв сонин хачин, аймшгийн юм зохиогоод байдаг гаруудын зохиол л байшд.,! жоохон судалж байж бичээ!!
+2
ххххх
Гоё
-4
Юун аймшигтай юм болоод бнаа Хараал идсэн юм бэ
-1
Татаж үхлээ
+1
Энэ чинь үлгэр шүү дээ.Хийсвэр сэтгэлгээгээр амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг үр хүүхдүүдэдээ сургаж байна шүү дээ.
-6
Монгол үлгэр биш байна.Монголд матар гэж амьтан байхгүй.
-2
Hho
-2
Hha
-4
Ulger ogt oilgodoggui hun niiteljee. Yag Baabar shig stiltei bichej.
+1
чи өөрөө хар масс хаха
-3
Хар масс-д зориулсан нийтлэл байна, үлгэрээс юм ойлгодоггүй хүн бололтой нийтлэлч нь
+5
атаархуу мөртлөө буруу логиктой хүн бэ энэ доор хаха
Үлгэрт агуулагдах сургамж, ёгтлол гэж байдаг юм шүү Хулаан. Монгол ардын аман зохиол болбоос хүүхдийг хүн болгон хүмүүжүүлэх ёс суртахуун зан заншилын бүрдэл болсон агуу өв гэдгийг тархиараа боддоггүй чам шиг нөхдүүд үл хэрэгсэн энэ мэтчилэн шороотой хольж уландаа гишгэдэг байхгүй юу. Сэтгүүлч ч бай хагас дутуу гадаад хэлтэн ч бай жаахан ухамсартай бас хариуцлагатай бай.
+5
Эхлээд үлгэр уншиж үз, дараа нь дүүдээ юмуу үр хүүхэддээ ярьж өг. Юу ч уншихгүй мөртлөө юм болгоныг шүүмжилнэ
-1
үлгэр сэглэдэг харгис юм аа
-7
Бичих юм олдохгүй болохоор үлгэр зохиосон байна шдэ энд бичигдсэн 10 үлгэр аль нь ч бүрэн эхээрээ биш байна.
-1
яг ч монгол үлгэр биш л дээ. монгол үлгэр нь өнөөх баатар эрсийн тухай л үлгэрүүд юм шүү дээ.
+6
Уолт Диснейн үлгэрүүд ч угтаа бол үнэн аймаар, харгис үлгэрүүд байсан юм шдээ. Тэдгээр үлгэрийн 500, 600 жилийн өмнөх хувилбар нь дээрх хэдэн үлгэрээс ч аймаар. Мөн Гриммийн зарим үлгэрүүд эдүгээ уншихад аймаар ч үнэндээ бол ах дүү хоёр нэлээд "цензурлсэн" юм билээ. Гэхдээ багадаа энэ бүх үлгэрийг уншаад ерөөс айж байгаагүй юм даа. Харин том болсныхоо дараа эргэж нэг унштал ээж ээ, аав аа ямар аймаар юм бээ...
+13
zunduu ineelee hagas hugasii ni bagadaa sonsoj bsan ch huuhed bhdaa aimaar yum gj boddoggui bnjee
+6
Янзын мэдээ бэлджээ. Баярлалаа.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start