Арав.мн

Үндэсний бөхийн түүхэнд эвдэхэд бэрх 10 амжилт

Үндэсний бөхийн түүхэнд эвдэхэд бэрх 10 амжилт

Монгол үндэсний бөхийн түүх арвин юм. Гэсэн хэдий ч нүүдэлчин монголчууд бөхийн барилдааны амжилтыг баримтаар хөтлөж эхлээд зуу хүрэхгүй жилийн нүүр үзжээ. Цаашид үндэсний бөхийн түүхэнд эвдэхэд хамгийн бэрхтэй 10 дээд амжилтыг танилцуулж байна. Үндэсний бөхийн мэдээллийн сан бүрдэж, статистик нарийн хөтлөгдөж эхэлбэл бүр нарийн, бүр сонирхолтой хувилбарууд гарч ирэх нь дамжиггүй юм. 


10

Б.Бат-Эрдэнийн баараггүй нэгэн рекорд

Их аварга ХХ зууны сүүл үед улсын баяр наадамд 11 түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн их даншиг наадамд түрүүлж цол олгох том барилдааны 12 том түрүүг авч арга байхгүй босоо бөх гэдгээ нотлосон юм. Билгийн улирлын хаврын тэргүүн сарын битүүнд тэр 13 удаа магнайлж бас л нэгэн сод амжилтыг гаргажээ. 


09

Төрийн их наадмаас 250 даваа

Алдарт дархан аварга Хорлоогийн Баянмөнх төрийн их баяр наадамдаа 38 жил барилдаж энэхүү аварга амжилтыг гаргасан юм.  Зөвхөн улсын наадмаас цуглуулсан даваа нь л энэ юм. Түүний ард Б.Бат-Эрдэнэ аварга 193 даваатай бичигддэг гэхээр ямархуу хол амжилт гэдэг нь ойлгогдож байгаа болов уу.

Зураг: Х.Баянмөнх аварга Д.Дамдин аваргаар 9 даван анх удаа улсад түрүүлэх даваагаа авч буй нь. 1968 он.


08

Найман жил босоо явж 80 даваа цуглуулав

Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ олон дээд амжилтыг тогтоосон. Заалны барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхөд бараг л  тэргүүлэх байх.  Дээрх 80 даваа бол зөвхөн улсын наадамд, дээр нь тасралтгүй авсан гайхамшиг юм. 1992-1999 онуудад  дараалан түрүүлж, 1994 онд арав даван түрүүлж нийт 73 давааг зөвхөн түрүүгээр цуглуулсан билээ. Үүн дээр нэмэгдээд 2000 оны их наадамд долоо давж Б.Гантогтоход элэг бүсээ тайлах хүртэл 80 давааг нийтдээ авч гайхамшигтай амжилт гаргасан юм. Карьерийнхаа турш улсын наадамд 7.72 даваа дундажласан нь мөн л дээд амжилт.


07

Хорлоогийн хүү хоёр ойг эзэгнэв

Дархан аварга Х.Баянмөнх ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор түрүүлж, 60 жилийн ойгоор дахин арван жилийн дараа түрүүлж харьшгүй хүчит бөх болохоо үзүүлэв. Их аварга бас 70 жилийн ойгоор их шөвөгт үлдсэн юм. Түүнээс өөр хоёр арваны зайтай их ойд түрүүлсэн бөх гараагүй юм.


06

Хүүхэд байхдаа төрд түрүүлэв

Та хорин нэгэн настай юу хийж явсан бэ. Их сургуулийн оюутан байсан уу. Дадлага, курсийн ажилдаа дарагдаж явсан уу. Харин 21-хэн насандаа төрийн их баяр наадамд түрүүлсэн онцгой түүхийг мэдэх үү. ХХ зууны цуут бөх алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбат 1963 оны улсын баяр наадамд 21 насандаа (22 нас хараахан хүрээгүй байсан) түрүүлж гайхамшигт нэгэн амжилтыг тогтоов. Үүнээс цаашаа тэр бас завсаргүй таван жил дараалан түрүүлж монгол бөхийн дээд цолонд хүрчээ. 


05

17 настай арслан

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын өсөх идэр шонхор Батжаргалын Лхагвадорж гэдэг хүү өсвөр үеийн насандаа өвдөг шороодож үзээгүй цуутай амжилтыг гаргаж байсан юм. Тэр ер нь монгол бөхийн түүхэнд нэгээр тогтохгүй рекорд тогтоосон залуу л даа. Улсын баяр наадамд гурван жил дараалж хүүхдийн барилдаанд түрүүлээд, дараа жил нь Өвөрхангай аймагтаа шууд найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хамгийн залуудаа хүрсэн юм. Түүний 17 насандаа аймгийн арслан болсон амжилтыг эвдэнэ гэхэд хэцүү л санагддаг юм даа. Тэр бас 14-тэй Дундговь аймгийн Дэрэн сумын баяр наадамд түрүүлж байсан эгэлгүй түүхтэй. 


04

Улсад барилдаж үзээгүй 20 насандаа хүртсэн заан цол

Жигжидийн Мөнхбат аварга төрийн наадамд барилдаж үзээгүй байхдаа улсын заан цолыг хүртсэн нь бараг цаашид давтагдахгүй биз. 1961 оны  Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын тойргийн барилдаанд урамтай сайхан барилдаж шууд улсын заан цолыг хүртсэн түүхтэй. Хэдхэн хоногийн ард их ойдоо ирээдүйн дархан маань аварга заан цолтой зодоглож байсан нь монгол наадмын түүхэнд давтагдаагүй үзэгдэл юм. Мөн түүний 20 насандаа (Хоногоор тооцвол 19 насандаа) хүртсэн заан цол бас л нэгэн рекорд бололтой.


03

Санжаагийн нэгэн дээд амжилт

2011 оны намар монгол бөхийн дэлхийн дээд амжилтад бүртгэх гиннесийн барилдаанд 6016 бөх барилдаж хөлтэй үйл явдал болж байлаа. Энэ том барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаадамба 13 даван түрүүлж, бөхчилсөн барилдаанд ийм даваа авсан анхны бөх болсон юм. Аваргын энэ амжилтыг цаашид эвдэнэ гэхэд бэрх юм. Зохион байгуулалтаас эхлээд амаргүй ажил билээ. 


02

38 хоногийн зайтай даян, дархан аварга

1990 оны оны зун Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ийм нэгэн сод амжилтыг тогтоосон юм. Төрийн их баяр наадамдаа гурав дахиа түрүүлж улсын даян аварга цол хүртээд ер 38 хоногийн ар дээр Хэрлэний Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн их даншиг наадамд дахин түрүүлж дархан аварга цолыг өөрийн нутаг дээр хүртсэн юм. 


01

Домогт аварга долоон цаг барилдав

Эвдэхэд бэрх амжилт шүү. Өнөө үед үндэсний бөхийн дүрмээс шалтгаалж ингэж удаан барилдах боломжгүй болсон. 1940 оны улсын баяр наадмын тавын даваанд залуу арслан Б.Түвдэндорж (урд жил нь улсын баяр наадамд шууд түрүүлсэн) Дэлгэрхээний П.Норовыг амлан авч барилджээ. Хоёр их бяртай эхний өдөр хаялцаагүй тул маргааш нь үргэлжлүүлэн барилдаж ирээдүйн их аварга давсан байна. Нийт долоон цаг барилдсан гэдэг юм. Үндэсний бөхийн барилдаан цагийн тооцооллыг цаашид хийх хэрэгтэй юм даа. 


8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-5
Эх сурвалжаа бичээч хулгайч минь
+5
14 teido sumiin naadamd turuuldeg goyiin te
+13
Сонирхолтой статистик байна. Бат-Эрдэнэ аварга аргагүй босоо бөх юм. Өөрийн үед амьдарч бгаа болохоор сайн мэдрэхгүй юм даа.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start