Арав.мн

Айзек Азимовын зөгнөлүүд

Айзек Азимовын зөгнөлүүд

Уран зөгнөлт утга зохиолын алтан үеэс төрсөн гурван “аварга” сэтгэгчийн нэг, Америкийн эрдэмтэн, биохимич, зохиолч Айзек Азимов 54 жилийн өмнө буюу 1964 онд “The New York Times” сонинд “2014 оны дэлхийн ертөнцөөр аялах нь” хэмээх нийтлэл хэвлүүлж, тухайн үедээ багагүй шуугиан дэгдээжээ. Голдуу уран сэтгэмжит зохиол бүтээлээс бүрдэх 500 гаруй ном, танин мэдэхүйн мянгаад нийтлэл, судалгааны бүтээл үлдээсэн Азимовын хувьд ирээдүйн талаар эргэцүүлнэ гэдэг үндсэн ажил нь байлаа. Харин дээрх дуулиантай нийтлэлдээ дурдсан түүний зөгнөлүүд биелсэн үү? Тэрээр үндсэн ажлаа хэр сайн гүйцэтгэв?


03

Оносон нь

“2014 он гэхэд электрон гэрлэн хавтангууд энгийн хэрэглээ болно”. 

Хавтан гэдэг үг таныг төөрөгдүүлж мэднэ. Гэхдээ өнөө цагийн хавтгай дэлгэцтэй зурагт, зар сурталчилгааны самбар мөнөөх электрон гэрэл хавтан биеллээ олсны хамгийн тод жишээ юм. 

“Цахилгаан хэрэгслүүд хөгжиж, хүнийг хүнд хүчир ажлаас чөлөөлнө”.

Тайлбарлалтгүй үнэн.

“Харилцаа холбоо зөвхөн яриагаар хязгаарлагдахгүй. Ярилцах хүнийхээ дүр төрхийг хардаг болно”. 

“Skype”, “Google Hangout”, “Face time”, “Viber”, “Yahoo messenger”... Азимовын таамаг биелснийг нотлох харилцааны иймэрхүү хэрэгсэл цааш нь хэдийг ч нэрлэж болно. 

“Ярилцах хүнээ харах дэлгэцийг харилцаа холбооноос гадна бичиг баримт, гэрэл зураг харах, ном унших зэрэгт ашигладаг болно”.

Компьютер, таблет, ухаалаг утасны эрин айсуйг зохиогч мэдэж байжээ. 

“Робот нийтийн хэрэглээ болоогүй, сайн хөгжөөгүй байна. Гэхдээ эрдэмтэд олон төрлийн робот бүтээсэн байна”. 

Ухаалаг, цахим хэрэгсэл бүрийг робот гэж үзвэл энэ нь зайлбаргүй биелсэн таамаг юм. Робот үйлчлэгч, робот найз одоогоор бидэнд алга. Гэхдээ бүжиглэж, дуулдаг, хүний хэл яриаг дууриадаг, тэр бүү хэл заавар тушаал биелүүлдэг роботыг эрдэмтэд зохион бүтээгээд байна. 


02

Дөхүүлсэн нь

“Гал тогооны хэрэгслүүд автоматаар хоол унд хийдэг болно. Ус буцалгах, кофе чанах, талх барих, өндөг шарах зэргийг ганц товчлуур дараад л шийднэ”.

Кофе чанагч, талх баригч зэрэг бидний ажлыг хөнгөвчилсөн гал тогооны хэрэгсэл олноороо бий болсон. Гэхдээ ганц товчлуур дараад өглөөний ундаа бэлэн болгох цаг арай ирээгүй байна. 

“Хана, тааз гэрэлтдэг болж, гэр орныхоо өнгө, заслыг хүссэнээрээ хялбархан өөрчилдөг болно”. 

Хананд хүрээ үүсгэн, гэрэл тогтоож олон өнгөөр гэрэлтүүлэх технологи одоо бий болсон. Гэхдээ хараахан түгээмэл дэлгэрээгүй байна. 

“Дэлхийн хүн ам 6.5 тэрбумд болно”.


Маш дөхсөн тооцоо. Дэлхийн хүн ам одоо 7.2 тэрбумд хүрчихээд буй.

“Хүн машин техникээс бүрэн хараат болно. Сургуульд зөвхөн техник технологи л заадаг болно”. 

Технологийн шинжлэх ухаан хүн төрөлхтнийг өөрчилсөн нь үнэн. Гэхдээ бид одоогоор техник технологиос бүрэн хараат болчихоогүй байна.


01

Зөрсөн нь

“Бүх хэрэглээний төхөөрөмж цахилгааны утасгүй болж, урт удаан хугацаанд цэнэгээ барьдаг болно”. 

Элдвийн залгавар, орооцолдсон урт утаснаас бид салаагүй л байна.  

“Компьютерийн технологи бүх хичээлийн үндэс болсноор хүүхэд, залуус энгийн үед ч компьютерийн үг хэллэг ашигладаг болно”. 

Залуусын хэл яриа одоохондоо арай ч харь гаригийнх шиг болоогүй байна. Компьютерийн технологи ч гэсэн дэлхий нийтийн суурь боловсролын хөтөлбөрт олон жилийн дараа л багтах болов уу.  

“Албадан амралт эдлэгчдийн зав чөлөөтэй нийгэм бий болж, ажил хөдөлмөр гэдэг үг үгсийн сан дахь хамгийн харь, бага хэрэглэгддэг, үнэ цэнтэй үг болно. Энэ нь залхууралтай холбоогүй. Ердөө хүн төрөлхтний үсрэнгүй хөгжил дэвшил ихэнх хүнийг хийх ажилгүй болгоно”.  

Тийм цаг даанч хол байна. 


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


ali orond baigaagaas shaltgaalah baih gehdee bugd bielchihsen ornuud baina aa
humrug geed nomiig nunshij bsan yrgeljil n olddoggyi eeee. tuslaach
+3
Гэхдээ л аймаар хэлжээ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start