Арав.мн

Чарльз Дарвины тухай сонирхолтой баримтууд

Чарльз Дарвины тухай сонирхолтой баримтууд

  • Авраам Линкольнтой нэг өдөр буюу 1809 оны хоёрдугаар сарын 12-нд төрсөн.
  • 12 настайдаа бичсэн захидалдаа сард ганц удаа хөлөө угаадаг тухайгаа өгүүлжээ. Чарльз хүүгийн гомдоллосноор гэрт нь ариун цэвэр сахих боломж тун хомс байж.
  • Эцэг Роберт нь хүүдээ ихэд сэтгэл дундуур байдаг байв. Хүүгээ бүтэлгүй нэгэн гэж боддог байсан эмч мэргэжилтэй Роберт Дарвин залуу Чарльзийг анагаах ухаанаар сургахаар Эдинбургийн их сургуульд элсүүлсэн аж. Эмч болох сонирхолгүй нь тодорхой болж сургуулиа орхисных нь дараа Роберт ирээдүйн их эрдэмтнийг гэр бүлийнхээ шившиг гэх болжээ. Дарвиныг сонирхолгүйдээ биш, харин цус харж чаддаггүйгээс эмч болохыг хүсээгүй гэх яриа бий.
  • Далай тэнгисээр аялахыг огт таашаадаггүй байв. Хөлөг онгоц, завиар аялах бүрт дотор нь муухайрч, бөөлждөг байсан гэдэг.
  • Алдрын оргилд хүргэсэн судалгааных нь гол түшиц газар болох Галапагосын арлуудад хүргэсэн хөлөг онгоцонд дөнгөж л амжиж суужээ. Ахмад Роберт Фицроин Өмнөд Америк тийш авч явахыг хүссэн судалгааны хамтрагч нь анхандаа Чарльз Дарвин байгаагүй аж. Харин ашгүй нэг явах болоход эцэг нь хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзжээ. Азаар авга ах нь аавыг нь ятгаснаар залуу эрдэмтэн судалгааны ажилд явахаар болж. 22 настай Чарльзийг эцгээсээ зөвшөөрөл хүсэж байх зуур ахмад Фицрои судалгааны ажлыг танилдаа санал болгосон ч цаадах нь Дарвиныг хоцорч ирэхээс ердөө хормын өмнө татгалзсан гэдэг. Ахмад, залуу судлаач хоёр бүтэн долоо хоног санал солилцсоны эцэст “Зүйлүүдийн үүсэл” хэмээх алдарт бүтээл мэндлэхийн эхийг тавьсан урт аялал эхэлсэн түүхтэй.
  • Залуу Дарвин гэрлэлтээс айдаг байв. Идэр ахуйнх нь тэмдэглэлд “Эхнэр аймшигтай. Гэхдээ нохойтой амьдрахаас арай дээр байх” гэх үгс бий.
  • Амьдралдаа авсан төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг нь уул. 25 насных нь төрсөн өдрөөр буюу 1834 оны хоёрдугаар сарын 12-нд Тиерра дел Фуэгогийн хамгийн өндөр уулыг ахмад Фицрои Дарвин уул хэмээн нэрийджээ.
  • Дарвин нэртэй гурван уул бий. Калифорни, Тасмани, Антарктидад.
  • Олны хандлагаас эмээж байсан учир хувьслын талаарх үзэл бодлоо хэвлэмэл бүтээл болгож, нийтэд хүргэлгүй 20 гаруй жил болжээ.
  • 1850-иад оны сүүлээр Британийн натуралист Альфред Рассел Уоллес эволюцийн талаар өөрийнхтэй нь төстэй судалгааны ажил хийж буйг мэдсэн нь “Зүйлүүдийн үүсэл” бүтээлээ яаравчлахад хүргэжээ. Лондоны Линнин нийгэмлэгийн эрдэмтэд мань хоёрыг анхдагчийн алдар булаацалдана гэсэндээ хоёр эрдэмтний ажилтай 1858 оны долдугаар сард нэгэн зэрэг танилцсан аж. Судалгааны ажил нь илүү нарийвчлалтай байсан тул Дарвин эрдэмтдийн анхаарлыг илүү татаж, үнэлгээ нь ч өсчээ.
  • Уоллес, Дарвин нарын судалгааны ажил анхандаа хэний ч анхаарлыг татаагүй гэдэг. Линнин нийгэмлэгийн 1859 оны тавдугаар сарын тэмдэглэлд “Өнгөрөгч онд нэг ч нээлт, үр дүнтэй судалгааны ажил гарсангүй” гэж онцолсон байдаг аж.
  • Онол нь түгэхээс өмнө ихэнх хүн амьтан, ургамлыг хувиршгүй, мөнхийн нэг л янзаар байдаг гэдэгт итгэдэг байв.
  • Үеэлтэйгээ гэрлэж 10 хүүхдийн эцэг болсон. Хоёр нь нярай байхдаа, нэг нь 10 настайдаа нас барсан. Амьдралынхаа ихэнх хугацаанд христийн шашинтан байсан ч насныхаа эцэст өөрийгөө шашингүйн үзэлтэн гэх болсон нь хүүхдүүдээ алдсантай нь холбоотой гэх таамаг бий.
  • Судалгааных нь ажилтай нь холбоотойн дээр амьдралынхаа туршлагад үндэслэн 1871 оны Их Британийн хүн амын тооллогод ойрын цусан төрөлтнүүд, тэр дундаа үеэл, хаяалуудын гэрлэлтийн талаар асуулга оруулах санал дэвшүүлсэн ч няцаагджээ. Хатан хаан Виктория өөрийн үеэл болох Алберьт ханхүүтэй гэрлээд байсан тул түүний саналыг төрд тэрсэлсэн гэж үзсэн байна. 

8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


тэрээр бас цагаан хоолтон байсан гэж сонссон юм байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start