Морин уралдааны түүхэн арван дээд амжилт
Монголчуудын хувьд адуу стратегийн зэвсэг байсан гэж үг бий. Оргүй ч үг биш болов уу. Дэлхийн том дайн хийхэд тэдэнд ганц давуу тал нь морь л байсан юм шиг санагддаг. Адууны энэ үүрэг яваандаа өөрчлөгджээ. Сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд улсын баяр наадамд зургаан насны морь уралдаж заншсан байна.
Зөвхөн улсын баяр наадмын амжилтыг харгалзан үзэж үнэмлэхүй арван үзүүлэлтийг уншигчиддаа хүргэж байна.
10
Амгалан төрийн ажнай шарга
Хоёр зуун дамжин хурдалж, морин уралдааны түүхэн дээд амжилт тогтоосон нэгэн гайхамшигт хурдан азарганы эрин үед бид бүхэн амьдарч байна. Тогоруу удамтай, тод манлай Э.Эрдэнэчулууны унаган энэ түмэн эх шүдлэн, соёолон, нийлсэн насандаа дөрвөн удаа, нийт зургаан удаа түрүүлж үнэмлэхүй дээд амжилтыг тогтоосон юм. Мөн хязааландаа, болон нийлсэн хойноо нэг айрагдаж төрийн их наадмын наймын медалийг зүүсэн аварга хүлэг болой. Б.Наранхүүгийн хурдан шаргад их хурдын түрүү, айраг гэсэн бас нэгэн эгэлгүй амжилт байгаа.
09
21 жилийн завсаргүй айраг
Өнгөрсөн зууны болон энэ үеийн их уяач Дамбадаржаагийн Онон анх 1989 оны улсын баяр наадамд зээрд халзан их нас аман хүзүүдүүлж наадмаа эхлэсэн юм. Их уяач 1998 онд өлгөр ухаа үрээгээ төрийн наадамд түрүүлгэсэн цагаас эхлэн өнөөг хүртэл завсаргүй улсын баяр наадамд морь айрагдуулж түрүүлж байна. Их уяачийн нэрээр болон уясан, зөвлөсөн, гал уяанаас нь айрагдсан амжилтыг оруулахад ийм үр дүн гарна.
08
Нэгэн наадмаас арван нэгэн медаль
1985 онд тод манлай уяач Данзаннямын Даваахүүд морины цагаан хийморь буусан жил байлаа. Тэр жил ХХ зууны манлай уяач маань тойруулгын морьдыг уяж, аавынхаа алдарт ажнай хүрэн азаргыг айрагдуулсан. Гурван азарга (Солонго цавьдар түрүүлж, ажнай, алтангадас айрагдсан), их морь айрагдаж, гурван соёолон айрагдаж түрүүлсэн байна. Хязаалан, шүдлэн, хоёр даага айрагдуулж урамтай сайхан нааджээ. Зургаан насны морь уралдаж байх үеийн дээд амжилт нь энэ юм.
07
Адууны хаан азарга, азарганы хаан Даваахүү
Монгол улсын тод манлай уяач, хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү өөрийн уясан болон зөвлөсөн уяанаас азаргыг 14 удаа түрүүлгэж үнэмлэхүй дээд амжилтыг тогтоожээ. Ажнай хүрэн гурав, Солонго цавьдар хоёр, Тогоруу хоёр, Алтангадас, Өндөрзул, Цолмон халтар, У.Буяндэлгэрийн гуулин, Цэнгэлийн саарал, Г.Батхүүгийн толин хул, Наран хонгор зэрэг аваргууд энэ их хүлэгчийн шон дээрээс мордож алтан тэлүүр магнайгаа айраг цагаагаар мялаалгаж байсан юм.
06
Аварга зээрдийн аварга амжилт
ХХ зууны манлай түмэн эх их морь бол Сэрээнямын Банзрагчийн Аварга зээрд юм. Богдын их сүргийн алаг хэмээгч аварга морины дараа орох хамгийн өндөр амжилтыг Баянцагааны энэ хүлэг гаргажээ. Бага насандаа Мааньтын агтанд илгээсэн ч унаган нутагтаа гүйн ирж хэдэн эзэн дамжаад эцэст нь төрийн баяр наадамд уралдсаар зард гарсан юм. Улсын баяр наадамд найман удаа ирж уралдахдаа бүгдэд нь айрагдаж түрүүлж, 1961, 1971 онуудад буюу ардын хувьсгалын хоёр түүхт ойд түрүүлж айрагдан бас нэгэн ховор амжилтыг гаргасан юм.
05
Дарвийн Түвдэнгийн даамай амжилт
Монгол улсын анхны арван алдарт уяачийн нэг Дамдинхүүгийн Түвдэн Ховд аймгийн Дарви суманд төржээ. Улаанбаатар хотын Партизанд суурьшиж хүлгийн дээд хурдлуулсаар нэрд гарчээ. Их уяач 1981 онд ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн баяр наадамд гурван түрүү авч хосгүй амжилт харуулав. Тэгш ойд ийм олон түрүү авсан уяач үгүй бөгөөд манлай уяач Д.Түвдэн л 60 жилийн ойгоор хээр алаг их нас, соёолон хээр үрээ, хязаалан хээр үрээ нь тус тус түрүүлжээ.
04
Засаг төрийн зандан ширээ
ХХ зууны аварга түмэн эх Жамцын Шийтэрийн цавьдар азарганд төрөөс засаг төрийн зандан ширээ хэмээх цолыг олгосон юм. Юуны учир энэ хүлэгт ийм хосгүй цолыг өгөв?
Төв аймгийн Баян сумаас төрсөн аварга түмэн эх улсын баяр наадамд долоо уралдахдаа дөрөв түрүүлж, гурав аман хүзүүджээ. Төрийн наадамд ид үедээ ийм олон, бас зөвхөн түрүү аман хүзүүнээс өөр байрт давхиж байсан хүлэг үгүй юм.
03
Түмний эх галын тод амжилт
2015 оны гантай зунаар тод манлай уяач Д.Ононгийн гал уяа, тод манлай уяач Д.Ганбаатар нар хамт морьдоо уясан юм. 9 нас уралдаж эхэлсэн цагаас хамгийн өндөр амжилтыг энэ гал уяа гаргажээ. Таван түрүү олон айргийг Түмний эх галынхан хүртэв. Энд Д.Ганбаатарын зээрд соёолон, Ө.Пүрэвбаатарын загал хязаалан, эрлийз дээд насанд Д.Жамъяаны халиун, дунд насанд О.Батбилэгийн үзмэн бор, бага насанд Ө.Пүрэвбаатарын бор халзан тус тус түрүүлжээ.
02
Морины олимпийн хоёр түрүү
2004 оны Их хурд уралдаанд Эрдэнэбатын Эрдэнэчулуун манлай хоёр түрүү авч нэгэн гайхамшигт амжилтыг үзүүлсэн. Амгалан төрийн ажнай шарга азарганд, Б.Эрдэнэгэрэлийн хүрэн халзан их насанд түрүүлж, энэ хоёрыг нэг унаач унаж уралдсан түүхтэй. Их хурд уралдаан ирэх 2019 онд найм дахь удаагаа зохиогдоно. Өмнөх долоон их хурдад ийм луугар амжилт үзүүлсэн уяач хараахан гараагүй байна.
01
Бага насандаа гурван түрүү
Төв аймгийн Жаргалант сумын уяач Цонхлонгийн Чойжамц өнгөрсөн зууны 60-аад оны сүүлчээр мундаг нааджээ. Нэгэн эрлийз цагаан гүүний үр гурван хээр адууг төрийн их баяр наадамд дараалан айрагдаж түрүүлгэв. Түүний их хээр гэгч хурдан хүлэг нь шүдлэн, хязаалан, соёолондоо төрийн их наадамд дараалан түрүүлж гоц амжилтыг гаргажээ. Түүнээс өөр бага гурван насандаа төрд түрүүлсан аргамаг үгүй юм. Их хээр 1971 онд хамгийн сүүлд төрийн наадамд түрүүлжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.