Саяхан би Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд яриа бор залуутай цуг явлаа. Дөрөв хоног ганцаараа л ярьсан юмсан. Юу яриад байсан нь санаанд алга. Их л цагаан шүдтэй байсан санагдана.
Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ. Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.
Саяхан би Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд яриа бор залуутай цуг явлаа. Дөрөв хоног ганцаараа л ярьсан юмсан. Юу яриад байсан нь санаанд алга. Их л цагаан шүдтэй байсан санагдана.
Том хотын их дэлгүүр балт зөгийн үүр шиг дүнгэнэж , олон давхарын нь өргөн шатаар шаагин зөрөх хүмүүсийн их цуваа үдийн саалийн дараа хонь хурга нийлж байгаа юм шиг олон янзын авиа анир холилдон, өвөрмөц нэгэн зүйл дэлгүүрийн аялгуунд шингэнэ.
Би андынхаа насны ойд өгөх бэлэг авахаар их дэлгүүрийн олон тасгуудаар тэнэж, үүнийг шилж, түүнийг сонжих нь бодын мэдэлтэй болсон хархүү цэргээс ирсэн нөхөртөө бэлэглэх нэгэн сайн залуу морийг аавын буян ,азарга азаргаар адуунаасаа сонгож авах шиг санагдана. Ийнхүү шилсээр хөөрхий нэгэн унтаж байгаа бяцхан унага нь дээр тогтов.
Хээгч гүүний сүү, хээрийн ногоон талыг хорвоо гэж сэтгээд , тэртээ уулын оройн цасыг ирээдүй мэт ойлгон,өвлийн хүйтэн гэгчийг үзээгүй , өлийн ганц даваанд гараагүй тэрхүү нялзрай амьтаны унтаж байгаа дүрс их дэлгүүрийн хамаг гэрлийг өөртөө шингээн товгор малгайнаас ойсон гэрэлт од мэт гялтраад их хайрыг зөгнөж зүүдлэн үүрсэж байна уу? гэлтэй.
Хөөрхөн унагыг худалдан авахаар болж, ногоон довцгийн ботго шиг цовоо цолгин, ааш ялдам худалдагч бүсгүйд хэлбэл, уриалагхан эргэж лангуун дороо нэгийг хайгаад эс олсонд ,үзмэрийн шилэн гүнгэрваанд унтаж байгаа сайхь унаганы үнийн бичгийг авч далд хийх нь явуулын хүнд эцсийн ганц унаагаа харамлахгүй монгол хүний өгөөмөр заншил зүрхэнд зул асааж, миний сэтгэл тэр зулын тос шиг хайлмагтан уядав. Унага хэдийгээр эмийн сангийн шил сав шиг гялалзаж байсан боловч, худалдагч бүсгүй цэвэр самбайгаар нямбайлан арчиж , хайрцгийг нь удтал эрээд олсонгүй. Би “зүгээр, зүгээр” гэж тайвшруулавч , тэр бүсгүй их л буруутай мэт санаа зовниж, “маргааш ирээрэй, би хайрцгийг нь заавал олно” гэж байн байн өгүүлэн, хойноос харсаар үлдэхэд нь хайрцагны төлөө эргэж ирэх нь байтугай, авсан унагаа өөрт нь бэлэглчихмээр санагдаж билээ.
Миний үеийн нэг зураач, өөрийг нь дүрсэндээ гарамгай гэж магтахад их л даруухнаар
- Өө тэр яахав, миний сайных биш. Дүрс чинь цаасан дээр харагдаж байдаг юм. Би тойруулаад л зурчихдаг гэлээ. Үнэн бол “бурхны” авьяастай зураач, худал бол муугүй “зохиолч”.
Өнөө би харилцах утасны дугаар тэмдэглэдэг дэвтрээ нэг шинэчлэв. Алба амины алив хэрэгцээ гарах бүхэнд энэ муу дэвтрээ л сөхөн тусламж эрдэг болохоор нэг ёсондоо хэмжээ хязгааргүй баян агуулахын хаалга гэлтэй. Энэ агуулахын хаалгыг өдөр шөнөгүй татсаар байгаад самбар хавтас нь салмайж, шил нугас нь тасарчээ.
Цагаан толгойн үсгийн дарааллаар хуудсуудыг нь тэмдэглэсэн энэ дэвтэр дүүрсэн байсан хүний нэрс, утасны дугаар хоёр шинэ дэвтэрт хуулж бичих болохоор их хасагддаг юм билээ. Энэ хугацаанд нас барсан хүн ч байх юм, хаанахын хэн болохыг нь бодоод олохгүй нэр ч тааралдах юм. хэн болохыг нь мэдсээр байж “энүүнтэй ч дахиж ярих хэрэг гарагхгүй биз дээ” гэж бодогдох ч хүн байх юм. Агуулахад тооллого хийж, авахыгаа авч хаяхыгаа хаяж байгаатай л адилхан юм биз дээ.
Хүний нэрийг хасаад биччих амархан л юм. Харин “Би бас хэн нэгний дэвтрээс ийнхүү хасагдаж яваа ч болов уу?” гэж бодохоос дотор агзасхийж, богинохон насныхаа нүгэл буян хоёрыг ухаарлын дэнсэн дээр өөрийн эрхгүй тавьдаг юм билээ.
Прощай… Үүнийг би баяртай гэсэн үг хэмээн бодож явсан билээ. Оюутан байхдаа Харьков хотын нэгэн үйлдвэрт дадлага хийж, төмөр зорох суурь машин дээр хэдэн сар ажиллан, энэ хугацаанд өөрийн гэх багаж хэрэгсэл үгүй тул зэрэгцээ ажиллах Света бүсгүйгээс түлхүүр, хусуур, алх зэрэг ойр зуурын багаж хэрэглэдэг байлаа.Түүнээс багаж хэрэглэхэд нэн дуртай, тэр ч байтугай зарим өдөр өөр хүнээс багаж авчихвал гоморхон хагас өдөр дуугарахгүй агаад зорсон зүйлсээ төмөр тэргэнд чирч дайрчих шахан тачигнуулсаар шөнө дундын трамвай шиг өнгөрнө. Маргааш нь очоод багаж гуйвал нөгөө гоморхсоноо огт мартаж орхиод:
- чи хэрэглэх багажаа асуулгүй авч бай л даа хэмээн өглөгийн эзний нүнжигтэй нүдээр тормолзонхон байдагсан. Хааяа багажных нь хайрцгийг хэлэлгүй уудалж байхыг харчихвал “Папался , кто в огород кусался” гэж чанга чанга хашгиран баясч, бусад охидын харааг над руу хандуулан “Энэ надаас багаж авч байна” гэдгийг мэдэгдэх бөгөөд намайг ичиж улайгаасай гэж сэм хүснэ.Огт ичсэн шинжгүй байхад минь урам нь хугарч “Чи тэнэг” гэсэн үг харцанд нь хормын төдий гарч ирээд төдхөн далд орно. Тийн байсаар бид хоёр их л дотно үерхэж ээлжийн ажилгүй өдөр ший бүжгэнд явдаг байжээ.
Тэгж байтал дадлагын хугацаа ч дорхноо дуусч нэг мэдэхэд тэндээс бүрмөсөн явах болжээ. Явах болсноо хэлэхээр Света дээр гүйн хүрвэл ярих юм төдий л эс олдон , одоо ч дахин уулзахгүй бизээ гэж бодохуйяа “Прощай” гэж хэлмээр санагдав. Тэгээд хэлье гэтэл нэг л эвгүй, хоолой зангираад түгдчин байтал Света,
- Чи юм хэлэх гээд байна уу ? гэв. Би уулгамч юм шиг,
- Прощай гэж хэлсэн өөрийнхөө дууг таньсангүй. Света үг ч дуугаралгүй огцом эргэж хутга тохируулдаг бариулаа ууртай дугтарч нарийвчаа зорж эхлэв. Энэ л лав гологдол боллоо гэдгийг би туршлагаасаа мэдэж байлаа. Хутгаа хэт гүнзгий зоосноос хиншүү ханхлан хутга харлаад солонгын өнгөтэй халуун зоргодос п-р-р-р-о хэмээн дугуйрч байснаа щай гэж тэнийлгээд шалан дээр унав.
Прощай… энэ үг бундангийн тамгыг харсаар байтал гилийн тамга болгодог илбэчний гар шиг над руу хараад инээж байсан хонгор бүсгүйн нүүрийг огцомхон эргүүлээд цааш нь харуулчихлаа.
Нэгэн шумуул ирж зүүн гарын нүцгэн бугуйн дээр суув. Цусанд дуртай тэр шунаг амьтныг үзэн ядах ухаан тархинд гялсхийхэд баруун гар бас агаар зүсэн гялсхийж шумуулан дээр буулаа. Тэр өвс шиг амьтны утсан амь зөвхөн салхинд сүйрэх бөгөөтөл тийнхүү өөрийгөө өвдтөл чанга алгадах нь өшөө хонзон буюу.
Хадам ээжийн авдранд хадганд боодолтой ган дөрөө бий. Хэзээний шашин шүтлэггүй, эгэл гүдэсхэн тэрбээр “шалдан банди” дагаж хүрээ бараадахдаа баян эцгийн хөрөнгөөс авч гарсан юм ердөө л энэ ажээ. Хол явах хүний дөрөөг мялаадаг монгол заншил хэзээ гарсныг мэдэхгүй, ганзганд гар хүрэх болонгуут л эмээлийн дөрөө намайг өргөж морины нуруун дээр тавьсныг мэднэ. Тэгээд ч гуяндаа жадны шархтай Спартак зайдан морьтой давхиж буй зургийг багаасаа харж, Македоны Александр төв Азийг дөрөөгүй туулсныг уншаад гайхаад бардаггүйсэн. Хожим мэдэхнээ өнө эртний талын малчинд морин дэл дээр төрсөн ухаан өрнийн хүмүүст их л хожуу ирсэн юм билээ.
Хүү минь зэмлэл хүлээхэд бэлнээ илтгэн уруу царайлна. Нэг л гэм хийж дээ. Тэрбээр чимээгүйхэн газар шагайж зүүн хөлөөрөө баруун хөлөө халхлан зогсоно. Үзвэл өглөө өмссөн шинэ гутлаа хэгз татжээ. Учрыг асуусан чинь гадаа гүйж яваад газарт булагдан ёрдойж байсан төмрийн үзүүр харалгүй өшиглөснөөс тийм явдал болсон гэнэ.
Би зэмлэсэнгүй. Хүний алхам бүхэн тусгай зорилго чиглэлтэй. Тэгээд ч алхах гэж газраас хөндийрсөн хөл нь тушаал авсан цэрэг лүгээ адил “тархи жанжины” тушаасан газар өөд сааралтгүй давшиж замын бартаанд эрсдэхээс айдаггүй байна. Зорьсон зорилготой юм юу юунаас илүү хүчтэй байдаг. Би хүүгээ зэмлэсэнгүй.
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй, торгон савхины түрийд шалигүй нарийдсэн шилбэтэй байжээ. Би завсарлага бүхнээр ангийн хавьцаа эргэлдэж, дараагийн завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудаг сан. Түүний ангийхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө.
Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж нааш цааш мөн л олон гардаг сан. Нэгэн шөнө ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ. Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугархад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно , дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүр ухаарч байлаа. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээж хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглэсэн. Трамплин дээрээс үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах гагцхан найдвар эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд би гадарлаж билээ.
Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзэгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаатай юм шиг яахаа ч мэдэхгүй зогссоор л байлаа…
Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрийн номыг гуйгаад эргүүлэн өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч , багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гүйлдлээ.
Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучин муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт түргэсэн хацар улайж,хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн цаасны голд ““ 10Б- гийн тэнэг” дахиад өгвөл багшид хэлнэ дээ” гэж нямбай нь аргагүй бичээд нэрээ ч тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлдөн явна. Олигтой ч хүүхэн биш л байна. Харин миний муу хуучин цүнх тэгтлээ гологдоод байх эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зөвхөн “ 10Б-гийн тэнэг “ гэдэг нь л үлдэв. Би түүнийг зажилж зажилж залгичихлаа. Дотор ,сэтгэл хоёр адилхан горойж залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган аманд орсоор л байв.
Оройтсон үнээний сүүлч ирээд тосгон даяарын ноход унтахад хэссэн бодол сая цуглаж шинэ гэрийн унь өлгөнө. Хорвоогийн цэнгэлээс дайжин суухуй ухааны мөчир хугачин байж бодлын жимс зулгаана. Шар тохойн цүнхээлд ус цалгихыг сонсонгуут сэтгэлийн загас түгшин бужигнаж, олон сүүлээрээ хэнхдэг балбана.
Насны залууг найрлаж өнгөрөөсөн минь олон ямаатай айлын хаяа бараадаж явсан мэт дээвэр туурганд халтай байжээ. Цагаан сарын боов хийх гэж байгаа юм шиг өчүүхэн тархийг хичнээн талхивч ховоо дундуур ирэхийг үзээд худгйн ундарга холдож байгааг мэднэ. Тэгэвч шар тохойн төгөлд болсон жимс өөрөө унаж хагарахыг үл үзнэ. Болсныг нь өдөр ажаагүй юм чинь унахыг нь шөнө яаж ч мэдэх вэ дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.