Арав.мн

“Цаг өөрчлөгч”-ийн тухай 10 баримт

“Цаг өөрчлөгч”-ийн тухай 10 баримт

Өдрийн гэрлийг ашиглахын тулд дэлхий нийт цагийг өөрсдийнхөөрөө урагшлуулж, хойшлуулдаг болсноос хойш 102 жил өнгөрчээ. Харин энэхүү “зан үйл”-ийг олон оронд мөрддөг болоход голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь жирийн нэг англи барилгачин юм. 


10

Эгэл жирийн ажилчин

Тэрбээр Лондоны зүүн өмнөд захад байх Чизлхерст хотод амьдардаг, хөрөнгө чинээний хувьд дундаж давхаргад хамаарах, эцгийгээ даган байшин барьж, хувийн жижигхэн компанитай болсон эгэл жирийн ажилчин байлаа. 

Гэхдээ түүний уйгагүй ухуулга, хичээл зүтгэл байгаагүй сэн бол өдгөө дэлхий дахины дөрөвний нэг хэсэг нь буюу ойролцоогоор хоёр тэрбум хүн өдрийн гэрэл ашиглах цагийн хуваарьт шилждэггүй байх байв.

Энэ хүний нэрийг Уильям Уиллет (William Willett) гэнэ. Тэрбээр адуу малд дуртай, өглөө эрт болон үдэш орой морь унах дуртай байж. Харин 1905 оны зуны нэг өглөө морьтойгоо хотын захын хороолол дундуур давхиж яваад айлуудын цонх битүү байгааг, олонх нь нар халхлан хамаг хөшгөө хаасан байхыг хараад нар наашилж, өдөр уртсах үед цаг түлхвэл нарны гэрлийг илүү удаан ашиглаж болох нь гэсэн санаа олжээ.


09

Санаачилга гаргасан анхны хүн биш

Уиллет энэ талаар санаачилга гаргасан анхны хүн биш юм. Эртний соёл иргэншилт олон улс гүрэнд улирлын онцлогоос шалтгаалан цагийг нааш, цааш болгон өөрчилж байсан тохиолдол олон. Тухайлбал, эртний Ромд нэг цагийг өвлийн улиралд 44 минут, харин урин дулаан цагт 75 минутаар тооцдог байжээ. Шинэ Зеландын эрдэмтэн Жорж Хадсон зуны улиралд цагийг бүтэн хоёр цагаар түлхэх тухай санал дэвшүүлж, тойрон хүрээлэгчдийнхээ хамт 1895 онд бүр хөдөлгөөн өрнүүлсэн ч албаны хүмүүсээр тодорхой шийдвэр гаргуулж чадаагүй байна. Харин энэ явдлаас зургаан жилийн дараа Британийн хаан VII Эдуард өдрийн уртад ан хийх хугацаагаа уртасгахын тулд цагийг 30 минутаар ухрааж байж.


08

“Өдрийн гэрлийг дэмий үрж байна”

Гэхдээ зөвхөн орон нутагтаа үйлчилж асан цагийн иймэрхүү өөрчлөлтийг юуны учир бөмбөрцгийн хойд хагаст орших улс орнууд жил бүр мөрдөх ёстой талаар, тэр нь жирийн иргэдэд төдийгүй улс орны эдийн засагт хэчнээн үр өгөөжтэй тухай анх удаа тайлбарлаж, өргөн хүрээнд ухуулга сурталчилгаа хийсэн хүн нь Уильям Уиллет юм.

Тэрбээр 1907 он гэхэд “Өдрийн гэрлийг дэмий үрж байна” гэсэн гарчигтай мэдээ бүхий ухуулах хуудсыг өөрийнхөө зардлаар хэвлүүлж хэдэн мянгаар нь тараагаад байлаа. Түүний дэвшүүлсэн саналаар бол жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр цагийг нэг цаг, хорин минутаар хойшлуулж, есдүгээр сард буцаан урагшлуулбал хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт ажилладаг хүмүүс нар жаргахаас өмнө илүү их ажил амжуулахаас гадна жирийн иргэд ч гэрэл цахилгааны мөнгө хэмнэх байв.


07

Тэмцэл

Олон хүн Уиллетийн саналыг дэмжсэний дотор тухайн цагийн Английн нэртэй улстөрч, хожмын Ерөнхий сайд Дэвид Лойд Жорж, олон нийтэд хараахан танигдаж амжаагүй байсан залуу Уинстон Черчилль, “Шерлок Холмс”-ын зохиолч Артур Конан Дойл нарын онцгой эрхмүүд байжээ. 

Харин цаг өөрчлөхийг эсэргүүцэгчдийн эгнээг шийдвэр гаргах эрх мэдэл бүхий улстөрчид голдуу дээд зиндааныхан бүрдүүлж байв. Зуны болон өвлийн цагийн хуваарьтай болох тухай хуулийн төслийг Британийн парламентад анх 1909 онд хэлэлцсэн ч хэдхэн саналын зөрөөтэйгөөр батлагдалгүй буцаагджээ. Цаг үедээ шинэлэг гэгдэж байсан Либерал намын Засгийн газрынханд ч цагийг нааш, цааш болгоно гэдэг эрсдэлтэй санагдсан байж. 


06

Хууль батлагдав

Гэвч Уиллет бууж өгсөнгүй. Британийн өнцөг булан бүрт төдийгүй эх газрын Европ, Америкт хүртэл цаг түлхэхийн ашиг тусыг ухуулан таниулж, уулзалт цуглаан хийж явлаа. Харамсалтай нь тэрбээр санаачилгаа ажил хэрэг болохыг үзэж чадаагүй бөгөөд 1915 онд Европ дахиныг ниргэсэн халдварт томуу өвчнөөр нас баржээ.

Уильям Уиллетийг өөд болсноос ердөө жилийн дараа Британид өвөл, зуны цагийн хуваарьтай болох тухай хууль батлагдсан нь түүний хичээл зүтгэлээс гадна цаг үеийн байдлаас шалтгаалсан байна. 


05

Дайны нөлөө

Өрнө дахинд тэр үед дэлхийн их дайны гал дүрэлзэж байлаа. Дайн дажин ид дундаа үргэлжилж байхад британичууд нүүрсний гачаалд орж, томоохон үйлдвэрүүдээс эхлээд айл өрхүүд хүртэл нүүрсээ хэмнэх хэрэгтэй болжээ. Эх газар дахь холбоотнууд нь Германд эзлэгдэж, түнш нийлүүлэгчдийнх нь нүүрсний ордууд дайсны гарт орсон нь англичуудыг мөн давхар барьц алдуулсан байна. Өдөр уртасгаж, цахилгаан хэмнэх Уиллетийн санаачилга ийм хүнд хэцүү үед л туйлын мэргэн арга шиг санагдаж эхлэх нь тэр. 


04

Цагаа түлхсэн анхны улс Герман

Германчууд хүртэл түүний ухуулга, нийтлэлтэй нухацтай нь аргагүй танилцсаны эцэст англичуудтай адил нүүрсээ хэмнэхийн тулд, гэхдээ зэр зэвсгийн үйлдвэрлэлдээ илүүтэй санаа тавьж 1916 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өдрийн гэрлийг зохистой ашиглах тухай захирамж гаргасан анхны улс болжээ. 

Харин Британийн парламент ердөө дараахан нь буюу тавдугаар сарын 17-нд Зуны цагийн тухай хууль гэгчийг баталсан байна. Төд удалгүй энэ нь олон улсад жишиг загвар болж, эхлээд Европын бусад улс, цаашлаад Орос, Америк, Шинэ Зеланд, хожим Угугвай, Чили, Кубад хүртэл улирлын онцлогоос шалтгаалан цаг өөрчилдөг болов.


03

Сөрөг тал

Гэхдээ өөрчлөлтийг хүн бүр таашаасангүй. Энэ бүхний суурийг тавьсан Англиас эхлээд байгалийн цагт “гар хүрсэн” улс бүрт цаг түлхэх нь зөв эсэх талаарх маргаан мэтгэлцээн жилийн жилд гардаг. Зарим улсад энэ аргыг халж, дахин хэрэгжүүлж, заримд нь бүрмөсөн хориглосон бол цөөн хэдэн улсад орон нутгийн хэмжээнд зохицуулсаар иржээ. 

Цаг түлхэхтэй холбоотой маргаан өдий хүртэл нэг тийш болж шийдэгдээгүйн гол шалтгаан нь өвөл, зуны цагийн хуваарийг сайшаан дэмжигчид эсэргүүцэгчдээ нэг мөр дарж чаддаггүйд оршино. Цаг өөрчлөх нь спорт, аялал жуулчлал, бизнесийнхэнд ашигтай бол боловсрол, эрүүл мэнд, зарим тохиолдолд хөдөө аж ахуйн салбарынханд түвэгтэй байдаг. Энэ нь цаг түлхэхийг эсэргүүцэгчдийн хэлдэг гол үг юм. “Өдрийг эрхшээх нь” номын зохиогч Дэвид Прэрогийн бичсэнээр цаг өөрчлөх нь эрчим хүчний хэрэглээг багасгаж, зам тээврийн осол болон гэмт хэргийн тоог бууруулдаг сайн талтай ч сургуулийн сурагч, оюутан залуус, малчид, тариачдыг өглөө эртийн харанхуйд гадагш гарахад хүргэдэг, дунд насныхныг нойргүйдүүлдэг гэхчлэн сөрөг талтай юм. Финляндын Туркугийн их сургуулиас гаргасан саяхны нэг судалгаанд цаг түлхэх нь зүрх судасны өвчтэй хүмүүст хүнд тусдаг гэж дурдсан байсныг мөн анхаарууштай. 

Цаг өөрчлөх нь мөн улс төртэй хүртэл холбогдох нь бий. Хойд Солонгосын албаныхан 2015 оны наймдугаар сард улсынх нь тусгаар тогтносны 70 жилийн ой тохиоход цагаа 30 минутаар ухраасан нь Японы түрэмгийллийн өмнөх цагтаа шилжих гэсэн, өөрсдийнх нь тодорхойлсноор “империализмын ул мөрийг устгах” арга хэмжээ байлаа.


02

XX зууны онцгой хүмүүсийн нэг

Уильям Уиллетийг Чизлхерст хотын Гэгээн Николасын сүмийн гадаа оршуулж, булшин дээр нь эгэл даруухан чулуу босгожээ. Эдүгээ цагийн хоёр тэрбум хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн түүнийг алдаршуулан таниулах арга хэмжээ нутаг оронд нь олон болдог. Жишээ нь амьдарч байсан байшингийнх нь буланд хүндэтгэлийн пайз хадаж, ойролцоо нь “Өдрийн гэрэл” нэртэй уушийн газар байгуулан, Чизлхерстийн соёлын нийгэмлэгийн нийтийн танхимд захидал, тэмдэглэл, гэрэл зургуудыг нь дэлгэн тавьжээ.

Төрөлх хотынхноос нь гадна цаг өөрчлөхийг дэмждэг орон орны судлаач, эрдэмтэн, түүхчид Уиллетийг олон нийтэд илүү танигдаасай хэмээн хүсдэг. Дээр дурдсан номын зохиогч Прэро Уиллетийг өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг гэж боддогоо онцолсон нь бий.


01

“Coldplay”-ийн дуу

Эцэст нь сонирхуулахад Британийн алдарт “Coldplay” хамтлагийн “Clocks” буюу “Цаг” нэртэй нэгэн дуу “Гэгээ тасарлаа / Одоо би аврагдахаасаа өнгөрлөө...” гэж эхэлдэг нь Уиллетийн санаачилсан цаг түлхэх аргачлалын тухай гэнэ. Тус хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин Уильям Уиллетийн гуч хүү аж.


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start