Арав.мн

Альберт Эйнштейний тухай хачирхалтай 10 баримт

Альберт Эйнштейний тухай хачирхалтай 10 баримт

Орчин цагийн аугаа эрдэмтдийн нэг, онолын физикч Альберт Эйнштейн олон талаар жир биш хүн байлаа. Түүний амьдралтай холбоотой сонирхолтой 10 баримтыг хүргэе.


10

Эйнштейн том толгойтой, тарган хүүхэд байв

Альберт Эйнштейний ээж Полин Эйнштейн хүүгээ анх хараад жигтэй том толгойг нь эрүүл бус хүүхдийн шинж байна гэж бодсондоо ихэд цочирдож, сэтгэлээр унажээ. Харин хэдэн долоо хоногийн дараа толгой нь яльгүй жижгэрч, ердийн хүүхдийнх шиг харагдах болсон байна. Нярай хүүг эмээ нь анх хараад “Яасан муухай тарган хүүхэд вэ” хэмээн дуу алдаж, бас л голж байж. Харин Альберт хүү үеийнхнээсээ удаан, дэндүү амгалан байсныг эс тооцвол энгийн хүүхэд шиг өсөж торнижээ.


09

Гоц ухаантнууд хожуу хэлд ордог уу?

Дөрвөн нас хүртлээ нэг ч үг хэлээгүй бяцхан Альберт хэлд орсныхоо дараа ч дуу цөөтэй байв. Тэрбээр бараг есөн нас хүртлээ хэлэх зүйлээ амандаа бувтнадаг, удаан бодож бодож ганц үг зөөж ядан хэлдэг хүүхэд байлаа. Эцэг эх нь түүнийг чөлөөтэй ярьдаг болтол нь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй байх гэж санаа зовдог байж. Ирээдүйн их эрдэмтэн гэрийнхнийхээ дэргэд анх удаа чанга дуугарахдаа “Их халуун шөл байна” гэж хэлсэн агаад ээжийгээ “Урьд нь яагаад ингэж чанга ярьдаггүй байсан юм бэ?” гэж асуухад “Урьд нь бүх зүйл зүгээр байсан шүү дээ” гэж хариулсан гэдэг. Томас Новел хэмээх эрдэмтэн Эйнштейнээс гадна олон суут хүн хожуу хэлд орсныг тогтоосон бөгөөд тэрбээр энэ үзэгдлийг “Эйнштейний хам шинж” хэмээн нэрлэсэн байна.


08

“Танин мэдэхүй гайхахаас эхэлнэ”

Таван настай Эйнштейнийг хүнд өвдөж, хэвтрийн дэглэм сахиж байх үед аав нь хүүдээ халаасны жижигхэн луужин үзүүлжээ. Үргэлж зөв чигийг заагч луужингийн зүү бяцхан Эйнштейнийг гайхшруулж, сонирхлыг нь ихэд татсан бөгөөд тэр цагаас хойш Альберт юм бүхний учрыг мэдэх гэж чармайх болсон гэдэг. Нэртэй эрдэмтэн болсон хойноо ч Эйнштейн анх харсан гайхамшиг болох мөнөөх луужингаа нэг бус удаа дурссан байдаг.


07

Суутнууд ч шалгалтандаа бүдэрдэг

1895 онд 17 настай Альберт Швейцарийн Холбооны политехникийн дээд сургуулийн элсэлтийн шалгалтандаа хангалттай дүн авч чадаагүй байна. Хэдийгээр математик, шинжлэх ухааны сорилыг нь сайн давсан ч түүх, газарзүй, гадаад хэл дээрээ бараг нэг ч оноо аваагүй тэрбээр харин яг жилийн дараа дахин шалгалт өгч, тэнцжээ. 


06

Эйнштейний хууль бус хүүхэд

Эйнштейн 1903 онд өөрийн шавь Милева Маричтай гэрлэжээ. Харин тэд хууль ёсны эхнэр, нөхөр болохоосоо өмнө Лисерл хэмээх охинтой байсан нь 1980-аад оны эхээр олдож, анх удаа олон нийтэд ил болсон Эйнштейний захидлуудад тэмдэглэсэн байлаа. Гэсэн ч тэрхүү хүүхэдтэй холбоотой ямар нэг баримт бүртгэл өнөө ч байхгүй бөгөөд тухайн үед Бернд байсан Эйнштейн ч ууган охиноо хараагүй бололтой. Лисерл 1903 оны есдүгээр сард улаан бурхнаар өөд болсон гэх яриа бий ч гэрлэлтээ хараахан батлуулаагүй байсан залуу хос хууль бус хүүхдээ үрчлүүлсэн гэх таамаг нь илүү үнэний хувьтай юм. Эйнштейн хамгийн сүүлд 1903 оны есдүгээр сарын 19-нд Лисерлийн тухай захидалдаа дурдсан байв. 


05

Хачин гэрээ

Эйнштейн, Милева хоёр гэрлээд Ханс Альберт, Эдуард хэмээх хоёр хүүтэй болжээ. Харин бага хүүгээ төрснөөс удсан ч үгүй тэдний харьцаа муудаж, хөндлөнгийн улс шиг болсон байна. Эхнэртэйгээ хэл амаа олох гэж удаан хичээсэн Эйнштейн “Дараах нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд л чамтай хамт амьдарна” хэмээгээд нэгэн хачин гэрээг Милева руу илгээжээ. Уг гэрээнд:

-Миний хувцас эмх цэгцтэй байх ёстой

-Өдрийн гурван хоолоо би өрөөндөө иднэ

-Ажлын болон унтлагын өрөө маань үргэлж нам гүм байх ёстой

-Миний бичгийн ширээнд хэн ч гар хүрч болохгүй

-Улс, нийгмийн чухал асуудал л биш бол чи надад олон зүйл ярьж болохгүй. Хувийн жаргал, зовлонг чинь би сонсохгүй.

-Намайг хэзээ боль гэнэ, тэр үед чи чимээгүй болох ёстой гэх зэрэг нөхцөлүүдийг дурджээ. Милева эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Эйнштейн дараагийн захидалдаа эхнэртээ дахин анхааруулсан нь: “Энэ бүхэн ирээдүйд ч хүчин төгөлдөр байна гэж найдъя. Бидний хувьд ингээд хувийн аар саархан асуудал үгүй боллоо. Үүний хариуд би чамайг аль чадахаараа бусад эмэгтэйгээс ялгах болно”. 


04

Эйнштейн ганцхан эхнэртэйгээ ч таарамжгүй байсангүй

Эцэг эхээ холдож хөндийрсний дараа ууган хүү Ханс Альберт нь гэр бүлийнхээ таагүй уур амьсгалд аавыгаа буруутгах болж, эцэг хүү хоёрын харилцаа ч мөн таарамжгүй болжээ. Эйнштейнийг Нобелийн шагнал хүртэж, улам алдартай болсны дараа тэд бие биеэ бүр үзэж чадахаа больж, Фрида Кнеш хэмээх эмэгтэйтэй гэрлэхийг хүссэн хүүгээ Эйнштейн гэр бүлийнхээ тооноос бараг хасах шахсан байна. Аргаа барьсан эцэг нь хүүдээ “Нэгэнт чи миний үгнээс зөрж наад хүүхэнтэйгээ гэрлэсэн болохоор одоо надад битгий хүүхэдтэй болоорой гэж хүсэхээс өөр гуйлт үлдсэнгүй. Хэрэв хүүхэдтэй болчихвол хожим гэрлэлтээ цуцлуулж чадахгүй шүү” хэмээн бичсэн байдаг. Эйнштейн өөд болохдоо өв хөрөнгийнхөө ердөө өчүүхэн хэсгийг ууган хүүдээ үлдээжээ. 


03

Хүүхэмсэг эрдэмтэн

Авааль гэргий Милевагаасаа салсан жилээ Эйнштейн үеэл дүү Элса Ловенталтайгаа гэрлэжээ. Харин өвгөн эрдэмтэн анхандаа Элсагийн охин, өөрөөсөө 18 насаар дүү Илсэтэй гэрлэхийг хүссэн ч Эйнштейнийг аав шигээ санадаг залуу бүсгүй түүнд татгалзсан хариу өгсөн байна. Хэцүү зантай Милеваг бодвол Элса алдартай нөхрөө яаж халамжлахаа сайн мэддэг байв. Нэлээд хожим ил болсон Эйнштейний янаг амрагийн явдлуудыг ч Элса бараг ганцаараа шахам мэддэг байжээ. Эйнштейнтэй нэр холбогдож явсан бүсгүйчүүдийн дунд жүжигчин Этель, Оросын тагнуулч эмэгтэй Маргарита, гоо бүсгүй Тони нарын олны танил эмэгтэйчүүд, Элсагийн нарийн бичгийн дарга Бетти нарын ойрын хүрээнийхэн нь ч байлаа. Мөн Л, М зэрэг нууцлаг эмэгтэйчүүд ч түүнд байжээ. 

Гэхдээ Эйнштейн хүүхэмсэг байлаа гээд зөвхөн царайлаг хүүхнүүдийг таалдаггүй байж. Түүний үед царайлаг сайхнаараа шагшигдсан Америкийн нэгэн жүжигчин бүсгүй их эрдэмтэнд “Хоёулаа гэрлэх хэрэгтэй. Тэгвэл бид над шиг хөөрхөн, тан шиг ухаантай хүүхдүүдтэй болно шүү дээ” гэж захиа илгээсэнд Эйнштейн “Тан шиг хөөрхөн бүсгүйтэй гэрлэхээс би татгалзахгүй ээ. Харин хүүхдүүд маань над шиг царай муутай, тан шиг тэнэг болчихвол яана” гэсэн хариу илгээсэн байдаг. 


02

Түүнийг оршуулж болохгүй

Удаан өвдөж шаналсан Эйнштейн 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Нью Жерси мужийн Принстон хотод өөд болжээ. Өөрийнх нь гэрээс ёсоор сүр дуулиантай оршуулга болоогүй бөгөөд өдгөө түүний нэртэй булшны чулуу, ямар нэг тэмдэг ч байхгүй юм. Онолын их физикчийн шарилыг чандарлаж,  чандрыг нь гэрийнх нь ойролцоох гол руу цацсан байна. Энэ нь ойр дотнынхных нь сэтгэлд ч яв цав нийцэж. Тэдний хэн нь ч хүн төрөлхтний түүхэн дэх аугаа суутнуудын нэгийг хүйтэн хөрсөнд булахыг хүсээгүй байна.


01

Тархийг нь ч гэсэн

Чандарлахаас нь өмнө Эйнштейнд задлан шинжилгээ хийсэн Принстоны эмнэлгийн их эмч Томас Столз Харви түүний тархийг хэний ч зөвшөөрөлгүйгээр гэртээ аваачин, шилэн саванд хийжээ. Гоц ухаант тархийг ёс горимоор нь “оршуулахаас” татгалзсан түүнийг удалгүй ажлаас нь халсан байна. Олон жилийн дараа Ханс Альбертаас эцгийнх нь тархийг шинжлэх зөвшөөрөл авсан Харви Эйнштейний тархийг хэдэн хэсэг болгоод дэлхийн өнцөг булан бүр тийш, аль л  шилдэг гэсэн эрдэмтдэд илгээжээ. Харин өөрт үлдсэн хэсгээ бүтэн 43 жил хадгалсны эцэст 1998 онд 85 настайдаа Принстоны дээд сургуулийн багш доктор Эллиот Крауст шилжүүлсэн байна. Өдгөө Краус эмчийн хамгийн үнэтэй хөрөнгө нь Эйнштейний тархи бөгөөд хачирхалтай нь түүний тархи энгийн хүнийхээс бараг ялгагдах юмгүй гэнэ. 


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


1 л жоохон эвгүй байлаа шүү 2
+1
Баярлалаа би энштейнээр хөрөг найруулал хийсэн олон зүйлийг мэдлээ
Эвгүй байлаа
Хөөх ямар сонирхолтой юм бэ .
+2
INSPURAISION is soooooo much more than anything but is einstein is dead at 76. It is a bit sad
+1
ОМG
+12
Эйнштены талаар ер нь юу ч мэддэггvй бсан гэдгээ мэдлээ. Орчуулга найруулга сайтай сонирхолтой мэдээлэл байлаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start